Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 295

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

шүүгдэгч Б.Болорчулуун, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

хохирогч Д.Батням, түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22 дугаар гудамж 468а тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ДЭ74052500/ Шинэчүүл овогт Баньдийн Болорчулуунд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020604 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Болорчулуун 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одкон” худалдааны төв дотор хохирогч Д.Батнямтай маргалдаж сантехникийн уян холбоосоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болорчулууны: 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бүтэн сайн өдөр байсан. Би зуун айл дээр өөрийнхөө ажил дээр сууж байсан. Нилээн хүн багатай өдөр байсан болохоор утсаа оролдоод сууж байхад 16 цаг өнгөрч байхад Батням над дээр ирсэн. Мөнхжаргал байцаагч чи бид хоёрыг гадуур уулзаж болохгүй гэсэн, Мөнхжаргал байцаагч дээр очиж хэлэх зүйлээ хэл гэж хэлэхэд над руу дайрч давшлаад байхаар нь “миний утсан дээр цагтайгаа зураг авдаг шүү зургийг чинь авлаа” гэж хэлээд би утсаа аваад дарсан чинь миний утсыг цохиж унагаагаад хагалчихсан. Би утсаа авчихаад босоод ирсэн чинь намайг лангуунаас гаргахгүй маажаад байхаар нь би гараараа хамгаалаад сарвалзаад байж байсан. Муудалцаад лангуунаас гаргахгүй байж байгаад намайг нэг удаа хүчтэй цохихоор нь би уян холбоосоор цохьсон. Батнямын толгой хэсэгт нь цохиогүй. Намайг тэгж гүтгэж байгаад харамсаж байгаа. Миний ажил дээр ирж үймээн дэгдээчихээд хохирогч болж байгаад гайхаж байна. Хуулийн байгууллага үнэнийг нь олж өгөх байх гэж бодож байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Батнямын: Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр Мөнх-Эрдэнэ гэдэг прокурор, Мөнхжаргал гэдэг мөрдөн байцаагч дээр 60 сая төгрөгийг авах талаар өргөдөл өгөхөд, байцаагч 148.4 гэдэг зүйл ангиар 10-15 жилийн ялтай, та энэ хүнд ийм олон жилийн ял өгснөөс иргэний журмаар яв гэж санал болгосон. Би мөнгөө авах юм чинь хүнийг яллаад яахав гэж бодсон. Тэгж хэрэгсэхгүй болсон зүйлийг Болорчулуун 60 сая төгрөгийг огт хэрэгсэхгүй болсон мэтээр ярьж байна. Мөнгө авсан нь үнэн мөнгийг өгнө гэж гарын үсэг зуруулж явуулсан бичгийг нь Мөнхжаргал байцаагч надад үзүүлээд энэ хүн чинь өгнө гэж байгаа юм чинь иргэний журмаар хэлээд ав л даа гэж хэлсэн. Би ажил дээр нь очоод “чи Мөнхжаргал байцаагчид мөнгийг нь өгнө гэж хэлсэн байна” гэхэд барьж байсан утсаар хуцаад бай чамд өгнө гэж юу байдаг юм гэж хэлээд шидэхэд утас нь хагарсан. Доороосоо тросс гаргаж ирээд намайг цохиж байсан. Хажууд нь  байсан харуул хамгаалалтын Наранбаатар гэдэг хүн эхнээс нь дуустал нь харсан. Гэрч гэж ярьж байгаа Саранцэцэг нар худал мэдүүлэг өгсөн,камерын бичлэг, цохьсон эд мөрийн баримт байхад энэ бүхний эсрэг ярьж байна. Би өөрөө гудамж талбай олон нийтийн газар танхайрсан гэдэг зүйл ангиар 5 жилийн ял аваад хүмүүжээд ингэж болдоггүй гэдгийг ойлгосон хүн болохоор хүн рүү гар сарвалзахгүй. Энэ хүн намайг цохиод би явах гэж байхад “чаддаг юм бол шүүх цагдаагаар яваарай би прокурортой нь ярьчихсан байгаа шүүхээр яваад юу ч олж долоохгүй гэж” хэлсэн. Энэ хэргийн эх үүсвэр нь 13 мянган доллар 12 сая төгрөг авснаас болсон. Цохиулчихаад олон юм ярихгүй явах гэхэд харуул хамгаалалтын Наранбаатар “наад хүн чинь даварчихсан байна камерын бичлэгийг нь би чамд гаргаад өгнө, харсан зүйлээ хэлээд өгнө чи өргөдлөө өг” гэсэн. Энэ хэргээс болж нийт 1.621.000 төгрөгийн хохирол учирсан. 1.000.000 төгрөгөөр өмгөөлөгч авсан, 621.000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлж, томографийн зураг авахуулж, эм авсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү 8 сарын хугацаанд 12 удаа бензин хийж очсон бензиний зардал зэргийг энэ хэрэгт холбогдуулан нэхэмжилж байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс хохирогч Д.Батнямын: ...Би 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо зуун айлд байрлах “Одкон” төв дотор Болорчулуунтай уулзахаар очсон. Тэгэхэд Болорчулуун байсан. Дархисүрэн байхгүй байсан. Би Болорчулуун, Дархисүрэн хоёроос нийлээд 60.000.000 төгрөг авах ёстой байсан. Тэр мөнгөө гуйх санаатай очсон. Тэгээд Болорчулуунтай уулзаад би мөнгө өгнө гэж Мөнхжаргал байцаагчид хэлсэн байна гэсэн гэхэд Болорчулуун тэр муу байцаагч чам шиг гэнэн тэнэг юм байна лээ очоод юу гэж хэлэхээ мэдэж байна гээд уян гэж нэрлэдэг шланкаар савж хэд хэдэн удаа ороолгосон. Тэгэхэд миний толгойны зулай дээр шалбарсан. Тэр үед би Болорчулууныг цааш нь түлхээд чи авсан юмаа өг дөө гэхэд чамд өгдөг юм гэж байхгүй гээд миний хүзүү, зүүн талын хацар зэргийг гараараа маажсан. Тэгэхэд тэнд зогсож байсан Одкон төвийн харуул хамгаалалтын Наранбаатар гэх залуу та нар боль олон нийтийн газар байна гэсэн. Тэгэхээр нь би больё больё гээд гарсан. Тэгэхэд миний араас дахин Болорчулуун гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн Наранбаатар болиоч эмэгтэй хүн байж гэж хэлсэн. Тэр үед Болорчулууны нөхөр Батболд ирээд намайг Одконоос аваад гарсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-14-17/,

 

гэрч Б.Наранбаатарын: ...би 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ...Одкон төвийн 1 давхарын голын эгнээнд цахилгааны ажил хийж байхад хажуу талын эгнээнд хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаж орилоод хашхираад байхаар нь би юу болов гээд яваад очсон. Тэгэхэд түрээслэгч Болорчулуун нэг залуу руу сангийн уян шланк буюу уян холбоосоор далайгаад цохиж байсан. Тэгэхээр нь би очиж салгасан. Тэгэээд байж байхад Болорчулууны нөхөр цохиулсан хүнийг аваад гарсан ... Болорчулуунд цохиулж байсан хүн тухайн үед ноосон малгайтай, богино куртиктэй байсан би сайн анзаарч хараагүй. Намайг тэр хоёрыг очиж салгахад эхлээд Болорчулуун уян холбоосоор савж байгаа маягтай цохиж байсан. Тэгэхэд нөгөө хүн гараараа хаагаад байсан. Тэгээд би очиж салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19-20/,

 

гэрч Ц.Урантуяагийн: ...Болорчулуун нэг эрэгтэй хүнтэй лангууны урд маргалдаад зогсож  байсан... Тэнд байсан хүмүүс тэр хоёрыг болиоч гээд байсан. Тэгээд удаагүй хамгаалагч залуу ирээд тэр хоёрыг салгаад хоёр тийш болгож байсан. Болорчулууны нөхөр нь дээрээс буугаад нөгөө эрэгтэй хүнийг аваад гарсан байх. Би ч эргээд лангуун дээр ирсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

гэрч Х.Саранцэцэгийн: ...Тэгтэл Болорчулуун “Чи юу вэ яасан гэж дүүг минь дээрэлхэж байгаа юм чи одоо намайг дээрэлхэхгүй шүү” гээд уян холбоосоор тэр залууг ороолгосон... Тэгэхэд тэр залуу эргэсэн. Тэгээд Болорчулуун руу далайсан. Тэгэхээр нь би тэр залууг та нар болиоч ээ олон нийтийн газар ингэж болохгүй шүү дээ гэхэд тэр залуу би энэ хүнд өгсөн юмаа авах гэж байна гэсэн. Одкон төвийн цахилгаанчин залуу тэр хоёрыг салгасан. Удаа ч үгүй Болорчулууны нөхөр дээрээс бууж ирээд нөгөө залууг аваад гарсан... тэр залуугийн нуруун дундуур хоёр удаа ороолгосон байх тэгж санаж байна... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24-25/,

 

гэрч З.Батболдын: ...Манай эхнэр Болорчулуун, дүүгийн нөхөр Батням нар хоорондоо маргалдсан зогсож байсан. Тэгээд би Батням шууд аваад хойд хаалгаар гарсан. Аваад гарч байхад Батням манай авгайг өшиглөж байсан. Манай авгай бас зөрүүлээд өшиглөж байгаа харагдсан. Батнямын зүүн хацар дээр шалбарсан байсан, өөр гэмтэл харагдаагүй. Болорчулууны биед гэмтэл учирсан байсан талаар мэдээгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26-27/,

 

гэрч Б.Урангоогийн: ...Би сар өдрөө санахгүй байна, хойд талын лангуун дээр сууж байсан чинь ээж гэнэт хүнтэй хэрэлдээд байгаа юм шиг тэр хавиар орилолдоон болохоор нь эргээд ээжийн лангуун дээр очиход Батням ах, ээж 2 хоорондоо барьцалдсан дэлгүүрийн цахилгаанчин Наранбаатар, Саранцэцэг нар салгах гээд зогсож байсан... Тэгээд аав дээрээс бууж ирээд Батням ахыг салгаад дэлгүүрийн төв хаалгаар арай гэж түлхэж гаргасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-74/,

 

Шинжээч эмч Г.Энхбаатарын: ...Батнямд учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан... Уян холбоосоор цохих үед үүсэх боломжтой гэмтэл ... зузаан ноосон малгай өмссөн тохиолдолд үүсэх боломж бага, нимгэн малгайтай үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь 1 удаагийн хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,

 

Б.Болорчулууны яллагдагчаар: ...Тэгээд би гар утсаараа зургийг нь авах гэсэн чинь миний гар утсыг цохиод унагаад миний урдаас сарвалзахаар нь би боссон чинь Батням надтай зууралдаад лангуунаас гаргахгүй миний зүүн гарыг мушгихаар нь би лангууны тавиур дээр байсан сантехникийн цэнхэр өнгийн уян холбоосоор зүүн гарын булчин руу нь 2-3 удаа ороолгосон. Тэгээд манай нөхөр болон хамт ойролцоо суудаг хүмүүс, хамгаалагч нар ирээд Батням бид хоёрыг салгасан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-39-40/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №3029 тоот:

  1. Д.Батнямын биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн хацар, шанаа, завьж, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-33/,

 

Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-11/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-13, 127/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-130-133/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-42/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурцагт хуулбарлагдсан камерын бичлэг, сантехникийн уян холбоост үзлэг хийв.

 

Шүүгдэгч Б.Болорчулуун 2017 оны 2 сарын 19-ний өдөр иргэн Д.Батнямын  бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэлэлцсэн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 3029 тоот дүгнэлт, гэрч Б.Наранбаатарын мэдүүлэг, шүүгдэгч хохирогч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан сантехникийн уян холбоос, камерын бичлэгт үзлэг хийснээр тогтоогдон нотлогдов.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Болорчулуунд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Болорчулууны эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байх тул Б.Болорчулууныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

Шүүгдэгч Б.Болорчулуун ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-41/ нотлогдож байна.

            Хохирогч Д.Батням гэм хорын хохиролд 1.621.000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнийг нотлох баримт ирүүлээгүй тул энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд Д.Батням хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Болорчулуунаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Баньдийн Болорчулуунд /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлинй 99.1 болгон зүйлчилсүгэй.
  2. Баньдийн Болорчулууныг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Болорчулуунд холбогдох эрүүгийн 201725020604 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Б.Болорчулууныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Хохирогч Д.Батням гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Болорчулуунаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, 2 ширхэг сантехникийн уян холбоосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  6. Б.Болорчулуун цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Болорчулуунд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Болорчулуунд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                                   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ