Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/833

 

 

 

 

 

      2021           09              16                                    2021/ДШМ/833                           

 

О.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ариунаа,

шүүгдэгч О.О-,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн О.О-д холбогдох эрүүгийн 2103000840111 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ийн О-, Улаанбаатар хотод 2000 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “-” ХХК-д сантехникч ажилтай гэх, ам бүл 5, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, Толгойтын 000 дүгээр гудамжны 0 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар:0000000000/

О.О-- нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын 95 дугаар гудамжны зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “Тоуоtа Prius” загварын 10-30 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн үүргийн дагуу зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас “Тоуоtа Prius” загварын 18-27 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж жолооч Л.Л-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: О.О--н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.О--г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Л- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон гэмт хэргийн улмаас өөрт учирсан цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.  

Хохирогч Л.Л- давж заалдах гомдолдоо: “... Би 2021 оны 03 дугаар сарын 22-ны оройн 21-22 цагийн үед албан үүргээ гүйцэтгээд гэртээ харих замдаа тээврийн хэрэгслийн араас мөргүүлж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. О.О-- нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хохирол барагдуулахгүй, надтай уулзахгүй байгаа тул хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би маш их гомдолтой байна ...” гэжээ.

Шүүгдэгч О.О-- тус шүүх хуралдаанд: “... хэлэх тайлбаргүй...” гэв.

Прокурор А.Ариунаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй учир шүүхээс түүнийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Доржхандад 780,000 төгрөг, хохирогч Л-т эмчилгээний зардалд 778,850 төгрөг тус тус төлсөн. Гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаад 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Л-т 470,000 төгрөг төлсөн.Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.О--д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч О.О-- нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Нарангийн голын 95 дугаар гудамжны зүүн замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/-д заасныг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр “Тоуоtа Prius” загварын 10-30 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн үүргийн дагуу зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас “Тоуоtа Prius” загварын 18-27 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж жолооч Л.Л-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

хохирогч Л.Л-ын “... Нарангийн голын замаар явж байтал “Toyota prius-30” загварын 10-30 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл араас мөргөсөн. Тухайн үед миний урдуур согтуу хүн зам хөндлөн гарч байхаар нь тормос гишгэхэд араас мөргөсөн...” /хх 15-16/,

яллагдагч О.О--н “... 21 цагийн үед хүргэн Э.Ганзоригын 10-30 УАН улсын дугаартай автомашинтай дэлгүүр явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн хуучин эцэс дээр урдаа явж байсан “Toyota prius” автомашиныг мөргөж осол гаргасан. Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй ...” /хх 89/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Л.Л-ын биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №2727 тоот дүгнэлт /хх 51-52/, мөрдөгчийн магадлагаа /хх 76/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургууд /хх 7-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч О.О-- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрх аваагүй үедээ автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөнд аюул, саад тулгарсан үед хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас урдаа явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан бөгөөд ослын улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх тул түүний уг үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч О.О--н гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэжээ.

Хохирогч Л.Л-ын “... Шүүгдэгч О.О-- нь хохирол барагдуулаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал, автомашинд учирсан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан, нэмж хэлэлцэх төлбөргүй байна. Мөн шүүхийн тогтоолд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах гэм хортой холбоотой зардлаа шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тусгайлан заасан байх тул хохирогчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг судалж үзвэл 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6,2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийг хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасныг шүүгдэгч О.О--д хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан өөр ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөл үзүүлэхгүй үндэслэлд хамаарахгүйн гадна шүүгдэгч О.О-- нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн, хэрэгт баримтаар тогтоогдсон хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг төлж барагдуулснаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заасан шаардлагыг хангасан байх тул түүний үйлдсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч О.О--д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгосугай.
  2. Хохирогч Л.Л-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                 ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                                ШҮҮГЧ                                                                М.ПҮРЭВСҮРЭН