Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0468

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б******* даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Г нарын 71 иргэн.

Хариуцагч: Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, Т.Э, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Л, Г.Б*******, Г.Э, Ө.Н*******, Д.Х******* шүүх нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар тодорхойлон маргасан болно. 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2/520 дугаар “Дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай”албан бичиг[1], Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын хяналт шалгалт дотоод аудитын хэлтсийн даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03/26 тоот “Дотоод хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай” албан бичгийн дагуу Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шалгалт явуулж, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор[2] нэхэмжлэгч нарын тэтгэврийг түр түдгэлзүүлэн зогсоосон байна.

2.2. Нэхэмжлэгч нар уг тогтоолыг эс зөвшөөрч  Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын төлөөлөгч Д.Б, А.Ө******* нараар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөл, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад тус тус хүсэлт уламжлуулж[3] урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандахад “...Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлыг тус зөвлөлөөр хэлэлцэх боломжгүй...”[4] гэх хариу өгсөн тул тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэрэг үүсгэн[5], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Иргэн Ц.Э******* нь тэтгэвэрт гарах ахмадуудаас итгэмжлэл аван шүүхээр ажилласан жил тогтоолгох, уг шүүхийн шийдвэрээ Нийгмийн даатгалын байгууллагад тухайн иргэний төлөөлөн аваачиж тэтгэврийг нь тогтоолгож өгдөг, үүнийхээ хөлсөнд өндөр хэмжээний хөлс авдаг ийм хүн байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүхээр ажилласан жил тогтоолгохоос эхлээд Нийгмийн даатгалын байгууллагаар тухайн ахмадын тэтгэврийг эцэслэн тогтоотол итгэмжлэлээр төлөөлдөг. Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор иргэн Ц Э*******гийн итгэмжлэлээр төлөөлж шүүхийн шийдвэрээр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нэр бүхий 125 иргэний тэтгэврийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 26 дугаар зүйлийн 26.2.5 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэг, 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэг. Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийн 17-ийн "д" хэсэг Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022.02.11-ний өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэж хууль бусаар түдгэлзүүлэн зогсоосон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.5 дахь заалт нь нийгмийн даатгалын байцаагчийн бүрэн эрхийг зохицуулсан заалт болохоос биш Гомдлын шаардлагын зөвлөлийн бүрэн эрхийг зохицуулсан заалт биш. Нийгмийн даатгалын тухай 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалт нь ахмадуудын тэтгэврийг түдгэлзүүлэхэд хамааралгүй.

Иргэн Ц.Э*******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа бөгөөд хуурамч баримт бичиг бүрдүүлсэн эсэх асуудлыг хуулийн байгууллага шалгаж эхэлж байгаа, дээрх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэм буруу тогтоогдсон тохиолдолд л Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн түдгэлзүүлэх нь хуульд нийцнэ гэж бид үзэж байна. Эдгээр иргэдийн хувьд Нийгмийн даатгалын байцаагчийн акт огт гараагүй / энэ талаар Нийгмийн даатгалын дарга, байцаагч нар өөрсдөө хэлдэг/, ганцхан Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолоор "эргэлзээтэй" гэсэн үндэслэл дурдаж нэр бүхий ахмадуудын амьжиргааны эх үүсвэр болгосон тэтгэврийг шууд түдгэлзүүлж байгаа нь дээрх актыг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар "илт хууль бус акт гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Бид өөрсдийн тэтгэврийг хууль бусаар зогсоосон асуудлаар Багануур дүүргийн 5 дугаар хорооноос сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгч нарт санал, хүсэлт гаргахад Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дэргэдэх Гомдлын шаардлагын төв зөвлөлд бидний санал хүсэлтийг уламжлан хүргүүлсэн. Улмаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 32/41 тоот албан бичгээр хариу өгөхдөө "Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа асуудлыг тус зөвлөлөөр хэлэлцэх боломжгүй байна" гэсэн хариуг өгсөн байдаг. Үүнээс дүгнэж үзэхэд эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудлаар урьдчилан хүний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан нь буруу гэж үзэхээр байна. Ер нь Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны албан бичигт ч гэсэн энэ "эргэлзээтэй" гэдэг үг бичигдсэн байдаг. Иргэн Э******* л ажилласан жил тогтоолгох хэрэгт тухайн иргэнийг төлөөлсөн бол эргэлзээтэй, хуурамч байх гэсэн хардалтын үүднээс асуудалд хандаж болохгүй. Хуульд тогтоогдсон" бол түдгэлзүүл гэсэн болохоос "эргэлзээтэй" бол түдгэлзүүл гэсэн заалт байхгүй.

Өнөөдөр тогтоолын хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн ажилласан жилийг тогтооход иргэн Ц.Э*******г хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхийн шийдвэр гаргуулах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байна. Өөрөөр хэлбэл ажилласан хугацааг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа юм. Бидний хувьд ажилласан жил тогтоолгох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Э*******г итгэмжлэлээр оролцуулсан болохоос биш итгэмжлэгдсэн төлөөлөгч хуурамч нотлох бүрдүүлсэн эсэх асуудлыг мэдээгүй, мэдэх боломжгүй юм.

Биднээс тухайн үед итгэмжлэл авч яваад 2-3 сарын дараа ажиллаж байсан байдлыг чинь шүүхээр тогтоолгосон шүү гээд л шүүхийн шийдвэр авчирч өгдөг ийм л уйл явдал амьдралд болсон. Тэр хүнд нэгэнт хуулийн дагуу итгэмжлэл өгсөн болохоор хаана юу хийж явдгийг хянах боломжгүй, мэдээж тэр итгэмжлэлд бид хуурамчаар нотлох баримт бүрдүүлэх эрх өгөөгүй нь тодорхой

Цаг, наргүй ажиллаж байсан социалист нийгмийн үед бид залуу насаа зориулж өнөөдрийн Монгол улсыг бий болгоход хүчин зүтгэсэн атлаа тухайн үеийн боловсон хүчин, дарга нарын хайнга хэнэггүй байдал, тамга тэмдэг зөрүүтэй, эсвэл тамга тэмдэггүй, орсон гарсан тушаалын бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримт нэр ус, огноо зөрүүтэй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдэж үгүй болсон, ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал архивд байхгүй зэрэг олон үндэслэлээр тэтгэврээ шууд тогтоолгох боломжгүй болж аргагүй эрхэнд шүүхэд хандах үндэслэл бий болж итгэмжлэлээр Ц.Э*******г төлөөлүүлсэн.

Тухайн үед ажилгүй хүн Монголд байгаагүй гэдэгтэй хэн ч санал нийлэх байхаа. Эцэст нь Ц.Э******* гэх нэг иргэний хариуцлагагүй үйлдлээс болж насаараа хөдөлмөрлөсөн хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүй байгаад ахмадууд бид туйлын их гомдолтой байна.

Өнөөдөр идэх хоолгүй, өвчтэй, эм тариагаа авч чадахгүй байгаа, хэвтрийн дэглэм сахидаг, ах дүү хамаатан садангүй, хэрэглээний зардлаа шийдэж чадахгүй олон ахмадын эрх ашиг хохирч байна...” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч С.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний ажилласан жилийг тогтоосон шүүхийн шийдвэрүүд нь давж заалдах шатны болон дээд шатны шүүхэд хянагдаагүй, өөрчлөгдөөгүй, хүчингүй болоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан шийдвэр ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд хэн ч байсан заавал биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэр шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу дээд шатны шүүхээр хянагдаагүй, өөрчлөлт ороогүй бол хууль зүйн хүчин чадалтай.

Гол асуудал нь иргэн Ч.Э******* гэдэг хүн дээр энэ олон ахмадууд итгэмжлэл өгсөн. Тэр итгэмжлэл дээр юу гэж тусгадаг гэвэл шүүхээр ороод дээрээс нь нийгмийн даатгал дээр шүүхийн шийдвэр гарах юм бол нийгмийн даатгал дээр очиж тэтгэвэр тогтоолгох эрхийг олгож байгаа юм. Эдгээр ахмадуудад тус тусын шийдвэр гарсан байгаа. Энэ шүүхийн ажилласан жил тогтоосон шийдвэр дээр ямар нэг байдлаар давж заалдсан асуудал гараагүй. Тэгээд шүүхийн шийдвэр биелэгдэх гарцаагүй байдлын дагуу нийгмийн даатгалын байгууллагаас энэ ахмадууд нас нь болсон яагаад шүүхээр орсон гэхээр Монгол Улс тухайн үед ороо бусгаа байсан үед байгууллага нь шатсан ч байдаг, архив нь шатсан гээд ийм асуудлаас болоод онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох буюу ажилласан жил тогтоолгосон. Хэргийн хувьд шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг буюу эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудал гэтэл цагдаа нар 18 дугаар зүйл гэж буруу зүйл ангиар шалгаад явж байгаа. Хамгийн их гомдолтой асуудал бол өргөдөл өгсөн эргэлзээтэй гэсэн үндэслэлээр тогтоол гарсан. Тэр тогтоол үндсэндээ өргөдлийн шинжтэй. Заалтаараа өргөдөл болгоод эргэлзээтэй гэдэг үндэслэлээр энэ хэдэн ахмадуудыг бүгдийг нь түдгэлзүүлсэн. Гэтэл хууль зүйн агуулгаараа өргөдөл өгч болно тэрийг бид бол огт үгүйсгээгүй, энэ нь эрхийн асуудал. Гол нь энэ өргөдөл цагдаа дээр очиж эрүү үүснэ. Энэ ахмадуудаас аль нэг асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тэгвэл шүүхийн шийтгэх тогтоол гараад тэр шийтгэх тогтоолоор нөгөө 100 гаруй ахмадуудын шинээр илэрсэн нөхцөл байдал буюу шийтгэх тогтоолыг нийгмийн даатгалын байгууллага өөрөө аваад үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоосон гэж аваад хүчингүй болгож өгнө үү гэдэг асуудлыг тухайн шат шатны шүүхүүдэд өгөх ёстой байсан. Эрүүгийн шүүх хуурамч байна гэж тогтоосон бол шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүчингүй болгох байсан. Хэрэв хүчингүй болгох юм бол нийгмийн даатгалын байгууллагаас тухайн хүчингүй болгосон шийдвэрүүдийг үндэслээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан тогтоогдсон тохиолдолд түдгэлзүүлнэ гэдэг гипотез өөрөө бий болох байсан. Гэтэл энэ нөхцөл байдал өнөөдөр ч бий болоогүй. Энэ олон хуулийн дэс дараалал логикийг нийгмийн даатгалын байгууллага маш бүдүүлгээр зөрчсөн. Бүр алгасаад явсан. Шүүхийн шийдвэрийг дурын нийгмийн даатгалын байгууллагын нэг байцаагч нь түдгэлзүүлсэн. Өнөөдөр шүүхийн шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл Монголын хэн байдаг юм энэ бол дэлхий нь жишиг хэн ч биелүүлэх үүрэгтэй. Гагцхүү тэр шүүхийн шийдвэрт өөрчлөлт орж болдог. Тэр нь шинээр илэрсэн нөхцөл байдалд байдаг. Тийм процесс ажиллагааг хангахгүйгээр өнөөдөр энэ ахмадуудыг амьжиргаанаас нь салгасан. Зарим 10 орчим ахмадууд нас барсан. Эм тан байхгүй, сэтгэл санаагаар унасан, даралт нь ихэссэн, харвасан. Зарим нэг ахмадууд нь хүүхдүүдээрээ тэжээлгэж байна. Үр хүүхэд муутай ахмадууд үнэхээр цөхрөнгөө барж байгаа. Иймд актыг илт хууль бус болохыг тооцож өгнө үү гэв...”

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний ажилласан жилийг тогтоох асуудал онцгой ажиллагааны журмаар хэлэлцдэг ажиллагаа. Энэ бол зөвхөн хүсэлт гаргасан иргэн, шүүх хоёрын хооронд хийгддэг. Манайх давж заалдах ажиллагаанд оролцоогүй учир давж заалдах шийдвэр дээр оролцож чадаагүй. Одоо дахиад шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас энэ шийдвэрүүдийг өөрчлүүлье дахин хянуулах хүсэлт гаргах гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1 дэх заалтад энэ нь тухайн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахын тулд тухайн хэргийн зохигч, гуравдагч этгээд түүний өмгөөлөгч хүсэлт гаргах эрхтэй гэж байхаар хуульчилсан байдаг. Тэгэхээр онцгой ажиллагааны журмаар зохигч, гуравдагч этгээдийн журмаар оролцоогүй учраас уг эрх байхгүй байна. Хуулийн цоорхой гэх үү, юу гэхийн ийм байдлаар бид шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулж чадахгүй байдалд хүрчхээд байна. Энэ одоо хүчин төгөлдөр болсон шийдвэрийг иргэн бүр, нийгмийн даатгалын байгууллага байтугай төрийн дээд байгууллага хүртэл биелүүлэх ёстой гэсэн тийм хуулийг хэрэглэх ёстой гэж үзээд байна. Тэгэхээр Үндсэн хуулийн үндсэн зарчим нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шударга байдлын зарчим гэж байгаа. Тухайн бүрдүүлж өгсөн баримт нь хуурамч, үндэслэлгүй баримтууд өгсөн байдаг. Тэгэхээр үүнийг тогтоох эрхийнхээ хүрээнд тогтоолоо гаргасан. Энэ бол ажилласан байдал тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесст оролцоогүй. Нийгмийн даатгалын байгууллага эцэст нь сангаа хохироогоод явж байгаа энэ асуудал бол Үндсэн хуулийн шударга ёсонд огтоосоо нийцэхгүй. Шүүхийн шийдвэрийг иргэн бүр биелүүлнэ гэдэг заалт бол энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх ёстой заалт биш гэж үзэж байна. Төрийн үйл ажиллагааны үндсэн заалттай зөрчилдөж байгаа учраас шүүх үүнийг түдгэлзүүлээд Улсын дээд шүүхэд энэ талаар санал явуулах хуулийн заалт байдаг. Тэрийг хянаж үзээсэй гэж үзэж байна. Эргэлзээтэй гэдэг үг нь дээр эмзэглээд байна. Эргэлзээтэй гэдэг үгнээс болоод энэ тогтоол бүхэлдээ хүчингүй болно гэсэн үндэслэл байхгүй. Эргэлзээтэй, тогтоогдсон хоёр ер нь цаад нөхцөл байдлын хувьд тогтоогдсон байгаа. Уг тогтоол гарахдаа эргэлзээтэй гээд гарсан байгаад болбол ганцхан тэр үгнээс болоод тогтоолыг шууд хүчингүй болгох нөхцөл байхгүй. Хуурамч бичиг баримтыг нийгмийн даатгалын байцаагч тогтоохгүй гэж яриад байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн хуурамч бичиг баримтаар тогтоолгосон бол түдгэлзүүлэн зогсооно гэсэн заалт нь нийгмийн даатгалын байцаагчийн эрхийн хүрээнд хэрэгждэг нийгмийн даатгалын байцаагчийн эрхэд заасан хууль тогтоомжийн хүрээнд хэрэглэж байгаа. Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хуурамч бичиг баримт гаргаж өгсөн гэсэн энэ хоёр зүйл ангийн аль нэгээр цагдаа шалгах байх. Тэр бол нээх чухал биш. Гэхдээ нийгмийн даатгалын байцаагч бол заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх биш нийгмийн даатгалынхаа хуулийн хүрээнд тэтгэврийг нь түдгэлзүүлэн зогсоох ийм хариуцлага хүлээлгэх гэж байгаа учраас заавал эрүүгийн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тэр хэргийг шийдвэрлэж дууссаны дараа энэ хуулийн заалтыг хэрэглэнэ гэсэн тийм хуулийн зохицуулалт байхгүй. Манай тогтоол бол үндэслэлтэй хуульд заасан заалтууд бүгдээрээ гаргах гээд байгаа шийдвэрийн үндэслэл нь болж байгаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна...” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн гомдлын шаардлагын зөвлөлийн 01 дүгээр тогтоол нь эрх зүйн үндэслэлтэй юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд гомдлын шаардлагын зөвлөлтэй байна. Гомдлын шаардлагын зөвлөл дүүргийн Засгийн газар тогтооно гэж заасан. Засгийн газрын тогтоосон дүрмийн дагуу тэр дүрмийн 17 дэх хэсэгт заасан дүрмийн хүрээнд энэ тогтоол гарсан. Ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм гэж байгаа. Энэ бол хуучин дүрмээр учир нь сүүлд гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм 2022 онд дахин шинэчилсэн.

Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоол хүний эрхийг зөрчөөгүй. Учир нь Хүний эрхийн үндэсний комиссоос Улсын Их Хурлын гишүүн Ц.С*******т 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 05/1268 тоот албан бичгээр хариу өгсөн байна. Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлөөс дээрх нэр бүхий иргэдийн өндөр настны тэтгэврийг түр түдгэлзүүлэн зогсоох тухай тогтоол гаргасан нь Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр байна гэж хүний эрхийн үндэсний комисс дүгнэлтээ гаргаад Улсын хурлын гишүүний асуулгад хариу өгсөн байна.

Энэ тогтоолыг гаргах болсон үндэслэл, үр дүн нь иргэдийг санхүүгийн дарамтаас хамгаалж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл хэрвээ энэ хэрэг маргаан цагдаагийн байгууллагаар шалгагдаад гэмт хэргийн шинжтэй байна гээд батлагдаад, гэмт хэрэг үйлдэгдсэн байна гээд батлагдах юм бол эдгээр иргэд анх тэтгэвэр тогтоолгоод өнөөг хүртэлх тэтгэврээ буцааж төлөх, дээрээс нь хуулиар ногдуулсан шийтгэлийг хүлээх ийм эрсдэлтэй байдалд орох юм. Тухайн хэрэг шалгагдаад 2 дахь жилдээ орж байна гэж байна. Тэгэхээр энэ урт хугацаанд авч байсан бол 1 сарын 500,000 төгрөгөөр тооцвол 1 жилд 6 сая, 2 жилд 12 сая төгрөгийн төлбөр, зөрчил нэмэгдэх гээд байна. Үүнээс хамгаалж байгаа юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа нь үнэн. Гэхдээ энэ шүүхийн шийдвэр нь онцгой ажиллагааны журмаар иргэдийн ажилласан жилийг тогтоосон болохоос тэтгэвэр тогтоолгож олгох тухай Багануур дүүргийнх ч юм уу, Нийгмийн даатгалын байгууллагын талаар ч юм уу даалгасан шийдвэр биш юм...” гэв.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...01 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай хууль зүйн үндэслэлийг сая ярьсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хууль зүйн үндэслэлтэй. Манай тогтоолын 3 дахь заалтад эрх бүхий байгууллагын шийдвэрээр гэм буруугүй болох нь тогтоогдсон эсхүл тэтгэврийг тогтоосон баримт бичиг үнэн зөв, нотлох баримтын бүрдэл хангагдсан тохиолдолд дээрх иргэдэд тус хэлтсийн хяналт шалгалт, дотоод аудитын дарга, хэсгийн байцаагчийн хүргүүлсэн жагсаалтаар олгогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн олгох, цаашид тогтоогдсон тэтгэврийг үргэлжлүүлэн олгохыг зөвшөөрсүгэй гэсэн заалт байгаа. Тэгэхээр энэ заалт нийт Багануур дүүргийн тэтгэвэр авагчдын эрх зүйн асуудлыг хамгаалсан, шүүхийн шийдвэр болон бусад нотлох баримтуудаа хамгаалсан заалт юм...” гэв.

3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тогтоолын 3 дахь заалтад холбогдуулан Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст 121 тэтгэвэр авагчийн материалыг шилжүүлсэн. Нотлох баримтаа хангалттай бүрдүүлээд ирсэн 3 тэтгэвэр авагчийн тэтгэврийг үргэлжлүүлэн өнөөдөр олгож байгаа. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийн шалгуулахаа больё гэсэн албан бичиг өгөөд энэ хүмүүсийн тэтгэврийг үргэлжлүүлэн олгож байгаа. Одоо үлдсэн 118 иргэн бичиг баримтаа хангалттай бүрдүүлээд үнэн зөв нь нотлогдвол тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжтой...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

4.2. Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д “Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална”,  26 дугаар зүйлийн 26.2.5-д “ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 4.3-д “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”,  27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно”, 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “ тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” тэтгэвэр, тэтгэмжээс суутгал хийх гэж заасныг үндэслэн  Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Багануур дүүргийн 125 иргэний шүүхийн шийдвэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн баримт материалын зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг шалгуулахаар Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шилжүүлж, дээрх 125 иргэний тэтгэврийг хяналт шалгалтын хугацаанд түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. 

4.3. Энэхүү тогтоол нь нэр бүхий иргэд хуурамч бичиг баримт бүрдүүлж ажил олгогч, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үйлчилгээнд зарцуулах, нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгөөс бий болсон нийгмийн даатгалын санг хохироосон, цаашид илүү хохирол учрахаас хамгаалах зорилго бүхий буюу агуулгаараа буюу нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс гарсан болох нь тогтоогдож байна.

4.4.Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лгээс “...Өнөөдөр Монгол улс шүүхийн шийдвэрээр нийгмийн харилцааг зохицуулахаасаа илүү...шүүхийн шийдвэрийг биш хуулийг мөрдөх ...байх гэж бодож байна...” хэмээн тайлбарласан.

4.5. Харин маргааны үйл баримт болон хавтас хэрэгт авагдсан Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдол шаардлагын зөвлөлийн хурлын 2022 оны 02 сарын 11-ний  өдрийн 01 дүгээр тэмдэглэлээр  “...Эцсийн үр дүн ямар ч байсан тэтгэврийн олголтыг түр түдгэлзүүлэн зогсоож шийдвэрлэх нь зөв гэж үзэн 125 иргэний тэтгэврийг хяналт, шалгалтын хугацаанд түд түдгэлзүүлэн зогсоохыг дэмжсэн...”[6] атлаа маргаан бүхий актын үндэслэлд дурдсан “эргэлзээтэй нөхцөл байдлыг” бүрэн тогтоогоогүй.

4.6.Нэр бүхий иргэдийг ажилласан жилийг тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон зүйлгүй байтал хариуцагчаас нэхэмжлэгч нарын тэтгэврийн олголтыг түдгэлзүүлэн зогсоож байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно” гэж заасантай нийцэхгүй байна.

4.7. Улмаар иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилласан байдлыг тогтоосон[7] байхад “эргэлзээтэй байдал үүссэн” гэх шалтгаанаар шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг хязгаарлаж, улмаар шүүхийн шийдвэрийг хэн буйгаа ч биелүүлнэ гэсэн зарчим зөрчигдөх нөхцөл байдал бий болжээ.

4.8.Гэвч энэ тохиолдолд шүүхээс нийгмийн даатгалын санд учрах эрх зүйн үр дагаврыг харгалзан үзэлгүйгээр маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж шийдвэрлэх нь энэ хуулийн тайлбарт заасантай “анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй” нийцэхээргүй байна.

            4.9.Тиймээс дээрх хариуцагч төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх” 4.2.5-т .зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зааснаар цаашид санд учирч болох байснаас илүү хохирол нэхэмжлэгч нарт учруулж болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр маргаан бүхий актыг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

4.10.Учир нь маргаан бүхий актын үндэслэлд дурдсан нөхцөл байдлыг цаашид тодруулах, шаардлагатай бол дахин акт гаргах бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь хуулиар хариуцагч байгууллагад байх тул үнийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

4.11.Эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан тул хариуцагчид шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, захиргааны шинэ акт гаргаагүй бол Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоол хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгч нараас гаргасан Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан асуудлыг шалган тодруулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон гурав хүртэлх сарын хугацаанд дахин захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР

 

 

[1] 1 хавтас хэргийн 162-163 дугаар хуудас.

[2] 1 хавтас хэргийн 167-168 дугаар хуудас.

[3] 1хавтас хэргийн 84, 87 дугаар хуудас.

[4] 1 хавтас хэргийн 85-86 дугаар хуудас.

[5] 1 хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас.

[6] 1Хавтас хэргийн 135 хуудас

[7] 1 хавтас хэргийн 224-250, 2 хавтас хэргийн 01-91 хуудас