Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1264

 

Ц

 

 

 

 

 

 

 

 “ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “ЧХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ИҮӨ” ХХК, Ц.Т, Т.У нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 104 503 093 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Ц.Тгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч “ИҮӨ” ХХК нь “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас төсөл хэрэгжүүлэх зорилгоор 120 000 000 төгрөгийн зээл хүссэн ба “ИҮӨ” ХХК-ийн барьцаа хөрөнгө хүрэхгүй байсан учир барьцаа нэмэгдүүлэх шаардлага тавьсан.

Харин “ИҮӨ” ХХК-д эхний ээлжинд 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2215/01/СС-2014 тоот зээлийн гэрээ байгуулан 75 000 000 төгрөгийг 44 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2215/01/РА/01-2014 тоот барьцааны гэрээгээр Улсын бүртгэлийн Ү-2205040838 тоот дугаартай, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, /16063/ Амарсанаагийн гудамж, 28/3 дугаар байрны 24 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бөгөөд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүйгээс уг төсөл огт хэрэгжээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас “ИҮӨ” ХХК-д шалгалт оруулж, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, олгосон зээлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзсэн учир 45 000 000 төгрөгийн зээл олгоогүй. Хариуцагч “ИҮӨ” ХХК нь зээлийг төлөхгүй, хугацаа алдаж байсан учир бид гэрээний хугацаа дуусахаас өмнө 2017 оны 09 сард Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагч нь үйл ажиллагаагаа Чингэлтэй дүүрэгт явуулдаг гэж тус шүүхэд шилжиж ирсэн боловч компанийн захирал н.Туул нь байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүхэд хандаж байх хугацаанд зээлийн гэрээний хугацаа дууссан. “ИҮӨ” ХХК нь зээлийн гэрээний хугацаанд 9 907 365 төгрөгийг үндсэн зээл, 6 558 863 төгрөгийн хүүгийн төлбөр, 854 161 05 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 17 320 390 41 төгрөгийг төлсөн ба 2017 оны 05 сараас хойш огт төлөлт хийгээгүй болно.

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 75 000 000 төгрөгийн үндсэн зээл, 21 733 938 14 төгрөгийн хүү, 17 996 356  төгрөг төлж, 97 409 904  төгрөгийн өр төлбөртэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагынхаа хүүг нэмэгдүүлж үндсэн зээлийн үлдэгдэл 65 092 634 төгрөг, хүү 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай тооцож 17 509 502 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21 900 956 төгрөг, нийт 104 503 093 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2204050838 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж дугаар байрны 24 тоот 56.1 м.кв талбай бүхий орон сууцыг албадан худалдан борлуулах, зээлийн төлбөрийг гаргуулах, хэрэв Ц.Т, Т.У нарын үл хөдлөх хөрөнгө нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй бол “ИҮӨ” ХХК-ийн бусад эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани “Агааржуулалт эрүүл орчин” нэртэй төсөл хэрэгжүүлэх зорилгоор анх “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-д төслөө явуулж, төсөл 120 000 000 төгрөгөөр санхүүжигдэж банкиар дамжуулж санхүүжилт авахаар болсон.

“Чингис хаан банк”-тай 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 75 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Гэхдээ “ЧХБ” ХХК нь “Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сан”-аас дэмжигдэн орж ирсэн 120 000 000 төгрөгийг дансандаа бүтэн 3 сар барьж, хугацаа хойшлуулан цаг хугацааны алдагдалд оруулж, мөн мөнгийг хагаслан олгож, төсөл хэрэгжихгүй байх гол үндэс суурийг тавьсан.

“Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан”-аас төслийн 120 000 000 төгрөг орж ирсэн, банк 120 000 000 төгрөгийн зээл олгохоор зээлийн хорооны шийдвэр гаргасан. Гэтэл 75 000 000 төгрөг өгснийг ойлгохгүй байгаа.

Тухайн үед бидэнд төслийн 120 000 000 төгрөгийг бүрэн өгсөн бол бид ийм асуудалд орохгүй байсан. Тухайн үед миний 2 дүүгийн эрүүл мэнд гэнэт муудаж, амь насанд нь аюул учирч Энэтхэг улсад элэг солих мэс засалд явж, мөн 2 дүү донорын хагалгаанд хамт явах зовлон тохиолдсон.

2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээг цуцлуулах тухай хүсэлт гаргасан ч хариу өгөөгүй, “2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй хүнд байдал үүсэж гэрээний хугацааг үргэлжлүүлэх боломжгүй” болсноо мэдэгдэж шаардах хүсэлт тавьж байсан ч банк хүсэлтийг үл зөвшөөрсөн. Гэхдээ бид зээлийн гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн хэлснээр 17 000 000 гаруй төгрөг төлсөн, 2017 оны 05 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй нь үнэн.

Зээлийн үлдэгдэл 65 092 634 төгрөг байгааг зөвшөөрнө. Гэрээний нөхцөлийн дагуу эхний нэг жилд нь хүү төлөхгүй, 2 дахь жилээс нь төлөхөөр байсан. Бид зээлийн хуваарийн дагуу хүүг төлж явсан. Харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь би тухайн үед “ар гэрт ах, дүү өвчин зовлонтой боллоо, зээлийг төлөх боломжгүй боллоо, гэрээг цуцалж өгөөч” гэж удаа дараа хүссэн. Мөн зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь барьцааны хөрөнгө бол Т.Уийн хөрөнгө, тухайн үед барьцаанд тавих гэж Ц.Т хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг. Одоо Т.У Монгол Улсад байхгүй, гадаадад байдаг болно.” гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИҮӨ” ХХК-иас 70 564 276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 33 938 817 төгрөгийн шаардлага, бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага болон хариуцагч Ц.Тд холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИҮӨ” ХХК нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-ийн барьцаанд байгаа улсын бүртгэлийн Ү-2205040838 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж, 28/3 дугаар байрны 24 тоотын 56,1 м.кв хоёр өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч Т.Ут холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 843 641 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 163 176 төгрөгийг буцааж, хариуцагч “ИҮӨ” ХХК-иас 510 771 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтээ өмгөөлөгчид хэлсээр байтал, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хавтаст хэрэгтэйгээ танилцахад өмгөөлөгч н.Энхтуяа нь сөрөг нэхэмжлэл гаргаагүйгээр үл барам ашиг сонирхол, ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасан тул тэр өдөр өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтээ бичиж өгөөд, маргааш өдөр нь шүүх хурал дээр үнэнийг хэлж шинэ өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хэлэлцүүлэг эхлэхийн өмнө “хэргийн оролцогчийн эрхийг тайлбарлахдаа өмгөөлөгч авах эрхтэй гэж танилцуулдаг боловч энэ эрхийг урьд хангасан байна” гэх үндэслэлээр татгалзан шийдвэрлэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай захирамжуудад “Их зүйлсийн өргөө” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар Т.Туулыг 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд өөрчлөгдсөн бүртгэл хийгдээгүй.

Ц.Т нь “компани үүсгэн байгуулагч байна” гэж үзэн шүүхээс Ц.Тд нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагаа хуульд нийцээгүй. Т.Туул гадаадад амьдарч байгаа нь тогтоогдож байна, хариуцагчийн хаяг тодорхойгүй бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Мөн барьцаалсан эд хөрөнгө нь Ц.Т, н.У нарын өмчлөлийн хөрөнгө. Нэхэмжлэгч хариуцагчаа бүрэн татах гэсэн үндэслэлүүдээр хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байсаар байтал анхан шатны шүүх иргэн Ц.Тг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож, н.Уийг гуравдагч этгээдээр татах хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн атлаа Ц.Т, н.У нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр нэхэмжлэлийн зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч “ИҮӨ” ХХК, Ц.Т, Т.У нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 104 503 093 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“ЧХБ” ХХК нь “ИҮӨ” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын          23-ны өдрийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч 75 000 000 төгрөгийг 44 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлж, зээлийн барьцаанд Т.У, Ц.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж, 28/3 дугаар байрны 24 тоотын 56,1 м.кв хоёр өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх 9-14/

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Хариуцагч “ИҮӨ” ХХК нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 9 907 365 төгрөг, хүүд 6 683 688 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 927 335 төгрөг, нийт 17 320 390 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, зээлийн хүү, тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгуудаар нотлогдож байгааг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Хариуцагч байгууллага нь банк манай байгууллагын өмнөөс 120 000 000 төгрөгийг авч,  75 000 000 төгрөгийг өгсөн, үлдэх 45 000 000 төгрөгийг ашиглан ашиг олсон, компанийн хувьд үндсэн зээлийн үлдэгдлийг төлнө, харин хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, гэрээнээс татгалзаж, хүүг зогсоож, гэрээг цуцлах талаар албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан, барьцааны хөрөнгө бол бусдын хөрөнгө, иргэн Ц.Т зээлийн гэрээнд ямар нэгэн оролцоогүй гэж тайлбарлах боловч “Зээлийн батлан даалтын сан”-ийн 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 409 тоот албан бичиг, “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас “ЧХБ” ХХК-иар дамжуулж зээл авсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн тайлан зэргээс хариуцагч “ИҮӨ” ХХК төслийн зээлийн эхний санхүүжилт зориулалт бусаар зарцуулагдсан гэх шалтгаанаар зээлийг дахин судлахаас татгалзаж, үлдэгдэл 45 000 000 төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр цуцлагдсан үйл баримт байна.

 

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”, 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж тус тус заажээ.  

            Хэрэгт хариуцагч “ИҮӨ” ХХК-ийн дүрэм авагдсан байх ба уг дүрмийн 3.6 дахь хэсэгт “Цэрэндорж овогтой Тг компаний эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч “ИҮӨ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, Ц.Тг компанийн эрх бүхий этгээд гэж үзэж нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Тэгэхээр “ИҮӨ” ХХК-ийн гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй, 45 000 000 төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр цуцлагдсан асуудалд нэхэмжлэгч буруугүй болохыг тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч “ИҮӨ” ХХК нь зээлийн эргэн төлөлтийн графикийг зөрчиж 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, зээлээ төлөхийг нэхэмжлэгч удаа дараа шаардаж байсан боловч хариуцагч “ИҮӨ” ХХК нь “зээлийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээг цуцлуулах тухай” хүсэлтээ “ЧХБ” ХХК-д хүргүүлж байсан, үүнийг нэхэмжлэгч тал хүлээн авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан албан бичиг, шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбаруудаар тогтоогдож байна. Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ут холбогдох шаардлагаасаа татгалзсан тул шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан татгалзлыг баталсныг буруутгах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ЧХБ” ХХК нь хариуцагч “ИҮӨ” ХХК-иас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан тохиолдолд гэрээг цуцлах хүртэлх хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй” гэж үзэн зээл, зээлийн хүүд 70 564 276 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн тооцоолол хэргийн баримтад үндэслэсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.4, 158 дугаар зүйлийн 158.1, 158.2 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүх барьцааны гэрээний дагуу барьцааны зүйл болох Т.У, Ц.Т нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Амарсанаагийн гудамж, 28/3 дугаар байрны 24 тоотын 56.1 м.кв хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлсэн нь зөв боловч хариуцагч Ц.Тд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Учир нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ц.Т өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байгаа. Үүнтэй холбоотойгоор зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй юм. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ Ц.Тд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасч өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагч “ИҮӨ” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШШ2019/00717 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ИҮӨ” ХХК-иас 70 564 276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЧХБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 33 938 817 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Тгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 523 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ТУЯА     

                                                   

                            ШҮҮГЧИД                                         Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                      Д.ЦОГТСАЙХАН