| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01067/И |
| Дугаар | 181/ШШ2016/01169 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 181/ШШ2016/01169
2016 оны 11 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2016/01169 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж МТ байранд байрлах, МТ Ойл ХХК /РД:2566567/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын гудамж, 7а-504 тоотод байрлах, Беринг ХХК /РД:2588498/-д холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Манай компани Беринг ХХК-тай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 10/15 тоот гэрээ, Барьцааны 11/15 тоот гэрээг тус тус 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан болно.
10/15 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу сар бүрийн 25-ны өдрийн дотор тооцоо нийлж төлбөрийг тооцоо нийлснээс хойш 5 хоногийн дотор бэлнээр эсвэл компанийн дансанд төлж барагдуулна гэж заасан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна.
Хариуцагч компани 2016 оны 1 дүгээр сарын 25, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрүүдэд төлбөр төлөх график гаргаж, үлдэгдэл 25,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сард багтаан төлөх хүсэлтээ манайд ирүүлсэнийг бид хүлээн авч, харсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд 10/15 тоот гэрээний 5.2, 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг, түүнийг төлөх хугацаа хэтрүүлсэн алданги болох 12,5000,000 төгрөг, нийт 37,500,000 төгрөгийг Беринг ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь нэхэмжлэгчтэй 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 10/15 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 2,8 тонн дизель түлшийг худалдан авч, 49,921,100 төгрөгөөс 24,921,100 төгрөгийг төлж, одоо 25,000,000 төгрөгийн төлбөр дутуу байгаа нь үнэн юм.
2015, 2016 онуудад манай компанид ямар нэгэн санхүүжилт хийгдээгүйн улмаас өр төлбөрүүд хуримтлагдаад байгаа бөгөөд бид энэ 2 жил гудамж төслийн ажлыг өөрийн хөрөнгөөр болон бусдаас зээлж хийж гүйцэтгэсээр ирсэн. Санхүүжилтийн асуудлаар холбогдох төрийн байгууллага, Хөгжлийн банкинд удаа дараа шаардлага хүргүүлдэг боловч өнөөдрийн байдлаар нааштайгаар шийдвэрлэгдээгүй байна.
Манай компанийн зүгээс төлбөрөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл огт байхгүй юм. Санхүүжилт шаардсан бичгийн хариу бичгүүдийг хуулбарлан өөрийн компанийн албан тоотын хамтаар төлбөртэй байгууллагууддаа хүргүүлсээр ирсэн.
Энэ байдлын улмаас манайх нэхэмжлэгч байгууллагаас алдангиас чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийг бичгээр хүргүүлсэн бөгөөд одоо ч гэсэн алдангиасаа чөлөөлдөггүй юмаа гэхэд багасгаж өгөөч гэж хүсэж байна. Улсаас авах санхүүжилт хийгдэхгүй 2 жил болж байгаа бөгөөд санхүүжилтийн мөнгөнд бидэнд нэмж алданги тооцон олгодоггүй учраас манай компанийн алдангийг төлөх эх үүсвэргүй болоод байгаа юм.
2016 оны төсвийн тодотголд манай компанийн санхүүжилт тусгагдсан байгаа учраас 2016 оны эцэс гэхэд санхүүжилт орж ирэхэд бид энэ төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэх болно. Иймд алдангиас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МТ Ойл ХХК нь хариуцагч Беринг ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 37,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 25,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөх боломжгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах 10/15 тоот гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч МТ Ойл ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч Беринг ХХК нь тухайн сард нийлүүлсэн барааны төлбөр тооцоог сар бүрийн 25-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансаар, эсхүл бэлнээр төлөх, хэрэв төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байна.
Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр барьцааны 11/15 тоот гэрээг байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202004404 дугаарт бүртгэлтэй С.Отгонбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 15-59 тоотод байрлах 29 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалсан байна.
Шүүх зохигчдын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй тул шүүх хүчин төгөлдөр гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч нь барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй, талууд энэ гэрээтэй холбогдуулан маргаагүй тул шүүх барьцааны гэрээтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Худалдагч МТ Ойл ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үндсэн дээр худалдан авагч Беринг ХХК-д нийт 49,921,100 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг гэрээний хугацаанд нийлүүлсэн бөгөөд худалдан авагч Беринг ХХК үүнээс 24,921,100 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан, одоо 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байх бөгөөд талууд үүнд маргаагүй тул хууль буюу гэрээнд зааснаар хариуцагч нь Беринг ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ 25,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Талууд гэрээ /10/15 тоот гэрээний 4.6, 7.2 заалт/-гээр худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх, худалдагч алданги шаардаж авахаар харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь зохицуулалтад нийцсэн тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.
Гэхдээ нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойшхи хугацаанд алданги тооцож шаардсан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч нь санхүүжилт орж ирээгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа хойшлуулах хүсэлтийг 2 удаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 3 тоот албан бичгээр 2016 оны 3 дугаар сарын 25, 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11 тоот албан бичгээр 2016 оны 6 сард багтаан төлж барагдуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тухай бүр хүлээн авч, хариуцагчийг 2016 оны 6 дугаар сард багтаан төлбөрөө барагдуулахыг зөвшөөрч хүлээснээс үзвэл зохигчид гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацааг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж зааснаар мөн хугацаагаар сунгасан гэж үзнэ.
Иймд шүүх төлбөр төлөх сүүлийн хугацаа буюу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны алдангийг тооцож, хариуцагчаар төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү тооцвол 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх 75 хоногийн алданги 9,375,000 төгрөг /(25,000,000х0,5%)х75 хоног/-ийг хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар төлөх үүрэгтэй гэж үзлээ.
Хариуцагч Беринг ХХК нь санхүүгийн хямралаас үүдэн төлбөрийн чадвар муудсан, санхүүжилт огт орж ирээгүйгээс үйл ажиллагаа доголдсон гэж тайлбарлах боловч үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг багасгах үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Беринг ХХК-аас үндсэн төлбөр 25,000,000 төгрөг, алданги 9,375,000 төгрөг, нийт 34,375,000 төгрөгийг гаргуулж МТ Ойл ХХК-д олгож, МТ Ойл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Беринг ХХК-аас 34,375,000 төгрөг гаргуулж МТ Ойл ХХК-д олгож, МТ Ойл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 329,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА