Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

 

 

 

 

 “ЭСГ” ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00872 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЭСГ” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Эад холбогдох,

 

Сургалтын төлбөрт 22 563 739 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О,

Хариуцагч: Б.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар дахь Бритиш сургууль 2012 оны 09 дүгээр сард Англи Уэльсийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Сурагч Э.Бат-Идэр, Э.Батгий нар манай сургуульд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр элсэн суралцаж байгаа бөгөөд бид Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар түүний эцэг Б.Э, эх Бямбажав нартай сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээ байгуулан сурагчийг суралцуулсан. Дээрх гэрээгээр Б.Э, н.Бямбажав нарын хүүхдэд боловсрол олгох үүргийг манай сургууль хүлээж, эцэг, эх нь тухайн жилийн сургалтын урьдчилгаанд тогтоосон тарифын дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ эцэг, эх нь биелүүлэхгүй 2017 оны сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй тул бид удаа дараа үүргээ биелүүлэн төлбөр төлөхийг шаардсан боловч бодитой үр дүн гараагүй. Эдгээр хүүхдүүд манай сургуулиас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хасагдсан. 2017 оны 03 дугаар сард сурагч Э.Батгий нь ангийн хүүхдийнхээ тоглодог хөзөр шиг тоглоомыг авснаас, энэ нь сургуулийн хувьд бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан ноцтой зөрчилд тооцогддог тул тухайн ангид хичээл орж байсан Петр Нортон багш ангийн хүүхдүүдийн өмнө гаргаж уучлалт гуйлгасан байдаг. Эдгээр хүүхдүүдийн сургуулиас гарсан асуудал шалтгаант холбоо нь тоглоом нуусан, сурагчийн ёс зүйн зөрчил, тухайн тоглоомийг олоход нэг өдрийн хичээл алдсан учир анги хамт олноос л уучлалт гуйлгасан болохоос биш, сургуулиар авч явсан зүйл байхгүй. Энэ маргаан сурагчийн ёс зүйн доголдлоос үүссэн, багшийн ёс зүйтэй асуудал тусдаа шалгагдаж байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагч тал хүүхдүүдээ сургуулиас гаргахдаа сургалтын төлбөрийг төлөөгүй. Эдгээр хүүхдүүд хичээлийн 3-р улирлын эхний өдөр сургуулиас гарсан гэж үзээд хоёр хүүхдийн 2016 оноос 2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт нийлээд 9 565 ам.долларыг монгол банкны валютын ханшаар хөрвүүлж тооцоод 22 563 739 төгрөгийг нэхэмжилж байгаа. Сургууль эцэг эхтэй байгуулах гэрээний дагуу тухайн хүүхэд манай сургуульд элсэн суралцаад жил бүр анги дэвшихдээ дахин бүртгэлийн маягт бөглөдөг. Сургалтын төлбөрийг дээрх гэрээгээр тохиролцдоггүй, сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа тул компаний захирал тухайн жилийн сургалтын төлбөрийг тогтоож тушаал гаргадаг. 2016 оноос 2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 14 970 ам.доллараар тогтоосон бөгөөд хариуцагч тал хүүхдүүдийн суралцсан хугацаанд маргаж байгаа тул сургуулиас хасагдсан өдрөөр тооцож үлдэгдэл төлбөрийг шаардаж байгаа. Бидний зүгээс сургалтын гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг гэж шаардсан гэжээ.

Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хүүхдүүдээ энэ сургуульд 2014 онд оруулахдаа гэрээ байгуулсан бөгөөд үүнээс хойш дахин гэрээ байгуулаагүй. Хүүхдүүдийг суралцах хугацаанд сургалтын төлбөрөө асуудалгүй төлж байсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ангийн багш Петр Нортон нь хүүхдийг уйлуулж, энэ хүүхэд хулгай хийсэн гэж 1-5 дугаар ангиудаар оруулж, хүүхдийг харааж загнан, хүүхдийн эрхэд ноцтойгоор халдсан учраас энэ өдөр сургуулиас гаргасан. Маргааш нь тухайн сургуулийн захиргаанд гомдол гаргаж, хүүхэд хамгаалах газарт хандсан. Хүүхдүүдийн хоорондоо тоглодог тоглоомноос болж миний хүүхдийг хулгайч гэж цоллон хүүхдийг сэтгэл санааны дарамтанд оруулж хохирол учруулсан тул бид тухайн сургуульд холбогдуулан Бритиш сургуулийн энэ үйлдлийг хууль бусад тооцуулж, энэ үйлдлийнхээ төлөө уучлалт гуйхыг шаардсан нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хүүхдүүд 2 дугаар улиралд суралцаагүй. Тус сургуулийн багшийн буруутай үйлдлээс болж миний хоёр хүүхэд ихэр учраас тэдгээрийн сэтгэл санаанд өөрчлөлт орж айсан, эмээсэн байдалтай болж сэтгэл зүйчид хандаж, тухайн сургуульд суралцах хүсэлгүй болж, сэтгэл санааны хохирол амссан. Энэ талаар Хан-Уул дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн илтгэх хуудас бичигдсэн. Би хоёр хүүхдээ 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар дахь Америк сургуульд оруулж төлбөрийг төлсөн. Ингэж өөр сургуульд ороход хичээлийн жилийн сүүлийн улирал гээд анги ухрааж оруулаад одоо миний хүүхдүүд 5 дугаар ангид сурч байна. Мөн тухайн сургуульд орж суралцахад түвшин хүрэлцэхгүй байсан тул Бритиш сургуулийн сургалтын түвшин хангалтгүй байсан. Гэхдээ миний хүүхдүүд тодорхой хугацаанд суралцсан учраас 10 000 000 төгрөгт эвлэрэх саналтай байна. Бритиш сургуулийн ажилтан болох багшийн хууль бус үйлдлээс шалтгаалан хүүхдүүдээ энэ сургуульд үргэлжлүүлэн суралцуулах боломжгүй болсонд сургууль буруутай гэж үзэж байна гэжээ.

Шүүх: . Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч  Б.Эаас 22 464 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЭСГ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шардлагаас үлдэх 99 610 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас хангагдсан шаардлагад ногдох 270 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЭСГ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭСГ” ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ж.Бямбажавт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо “... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагын үндэслэлээ “Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Сурагч Э.Батгий, Э. Бат-Идэр нар 2014 оны хичээлийн жилд тус сургуульд элсэн суралцсан, сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээг хүүхдүүдийн эцэг эхтэй байгуулсан. Гэрээгээр эцэг, эх нь сургалтын төлбөр төлөх, сургууль нь хүүхдүүдэд боловсрол олгохоор тус тус үүрэг хүлээсэн. Энэхүү үүргийнхээ дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөрийг төлүүлэх, 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 14.970 ам. ам.доллараар тогтоосон...”гэж тодорхойлсон боловч сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээг талууд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулж, энэхүү гэрээгээр нэг талаас Бритиш сургууль нөгөө талаас эцэг, эх буюу асран хүмүүжүүлэгч нар нь тохиролцож Э.Бат-Идэр, Э.Батгий нарыг тус сургуульд сургахаар тохирчээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримт болох дахин бүртгэлийн маягт нь 2014 оны хичээлийн жилд тус сургуульд элсэн суралцсан, сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээг сунгасан, эсхүл гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, шинээр байгуулсан сургалтын гэрээ биш гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан боловч шүүх энэхүү 2014 онд байгуулагдсан сургалтын гэрээний үргэлжлэх хугацааг буруу дүгнэсэн.

Зохиогчийн маргааны зүйл болсон хариуцагчийн хүүхдүүдийн сургуулиас гарах болсон гол шалтгаан нь ангийн багш П.Нортон нь багшлах явцдаа сурагч Э.Батгийг гэмт хэрэгт холбогдуулан дур мэдэн шалгаж, улмаар эрүүдэн шүүж, хүчирхийлэл үйлдэн хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Боловсролын болон бага, дунд боловсролын тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийн улмаас хариуцагч 2018 оны 03 дугаар сард буюу энэ үйл явдал болсон өдөр Хан-уул дүүрэг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст хандсан. Тус хэлтсийн илтгэх хуудас, сургуулийн багш нараас авсан тайлбар, дүгнэлт зэрэг нь хэрэгт авагдсан байгаа.

Хөлсөөр ажиллах гэрээг цуцлахдаа цуцлах хугацаа заавал баримталсан байх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 367 дугаар зүйлд заасан шаардах эрх нь гэрээний нэг талын үүргээ гүйцэтгээгүй, гэм буруутай үйлдлээс шалтгаалж гэрээ дуусгавар болсон тохиолдол бүрт үүсэх боломжтой. Өөрөөр хэлбэл гэрээ дуусгавар болох шалтгаан болсон нэг талын гэм буруутай үйлдэл нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэл байх ёстой.

Бага, дунд, боловсролын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2-т заасан Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил нь 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэж, хичээлийн жилийн үргэлжлэх, дуусах хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно, мөн тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг хэрхэн тогтоосон талаарх баримтууд хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүх сургалтын үргэлжлэх хугацаа нь 192 буруу гэж тооцоолсон. Эцэг, эх, сурагчдын гарын авлагын 3-р бүлэг “Хичээлийн ирц” гэсэн заалтад “хичээлийн жилд 178 хоног хичээллэнэ” гэж заасаар байтал 192 хоног, тухайн хүүхдүүдийн суралцсан хугацаа 139 хоног гэж ямар нотлох баримтад тулгуурласан нь тогтоогдохгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд тооцооллын хувьд алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “ЭСГ” ХХК нь хариуцагч Б.Э, Ж.Бямбажав нарт холбогдуулан тэдгээрийн хүүхдүүд болох Э.Батгий, Э.Бат-Идэр нарын 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 9 565 ам.доллар буюу 22 563 739 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Бямбажавт холбогдох шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Э.Бат-Идэр, Э.Батгий нар нь 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр сургууль эцэг, эхтэй байгуулах гэрээний үндсэн дээр Улаанбаатар дахь Британи сургуульд 2014-2015, 2015-2016, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд суралцсан болох нь сургуулийн тодорхойлолт, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сургууль эцэг эхтэй байгуулах гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн элсэх өргөдөл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд зохигчид тухайн сургуулиас гарсан, хасагдсан хугацааны талаар маргасан. /хх 5-11, 17-20/

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Сургуулийн багш Петр нортон хүүхдийн эрхэнд ноцтой халдсан шалтгааны улмаас хүүхдүүдийг тухайн сургуульд үргэлжүүлэн суралцуулах боломжгүй болсон. Багшийн ёс зүйгүй байдлаас болж суралцах боломжгүй болсон, гэрээг шинэчлэн байгуулаагүй гэж тайлбарлажээ.

 

Хүүхдүүд тус сургуульд үргэлжлүүлэн суралцаагүй шалтгаантай холбоотойгоор нэхэмжлэгчид холбогдуулан гэм хорын хохирол гаргуулах, сургуулийн үйлдлийг хууль бусд тооцуулах, уучлалт гуйлгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан маргаан шийдвэрлэгдээгүй талаар зохигчид тайлбар гаргасныг шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагчаас хүү Э.Бат-Идэр, Э.Батгий нарынх нь суралцсан хугацааны  төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Харин, хариуцагчаас сурагчийн төлбөрийг гаргуулахдаа сурагчийн суралцсан хугацааны төлбөрийн хэмжээг шүүх зөв тооцсон боловч нэхэмжлэгч байгууллагаас сурагч Э.Батгийгийн сургалтын төлбөрт үзүүлсэн хөнгөлт болох 317.15 ам.долларыг хасч тооцоогүй нь буруу /1-хх 79-81, 104-108/ байх тул давж заалдах шатны шүүхээс тооцооллын хувьд зөвтгөн Б.Бат-Идэр, Э.Батгий нарын сургалтын нийт төлбөр 8 970 ам.доллар /9 287.15 ам.доллар – 317.15 ам.доллар х 2 418.84 төгрөг/ болгож, үүнийг нэхэмжлэл гаргах үеийн буюу шүүхийн тооцоолсон 2 418.84 төгрөгийн монгол төгрөгт хөрвөх ханшаар тооцоход 21 696 295 төгрөг болсныг хариуцагч Б.Эаас гаргуулж нэхэмжлэгч “ЭСГ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...22 464 129 төгрөг...” гэснийг “21 696 295 төгрөг”, “...99 610 төгрөг...” гэснийг “867 444 төгрөг” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...270 270 төгрөг...” гэснийг “266 431 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь зааснаар хариуцагч Б.Эаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

           

                             ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН