Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/27

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

              Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,                     

              Улсын яллагч Б.Ариунсанаа,

              Хохирогч Б.Б-,

              Хохирогчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

         Шүүгдэгч Г.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Х-т холбогдох эрүүгийн 2538000000251 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, Г.Х-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Х- нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газарт ... улсын дугаартай “Бонго Ж-3” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зогсоох үйлдлийг хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 3 дугаар зүйлийн 3.7.а. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Б-ыг мөргөж биед нь баруун далны хугарал, зүүн талын 8-р хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000000251 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.Х- нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газарт ... улсын дугаартай “Бонго Ж-3” загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож зогсоох үйлдлийг хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 3 дугаар зүйлийн 3.7.а. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Б-ыг мөргөж биед нь баруун далны хугарал, зүүн талын 8-р хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х-ын: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг нь төлнө гэсэн гэрээ хийсэн...” гэх тайлбар,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б-ын өгсөн: “...Манай найз өөрийн болгоомжгүйгээс ийм зүйл хийсэндээ өнөөдөр уучлалт гуйсан. Нэг нутгийн хүмүүс учраас би уучилсан...” гэх мэдүүлэг,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 тал/,

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ... сумын 3 дугаар баг ... даваа гэх газар малаа хараад малынхаа хажууд эхнэр, өөрийн төрсөн ах болох Г- нартай юм яриад сууж байтал Г.Х- цагаан өнгийн “Бонго Ж-3” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож ирээд машинаа зогсоож чадахгүй машин нь гулсаж ирээд намайг сууж байхад мөргөсөн тухайн үед миний бие өвдөхгүй байхаар нь цагдаад мэдэгдээгүй юм тэрнээс хойш эмнэлгээр явж үзүүлээд миний биед гэмтэл учирсан байсан. Тэгээд цагдаад мэдэгдэх болсон. Тухайн хэрэг яг зам дээр болоогүй замгүй тал дээр болсон. Тухайн тээврийн хэрэгсэл явж ирээд зогсох хэсэг нойтон цас ороод бааран болж нойтон байсан. ...Миний бие даагдахгүй баруун мөр зүүн хэвлий хэсгээр өвдөж байгаа өөр мэдрэгдэх юм одоогоор байхгүй байна. ...эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

Гэрч Д.Э-гийн өгсөн: “...Тухайн үед манай нөхөр Б-, Б.Б-, А.Н- бид нар голын захын хажууд Б.Б-ын хонь байсан газар юм яриад сууж байтал Г.Х- цагаан ачааны машинтай бид нар дээр ирээд зогсохдоо Б.Б-ын хэвтэж байсан хэсэг рүү Б.Б-д тулаад зогссон. Тэгээд бид нар яаж байгаа юм бэ Х- чи дэлхий шиг том газар байхад хүн рүү тулгаж зогслоо шүү дээ ингэж байж хүн алвал яах юм бэ гэлцээд зогсож байхад Х- намайг уучлаарай санаандгүй машин гулгачихлаа гэх зэрэг үг хэлж байсан. Тэгээд бид нар тэндээс явцгаасан. Г.Х- архи уугаагүй эрүүл байсан. Б.Б- тохойгоороо газар тулаад хэвтэж байсан эхнэр нь бас цаад талд нь сууж байсан. Б.Б- баруун мөр ар хэсгээрээ өвдөж байна гэж байсан. Тухайн хэрэг болох өдрийн шөнө цас орчихсон тэнгэр бүрхэг халтиргаатай байсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 32 тал/,

Гэрч Г.Э-гийн өгсөн: “...Хэрэг болох үед Г.Х- гэдэг айлд манай нөхөр бид хоёр очиж алга болсон үхрээ сураглаж очсон. Тэгэхэд Г.Х- танай үхэр ...  даваад явж байсан гэж хэлэхэд нь манай нөхөр Г.Х-т хандаж танай нэг хургатай хонь нийлсэн байна лээ гэж хэлтэл Г.Х- одоо очоод авъя гэхэд Г.Х-ын эхнэр намайг чи наашаа суучих гэхээр нь би Г.Х-ын эхнэр хоёртой машинд нь суугаад явж байтал Б.Б-, А.Н-, Г- ах нар голын цаана хонио хараад сууж байсан. Тэгтэл Г.Х- эд нар дээр очоод явъя гол гараад тэд нарын хажууд очоод зогсох гэтэл Г.Х-ын машин зогсохгүй Б.Б-ыг мөргөн алдаад гулсаж очоод зогссон. Тэгэхэд Г.Х-ын эхнэр бид хоёр хүүе чи хүн дайрлаа гэж орилоод буутал Б.Б- машины урд хэвтэж байсан. Тэгээд Б.Б-ыг босгоод бие хааг нь үзэхэд Б.Б- баруун талын мөр өвдөөд байна гэж байсан. Тэгээд бид тэндээсээ салаад явсан. Тухайн хэрэг болох өдрийн шөнө цас орчихсон тэнгэр бүрхэг халтиргаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

Гэрч А.Н-гийн өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр бид хоёр хонио хариулангаа хониныхоо хажууд хэвтэж байсан. Тэгтэл Г.Х- цагаан өнгийн “Бонго Ж-3” машинтайгаа бид нарын сууж байсан газар ирээд манай нөхөр Б.Б-ын хэвтэж байсан хэсэгт чиглэж ирээд зогсохдоо машин нь зогсохгүй гулсаж ирээд мөргөсөн. Машин гулсаж байх хооронд манай нөхөр босох гээд босч чадалгүй машинд нь мөргүүлээд машин нь зогссон. Тэгээд Г.Х- машинаасаа бууж ирээд эргэж машиндаа орж машинаа ухрааж манай нөхөр машин доороос гарч ирсэн. Тэгээд нөхөр машин доороос гарч ирээд Г.Х-т хандаж чи хүн аллаа шүү дээ гэж хэлэхэд Г.Х- миний буруу машин зогсохгүй гулсаад найзыгаа дайраад алах шахлаа гэж хэлээд манай нөхрийн дээл хувцсыг тайлж үзээд манай нөхөр миний зүүн мөр дал хэсгээр өвдөж байна гэж байсан. Тэгээд бид гэр, гэр рүүгээ салж яваад бид хоёр гэртээ ирээд байж байтал манай нөхөр бөөлжөөд дотор муухай оргиод байна гээд байхаар нь Г.Х-ын утас руу залгаж хэлээд сумын эмнэлэгт үзүүлсэн. Тухайн хэрэг болох өдрийн шөнө цас орчихсон тэнгэр бүрхэг халтиргаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 тал/,

Гэрч А.Г-ын өгсөн: “...Тухайн өдөр манай дүү Б.Б-, А.Н- бид гурав дүүгийн хонины бэлчээрийн хажууд юм яриад сууж байтал Г.Х- гэх хүн цагаан өнгийн ачааны машинаар давхиж ирээд манай дүү Б.Б-ыг мөргөөд машин нь манай дүүг хамаад түрж яваад жолоочийн эсрэг талын дугуй нь дээлийнх нь хормойг дараад машины тэнхлэг нь цээжин дээр гараад зогссон. Тэгээд би Г.Х-т хандаж чи хүн дайраад зогсчихлоо наад машинаа ухраагаач гэхэд ухардаг араандаа орохгүй байна гээд 4 дүгээр араандаа хийгээд урагш зүтгээд байсан. Тэгээд бид нар нийлж байгаад Г.Х-ын машиныг арагш түлхэж байж Б.Б-ыг доороос нь гаргаж аваад бие хааг нь үзэхэд ил харагдах шарх сорви байхгүй зүүн мөрний дал хэсгээр өвдөж байна гээд мөрөө даахгүй байсан. Тэгээд бид нар гэр, гэр рүүгээ явсан. Тухайн үед Б.Б- тохойгоороо газар тулаад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №249 дугаартай: “1. Б.Б-ын биед баруун далны хугарал, зүүн талын 8-р хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохигдох үйлдлээр үүснэ. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №311 дугаартай “1. Б.Б-ын биед баруун далны хугарал, зүүн талын 8-р хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн цохигдох үйлдлээр үүснэ. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 -т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 6. 2025.06.12-ны өдрийн сээр нурууны MRI-н шинжилгээний онош хүний эрүүл мэндийн хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 53-54 тал/,

Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн: “...Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багт Г.Х- нь “Бонго Ж-3” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зогсох үйлдэл хийхэд уг тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгийн гадаргуугаас хамаарч зогсолгүй малын бэлчээрт малынхаа хажууд сууж байсан Б.Б-ыг мөргөж гэмтээсэн Г.Х- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 3 дугаар зүйлийн З.Т.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж чадахааргүй өвчтэй эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-ийн 59-60 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2516 дугаартай: “1 .Б.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Дээрх шинжүүд нь түр зуурынх эсхүл байнгын эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

Шүүгдэгч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би хонинд яваад гэртээ ирэхэд Б- эхнэрийн хамт манайд сууж байсан. Тэгсэн Б- манай хонинд танай нэг хургатай хонь байна салж явчих гээд байна очиж аваач гэхээр нь тэгээд Б-ын эхнэр О-, манай эхнэр Х- бид гурав миний машинд суугаад хонь байгаа газар явж очиход хонины хажууд Б- эхнэрийн хамт Б.Б- эхнэрийн хамт мөн Б.Б-ын ах Г-, Б- нар газарт сууж байсан. Би тэд нар дээр очиж зогсох үед миний машин нойтон цас орсон байсан учир бага зэрэг гулсаад Б.Б-ын сууж байсан газарт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-79 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

           Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 тал/, хохирогч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 26 тал/, гэрч Д.Э-гийн мэдүүлэг /хх- ийн 32 тал/, гэрч Г.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 36 тал/, гэрч А.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 37 тал/, гэрч А.Г-ын мэдүүлэг /хх-ийн 40 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №249 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №311 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 тал/, мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн магадлагаа /хх-ийн 59-60 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2516 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-67 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15 тал/, шүүгдэгч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-79 тал/ зэргээр шүүгдэгч Г.Х- нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг ... гэх газарт ... улсын дугаартай “Бонго Ж-3” загварын тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож зогсоох үйлдлийг хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 3 дугаар зүйлийн 3.7.а. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Б.Б-ыг мөргөж биед нь баруун далны хугарал, зүүн талын 8-р хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Б-ын биед тогтоогдсон баруун далны хугарал, зүүн талын 8-р хавирганы хугарал, баруун мөрөнд цус хуралт” бүхий гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Г.Х-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Х- тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.Х- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №249 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Р.Н-ын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №311 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-54 тал/-ээр тогтоогдсон, мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЕГ0825/2516 дугаартай: “1 .Б.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 тал/-ээр түүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлийг тогтоосон ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хохирогч Б.Б- “...Манай найз өөрийн болгоомжгүйгээс ийм зүйл хийсэндээ өнөөдөр уучлалт гуйсан. Нэг нутгийн хүмүүс учраас би уучилсан...” гэх мэдүүлгийг өгч, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “...эмчилгээний болон сэтгэл санааны хохиролд тооцож нийт 5,000,000 төгрөгийг өгөхөөр тохиролцож, 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, үлдэгдэл 4,000,000 төгрөгийг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нөхөн төлөхөө илэрхийлж, …цаашид гомдол саналгүй...” гэх эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-аас 5,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгохоор шийдвэрлэв.

              Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Г.Х-ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Х-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 83-90, 93-96 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Г.Х- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Г.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...” дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчийн: “...Ялын санал дээр улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэх санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгчид 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдалд үндэслэж тухайн зүйл ангид заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хамгийн бага хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Прокурорын зүгээс 4 жилийн хугацаагаар гэж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс 3 жил хасах нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдалд нийцнэ гэсэн байр суурьтай байна. Ял шийтгэлийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх саналыг гаргажээ. 

Шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээ, сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, мөн зүйл, хэсгийн 2.5-д  заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн 2538000000251 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д  зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Х-т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х- нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Х-т хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-аас эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролд 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

8. Эрүүгийн 2538000000251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЧИР