Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00886

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2016/00886

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Э холбогдох

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Чен-с Л-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУлсын иргэн Чен Линий итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Монгол Улсад оршин сууж байгаа БНХАУлсын иргэн Лю Юй Мэй нь иргэн Д.Энхтуулд холбогдуулан 2014 оны 11-р сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлд хавсаргагдсан БНХАУлсын иргэн Чен Линээс 2015 оны 10-р сарын 20-ны өдөр БНХАУлсын иргэн Лю Юй Мэй д олгосон итгэмжлэл нь холбогдох хуулийн шаардлага хангаагүй, хууль зөрсөн болохыг олж мэдэн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.

Учир нь Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т .. Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл монгол хэл байна. .. гэж заасан байна.

Гэтэл БНХАУлсын иргэн Чен Линээс иргэн Лю Юй Мэй д 2014 оны 10-р сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэл нь Хятад хэл дээр хийгдсэн байхад Сүхбаатар дүүргийн тойргийн 05 дугаартай нотариатч Б.Энхээ нь түүнийг нягтлан шалгалгүй, дээрх хуулийн шаардлага хангаагүй итгэмжлэлийг гэрчилсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл нотариатын үйлдэл хйихээс татгалзахаар байсан байна.

Иймд Нотариатын тухай хуулиййн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж хийсэн нотрариатын үйлдлийг шүүх нотраиатчийн болон сонирхогч этгээлийн хүсэлтээр хүчингүйд тооцно.... гэж заасны дагуу 2914 оны 10-р сарын 20-ны одрийн БНХАУлсан иргэн Чен линээс иргэн Лю Юй Мэй-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 31-р зүйлийн 31.2-т Нотариат дараахь тохиолдолд Нотариатын үйлдэл хийхээс татгалзах эрхгүй гэж заасны дагуу БНХАУлсын иргэн Чен Лин , Лю Юй Мэй нар нь өөрсдөө биечлэн ирж уг итгэмжлэлийг гэрчлүүлсэн, Хятад хэл дээр үйлдсэн итгэмжлэлээ албан ёсны зөвшөөрөлтэй орчуулгын товчоогоор орчуулуулсан байна.

Нотариатч миний хийсэн үйлдэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 64-р зүйл, Нотариатын тухай хуулийн 41-р зүйл, Нотариатын үйлдэх хийх зааварын 7-д заасан итгэмжлэл гэрчлэх зааврын дагуу хуульд нийцүүлэн хийсэн.

Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхтуул нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Чен Линэээс иргэн Лю Юй Мэйд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн 5 дугаартай нотариатч Б.Энхээд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нотариатын үйлдлийг хуульд заасны дагуу гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн, нэхэмжлэгч нь хятад хэл дээр итгэмжлэл гэрчилсэн нотариатын үйлдэл нь хууль зөрчиж байна гэсэн мэтгэлцээний байр суурийг тус тус илэрхийлсэн.

Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Чен Лин болон Лю Юй Мэй нар нь нотариатаар итгэмжлэл гэрчлүүлэхээр өөрсдийн биеэр очиж, хүсэл зоригоо илэрхийлсэн, итгэмжлэлд монгол хэл дээрх орчуулгыг хавсаргасан асуудал дээр талууд маргаагүй.

2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Чен Линэээс Лю Юй Мэйд олгосон Даваадоржийн Энхтуулаас 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 300.00 ам.доллар нэхэмжлэхэд төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх-ийн талаарх итгэмжлэлийн хятад хэл дээрх хувийг гэрчилэхдээ монгол хэл дээрх орчуулга, талуудын илэрхийлсэн хүсэл зоригт үндэслэсэн нотариатчийн үйлдлийг буруутгах боломжгүйн дээр Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Нотариатын үйлдэл хийх, баримт бичиг, нотариатын үйлдэл хийсэн тухай тэмдэглэл үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байна зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Учир нь итгэмжлэлийг гэрчлэх, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийг шалгаж тодруулах үйл ажиллагаа, мөн нотариатын тэмдэглэл, холбогдох бүртгэл хөтлөлт монгол хэл дээр хийгдсэн байна гэж шүүхийн зүгээс үнэллээ. Энэ нь хэрэгт авагдсан Чен Линэээс Лю Юй Мэйд олгосон итгэмжлэл, түүний монгол хэл дээрх орчуулга, нотариатын бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Итгэмжлэлийг монгол хэл дээр орчуулж хавсаргасан нь нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэх албан ёсны хэл нь монгол хэл байх хуулийн зохицуулалтыг хангасан үйлдэл болсон гэж үзэх үндэстэй.

Мөн Чен Линэээс иргэн Лю Юй Мэйд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнтэй холбогдуулан авч үзвэл хариуцагчид Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй байжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн Чен Линэээс Лю Юй Мэйд олгосон итгэмжлэлийн талаар төлөөлөгч, төлөөлүүлэгч талууд маргаагүй болохыг дурдвал зохино.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Энхээд холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Чен Линэээс Лю Юй Мэйд олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Д.Энхтуулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ