Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/831

 

 

 

 

 

 

 

2021            09               16                                          2021/ДШМ/831                        

 

Х.М-, М.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Батбямбын бичсэн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Х.М-, М.О- нарт холбогдох эрүүгийн 2102001190095 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Ү овгийн Х-гийн М-, Улаанбаатар хотод 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “-” ХХК-д зөөгч ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Чингэлтэй 00-000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 664 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 743 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 522 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял тус  тус шийтгүүлсэн.

Шар бөө овгийн Мөнхжаргалын О-, Улаанбаатар хотод 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ub Flower” цэцгийн дэлгүүрт цэцэгчин ажилтай гэх, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 31-3 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:УТ01301108/

Х.М-, М.О- нар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө үйлдлээрээ санаатай нэгдэж Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан тэвш” амины орон сууцны гудамжны 706 тоот байрны 1-5 тоотод НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй, 92.3 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Э.Хүслэнд хэрэглүүлснээс гадна Х.М- нь М.О-ыг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Х.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.О-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шүүгдэгч Х.М-ийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооноос явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Х.М-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Х.М-эс 762,657 төгрөг гаргуулж хохирогч М.О-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цоолж бэлтгэсэн ундааны сав, тунгалган цаас, 15 ширхэгКомикс эм, хуванцар савны хамт 111,1 грамм ургамал, гялгар ууттай 13,3 грамм ургамал зэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, АG1848808 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, дүрс бичлэг бүхий “CD”-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.  

Прокурор Ц.Батбямба бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “1. М.О- нь Х.М-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий өвс гэх нэршилтэй, 92,3 грамм цэвэр жинтэй хориглосон, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, Э.Хүслэнд өгч хэрэглүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүх  хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ, хязгаараас хэтэрсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн байна. Тодруулбал: хохирогч М.О-ын мэдүүлэг /1-р хх 65-66, 69/, гэрч Г.Балсандоржийн мэдүүлэг /1-р хх 93/ зэрэг нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр М.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2. Шүүхийн тогтоолд “... Шүүгдэгч М.О- нь хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өсгөн болох нь нотлогдон тогтоогдохгүй байна. М.О-ын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байхад 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс тухайн хэрэг үйлдэгдсэн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Х.М-тэй хамтран амьдарч байсан, тухайн байрны хогийн цэг болон өрөөний цонхны харалдаа газраас өвс, эд зүйлс олдсон гэх байдлаар нь бүлэглэн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж үзэх боломжгүй ...” гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 4, 13 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

3. Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.О-ын мэдүүлэгт үндэслэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.О-ын өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. М.О-ыг өөрийнх мэдүүлэгт үндэслэн ялласан. Уг мансууруулах бодисыг М.О- хаана байгааг нь зааж өгсөн. Гэтэл хамт хадгалсан байж болзошгүй гэж таамаглан дүгнэлт хийсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Х.М-, М.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа “... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт ... хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан боловч тухайн хуулийн зүйл ангид нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тусдаа байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх шаардлагагүй байна ...” гэж хууль хэрэглээний бүдүүлэг, ноцтой алдаа гаргасан байна.  

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлэн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулах үүрэгтэй. Энэ талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус зохицуулсан ба ийнхүү оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байх хууль ёсны шаардлагатай. 

Нөгөө талаар, Эрүүгийн хууль нь төрөлжсөн хууль болохын хувьд Эрүүгийн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудаас бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлогдоно. Харин Өршөөл үзүүлэх тухай хууль нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх зорилготой, нэг удаагийн үйлчлэлтэй хууль юм.

Гэтэл анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа дээр дурьдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг огт хэрэглээгүйн гадна тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын төрөлд зорчих эрхийг хязгаарлах ял байгаа гэсэн шалтгаанаар Өршөөл үзүүлэх хуулийг хэрэглэх шаардлагагүй мэтээр илтэд хуулийн зорилго, үзэл баримтлалыг алдагдуулсан дүгнэлт хийсэн байх ба хууль хэрэглээний энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, залруулах боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх шийдвэрлэж, шүүгдэгч Х.М-, М.О- нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч М.О-ыг цагаатгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцэлд энэ удаа дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/830 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.М-, М.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Х.М-, М.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН