Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгч А.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Андруушийн Энхболдод холбогдох эрүүгийн 1720000350016 тоот хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 41 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Долоон бурхан хоёр зочид буудлын хашаанд оршин суух хаягтай, хувиараа тэрэг түрдэг, Боржигон овогт Андруушийн Энхболд /РД: ЕС75121115/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч А.Энхболд нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Шалганы гудамжинд 14 цагийн орчим Д.Ганзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч А.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Би эхнэртэйгээ маргалдаж тэр ээжийнхээ гэрлүү явчихсан бид хоёр 5 хоног тусдаа амьдарч байсан юм. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн орчим хадам ээжийнхээ гэрт очиход эхнэр Бямбаа нь танихгүй залуутай ээжийнхээ гэрлүү хүрч ирж байсан бөгөөд Бямбаа нь согтуу байсан. Би түүнийг цуг явж байсан залуутай нь хардаж Бямбааг нэг удаа алгадсан чинь хамраас нь цус гарчихсан. Тэгэхэд түүнтэй цуг явж байсан залуу хүрч ирээд намайг болиоч гэхэд нь бид хоёр зууралдаад газар унаж хоорондоо ноцолдсон. Тэгэхэд нь би газраас плитаны хагарсан ирмэг авч нүүрлүү нь цохиход зүүн эрүүний доод хэсэгт зүсэгдэж цус гарахаар нь би зугтаагаад явчихсан. Орой нь эхнэр Бямбаа над руу утсаар залгаад эмнэлэг дээр байна. Нөгөө хүн чинь шархандаа оёдол тавиулж байна эмнэлгийн үйлчилгээний төлбөр хэрэгтэй байна гэхээр очиж уулзаад эмнэлгийн төлбөрийг нь төлсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр эрэгтэйг эхнэртэйгээ хардсаны улмаас эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Бямбаагийн хамраас цус гараад тэр ээжийнхээ гэрлүү цусаа угаах гээд орчихсон. Бямбаагийн биед гэмтэл учраагүй тухайн үед хамраас нь л цус гарсан. Ганзориг надад ямар нэгэн гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэжээ. /хх-ийн 24-25/

-Шүүгдэгч А.Энхболд шүүхийн шатанд өгсөн тайлбартаа: Хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.

-Хохирогч Д.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр найзуудын хамт Замын-Үүд суманд очсон. Тэндээс бид нар БНХАУ-ын Хөх хотруу аялах гэж байсан юм. Тэгэхэд миний гадаад паспортны хугацаа дууссан байсан тул би Замын-Үүд суманд ганцаараа үлдсэн. Тэгээд машинаа айлын хашаанд тавиад машин дотороо унтчихъя гэж бодоод машинаа тавих айл хайсан. Гэр хорооллын гудамжаар явж байгаад нэг эмэгтэйтэй хашааных нь гадаа уулзаж хашаанд нь машинаа тавьж хонохоор болж хашаанд машиныхаа гадна хэсгийг угааж тэр айлын эмэгтэйг машинаар явах айл байгаа бол хүргээд өгье гэхэд найзындаа очоод ирье гэсэн тэгээд тэр эмэгтэйгийн хамт Замын-Үүд суманд гэр хороололд амьдардаг Туул гэх найз эмэгтэйгийнх нь гэрт очсон. Тэд нар нэг шил архи задалж уусан. Туул гэх эмэгтэй нөхөртэйгөө маргалдаад байсан болохоор бид хоёр тэндээс удалгүй гарч яваад эргэж гэрт нь ирээд хашаанд машинаа тавьсан. Тэр эмэгтэй олон хүүхэдтэй ядарсан амьдралтай болохоор нь дэлгүүрээс хоол ундны юм авч өгье гээд түүнтэй цуг гэрийнх нь ойролцоо байдаг дэлгүүрлүү оччихоод буцаад гэрлүү ирж явтал тэр эмэгтэйгийн нөхөр нь гэх залуу эхнэрийгээ надтай хардаж хоорондоо хэрэлдэж маргалдаад эхнэрийнхээ нүүрлүү цохиж хамраас нь цус гаргасан. Би тэр залууг эхнэрээс нь салгах гэж тэвэрч үйлдлийг нь хориглоход эмэгтэй гэрлүүгээ түрүүлээд орчихсон. Тэгэхэд тэр залуу миний хөл рүү өшиглөж гар тавиулаад газраас нэг зүйл аваад миний зүүн хацар орчим зүсэж гэмтээсэн. Миний хацраас цус их хэмжээгээр гарсан. Тэгэхэд тэр залуу зугтаагаад явчихсан. Гэрийн эзэн эмэгтэйгийн хамт эмнэлэг орж хацартаа оёдол тавиулсан. Ингээд маш их өвдөж байсан учраас дэлгүүрээс архи аваад уучихсан. Намайг зүсэж гэмтээсэн залуу эмнэлэг дээр ирж оёдлын мөнгө төлсөн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Оёдол тавиулсаны дараа өвдөөд байсан болохоор дэлгүүрээс архи авч уусан. Тэр эмэгтэй архи уусан. Өмнө нь пиво уусан гэж ярьж байсан. Согтолт нь гайгүй байх шиг байсан. Би тэр залууг цохиж зодоогүй. Эхнэрийгээ зодоод байхаар нь болиулах гээд араас нь л тэвэрсэн. Харин тэр залуу намайг чулуугаар цохисон гээд байгаа юм. Би тэр залууг чулуугаар огт цохиогүй. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан. Би учирсан гэмтэлдээ гэрийн нөхцөлд цэвэрлэгээ боолт хийлгэж байгаа. Эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 10-11/

- Гэрч Н.Бямбаа мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчим санагдаж байна. Цагаан өнгийн приус маркийн машинтай /гадна хэсгээрээ шавраар бохирлогдсон/ хүн хашааны гадна хүрч ирээд би Улаанбаатараас ирсэн юм. Хөх хотоос орж ирэх хүмүүс хүлээж байгаа юм. Би тэр хүмүүстэй цуг Хөх хот явах гэсэн чинь миний паспортны хугацаа дуусчихсан болоод гарч чадаагүй. Машинаа хашаанд чинь угааж болох уу гэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр эрэгтэй манай хашаанд машинаа оруулаад гадна хэсгийг нь угаачихаад баярлалаа гэж хэлээд манай хүүхдэд 5000 төгрөг өгчихөөд явчихсан. Тэр 14 цагийн үед буцаж ирээд би танайд идэж уух юм авч өгөх үү гэхэд хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхэд тэр машинаа хашаанд чинь тавиад машин дотороо хонож болох уу гэхэд нь би зөвшөөрсөн. Тэр хүн надаас очиж уулзах хүн байгаа юу би машинаараа яваад өгье гэхэд би түүнтэй цуг ангийн найз Туулынд уулзах гэж очсон. Гэрт нь тэр хүний хамт ороод суугаад нэг шил архи задлаад тэрнээс Туул, түүний нөхөр бид 3 уусан. Тэгэхэд Туул нөхөртэйгөө хэрэлдээд байхаар нь бид 2 буцаад гарч яваад эргэж ээжийнд намайг буулгачихаад би хэсэг явж байгаад буцаад ирье гэж хэлээд яваад эргээд 16 цагийн орчим ирсэн. Тэр машинаа хашаанд байрлуулж тавьсан. Тэгээд ээжийнд чинь дэлгүүрээс юм авч өгье гэсэн. Тэгээд бид 2 дэлгүүр орчихоод буцаад ирж байтал манай нөхөр ээжийн гадна ирчихсэн байсан. Тэр намайг юун хүнтэй яваад байгаа юм бэ, энэ хашаанд юун машин зогсчихсон юм бэ гэхэд энэ хүн машинаа тавьчихъя гээд гуйсан юм гэхэд чи наад хүнтэйгээ унтчихсан юм биш үү гэхэд нь үгүй тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Тэр хүн ч гэсэн битгий буруугаар ойлгоорой тийм зүйл болоогүй гэж хэлээд машин руугаа явсан. Тэгэхэд манай нөхөр уурлаад миний нүд рүү цохиход миний хамраас цус гарсан. Тэгэхэд тэр хүн гүйж ирээд чи эмэгтэй хүн зодлоо гээд манай нөхөртэй зууралцаад газар уначихаад ноцолдоод байсан. Би ээжийнх рүү хамраас гарсан цусаа угаах гээд орсон. Тэгэхэд удалгүй тэр эрэгтэйгийн баруун шанаа орчим зүсэгдээд цус гарчихсан хүрч ирээд танай нөхөр намайг ийм болгочихоод зугтаачихлаа гэсэн. Би түргэн тусламж дуудахад түргэн тусламж ирээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэсэн. Би тэр эрэгтэйг дагаж эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиход түүний зүсэгдсэн шарханд оёдол тавьсан. Юугаар зүссэн талаар түүнээс асуухад иртэй зүйлээр зүссэн юугаар зүссэнийг нь хараагүй гэсэн. Би нөхрийгөө эмнэлэг дээр дуудахад тэр хүрч ирсэн. Түүнээс юу болсон талаар асуухад газар байсан пелтаны хэлтэрхийгээр зүссэн гэж хэлсэн. Нөхөр гэмтсэн хүний оёдол тавьсаны мөнгийг эмнэлэгт төлсөн. Нөхөртэй зодолдоод гэмтсэн хүн эмнэлэг дээр оёдол тавиулсаны дараа халааснаасаа архи гаргаж ирээд уугаад байсан. Би биедээ ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэжээ. /хх-ийн 15/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 6-8/

-Шинжээчийн 260 тоот дүгнэлт: 1.Д.Ганзоригийн зүүн эрүүний доод талд няцарч урагдсан гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 2.Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй болно гэжээ. /хх-ийн 17/

-Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/

-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-31/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай Прокурорын санал /хх-ийн 37/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.  

 Шүүгдэгч А.Энхболд нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Шалганы гудамжинд 14 цагийн орчим Д.Ганзоригтой маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь зүсэж зүүн эрүүний доод талд няцарч урагдсан гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Н.Бямбаагийн “...Тэгэхэд удалгүй тэр эрэгтэйгийн баруун шанаа орчим зүсэгдээд цус гарчихсан хүрч ирээд танай нөхөр намайг ийм болгочихоод зугтаачихлаа гэсэн. Би түргэн тусламж дуудахад түргэн тусламж ирээд эмнэлэг рүү авч явах шаардлагатай гэсэн. Би тэр эрэгтэйг дагаж эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиход түүний зүсэгдсэн шарханд оёдол тавьсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 260 тоот дүгнэлт зэргээр гэм буруутай болох нь тогтоогдсон.

Шүүгдэгч нь хохирогч Д.Ганзоригийг нүүрэн тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй байна.

Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч А.Энхболдод зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Андруушийн Энхболдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Андруушийн Энхболдод 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Энхболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар нийт 240 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Энхболд нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Э.БОЛОРМАА