Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У ,

Улсын яллагч Б.Б ,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Б-д холбогдох 17160001600007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, 1990 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн   өмнө нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцогдож, 4 сарын хугацаатай баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн,  регистрийн дугаартай, С.Б гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч С.Б  нь 2016 оны  11 дүгээр сарын 10-ны үед Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн иргэн Х.Ч-ын бэлчээрт байсан адуунаас 2 тооны адууг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн иргэн Х.Ч-ын бэлчээрт байсан адуунаас 2016 оны  11 дүгээр сарын 10-ны үед 2 тооны адууг хулгайлж, 1.300.000 төгрөгийн хохирол учирсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч С.Б  үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч С.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2014 оны 10 дугаар сарын сүүлээр Х.Ч-ын адуунаас 2 гүүг нь хулгайлан авч Халиун сумд байдаг найздаа зарсан. Мөнгийг нь авах гэтэл дараа нь эргэж ирээд ав гэсэн. Хэд хоногийн дараа ирэхэд манай хүрэг ах худалдаж авсан гэхээр нь сум дээр очиж уулзсан. Тухайн үед очиж уулзахад надад 200.000 төгрөг өгсөн. Одоо мөнгө алга байна хавар мөнгийг чинь өгье гэсэн. Хавар нь ирж мөнгөө авах гэтэл манай ноолуур арай гараагүй байна гээд надад буу өгсөн мөн дэлгүүрээс бараа зээж авч, банкиндаа 20.000 төгрөгөнд бензин хийлгэсэн. Тэгээд 7 дугаар сард Х.Ч адуугаа мэдээд тухайн адууг буцааж авсан... Нэгийг нь 300.000 төгрөг гээд нийт 600.000 төгрөгөөр худалдсан... З.Э-оос анх 200.000 төгрөг бэлнээр авч, бууг нь 250.000 төгрөгөөр үнэлж, мөн дэлгүүрээс 35.000 төгрөгний бараа, 20.000 төгрөгний бензин нийт 505.000 төгрөг төлөхөөр байгаа...” гэх мэдүүлэг, 

Хохирогч Х.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 11 сарын 10-ны үед манай гүү алдагдсан юм. Тэр 2 гүүг С.Б нь хулгайлан авч, Э-д зарсан байсан, цагдаад хандаад 2 гүүгээ 2017 оны 07 сарын 30-ны өдөр Э гэх айлын адуунаас хүлээн авсан юм. Манай 2 гүүний нэг нь унагалсан байсан юм, гурвалжин дормон тамгатай хээр гүү хээр унагатай. гурвалжин дормон тамгатай бор гүү унагагүй, ийм 3 адуу хүлээн авсан юм...' гэх мэдүүлэг /хх 16-17-рт/,

Иргэний нэхэмжлэгч З.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2016 оны 11 сарын 10-ны үеэр Б  гэх залуу манай дүүд 2 гүү авчирч өгөөд явсан байсан юм. Би түүнийг нь 2 хоногийн дараа ирж аваад адуундаа аваачиж тавьсан юм. 2016 оны 11 сарын 17, 18-ны үеэр Б манай дүү Д-той хамт ирээд надаас бэлэн 200.000 төгрөг аваад явсан юм. Мөн 2017 оны 04 сард ирээд үлдсэн мөнгөө нэхэхээр нь надад мөнгө байхгүй гээд ТОЗ-8 маркын чех калибр буугаа өгөөд, 20.000 төгрөгт бензин шахуулаад, 35.000 төгрөгийн архи дарс дэлгүүрээс авч өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх 21-22-рт/,

Гэрч Н.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Найз Б-оос 2016 оны 10-р сард би “зарах гүү байна уу” гэсэн... 2016 оны 11 сарын 10-ны үеэр Б манайхыг хаваржаан дээрээ байхад хоёр байдас хөтлөөд ирсэн юм... Тэгээд би гүүг нь авч үлдээд Э ахад хэлээд авахуулсан юм... Б тэр гүүг надад хэлэхдээ “манай өөрийн гүү байгаа юм” гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 25-рт/,

Шинжээч М.А , З.Ё  нарын 2017 оны 7 сарын 26-ны өдрийн “...Хавчиг 6 настай хээр гүүг 800000 төгрөг, хязаалан бор байдсыг 500000 төгрөг...”-өөр үнэлсэн дүгнэлт /хх 30-рт/,

Шүүгдэгч С.Б-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Халиуны  манай  нэг найз Даваадорж “адуу зарах уу” гээд зун нь асууж байсан болохоор 2016 оны 11 сард утсаар залгаж асуугаад “2 гүү худалдаж авах уу” гэж асуусан чинь авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед Д  сум дээр байна гэхээр нь би 2016 оны 10 сарын сүүлчээр, 11 сарын эхээр санагдаж байна, яг өдөр сараа санахгүй байна, тэр үед би Ч-ын адуу Олонбулагийн баруун талд бэлчээртээ явж байхаар нь адуунаас нь 2 тооны гүү барьж аваад шууд Харзын ам гэдэг газар луу Д-ийн ахынд хүргэж өгөхөөр явсан... Тэр үед тухайн 2 тооны гүүг би зарахдаа  Д-д  өөрийнхөө  адууг зарж байна  гэж хэлсэн  юм... Би Ч-ын адуунууд гэдгийг мэдээгүй байсан чинь 2017 оны 06 сарын сүүлээр Чулуунбат над руу өөрөө яриад “манай 2 адуу айлын адуунд явж байна, чи зарсан байна” гэж хэлэхэд би Ч-ын адуу байсныг мэдсэн юм... Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэм буруугаа ухаарч гэмшиж байна. Дахин ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх 45-46-рт/,

Хохирогч Х.Ч-ын мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. 2 гүүгээ авчихсан ямар нэгэн нэхэмжлэх зүйл алга байна... Миний гүүнүүд адуунаасаа салж байсан удаа байхгүй. Дунд голын аманд 2016.11.06-н өдөр хамгийн сүүлд үзэхэд байж байсан юм. Тэгээд би 2016.11.07-ны өдөр нүүж өвөлжөөндөө буучихаад 2016.11.13-ны орчим адуугаа очиж үзэхэд 2 тооны гүү алдагдсан байсан. Тэгээд эрэл сурал болоход олдоогүй тэгээд би тухайн үед Б-ийг сэжиглэж байсан боловч нотолгоо олдоогүй юм. Тэгээд 2 тооны гүүгээ зүсээр нь нутгийн хүмүүст захисан байсан чинь энэ хавар Э-ын адуунд байгаа сураг гарсан юм... Би зүсээр нь сураг гарахаар нь очиж үзсэн юм. Тэгсэн чинь миний хээр гүү дормон тамгатай, бор байдас нь дормон тамгатай мөн байсан. Манайх гурвалжин дормон тамга адуундаа тамгалдаг юм...” гэх мэдүүлэг/хх 19-рт/,

Гэрч М.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “... 2016.11 сарын 10-ны үед манай гүү алдагдсан юм. Тэрнээс хойш эрэл сураг тавьж байгаад 2017.06.10-дын үеэр Сүүж багийн Э гэх хүний адуунд байна гэсэн сураг дуулаад, манай нөхөр очиж үзэхэд мөн байсан гэсэн. Тэгээд цагдаад хандаад манай нөхөр 2 гүүгээ 2017.07.30-ны өдөр хүлээн авч, Э гэх айлын адуунаас хүлээн авсан байсан юм. Манай 2 гүүний нэг нь унагалсан байсан юм. Тэр 2 гүүг С.Б  нь хулгайлан авч, Э-даваачиж өгсөн гэж Э манай нөхөрт хэлсэн байсан юм...” гэх мэдүүлэг/хх 24-рт/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл/хх 7-рт/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх 8-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авч, бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Х.Ч-аас дахин авсан мэдүүлэг/хх 18-19-рт/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх 7-8-рт/, гэрч М.М-ын мэдүүлэг/хх 24-рт/, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол/хх 53-57-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.Б-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2016 оны 11 сарын 10-ны үед бусдын 2 тооны адууг хулгайлж 1300000 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Б-ийн дээрхи үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүх шүүгдэгч С.Б-ийн дээрхи үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч С.Б нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 сарын 17-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан бөгөөд ялтай байдал нь 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж ялгүй болсон, хохирогчид 1.300.000 төгрөгний хохирол учруулсан нь гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоход бага бус хэмжээний хохирол учруулсан байна.

 

Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд “...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад  2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах  ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч С.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Б  нь хохирогчид учруулсан хохирлоо төлсөн, иргэний нэхэмжлэгч З.Э-т учруулсан хохирол 505.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч С.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч З.Э-т учруулсан хохирлоо 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлтээ Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргасан, шүүгдэгч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ/хх 78-79-рт/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай тогтоол/хх 80-рт/-оор хангаж шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч С.Б  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 86-рт/ байна.

 

Шүүгдэгч С.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны үед гарсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх тул шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-оос 505.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Э-т олгох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн нас гүйцсэн агт морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолийг иргэний нэхэмжлэлийг хангах хүртэл хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах тухай дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд  2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдож байхад 2015 оны Эрүүгийн хуулиар албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч С.Б-д холбогдох 17160001600007 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Жалайр овогт С.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-оос 505.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч З.Э-т олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Б-ийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн нас гүйцсэн агт морийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолийг иргэний нэхэмжлэлийг хангах хүртэл хэвээр үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА