Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00783

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00783

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  Ц.О /РД:************/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э  ХХК /РД:********/-д холбогдох

168 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжихдээ: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр S`Outlets дэлгүүрээс 168 000 төгрөгийн үнэтэй Diorissimo нэртэй үнэртэй усыг худалдаж авсан. Мэргэжлийн хяналтын шинжилгээгээр энэ ус нь гарал үүслийн бичиггүй болон тагний битүүмжлэл шаардлага хангахгүй гарсан тул тус дэлгүүрт төлсөн 168 000 төгрөгөө буцаан авах хүсэлттэй байна. Энэ үнэртэй усыг хэрэглэснээс болоод харшил гарсан гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай дэлгүүрт Diorissimo брэндийн үнэртэй ус 4 ширхэг ирсэн бөгөөд түүний 2 ширхэг нь зарагдсан. Өөр хэрэглэгчээс харшил өгсөн гэх гомдол ирээгүй. Уг үнэртэй уснаас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр худалдан авсан Ц.Оюунчимэг нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр харшил өгч байна, хуурамч үнэртэй усны хэдэн шинж илэрсэн гэж гомдол гаргасан.

Үүний дагуу бид 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Үндэсний лавлагаа лаборторын газарт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр шинжилгээнд орж, 02 дугаар сарын 15-ны өдөр химийн болон биологийн шинжилгээний хариу нь арьсанд хурц зочроох нөлөөгүй гэж хариу гарсан.

Ц.Оюунчимэг нь үнэртэй усыг Мэргэжлийн хяналтын газар шинжлүүлсэн төлбөрийг манай байгууллага төлсөн. Хүний биед харшил өгөх сөрөг нөлөөгүй болох нь батлагдсан. 2 сар хэрэглэсэн усыг манай байгууллага тал үнээр худалдаж авъя гэсэн боловч харилцан тохиролцоонд хүрч чадаагүй. Шинжилгээ хийлгэхэд зардал их гарсан болохоор Оюунчимэгт мөнгийг төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Оюунчимэг нь Эс сайн ХХК-д холбогдуулан 168 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн мэтгэлцээний байр суурьтай байсан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь Эс сайн ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Diorissimo нэрийн үнэртэй усыг худалдан авч, 168 000 төгрөгийг төлсөн үйл баримт дээр зохигч маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдах болохыг заасан байдаг боловч Diorissimo брэндийн үнэртэй усыг худалдан авах үед Ц.Оюунчимэг нь энэ эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан.

Учир нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02-03-266/64 тоот дүгнэлтээр ... Diorissimo нэрийн үнэртэй усны тагны битүүмжлэл хангалтгүй, гарал үүслийн гэрчилгээгүй ... болохыг тогтоосон нь биет байдлын доголдолгүй, зохих чанарын шаардлагыг хангасан үнэртэй усыг худалдан авагчийн өмчлөлд худалдагчийн зүгээс Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар шилжүүлсэн гэж үзэх боломжгүйг нотлож байна.

Түүнчлэн худалдагч талын зүгээс маргааны зүйл болж буй үнэртэй усыг эргүүлэн худалдан авах саналыг худалдан авагч талд гаргаж байсан дээр талуудын хэн аль нь маргаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эс сайн ХХК-иас 168 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунчимэгт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн хувийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Э.Билгүүнд шүүхийн зүгээс гардуулсан болохыг дурдвал зохино.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Эс сайн ХХК-иас 168 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунчимэгт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Эс сайн ХХК-иас 5 690 төгрөгийг гаргуулан Ц.Оюунчимэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ