Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/832

 

 

 

 

 

 

 2021               09           16                                       2021/ДШМ/832                                                                                                                                                                                                                           

Д.Г-д холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батболд,

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/849 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Г-д холбогдох 2006040650601 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ийн Г-, Төв аймагт 1973 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Орхон 0 дугаар гудамж, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байр 47 тоотод түр оршин суух, /регистрийн дугаар: 0000000000/

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Д.Г- нь Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т.Болдсайханаас 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.М-ээс нийт 2,000,000 төгрөг, “Герман Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч М.Б-г хуурч 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 7,880,000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Г-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ас 10,880,000 төгрөг гаргуулан хохирогч М.Б-д 7,880,000 төгрөг, хохирогч Т.Б-д 2,000,000 төгрөг, хохирогч Д.М-д 1,000,000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 онд М.Б “Эхнэрийн дүүд нь Европын холбооны улсын виз гаргаж өгчөөч” гэж гуйсны дагуу Доржхандад Герман Улсын виз гаргаж өгсөн боловч хилээр нэвтэрч чадалгүй буцаж ирсэн. Үүний дараа 11 сард М.Баатарзаяа дахин уулзаад Итали Улсын виз гаргаж өгөхөөр болж хөөцөлдсөн. “Ковид-19” цар тахлын улмаас элчин сайдын яам визны материал хүлээж авахаа зогсоож, Монгол Улс агаарын хилээ хаасан. Энэ шалтгаанаар би амлалтаа биелүүлж чадаагүй. 2018 онд Солонгосын элчин сайдын яамны консулын хэлтсийн ажилтан Пак гэх хүнтэй танилцаж, хамтарч ажиллахаар болсон. Виз хүссэн иргэдийн урьдчилгаа мөнгө, паспорт, зураг зэргийг Пакад өгөхөд 7-10 хоногийн дотор виз гардаг байсан. Пактай хамтарч ажиллах хугацаанд олон хүний виз гаргаж өгч байсан. Б, М нар надтай холбогдож виз хүссэн тул хүн тус бүрээс 2,000,000 төгрөг, паспорт, зураг авч Пакад өгсөн. Гэтэл 2018 оны 5-6 дугаар сард Солонгосын хууль зүйн яамнаас шалгалт ирж элчин, консулын ажилчид арга хэмжээ авхуулан халагдсан. Үүнээс болоод би Пактай холбогдож чадаагүй учраас дээрх 2 хүний визийг бүтээх боломжгүй болсон. Би эдгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш ихээр гэмшиж байна. Хохирогч нарт учруулсан хохирлоо төлөх бүрэн боломжтой. Иргэн Э-с автомашин зарсны үлдэгдэл 19,000,000 төгрөгийг авахаас гадна өөрийн эзэмшлийн “prius-30” загварын автомашинаа худалдах боломжтой. Түүнчлэн миний эрүүл мэндийн хувьд сахрын өвчний хүнд хэлбэртэй группт орох эмчийн заалттай. Эхнэр хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан, группт байдаг. Охин энэ жил 12 дугаар анги төгсөж байгаа тул цаашид их дээд сургуульд орох, сурч боловсроход нь тусалж дэмжих зэрэг гэр бүлийн хүнд байдлыг харгалзан үзнэ үү” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч нар өөрсдөө виз гаргуулахыг хүсэж танил талын хүрээгээрээ Д.Г-тай уулзсан. Д.Г- өөрийн хэмжээнд виз гарган өгч бусдад тусламж үзүүлдэг байсандаа найдаж дээрх хүмүүст виз гаргаж өгөхөөр амлан мөнгийг нь авсан. Гэвч цаг үеийн хүндрэлтэй нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас виз гараагүй, мөнгийг нь өгч чадаагүй байна. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч хохирлоо төлж барагдуулна гэсэн тайлбар нь дангаараа хангалтгүй, төлбөрийн чадвартай болохоо нотолж, хохирлыг ямар хугацаанд хэрхэн барагдуулах талаар хохирогчтой тохиролцсон, эсхүл хохирол төлөхөд хүрэлцэх мөнгийг тусгай дансанд байршуулсан, тодорхой хөрөнгийг хохирол тооцон шилжүүлэхээр санал болгосон зэрэг байдлыг үнэлнэ гэжээ. Д.Г-ын тухайд бусдад учруулсан хохирол болон гэм буруугаа ойлгон гэмшиж мөнгийг нь буцааж төлөх хүсэл эрмэлзлэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн боловч хууль эрхийн мэдлэг дутмагаас нэг дор л төлж дуусгах ёстой гэж ойлгож өдийг хүрчээ. Одоо хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв. 

Прокурор Ц.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд хохирлоо төлөх санаачлага гаргаагүй, хохирогч нартай уулзаагүй байсан учраас хорих ялын саналыг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирлыг төлсөн талаар дурдаж байгаа боловч прокурорын зүгээс баримтуудтай танилцаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Г- нь Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т.Б2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Д.М-с 2,000,000 төгрөг, “Герман Улсын виз гаргаж өгнө” гэж М.Б-г хуурч 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 7,880,000 төгрөг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогч Т.Б-ы “...Г- “Найдвартай аялалын виз гаргаж өгч чадна. Нийт зардал 7,000,000 төгрөг гарна, урьдчилгаа 2,000,000 төгрөг өг” гэсэн. 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Г-д 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” /1-р хх 82-83/,

хохирогч Д.М-ийн “... 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Д.Г-тай түүний машинд уулзахад “Би 5,000,000 төгрөг байршуулахгүйгээр визний материал гаргаж өгнө. Чи 2,000,000 төгрөгийн урьдчилгаа, паспорт, цээж зургаа өг. Виз гарсаны дараа үлдсэн мөнгөө өгөөрэй” гэсэн. 06 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг өөрийнх нь данс руу, дахиад 1,000,000 төгрөгийг О гэх хүний данс руу шилжүүлсэн. 09 сараас эхлэн залгахад утас нь холбогдохгүй өдийг хүрлээ ...” /1-р хх 163/,

хохирогч М.Б-гийн “... Анх танилцахад “Европын холбооны улсын виз гаргадаг” гэж хэлж байсан. Дүү Д-д виз гаргуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нийт 7,880,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш худлаа хэлж явсаар 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр утсаар залгаад “Ах нь мөнгө олчихлоо дансаа өгчих” гэхээр нь дансаа явуулсан боловч өгөөгүй ...” /1-р хх 11-12/,

гэрч Т.Н-гийн “...Д.Г- нь ах Т.Б-г нэг сарын дотор БНСУ-д хууль ёсны дагуу гаргаж өгнө гэж 2,000,000 төгрөг аваад алга болсон ...” /1-р хх 94/ гэсэн мэдүүлгүүд,

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Т.Б-аас шүүгдэгч Д.Г-д 2,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /1-р хх 111/, хохирогч М.Б, Д.М, шүүгдэгч Д.Г- нарын дансны хуулга /1-р хх 19-26, 170-179/, шүүгдэгч Д.Г-ын мэдүүлэг /1-р хх 99, 138, 224-226/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Д.Г- нь гадаад улсад зорчих визны материал бүрдүүлэх, зуучлах үйл ажиллагаа дагнан эрхэлдэггүй атлаа “Герман, Солонгос улсуудын виз гаргаж өгнө” гэж хохирогчдыг хуурч мөнгийг нь авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон ял шийтгэжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “... 2015 оны 12 дугаар сарын сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар өршөөлд хамруулахад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна...”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн шаардлага тавигджээ.

Шүүгдэгч Д.Г- нь давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хохирогч Д.Мөнгөн-Эрдэнэд 1,000,000 төгрөг, Т.Б-д 2,000,000 төгрөг, М.Б-д 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Хохирогч М.Б-гийн хохирлын ихэнх хэсгийг төлж, үлдсэн хохирлыг төлж барагдуулах нөхцөлийн талаар хохирогчтой хэлэлцэн тохирсон тухай баримтуудыг тус шүүхэд ирүүлжээ. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхэд хангалттай байх тул биеэр эдэлсэн 54 хоногийн хорих ялыг хасч, үлдсэн 1 жил 10 сар 11 хоног хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрөөр дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг оршин суугаа хаяг болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/849 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 11 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Д.Г-ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Г- зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.   

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН