Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1265

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00976 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Мад холбогдох,

66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 04 дүгээр сард Г.Б иргэн А.Мтай хамтран “Хас лизинг” ХХК-аас 1 ширхэг ковш, 2 ширхэг өөрөө буулгагчийг А.Мын нэр дээр 24 сарын хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээ хийн худалдан авсан. Г.Б, А.М  нар амаараа тохиролцож байсан ба А.М  1 ширхэг ковшны урьдчилгаанд 23 400 000 төгрөг, Г.Б нь 2 ширхэг өөрөө буулгагчийн урьдчилгаанд 54 300 000 төгрөг, нийт 77 800 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 144 500 000 төгрөгийг “Хас лизинг” ХХК-аас зээлж, 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр техникүүдийг худалдан авч, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Г.Б нь 2 өөрөө буулгагчаа авч тус тусдаа техник хэрэглэж байсан.

“Хас лизинг” ХХК-аас авсан зээлийн өөрт ногдох хэсгийг сар бүр өөрсдөө төлж барагдуулахаар А.М сард 2 700 000 төгрөг, Г.Б 6 300 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан. Г.Б 2012 онд 44 200 000 төгрөг, 2013 онд 46 800 000 төгрөг, 2014 онд 10 000 000 төгрөг, 2015 онд 50 000 000 төгрөг, нийт 151 100 000 төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлсөн.

Г.Б А.М нар зээлийн төлөлтөө хугацаанд нь төлөөгүй тул Хас“Хас лизинг” ХХК-аас 2014 оны 06 дугаар сард А.Мыг шүүхэд өгч 70 000 000 төгрөг нэхэмжилснийг А.М нь хүлээн зөвшөөрч шүүгчийн захирамж гарсан. Үүнээс Г.Бад 53 000 000 төгрөгийг төлөх байсан. Г.Б нь шүүхийн шийдвэрээр 53 000 000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн.

А.Мад ногдох төлбөр болох 17 000 000 төгрөгөөс Г.Б 7 000 000 төгрөгийг төлж, нийт 60 000 000 төгрөг төлсөн. 10 000 000 төгрөгийг бэлнээр, 1 ширхэг өөрөө буулгагчийг 50 000 000 төгрөгөөр заран шууд шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлэн, нийт 60 000 000 төгрөгийг төлсөн. А.М нь 70 000 000 төгрөгийн төлбөрт авсан 1 ковшны төлбөрт ногдох хэсэг 17 000 000 төгрөгийг төлөлгүй, Г.Бын үлдсэн 1 ширхэг өөрөө буулгагч битүүмжтэй байгааг ашиглан зээлийн барьцаанд тавьж Шүүхийн шийдвэрийн өрийг барагдуулсан.

Итгэл эвдэн нууцаар өөрөө буулгагчийг барьцаанд тавьж, өрөө барагдуулж, техникийг ломбардаас суллаж өгөлгүй, 2015 оны 05 дугаар сараас хойш өдийг хүртэл хохироож байна. Энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Прокурорын тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг техникийн зах зээлийн үнэ өдрөөс өдөрт унаж байгаа тул А.Маас өөрөө буулгагч техникийн тухайн үеийн үнээр үнэлүүлсэн ханш болох 59 000 000 төгрөг, А.М ын төлбөрт төлөх өрнөөс төлсөн 7 000 000 төгрөг, нийт 66 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид хоорондоо амаар хэлцэл байгуулагдсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг. Г.Б “Зоос” банкинд эдийн засагчаар ажилладаг байсан ба зээлээ судлуулж анх танилцсан байдаг. Г.Б нь А.Мыг “Хас лизинг” ХХК-аас техник хэрэгсэл авч, өөрөө түрээсэнд гаргаж, түрээсийн төлбөрийг төлж, тухайн техникийг зарж борлуулдаг үйл ажиллагаатай танилцаад би бас ийм үйл ажиллагаа явуулъя, манай эхнэр “Хас лизинг” ХХК-ийн эрсдэлийн менежер хийдэг учраас таны зээлийн түүхийг судалсан. Таны нэр дээр 200 000 000 төгрөг гарах бүрэн боломжтой байна гээд 2 техникийг нэр дээр худалдаж авах санал анх тавьсан.

Аман хэлцлээр Г.Б нь А.Мад зээлийн асуудал ямар нэгэн эрсдэлд орох юм бол би өөрийн авч байгаа 2 техникээр эрсдэлийг бүрэн үүрнэ гэсэн байдаг. А.М зээлээ 2014 оны 02 дугаар сар хүртэл төлсөн ба 3 сарын дараа 2014 оны 05 дугаар сард зээлийн хугацаа дуусах байсан. А.М хэдий зээлээ төлөөд байсан боловч Г.Бын мөнгөн орж ирэхгүй байсан учраас “Хас лизинг” ХХК-д төлөлт графикийн дагуу хийгдэхгүй болсон.

“Хас лизинг” ХХК-тай уулзахад та ирээдүйд төлөгдөх ёстой 8 400 000 төгрөг буюу 3 сарын үлдэгдлээ төлчих, Г.Бын авсан гээд байгаа 2 техникийн аль нэгийг битүүмжилж, зарж борлуулан таны зээлийг өгье гэж тайлбарласан. Энэ асуудлыг Г.Бад танилцуулахад А.Мад анх тантай тохиролцоо хийсний дагуу зээлийн эрсдэлийг би үүрэх учраас таны төлөхөд үлдсэн байгаа 8 400 000 төгрөгийг би төлье гэсэн.

А.М  тухайн техникийг барьцаанаас чөлөөлүүлж, ломбардад тавин шүүхийн шийдвэрийн асуудлыг гүйцэтгүүлсэн. Ломбардад тавьсны дараа Г.Б нь цагдаагийн байгууллагад залилан гэж өгсөн боловч дураараа аашлах гэж зүйл ангиар шалгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болсон.

Техникийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан учир 20 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ орсон байдаг. Гол үндэслэл нь анхны нийлж санхүүгийн түрээсийн гэрээ байгуулах үед Г.Бын хэлсэн “би эрсдэлийг бүрэн үүрнэ” гэдэг юм. Г.Бын хувьд 2015 оны 05 дугаар сард буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хаагдсаны дараа шаардах эрх үүссэн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацаа 2018 оны 05 дугаар сард дуусгавар болсон.

 Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэсний дагуу татгалзаж байна гэжээ.

 

Шүүх:  Шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Өрлүүд овогтой А.Маас 66 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 487 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Маас улсын тэмдэгтийн хураамжид 487 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: Шүүхийн зүгээс нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд аман хэлцэл хийгдсэн гэдгийг хоёр тал хэлцлийн гол нөхцөл болох “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний хүрээнд гарах аливаа эрсдэлийг Г.Б хариуцан гэсэн тохиролцоог хийгдээгүй гэж тусган авч үзэж  хэт нэг талыг барьсан шийдвэр гэж харж байна. Хариуцагч А.М нь өөрийн барьцаа хөрөнгө гаргаж, гэрээнээс үүсэх аливаа эрсдэлийг хүлээн дан ганц өөрийн нэр дээр гэрээ хийх нь ямар ч тохиолдолд ашиггүй гэдэг нь илт харагддаг. Харин Г.Бын авна гэж тохирсон 2 техникээр эрсдэлийг даана гэсэн гол нөхцөлтэй. А.Мын нэр дээр зээл гаргасан байдаг.

Нэхэмжлэгч Г.Бын хувьд гэрээний дагуу төлбөрийг төлж дуусаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр барагдуулах явцад уг автомашиныг А.М өмчлөлдөө авсан учир Г.Б нь хуулийн дагуу өмчлөгч болоогүй учир Г.Б иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч А.Мад холбогдуулан 66 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б, А.М нар харилцах тохиролцож А.М нь “Хас лизинг” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “Хас лизинг” ХХК нь өөрийн өмчлөлийн HOWO ZZ3257N3847A маркийн 2 ширхэг өөрөө буулгагч, CDM855B маркийн 1 ширхэг авто ачигчийг бизнесийн зориулалтаар түрээслүүлэх, түрээслэгч А.М нь 24 сарын хугацаатай нийт 222 439 490 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ. / хх 5-11/

 

Г.Б, А.М нар нь санхүүгийн түрээсийн гэрээний эргэн төлөлтийг зохих ёсоор биелүүлээгүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2905 дугаар шүүгчийн захирамжаар А.Маас 69 889 217 төгрөг гаргуулан “Хас лизинг ХХК-д олгож шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд 1 ширхэг өөрөө буулгагчийг 50 000 000 төгрөгөөр зарж борлуулан 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэлийн дансанд тус тус шилжүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгч Г.Батбаярын шүүхийн шийдвэрээр илүү төлсөн 7 000 000 төгрөгийг хариуцагч А.Маас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 3 ширхэг техник түрээсээр авсан ба 2 ширхэг өөрөө буулгагчийг Г.Б авсан өмчлөгч нь мөн, хариуцагч А.М нь 1 ширхэг өөрөө буулгагчийг нь авч бусдад борлуулсан талаараа хариуцагч нь маргаагүй бөгөөд 1 ширхэг өөрөө буулгагчийг 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн бодит үнэлгээ нь 59 200 000 төгрөгөөр үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээнд хэн аль нь гомдол гаргаагүй.

 

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б нь өөрийн өмчлөлийн зүйлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу “Хас лизинг” ХХК-д төлөхөөр гарсан 69 889 217 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б төлөхөөр амаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй тул хариуцагч А.Мыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 488 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.         

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                    Д.ЦОГТСАЙХАН