| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 181/2016/00408/И |
| Дугаар | 181/ШШ2016/00785 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 181/ШШ2016/00785
| 2016 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 181/ШШ2016/00785 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О. Д /РД:*************/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С сургууль /РД:**********/-д холбогдох
Ажилласан хугацааны цалин 1 725 900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, хувь хүний орлогын албан татвар төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Дүүрэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжихдээ: Миний бие 2015-2016 оны хичээлийн жил буюу 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр Монгол хэл, Редакторлах арга зүйн багшаар Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Сэтгүүлч дээд сургуульд ажиллаж эхэлсэн.
Түүнээс хойш мэргэжлийн хичээлээ заахаас гадна захирлын өгсөн бичиг хэрэг болон хугацаат ажлуудыг гүйцэтгэж ирсэн. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс цалин олгохгүй байсан учир өөрийн хүсэлтээр цагийн багш болж үндсэн ажлаас чөлөөлөгдсөн.
Сэтгүүлч дээд сургуулийн захиргаа, захирал Л.Баярдалай нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш багш, ажилчдынхаа цалинг олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. Харин 04 дүгээр сарын 01-ны өдөр 200 000 төгрөг бэлнээр олгосон. Гэхдээ одоо хүртэл цалин олгоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хувь хүний орлогын албан татвар төлөөгүй зэрэг нь миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзэж байна.
Иймд Сэтгүүлч дээд сургуулиас 2016 оны 01 дүгээр сарын цалин 348 000 төгрөг, 02 дугаар сарын цалин 448 450 төгрөг, 03 дугаар сарын цалин 448 460 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс цагийн багшийн хөлс 224 000 төгрөг /200.000 төгрөг олгосон/, 2015-2016 оны хичээлийн жилийн дахин судлуулсан хичээлийн төлбөр 289 000 төгрөг, оюутан Х.Нямбаатар, Ө.Отгонжаргал, Э.Анхбаяр нарын дипломын ажил удирдсан урамшуулал 192 000 төгрөг нийт 1 725 900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж өгнө үү.
Нийгмийн даатгалын дэвтэрт нягтлан бодогч урьдчилаад бичилт хийсэн, түүнээс зохих цалингаа одоо хүртэл аваагүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Дүүрэнжаргал нь Сэтгүүлч дээд сургуульд холбогдуулан ажилласан хугацааны цалин 1 725 900 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, хувь хүний орлогын албан татвар төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Баярдалайд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй, мөн шүүх хуралдаанд ирээгүй, мэтгэлцээний байр суурь гаргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар цалин хөлс гаргуулах тухай энэхүү маргаан нь Хөдөлмөрийн маргаан таслах комиссын хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа боловч Сэтгүүлч дээд сургуулийн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/45 тоот албан бичигт дурдснаар хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжгүй байдлыг харгалзан хэргийг шүүхийн журмаар хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтаар О.Дүүрэнжаргал нь Сэтгүүлч дээд сургуульд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд багшаар ажиллаж, сарын 550 000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь Сэтгүүлч дээд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15/25, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16/33 тоот тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт 2016 оны 1-3 дугаар саруудын хөдөлмөрийн хөлсний бичилт хийгдсэн боловч зохих тэмдэг дарж баталгаажаагүй, нэхэмжлэгчийн 2016 оны 1-3 дугаар саруудын цалин нэхэмжилсэнд асуудалд хариуцагч тал маргаагүй тул дээр дурдсан баримтын дагуу тооцож цалин 1 244 900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Харин 2015-2016 оны хичээлийн жилийн дахин судлуулсан хичээлийн төлбөр 289 000 төгрөг, оюутан Х.Нямбаатар, Ө.Отгонжаргал, Э.Анхбаяр нарын дипломын ажил удирдсан урамшуулал 192 000 төгрөг буюу 481 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч нь нотолж чадаагүй, энэ талаарх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх, хувь хүний орлогын албан татварыг төлүүлэх шаардлагыг хуулийн зохицуулалт, нэхэмжлэлийн хангагдаж байгаа байдлыг харгалзан хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн зөвхөн 2016 оны 1-3-р саруудын цалинд ногдох шимтгэл, хураамжийг төлж, дэвтэр бичилт хийх, хувь хүний орлогын албан татварыг суутгахыг даалгахаар шийдвэрлэв. Хувь хүний орлогын албан татвар суутгах хэсэг нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт үндэслэж байгаа болохыг дурдвал зохино.
Хариуцагчийн төлөөлөгч Л.Баярдалай нь шүүхэд тухайн байгууллагыг төлөөлөхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн боловч Сэтгүүлч дээд сургуулийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр Л.Баярдалай нь 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн, мөн тайлбарт 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс ажлаа хийхгүй болсон гэж байгаа боловч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхээс гардаж авсан, бусдад эрх бүхий этгээдээс итгэмжлэл өгсөн болон улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон асуудал байхгүй байгаа учир шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хийсэн болно.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сэтгүүлч дээд сургуулиас 1 244 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Дүүрэнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 481 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар О.Дүүрэнжаргалын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх, хувь хүний орлогын албан татварыг суутгахыг Сэтгүүлч дээд сургуулийн удирдлагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сэтгүүлч дээд сургуулиас 34 428 төгрөгийг гаргуулан О.Дүүрэнжаргалд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ