| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/08478/И |
| Дугаар | 181/ШШ2016/01113 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 181/ШШ2016/01113
2016 оны 11 сарын 01 өдөр Дугаар 181/ШШ2016/01113 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батширээт сумын 4 баг, Норовлин булгийн 2 дугаар гудамж, 5 тоотод оршин суух, Боржигон овогт Баттөмөрийн Уламбаяр /РД:СБ88112419/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 48-309 тоотод оршин суух, Гучид овогт Ёндонгийн Мөнхнаран /РД:СБ88053027/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батцэнгэл, хариуцагч Ё.Мөнхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Б.Уламбаяр нь 2015 оны 9 дүгээр сард Ё.Мөнхнаранд 1,000,000 төгрөгийг зээлсэн. Уг нь зээлийг 3 сарын хугацаатай зээлдүүлсэн боловч өнөөг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Нэхэмжлэгч анх зээлийн гэрээ хийснээс хойш 1 сарын дараа буцааж шаардсан боловч хариуцагч зээлийг төлөөгүй ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш ч мөнгө төлөөгүй. Утсаар байнга ярьж нэхдэг боловч удахгүй өгнө, мэдэж байна гээд л хэлдэг атлаа төлөлгүй өдийг хүргэсэн.
Иймд Ё.Мөнхнарангаас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 9 дүгээр сард Б.Уламбаяраас 1,000,000 төгрөгийг зээлж авсан. Анх зээл авахдаа хугацаа яригдаагүй. Би караоке ажиллуулдаг байсан ба Б.Уламбаяр манай караоке-оор үйлчлүүлээд 200,000 төгрөгийн тооцоо гаргасан. Түүнийг хасаж тооцохоор тохирсон боловч надад баримт байхгүй. Би энэ 200,000 төгрөгийг нотолж чадахгүй байгаа тул 1,000,000 төгрөгийг нь бүтнээр нь төлье гэж бодож байна. Гэхдээ ямар ч орлогогүй тул 2017 оны 1 дүгээр сараас эхлэн төлөх хүсэлттэй байна. Надад өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй тул өр дарах боломжгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уламбаяр нь хариуцагч Ё.Мөнхнарангаас зээлийн гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь 1,000,000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сараас эхлэн 6 сарын хугацаанд төлнө гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хугацааг зөвшөөрөөгүй тул шүүх хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Талуудын тайлбараар зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сард 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдаж, зээлдүүлэгч Б.Уламбаяр нь 1,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч Ё.Мөнхнаранд шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зохигчдын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь 3 сарын хугацаагаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч нь зээлийн гэрээг хугацаагүй байгуулсан гэж харилцан адилгүй тайлбарлах боловч энэ талаарх баримтыг хэн аль нь шүүхэд гаргаагүй тул шүүх зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 9 сараас хойш 3 сар өнгөрсөний дараа хариуцагчийг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш 1 сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасны дагуу 2016 оны 1 дүгээр сард зээлийг буцаан төлөх үүрэгтэй байсан гэж үзнэ.
Хариуцагч нь ийнхүү зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул шүүх хариуцагч Ё.Мөнхнарангаас 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уламбаярт олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Ё.Мөнхнарангаас 1,000,000 төгрөгийг гаргуулж Б.Уламбаярт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА