| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 101/2016/04787/И |
| Дугаар | 181/ШШ2016/00347 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2016/00347
07 сарын 19 өдөр Дугаар 181/ШШ2016/00347 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсангийн гудамж-202, Гэгээнтэн хотхон, Фидес цамхаг 703 тоотод байрлах, Рилайнс ББСБ ХХК /РД:5689295/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 100 айл гудамж, 25 байр 28 тоотод оршин суух, Баадай овогт Идэрмөнхийн Мөнхзалгамж /РД:ШУ87012518/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,767,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшиндалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
И.Мөнхзалгамж нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус банк бус санхүүгийн байгууллагатай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн 70-70 УНЭ улсын дугаартай Лексус 470 маркийн автомашиныг эзэмшигчийн нэрийг шилжүүлж барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дууссан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ И.Мөнхзалгамж бүрэн биелүүлээгүй.
Тэрээр 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 827,500 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 850,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 140,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 360,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2,854,162 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 4,147,800 төгрөг буюу үндсэн зээлээс 7,001,962 төгрөг, зээлийн хүүнд нийт 873,704 төгрөгийг төлсөн.
Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 12,998,038 төгрөг, зээлийн хүү 1,281.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 256,495 төгрөг нийт 13,255,814.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Бид шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тооцооллын алдаа гаргаж, 14,767,139 төгрөг шаардсан бөгөөд И.Мөнхзалгамж нь 13,255,814.73 төгрөгийг төлөх ёстой учир шаардлагаа энэ хэмжээгээр багасгаж байна гэв.
Хариуцагчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээл авснаас хойш 16,302,500 төгрөг төлсөн. Гэтэл дахин 13,255,814.73 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Рилайнс ББСБ ХХК нь хариуцагч И.Мөнхзалгамжид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 14,767,139 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 13,255,814.73 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Рилайнс ББСБ ХХК, хариуцагч И.Мөнхзалгамж нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 20,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон авч, зээлийн барьцаанд Лексус 470 маркийн 70-70 УНЭ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, 05/15 дугаартай зээлийн гэрээ, 06/15 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээл төлөлтийн график, мөнгө хүлээлгэн өгсөн баримт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Лексус 470 маркийн 70-70 УНЭ улсын дугаартай автомашиныг Рилайнс ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн тухайд талууд маргахгүй байна.
Зээлийн гэрээгээр Рилайнс ББСБ ХХК нь заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, И.Мөнхзалгамж нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Рилайнс ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлийг И.Мөнхзалгамжид олгож, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учир зээлдэгч И.Мөнхзалгамжаас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу буюу 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 827,500 төгрөг төлсөн байх ба 2015 оны 5 сараас эхлэн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 850,000 төгрөг, 10 дугаар сарын 14-ний өдөр 140,000 төгрөг, 10 дугаар сарын 16-ны өдөр 360,000 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 7,825,500 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2 дугаар сарын 01-ний өдөр 5,200,000 төгрөг, нийт 16,303,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. Талууд үүнд маргаагүй болно.
Зохигчид Зээлийн гэрээ-ний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн байна.
Рилайнс ББСБ ХХК нь И.Мөнхзалгамжаас төлсөн 16,303,000 төгрөгөөс 7,001,962 төгрөгийг үндсэн зээлд, 8,427,334 төгрөгийг зээлийн хүүд, 873,704 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тус тус тооцож, одоо зээлийн үлдэгдэлд 12,998,038 төгрөг, зээлийн хүүд 1,281.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 256,495 төгрөгийг И.Мөнхзалгамжаас шаардсан байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр сарын хүү 4 хувь буюу 800,000 төгрөг байхаар тохирсон байхад Рилайнс ББСБ ХХК нь 31 хоногтой сард 1 өдөрт ногдох 26,667 төгрөгийн хүүг 800,000 төгрөг дээр нэмж, зарим сарын хүүг 826,667 төгрөгөөр тооцож, И.Мөнхзалгамжийн төлсөн төлбөрөөс хасалт хийсэн нь үндэслэлгүй тул шүүх сарын хүүг 800,000 төгрөгөөр тооцож, хүүгийн төлбөрт илүү тооцсон 26,667 төгрөгийг түүний төлөх ёстой зээлийн төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй.
Ийнхүү тооцвол 2016 оны 2 сарын 01-ний өдрийн төлөлтийн дараа үндсэн зээлийн үлдэгдэл 12,335,371 төгрөг, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөргүй гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч гэрээний хугацаа дууссан үеэс хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Зээлийн үлдэгдэл 12,335,371 төгрөгөөс 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 2 сар 18 хоногийн хүүг сарын 4 хувь буюу 493,414.8 төгрөг /12,335,371x4%/-өөр тооцвол зээлийн хүүд 1,282,878.4 төгрөг (493,414.8x2)+(493,414.8/30x18)/, үүнээс нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцвол 256,576 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг И.Мөнхзалгамж төлөх үүрэгтэй байна.
Гэвч нэхэмжлэгч нь зээлийн хүүд 1,281.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 256,495 төгрөг шаардсан тул шүүх энэ хэмжээгээр шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд И.Мөнхзалгамжаас үндсэн зээл 12,335,371 төгрөг, зээлийн хүүд 1,281.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 256,495 төгрөг, нийт 12,593,147.73 төгрөг гаргуулж, Рилайнс ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 662,667 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан И.Мөнхзалгамжаас 12,593,147.73 төгрөгийг гаргуулж, Рилайнс ББСБ ХХК-д олгож, Рилайнс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 662,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасныг баримтлан И.Мөнхзалгамж нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгө болох Лексус 470 маркийн 70-70 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,640 төгрөгөөс 224,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 6,411 төгрөгийг, хариуцагчаас 216,440 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА