| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 184/2019/1306/и |
| Дугаар | 1299 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 1299
Т.Мийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01306 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Т.Мийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Ц.Эад холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Мэ нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Д.Лхагвадоржоос Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 621 тоот хаягт байрлалтай 20.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч, мөн өдрөө улсын бүртгэлд бүртгүүлж орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед Д.Лхагвадорж орон сууцаа зарахдаа “манай хамаатан байранд амьдарч байгаа дулаан орохоор гарна” гэж хэлсэн боловч тухайн байранд амьдарч байгаа хүмүүс “уг байрыг Д.Лхагвадоржоос хувь лизингээр худалдаж авсан тул байрнаас гарахгүй” гэж өдийг хүрлээ. Иймд миний өмчлөх эрхэд саад учруулж буй Ц.Эыг тухайн орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Д.Лхагвадорж, М.Сарантуяа /эхнэр/ нараас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48бдугаар орон сууцны 621 тоотод байрлах 20.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг бэлнээр 15 000 000 төгрөг өгөх, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 33 сард төлөх нөхцөлтэй, 25 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Тухайн үед уг орон сууцны ордер Төрийн банкны барьцаанд байсан тул орон сууц худалдах худалдан авах гэрээ хийх боломжгүй байсан. Бидэнтэй хамт 3 дугаар хорооллын Төрийн банкны зээл хариуцсан ажилтан уг орон сууцны ордерийг биедээ авч явсан. Д.Лхагвадорж, М.Сарантуяа нар “6 сар гэхэд Төрийн банкнаас ордероо аваад таны нэр, дээр шилжүүлж өгнө” гэж хэлээд бид ярилцан 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон юм. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын эхээр М.Сарантуяа над руу утсаар “Төрийн банкны ажилтан танай байрыг үзнэ” гэж хэлсэн боловч тэр хүн банкны ажилтан биш байсан. Би М.Сарантуяа руу залгаж, “чамтай тохирсноороо мөнгөө хугацаанд нь өгч байгаа. Чи надтай байр худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол би мөнгө төлөхгүй” гэж хэлээд бид 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр өмнө байгуулагдсан зээлийн гэрээгээ орон сууц зээлээр худалдах гэрээ болгон өөрчлөн байгуулсан. Уг гэрээг байгуулах үед Төрийн банкны барьцаанд байсан орон сууц Т.Мийн барьцаанд шилжсэнийг мэдсэн. М.Сарантуяа энэ талаар хэлээгүй. 2018 оны 10 дугаар сард би М.Сарантуяа руу утсаар ярьж, би гэрээний дагуу 24 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 1 000 000 төгрөгийг орон сууцны ордерийг миний нэр дээр шилжүүлсэн үед төлөхөөр тохирч, М.Сарантуяа надад байрны ордерийг 2019 оны 1 дүгээр сард шилжүүлж өгнө гэж хэлсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын эхээр манайд Т.Мэ эхнэрийн хамт ирээд, манай орон сууцыг Д.Лхагвадоржоос худалдан авсан гэж хэлэхэд би тэр хоёрын дэргэд Д.Лхагвадоржоос уг орон сууцыг хувь лизингээр аваад мөнгөө төлж дууссан талаар М.Сарантуяатай утсаар ярьсан. Би тэдэнд мөнгөө төлж дууссан учраас байраа авна гэж, харин Т.Мэ орон сууц хэрэггүй М.Сарантуяагаас мөнгөө авах хүсэлтэйгээ хэлж байсан.
Маргаан бүхий орон сууц “Намуун дөлгөөн сар” ХХК-ийн нэр дээр байж байгаад дараа нь захирал Д.Лхагвадоржийн нэр дээр шилжсэн. Тухайн үед “Намуун дөлгөөн сар” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Сарантуяа байсан учраас төлбөрийг түүний данс руу шилжүүлсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг үндэслэжээ. Харин хариуцагч талаас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 000 000 төгрөгийг хэрхэн төлснийг нэхэмжлэгч нотолж чадаагүй тул худалдах, худалдан авах гэрээ нь халхавчлах зорилгоор хийгдсэн байна. Тиймээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүй тул хуульд нийцсэн өмчлөх эрхийн процесс явагдаагүй. Хариуцагч өөрийн эд хөрөнгийн хууль ёсны, шударга эзэмшигч гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугааар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 89.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мийг хариуцагч Ц.Эад холбогдох Нийслэлийн
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48б байрны 621 тоот хаягт байршилтай 20.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201040364 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсыг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Д.Лхагвадорж уг орон сууцыг хариуцагч Ц.Эад худалдаагүй, хариуцагчтай ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт хариуцагчаас Д.Лхагвадоржид мөнгө төлсөн баримт байхгүй байхад анхан шатны шүүх орон сууцны төлбөрт 25 060 000 төгрөгийг төлсөн гэж хийсвэр дүгнэлт хийжээ. Түүнчлэн, шүүх гэр бүлийн баталгаатай бол эхнэрт М.Сарантуяад төлсөн мөнгийг нөхөр Д.Лхагвадоржид төлсөн мэтээр дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх байтал анхан шатны шүүх хариуцагчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосонд гомдолтой байна. Хариуцагч Ц.Э шударга эзэмшигч байхын тулд өмчлөгчтэй ямар нэгэн байдлаар эрх зүйн харилцаанд оролцсон байхыг шаардах юм. Гэвч өмнөх өмчлөгч Д.Лхагвадорж маргаан бүхий орон сууцаа хариуцагч Ц.Эад худалдаагүй өөр бусад байдлаар эрх зүйн харилцаанд оролцоогүй байхад шүүх шударга эзэмшигч гэж дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Орон сууцны өмчлөгч /өмнөх/ Д.Лхагвадорж өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 13 000 000 төгөрг авсанаа хүлээн зөвшөөрч нотариатаар гэрчлүүлсэн байхад шүүх гэрээний дагуу 13 000 000 төгрөг төлөгдсөн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн гэрээний 2.2-т үлдэгдэл 2 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 5035264306 тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож улмаар үлдэгдэл 2 000 000 төгрөг шилжүүлж орон сууцны төлбөр 15 000 000 төгрөгийг бүрэн төлж дууссан байна.
Нэхэмжлэгчээс хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээг шүүхэд гаргаж өгсөн нь Д.Лхагвадоржтой урьд өмнө ийм харьцаатай байснаа илэрхийлэх зорилгоор өгснөөс биш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд орон сууц шилжүүлж авсан асуудал биш юм. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон хэлцлийг Д.Лхагвадорж, Т.Мэ нар үйлдэж нотариатаар батлуулсан нь худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө зээлийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсныг нотолж байхад анхан шатны шүүх зээлийн гэрээг халхавчлах зорилгоор худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой бөгөөд хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэн нэгний хүсэл зориг шаардлагаас үл шалтгаалах байдлаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэж Т.Мэ, Д.Лхагвадорж нарын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь ойлгомжгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Т.Мэ нь хариуцагч Ц.Эад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48б байрны 621 тоот хаягт байршилтай, 20.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Мэ 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан байна. /хэргийн 5 дугаар тал/
Дээрх орон сууцыг Д.Лхагвадорж нь нэхэмжлэгч Д.Мэтэй 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр 15 000 000 төгрөгөөр худалдахаар, мөн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Намуун дөлгөөн сар” ХХК-ийн ерөнхий захирал Д.Лхагвадорж нь өөрийн өмчлөлийн 78б-621 тоот орон сууцыг 25 000 000 төгрөгөөр хариуцагч Ц.Эад худалдахаар тохиролцон “Орон сууц зээлээр худалдах гэрээ”-г байгуулсан нь хэрэгт баримтаар авагджээ. /хэргийн 12-14, 27 дугаар тал/
Нэхэмжлэгч Т.Мэ “маргаан бүхий орон сууцыг үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу Д.Лхагвадоржоос авсан” гэж, хариуцагч Ц.Э “уг орон сууцыг Д.Лхагвадоржоос орон сууц зээлээр худалдах гэрээний дагуу худалдан авч, төлбөрийг түүний эхнэр М.Сарантуяад төлсөн” гэх тайлбар гарган 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн М.Сарантуяагийн Ц.Эад гаргасан баталгаа /хэргийн 18 дугаар тал/, хариуцагч Ц.Эаас мөнгө шилжүүлсэн баримт /хэргийн 102-105, 108-122, 138-142 дугаар тал/, М.Сарантуяа, Д.Лхагвадорж нарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 106-107 дугаар тал/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Мэ нь гуравдагч этгээдээр Д.Лхагвадоржийг оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Лхагвадоржийг оролцуулж, хүсэлтийг хангасан боловч нэхэмжлэгч уг хүсэлтээсээ татгалзсаныг шүүгчийн захирамжаар шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралтай нөхцөл байдлыг тогтооход болон хэргийг эцэслэн шийдвэрлэхэд дээрх нэр бүхий этгээдийн тайлбар, мэдүүлэг ач холбогдолтой болохыг анхаараагүй байна. /хэргийн 50, 128-130 дугаар тал/
Анхан шатны шүүх, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, улмаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Д.ЦОГТСАЙХАН