Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0489

 

 “Элчит минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0314 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Элчит минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0314 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Элчит минералс” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн   захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааг 33 хоног хэтрүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд үүнээс үзэхэд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон” болох нь харагдаж байна. Гэтэл шүүх дээрх хугацааг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн “тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон” өдөр үзсэн нь хуулийн заалтын агуулгатай нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

“Элчит минералс” ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бор тогой гэх газарт хайгуулын ХҮ-018365 дугаартай тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147 дугаартай “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрт Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумын Сэрүүн гэх газарт авсан хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан атлаа “Элчит минералс” ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бор тогой гэх газарт хайгуулын ХҮ-018365 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0314 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж заасны дагуу мэдэгдлийг хуульд заасан хугацааны дотор мэдэгдээгүй, мөн компанийн удирдлага хөдөө байсан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөр төлөх хугацааг ялимгүй буюу 3 хоног хэтрүүлж төлсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/259 дүгээр албан бичгээр хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.” гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөрийг заавал шаардуулахгүйгээр урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 56.2-т заасан захиргааны байгууллагаас хүргүүлэх мэдэгдэл нь төлбөр төлөхийг сануулах, төлбөрийг төлөхийг шаардах агуулгагүй, харин төлбөр төлөөгүйгээс тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бий болсныг мэдэгдэх бөгөөд үүний дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг үндэслэлийг үгүйсгэх баримт буюу төлбөрөө хугацаанд нь төлснөө нотолсон баримт байгаа бол түүнийгээ ирүүлэхийг мэдэгдсэн мэдэгдэл гэж ойлгоно. Гэтэл хариуцагчаас хүргүүлсэн мэдэгдлийн дагуу ирүүлэх хуульд заасан хугацаанд төлбөрөө төлсөн талаарх баримт байхгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Элчит минералс” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй бөгөөд “компанийн гүйцэтгэх удирдлага хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байсан” гэснийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх өдрийг товлож заагаагүй, мөн захирал нь биечлэн төлөхийг шаардаагүй тул хуульд заасан хугацаанд нь төлбөрөө төлөх бүрэн боломжтой байжээ. 

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалахын тулд хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэх ёстой.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь уг хуульд заасан алдангитай төлж болох 30 хоногийн хугацааг ч мөн хэтрүүлсэн байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 147 дугаар шийдвэр нь хууль зөрчөөгүй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Маргаан бүхий актад нэхэмжлэгчийн ХҮ-018365 дугаар тусгай зөвшөөрлийн талбайн байршлыг алдаатай бичсэн гэх гомдол үндэслэлтэй боловч үүнийг андуурч бичсэн техникийн алдаа болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн хуулбар, бусад баримтуудаар тогтоогдож байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0314 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булганы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ