Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/59

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0191/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Б.Батсүх

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ж.Туяа

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолтой *******ын *******д холбогдох, 2118000000080 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 6-52 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******ын *******. /регистрийн дугаар *******/

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******од гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, баруун шанаа, өгзөг, гуя хэсэгт нь хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

-мөн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 6 дугаар гудамжны 52 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, тохуурхан доромжилж, түүний бэлэг эрхтэнд гаднын биет буюу төмс оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолоор:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ын *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

-Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы энэ хэрэгт 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 162 /нэг зуун жаран хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг шармал ээмэг, бууз, “Чансаа” гэсэн бичигтэй хоосон архины шил 2 ширхэг, монгол гэрийн босгоноос ертөнцийн зүгээс хойш 90 см зайд 34x29 см хэмжээтэй хивсэн дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, монгол гэрийн баруун шалан дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, цогцсын доорх байх 80x47 см талбайд цус мэт зүйлээр бохирлогдсон хивсэнцэр, эмэгтэй хүний цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон богино өмд 1 ширхэг, шаргал өнгийн дотортой, хар өнгийн гадартай өвлийн куртик, баруун хөлийн өмсгөлтэй, гадуураа саа бүхий саарал өнгийн гутал 1 ширхэг, 1 м З см урттай модон иштэй, хуванцар ногоон бариултай төмөр хүрз 1 ширхэг, цэнхэр саарал өнгийн ноосон өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар савны ёроолд 9 см бор шаргал өнгийн шингэнээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, шилэн нүүр бүхий 2 хаалгатай цагаан шүүгээний хаалганы бариул дээрээс бинтэнд шингээж авсан цус мэт биологийн мөр, төмөр сейф дээрээс хураан авсан 1 ширхэг төмс, хар цэнхэр өнгийн срочкан цамц 1 ширхэг, ягаан өнгийн урд хэсэгтээ товчтой эмэгтэй хүний цамц 1 ширхэг бор өнгийн модон бариултай, бариул хэсэг нь 9.5 см, ажлын хэсэг нь 11,5 см, ажлын хэсгийн өргөн 2.3 см, нийт 22 см урттай, үзүүр хэсэг нь цус хүрэн улаан зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон дөрвөлжин шоотой хээтэй хөнжил 1 ширхэг, улбар шар өнгөтэй, цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон өмд 1 ширхэг, хар өнгийн бариултай ажлын хэсэг 8.2см ажлын хэсгийн өргөн 2.3 см, 7см урт бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн дээгүүрээ саарал эсгий түрийтэй гутал 1 хос, ногоон өнгийн подволк, цэнхэр өнгөтэй, саарал оруулгатай дотоож, бор өнгийн малгай, хөх өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн хос оймс, 10 ширхэг хумс, төмс 1 ширхэг, цагаан өнгийн мяталл бөгж, цаг, талийгаачийн үтрээнээс авсан арчдас зэргийг устгаж, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, хөх өнгийн савхин куртик зэргийг шүүгдэгч *******д буцаан олгож,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “ Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол...” “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно”, мөн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10-т “Хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Тохуурхан доромжлох гэдгийг хохирогчийг илтэд басамжилж, өс хонзон авсан шинжтэйгээр бэлгийн эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг ойлгох юм. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан баримтуудаар ******* нь өөрийг нь “жижиг бэлэг эрхтэнтэй, хангаж чаддаггүй” гэж *******гийн хэлсэн үгэнд дургүйлхэж, түүнд хүч хэрэглэж, түүний баруун шанаа, баруун өгзөг, гуянд хутгалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгосон үедээ түүнийг тохуурхан доромжилж буюу хохирогчийг илтэд басамжилсан, өс хонзон авсан шинжтэйгээр /миний бэлэг эрхтэнд дур ханадаггүй юм бол төмсөнд яахыг чинь харъя гэсэн байдлаар/ *******гийн бэлэг эрхтэнд нь төмс хийж, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд ноцтой халдсан бодит үйлдлийг шүүх “******* нь *******г хүчиндэх гэсэн субьектив санаа зорилго байгаагүй, хүчээр бэлгийн харьцаанд орох гэсэн субьектив санаа байсан гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй” гэж дүгнэхдээ ямар нотлох баримтаар ******* нь бусдыг хүчиндэх гэсэн субьектив санаа зорилгогүй байсан болох нь нотлогдож байгаа эсэхийг тодорхой баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийж заагаагүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж, “Эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд ноцтой халдаж, тохуурхан доромжилж, бэлэг эрхтэнд нь гаднын биет буюу төмс хийсэн” бодит үйлдлийг нийгэмд зөвшөөрөгдсөн үйлдэл мэтээр дүгнэж, орхигдуулж шийдвэрлэсэн нь мөн л хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр нийгэмд аюултай, үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол, хор уршиг учирсан үйлдлийг “Бусдыг хүчиндэх гэсэн субьектив шинж байгаагүй, зүгээр *******гийн хэлсэн үгэнд дургүйлхэж төмс хийсэн” гэх агуулгаар *******ы үйлдэл нь “Гэмт хэргийн шинжгүй гэж” дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүх *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тус ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанартай нийцэж байгаа эсэхэд бодит дүгнэлт хийгээгүй ял хөнгөрүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгчийг эхнэрээ хүчиндэх субьектив санаа зорилго байгаагүй гэдэг үндэслэлээр хүчиндэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй. Шүүгдэгч гэмт хэргийг өш хонзонгийн сэдэлттэй үйлдсэн. Анхан шатны шүүх хүчиндэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой тайлбарлаж чадаагүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар түүнд 15 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохироогүй хөнгөдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

Прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж эсэргүүцэл бичсэн. Яг хэрхэн яаж буруу хэрэглэснийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокуророос шүүгдэгч *******ыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын *******од гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, баруун шанаа, өгзөг, гуя хэсэгт нь хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д зааснаар,

-мөн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 6 дугаар гудамжны 52 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, тохуурхан доромжилж, түүний бэлэг эрхтэнд гаднын биет буюу төмс оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3., 2.10.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд, Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3, 2.10.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 162 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг устгаж, “Нокиа” маркийн гар утас 1 ширхэг, хөх өнгийн савхин куртик зэргийг шүүгдэгч *******д буцаан олгохоор, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр зааж шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01.00 цагийн орчим согтуугаар Дархан-Уул аймгийн Дархан сумын *******од гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, баруун шанаа, өгзөг, гуя хэсэгт нь хутгалж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, мөн дээрх цаг хугацаанд өөрийн гэртээ эхнэр *******гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, тохуурхан доромжилж, түүний бэлэг эрхтэнд гаднын биет буюу төмс оруулж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан,  хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгохоор заасан ба энэ гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч ******* нь өөрийг нь “жижиг бэлэг эрхтэнтэй, хангаж чаддаггүй” гэж хэлсэн хохирогч *******гийн үгэнд дургүйцэж, түүнд хүч хэрэглэж, түүний баруун шанаа, баруун өгзөг, гуянд хутгалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгосон үедээ түүнийг тохуурхан доромжилж, хохирогчийг илтэд басамжилсан, өс хонзон санасан байдлаар “миний бэлэг эрхтэнд дур ханадаггүй юм бол төмсөнд яахыг чинь харъя” гэж *******гийн бэлэг эрхтэнд нь төмс хийж, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд ноцтой халдсан бодит үйлдэл хийсэн байхад анхан шатны шүүх “******* нь *******г хүчиндэх гэсэн субьектив санаа зорилго байгаагүй, хүчээр бэлгийн харьцаанд орох гэсэн субьектив санаа байсан гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй байна.

Мөн шүүх *******ы хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт нийцээгүй, тохироогүй гэж үзэхээр байна.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй. 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 214 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                            ШҮҮГЧИД                         Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                      Ц.АМАРЖАРГАЛ