Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/850

 

 

 

 

 

 2021            09             23                                         2021/ДШМ/850                                                                                                 Т  M 546                                  МАЛАЛ

                  Б.Ц, Ц.П нарт                                                                                               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Цэрэндалай,

шүүгдэгч Б.Ц, , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05ы өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ц, , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч О.Цэрэнпцунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.Ц, Ц.П нарт холбогдох эрүүгийн 2007000000109 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Б-гийн Ц, Дорнод аймагт 1992 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 0 дугаар хороо, Тайж 0 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 0000000000/

Б овгийн Ц-н П, Сэлэнгэ аймагт 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 0 дугаар хороо, Тайж 00 дугаар гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. 

Б.Ц, Ц.П нар 2017 оны 05 дугаар сарын 04-нд Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжийн 3 дугаар гудамжны 5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Э.С-ыг зодож санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Ц, Ц.П нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 16 жил хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 400 хоногийг тус тусын хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Ц, оос 2,415,862 төгрөг, Ц.Поос 5,305,862 төгрөг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхбаатарт олгож, эрэн хайх ажиллагаа явуулсан зардалд 7,375,000 төгрөгийг тус тус гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхбаатар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөнжлийн даавуу 1 ширхэг, цэнхэр өнгийн үдээстэй “Nike” брэндийн пүүзэн гутал 1 ширхэг, 1 см өргөнтэй богино олс 1 ширхэг, 1 хөлийн гутлын эсгий дотор 1 ширхэг, ноосон дотортой хүрэм 1 ширхэг, цогцост хийсэн үзлэгээр хураан авсан цагаан шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн даавуун тэлээ 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, баруун хөлийн хөх өнгийн пүүз 1 ширхэг, хар өнгийн оймс 1 ширхгийг устгахаар даалгаж, шүүгдэгч Б.Ц,  гэм хорын хохиролд 2,890,000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ц,  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Би уг хэргийг үйлдээгүй ба хэрэг хийсэн хүнийг харсан гэдгээ мөрдөн байцаалтын болон анхан шатны шүүхэд хэлсэн боловч шүүх бүрэлдэхүүн анхаарч үзсэнгүй. Хэргийн гэрч гэх Э.О, Х.Н- нар нь бидэнтэй хамт хоноогүй, машинтай хүн ирээд гурван охин явахад 21:00-22:00 цагийн орчим болж байсан. Гэтэл эдгээр явсан хүмүүс өнөөдөр ямар учир шалтгаанаар бидэнтэй хамт хоносон, зодолдож байхыг харсан, хоноод цонхоор гарч явсан, байшингийн цонх хагарсан, цоож нь эвдэрсэн байсан гэх зэргээр худал мэдүүлэг удаа дараа өгч, тус хэрэгт намайг гүтгэж, гүжирдэж байгааг ойлгохгүй байна. Эдгээр гэрч нар намайг гүтгэж байна. Энэ бүхнийг гэрчлэх, шударгаар хэлж мэдүүлэх хүн бол Оийн найз гэдгийг мөрдөгч, прокурор нарт удаа дараа хэлсэн. Гэтэл гэмт хэрэг гарах цаг үед байгаагүй гэж үгүйсгэдэг атлаа түүнтэй хамт явсан О, Н- нарыг гэмт хэргийн гэрчээр тооцож намайг гүтгэж байгаа нь шударга бус байна. Хэргийн материалаас үзэхэд би анхнаасаа болсон зүйлийг ярьсан байхад П хэргийн талаар огт ярьдаггүй, “санахгүй байна” гэдэг юм билээ. Иймд шүүхээс үнэнийг тогтоож, хохирогчийг алсан хүнийг тодорхой тогтоож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Шүүгдэгч Ц.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхнаасаа өөрийн мэдэх бүхнээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Б.Ц, ийн хэлсэн үгэнд итгэж айж цочирдон, балмагдсаны улмаас түүний ятгалгаар цаг тухайд нь цагдаа болон С-ын ар гэрт мэдэгдэж чадаагүй. Түүнчлэн Б.Ц, ийн үгэнд орж Э.С-ын цогцсыг тээвэрлэн нууцалсандаа маш их гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлж уучлалт гуйж байгааг хүлээн авна уу. Би тухайн өдөр Э.С-тай сайн найз, хуурай ах, дүүгийн ёсоор архи уусан. Бидний хооронд маргалдаж зодолдох ямар ч шалтгаан байгаагүй, урд өмнө ч байгаагүй. Б.Ц,  намайг гүтгээд, хэлсэн үг бүр нь сүрдүүлж байгаа юм шиг миний сэтгэхүйд нөлөөлж байсан. Би Э.С-ыг маш их хүндэлдэг болохоор миний хувьд үнэн сэтгэлээсээ харамсаж шаналж байгаагаа дахин дахин илэрхийлж байна. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг ба эхнэр минь бие муутай хүүхдүүд минь нялх. Надаас өөр тэднийг минь харж хандах хүн байхгүй. Би энэ хэрэгт гүтгүүлж байгаа. Иймд шударга ёсны зарчимд нийцүүлэн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон эсэхийг нягтлан энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг үнэнээр нь тогтоож өгнө үү. Түүнчлэн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралд хэлсэн үг бүрийг анхаарч уншин үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ц, ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг нарын хамтарсан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Ц, ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн ял сонсгосон нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Ц, Ц.П нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Ц,  нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн тогтоогдохгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэж үзэж байна. Тухайн болсон асуудлыг гэрч Х.Н-, Э.О нар хараагүй. Шинжээчийн дүгнэлт нь клиникийн асуудалд хамаардаг. Шинжээч томилж дүгнэлт гаргуулж байгаа нь тусгай мэдлэгийг нь ашиглах, шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэг явдлын үнэн зөвийг олж тогтоох гэсэндээ туслалцаа авч байгаа юм. Хэрэг явдал яаж болж өнгөрсөн гэдгийг тэрхүү үйл явдал болоход байсан бодит эзэд болох Б.Ц,  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой ярьсан. Үүнээс илүү бодит үнэн гэж байхгүй. Хэрэг учралын бодит байдал шүүх хуралдааны үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хамаарал, харьцаа, тэнцвэрийн хүрээнд авч үзэх ёстой. Гол гэрч болох Х.Н-, Э.О нар нь анх хохирогч, яллагдагч нартай уулзсан цаг хугацааг дандаа өөрөөр, ялгаатай мэдүүлдэг. Хамгийн сүүлд нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө хүртэл анх уулзсан цаг хугацааг хэн аль нь өөрөөр мэдүүлсэн байдаг. Б.Ц, ийн байшингийн хажууд байсан гэрийн эзэн Цогтбадамжав хэргийн гэрч мөн эсэх нь эргэлзээтэй. Х.Н-, Э.О нар нь Б.Ц, ийн гэрт ирэхэд гэрт хүн байгаагүй гэдэг. Гэтэл Цогтбадамжав нь Ц.П, Б.Ц, , Э.С-, Х.Н-, Э.О нарыг хашааны хаалгаар орж ирэхийг харсан, мөн тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй, гэртээ хоноод өглөө 08 цагийн үед гараад явсан, тэр үед 2 охины нэгийг бие засаж байхыг харсан гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхээс шүүгдэгч Б.Ц, ийг гэм буруутайд тооцохдоо “...маргалдан хашаан дотор монгол гэрийн хойно, Э.С-ыг бүлэглэн зодож, гавлын дух ясны баруун дээд хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины дутуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтэл учруулан санаатай алж түүнийг Б.Ц, ийн мотоциклоор зөөж Налайх дүүргийн 3 дугаар хороо эзэнгүй уурхайн ам руу хийсэн ...” гэж дүгнэсэн. Хэрвээ гэрч Цогтбадамжав тухайн шөнө гэртээ байсан бол гэрийн хойно талийгаачийг бүлэглэн зодож байх дуу чимээг сонссон байх учиртай. Шүүх хуралд гэрч Цогтбадамжавыг оруулах хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй. Гэрчийг шүүх хуралд оруулснаар гэрийн хойно уг зодоон болсон эсэх, тухайн өдөр хэдэн эмэгтэй ирсэн, тэр эмэгтэйчүүд хоносон эсэх, талийгчийг тухайн өдөр харсан эсэх, харсан бол талийгчийг хэн зодсон эсэх, өмнө нь талийгч болон Б.Ц,  нар нь гэртээ эмэгтэйчүүдийг дагуулж ирдэг байсан эсэх, эсхүл гэрч тухайн өдрийг андуурч хэлсэн эсэхийг тодруулах нь уг хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн болох нь тодорхой болох байсан болов уу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тухайн үед Х.Н-, Э.О хоёртой хамт явсан өөр гэрч байсан эсэх нь мөн эргэлзээтэй. Учир нь Э.О анх мэдүүлэг өгөхдөө өөр эмэгтэй байсан гэдгээ хэлдэг. Б.Ц,  мөн Э.Отэй хамт нэг казак, нэг Монгол эмэгтэй байсан. Тэр өдөр зургуулаа байсан гэдгээ мэдүүлсэн байдаг. Нэр дурдагдаад байгаа Нараа, Ану нарын Нараа буюу Наранжаргалыг олж мэдүүлэг авсан атлаа Ану гэх эмэгтэйгээс мэдүүлэг авах ажиллагаа огт хийгдээгүй. Гол гэрч болох Х.Н-, Э.О нар нь гэрээс гарч явсан цаг хугацааг мөн л янз бүрээр мэдүүлдэг. Ялангуяа Э.О мэдүүлэг өгөх бүртээ гэрт хоносон, хоноогүй гэж өөр өөр мэдүүлэг өгсөн. Хамгийн сүүлд Х.Нарынгүлтэй мэдүүлэг өгөхдөө өглөө 08 цагт гараад явсан гэх болов ч удаан хугацааны дараа 2 гэрч үгээ нийлүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Х.Н-, Э.О 2 хоёулаа гадаа зодоон болоод дараа нь Б.Ц, Ц.П 2 орж ирсэн. Э.С-ыг гэр рүүгээ харьсан гэж хэлсэн. Э.С- буцаж орж ирээгүй. Харьсан гэж бодсон. Бид хоноод өглөө 08 цагт гараад явсан гэх боловч хэргийн гол сэжигтнүүд болох яллагдагч Ц.П, Б.Ц,  нар нь өглөө сэрэхэд байшинд Э.С- бид гурав байсан. Гаднаас өргөж оруулсан, хөлд хэвтүүлээд өөрсдөө унтсан, өглөө сэрэхэд бие нь хөшсөн хүйтэн байсан гэцгээдэг. Энэ бүгдээс дүгнэхэд Э.О, Х.Нарынгүл хоёрын мэдүүлэг зөрүүтэй. Эхэндээ хэргийн талаар өөр өөрөөр мэдүүлж байсан ч сүүлдээ ижил мэдүүлэг өгдөг. Гэрч нарын мэдүүлгээр Ц.П, Б.Ц,  хоёрын хэн нь хохирогчийн амь насанд хүрсэн болохыг тогтоож болохгүй. Яллагдагч Ц.П нь тухайн цаг хугацаанд юу болсон талаар огт мэдүүлдэггүй, санахгүй байна гэдэг. Гэвч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй нь ойлгомжтой тул зориудаар хэргийн талаар ярихгүй байх боломжтой.

Шинжээч эмчийн дүгнэлтээр хохирогчийн үхлийн шалтгааныг тодорхойлсон байдаг. Эрүүгийн хэрэгт эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд энэ гэмт хэргийн талаар хэн, хэн, хэрхэн, ямар үйлдэл оролцоотой талаар болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдлыг маш сайн мэдэх, гэрчийн талаар шинээр хэлж байгаа, мөрдөн байцаалтын явцад тэрээр хэлэх гэхээр түүний хэлсэн санал, хүсэлтийг огт хүлээн аваагүй, эрхийг хязгаарлан өмгөөлөгчгүй байцаах, хэлэх үгийг заасан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй талаар хэлж байх тул тэдгээр байдлуудыг дахин шалгуулах шаардлагатай байна.

Шүүгдэгч Б.Ц,  нь амь хохирогчийг алаагүй, харин түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, цагдаад мэдэгдээгүй, хэргийн үнэн бодит байдлыг нуун далдалсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогчийн ар гэрээс уучлалт гуйсан байдаг. Дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрч үнэн зөв мэдүүлэг өгсний төлөө түүнийг хохирогчийг амь насыг хөнөөсөн үйлдэлд хамтран оролцоотой гэж үзэж болохгүй. 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сэжигтнээр Б.Ц,  “...Ц.П, Э.С-ыг газар унагаад өөрөө 2 гуян дээр нь биеэрээ дараад суучихсан нэг гараараа /аль гараараа гэдгийг санахгүй байна/ нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод, үснээс нь нэг гараараа зулгаагаад дагзаар нь шал мөргүүлээд байсан. Тухайн үед Э.С-ын хамраас нь багахан цус гарчихсан байхаар нь би Ц.Пийн урдуур ороод салгасан.../1-р хх 232-233/ гэх мэдүүлэг өгсөн байдаг ба мэдүүлэг өгснөөс хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний №2013 тоот шинжээчийн дүгнэлтэд “... Талийгаач нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. ...” гэж гарсан. Үүнээс үзэхэд талийгаач Э.С-ыг үхэлд хүргэх гэмтлийг шүүгдэгч Б.Ц,  учруулаагүй байна. Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, хэний буруутай үйлдлийн улмаас талийгаач нас барсан болох нөхцөл байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй. Энэ хэрэг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг журамлах ёстой байтал журамлаагүй, шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй байтал шүүх нөхөөд журамлаад шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Прокуророос шүүгдэгч Б.Ц, д яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн боловч түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож чадахгүй байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр,”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг гэмт хэргийн нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн зөв тогтоож хууль зүйн дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ач холбогдолтой тул дээр дурьдсан мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”. 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан. Шүүгдэгч Ц.П, Б.Ц,  нарын үйлдэл, оролцоог тодорхой болгох. Шүүгдэгч Б.Ц,  нь гэм хорын хохиролд 2,890,000 төгрөгийг төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ц.Пийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт цугларсан нотлох баримт болох гэрч Э.Оийн “Тэр өдөр Б.Ц,  мессэж бичээд,  Х.Н- бид хоёрыг талийгаач Э.С-тай машинтай ирж авсан. Тэгээд очиход хашаанд нь гэр байсан. Энэ гэр манай хамаатан ахын гэр гэсэн ба гэр цоожтой байсан. Тэгээд ороод талийгаач пиво, архи авч ирээд ууж идээд байхад Ц.П ирээд ууж идээд би нилээн муудаад бөөлжих гээд гараад байж байхад талийгаач Э.С-, Б.Ц, Ц.П нар маргалдан зодолдсон. Би ороод байж байсан чинь Б.Ц, Ц.П хоёр араас орж ирэхээр нь талийгаачийг асуухад гэртээ харьсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Х.Н- “... Э.Оийнхээс гараад хашааных нь хажуугаас машинд суугаад Б.Ц, ийнд очсон. Очоод ууж байгаад талийгаач намайг бэлгийн харьцаанд орох уу гэхээр нь татгалзсан. Б.Ц,  түүнийг цохисон. Тэгээд байж байгаад Э.О бие засахаар гараад удаад байсан. Гадаа зодоон болоод Э.О салгах гэж байсан. Тэгээд Э.О орж ирээд дараа нь Б.Ц, Ц.П орж ирсэн. Э.О бид хоёр явах гэтэл хаалга эвдэрчихлээ хоноод явчих гээд өглөө цонхоор гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн “...Талийгаач  Э.С-ын цогцосноос толгой хүзүүний дээд хэсэг, цээжний зүүн болон хажуугийн хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн зөөлөн эд эрүү, хоёр гарын сарвууны зөөлөн эд, ясгүй болсон бусад хэсэг нь бүтэн байна. Цогцсын хожуу үеийн өөрчлөлтөөс  шалтгаалж дээрх хэсгүүд үгүй болсон байх боломжтой. Талийгаач нь гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой” гэсэн 2013 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлийн, олон удаагийн үйлдлээр үүсэх ба духны баруун дээд хэсэгт 4.3х1.1см хэмжээний цөмөрсөн хугарал байгаагаас үзэхэд уг хэсэгт дээрх хэмжээтэй ойролцоо гадаргуутай зүйлээр цохих үед хязгаарлагдмал талбайд, бусад хэлтэрхий үүсгэсэн хугарлаас үзэхэд толгойн хэсэгт хязгаарлагдмал бус буюу өргөн талбайтай зүйлээр цохисноос хугарлууд үүснэ...” гэсэн мэдүүлэг, миний үйлчлүүлэгч Ц.П мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, болсон үйл явдлын талаар тодорхой хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг байгаагаас гадна шүүгдэгч Б.Ц, ийн мэдүүлэг удаа дараа өөрчлөгдөж, тогтворгүй мэдүүлдэг. Энэ байдлаас дүгнэхэд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Ц.П нь Б.Ц, той бүлэглэн амь хохирогч Э.С-ын толгойн тус газар олон удаагийн үйлдлээр цохиж амь насыг нь хохироосон болох нь тогтоогдохгүй байна. Иймд шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хариуцлагыг оногдуулсан нь прокуророос шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулсан нь буруу байна. Анхан шатны шүүх яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй учир хууль ёсны болж чадаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь дан ганц яллах талын нотлох баримтыг цуглуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэснийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Пид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү” гэв.

Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудтай танилцахад ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж байгаа нь ойлгомжгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Цогтбадамжаваас мэдүүлэг авсан, Б.Ц, той төрөл садангийн холбоотой хүн юм. Хэрэг гарах үед 5 хүн буюу 2 шүүгдэгч, Х.Н-, Э.О, талийгаач нар байсан. Х.Н-, Э.О нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг Цогтбадамжав гэрчилж “... 2017 оны 5 дугаар сарын эхээр алтанд явахаар өглөө гэрээсээ гарахад манай 00-д нэг эмэгтэй бие засаж байсан ...” гэж мэдүүлсэн. Мөн Э.О “өглөө гарахаасаа өмнө бие зассан” гэж мэдүүлсэн. Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор тухайн үед байсан Х.Н-, Э.О нар болон шүүгдэгч нараас хэд хэдэн удаа мэдүүлэг авсан. Энэ мэдүүлгүүдэд “Наранжаргал” гэх хүн яригдаагүй. Хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой тайлбар, мэдүүлгийг авсан. Б.Ц,  “Бид нар хэд хэдэн удаа манай гэрт ирж байсан” гэж мэдүүлсэн. Үүнийг үгүйсгэж гэрчүүд “Тухайн өдөр танилцсан. Өмнө болон хойно очиж байгаагүй” гэж мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг 3 жил гаруй хугацааны дараа илэрсэн. Анх сэжигтнээр өгсөн мэдүүлгийг шалгах ажиллагаа явуулж цогцосыг хайж олсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан. Тэдний заасан газар болох уурхайн цооног нүхнээс цогцосыг олсон. Цогцост ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй болсон байсан. 2017 оны 5 дугаар сард хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, эцэг М.Энхбаатарын Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, мэдүүлгээр талийгаачийн хувцас, биед байсан эд зүйлст үндэслэн Э.С-ын цогцос болохыг тогтоосон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэгт тохирсон ял оногдуулсан тул давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.П, Б.Ц,  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус зааснаар хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмыг хуульчилжээ. Уг зарчмын дагуу шүүх болж өнгөрсөн үйл явдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, талуудын мэтгэлцээнд үндэслэн сэргээн тогтоож, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч үүнд гэм буруутай эсэх талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэмжээ хязгаараас хэтэрч болохгүй.   

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14 цагийн орчимд санагдаж байна, найз Нарынгүлийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн гудамжинд явж байтал Ц залгаад уулзах санал тавьж, удалгүй такситай ирж авсан. Тухайн үед С-, Цтой хамт явж байсан. Ингээд Цийн гэрт ирсэн. Хашаандаа нэг гэр, байшинтай байсан. Бид Цийн байшинд орсон. С-, Ц нар хөзөр аваад ирье гэж гараад, орж ирэхдээ 2,5 литрийн “Сэнгүр” пиво, 0,75 литрийн “Ерөөл” архи, ундаа, хөзөр авчирсан. Тэгээд бид нар авчирсан архи, пиво зэргийг ууж эхэлсэн. 18 цаг дөхөж байхад П гэж залуу гаднаас орж ирсэн. 19 цагийн үед шиг санагдаж байна, С-, Ц нар дэлгүүрээс 2,5 литрийн “Сэнгүр” пиво хоёр, 0,75 литрийн “Ерөөл” архи нэгийг авчирч бид тойруулан ууцгаасан. Би нилээн халаад хойморт байсан матрасс дээр хэвтээд хэсэг зүүрмэглэж байтал хүн тэврээд байхаар нь хэн бэ гэтэл Н- байсан. Миний дотор муухайрч бөөлжих гээд байшингийн хаалгаар чигээрээ гарч хашааны буланд очиж хэсэг бөөлжиж суусан. Энэ үед монгол гэрийн хажууд Ц, П хоёр С-ыг газар унаган зодож байсан. Би бөөлжөөд арай гайгүй болоод тэдэн дээр очоод “Яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ” гэхэд Ц “Чамд ямар хамаатай юм, зайл” гэхээр нь байшин руу ороод Нарынгүлийг сэргээд явсан ...” /1-р хх 72-73/ гэсэн мэдүүлэг,

гэрчүүдийг нүүрэлдүүлж авсан “... Ц, С-ын дээр гараад зодоод, хажуунаас нь П өшиглөөд байсан. Би салгах гэтэл Ц “Чамд ямар хамаатай юм, зайлаач” гэхээр нь байшинд ороод Нарынгүлийг явъя гэж байтал П, Ц хоёр ороод ирсэн. Н- тэр хоёроос С-ыг асуухад Ц “Гэртээ харьсан” гэж хэлсэн. Бид хоёр гарах гэтэл байшингийн хаалга онгойхгүй байсан. Ц хоноод яв гэхээр нь тэндээ хоносон. Өглөө 08 цагийн үед болов уу, Ц, Н- бид хоёрыг цонхоор гаргаад, хашааны хаалгаар гаргаж өгсөн. Бид хоёр тэндээс гараад ойролцоох засмал замын орчмоос салцгаасан ...” /3-р хх 146/ гэсэн мэдүүлгийн тэмдэглэл,

гэрч Х.Нарынгүлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2017 онд О надад “Нэг залуутай танилцсан, хамт гэрт нь очоод ирье” гээд Ц гэх залуугийн гэрт очсон. Бид нар хөзөр тоглож, архи, шар айраг хувааж уугаад орой болсон. Ц, О хоёр хос болоод унтахаар хэвтсэн. Бүдүүнээ /С-/ бид хоёр хамт хэвтсэн. Нөгөө залуу Цийн цаана хэвтсэн. С- намайг илээд “Хоёулаа унтах уу” гэхээр нь би уурлахад, Ц намайг өмөөрөөд С-тай хэрэлдээд нүүр рүү нь нэг удаа цохиход зөрүүлээд цохисон. Тэгээд тэд зодолдоод байшингаас гарсан. Нөгөө залуу нь тэр хоёрыг салгах гээд байсан. Гадаа тэдний дуу сонсогдож байгаад 30 орчим минутын дараа Ц, нөгөө залуутай хамт орж ирсэн. Харин Бүдүүнээ орж ирээгүй. Ц Бүдүүнээг гэртээ харьсан гэж хэлсэн. Цийн уруул хажуу талдаа шалбарсан орж ирсэн. Хамт явсан залуу зүгээр байсан. Орж ирэхдээ байшингийн хаалгаа нилээн чанга хаагаад “Энэ хаалга эвдэрчихсэн” гээд О бид хоёрыг гаргаагүй. Хаалга нь дотроосоо онгойхгүй байсан. Хаалга онгойхгүй байсан тул бид хоёр тэндээ хоноод өглөө гэгээ ороход Ц бид хоёрыг хашааны хаалгаар гаргаж өгсөн ...” /1-р хх 76-77/ гэсэн мэдүүлэг,

гэрчүүдийг нүүрэлдүүлж авсан “... Тэр гурвыг гараад явснаас хойш 10-15 минутын дараа О “Болиоч дээ” гээд гадаа орилоод байсан. Гадаа тэд нар шуугилдаад 5-10 минут орчим болсон. Байшингийн цонх хагарсан байсан тул гадаах үйл явдал сайн сонсогдож байсан. 5 орчим минутын дараа О орж ирээд, араас нь 5 орчим минутын дараа П, Ц хоёр орж ирсэн. Би С-ыг асуухад Ц гэртээ харьсан гэж байсан ...” 3-р хх 145-148/ гэсэн мэдүүлгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тухайн өдөр Б.Ц, Ц.П нар Э.С-ыг бүлэглэн зодсон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Э.О, Х.Н- нараас мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, тэдэнд эрх, үүргийг нь танилцуулж, худал мэдүүлсэн тохиолдолд хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан байх ба гэрчүүд Б.Ц, Ц.П нар Э.С-ыг бүлэглэн зодсон хэргийн үйл баримтын талаар өгсөн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах баримт хэрэгт авагдаагүй байх тул яллах талын нотлох баримтад тооцох үндэслэлтэй.

Хэдийгээр дээрх хоёр гэрчийн өмнөх мэдүүлгүүд зөрүүтэй байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар мэдүүлгийн зөрүүг арилгах тодорхой ажиллагаа явуулж, хамгийн сүүлд нүүрэлдүүлж мэдүүлэг авахад хэргийн үйл баримтын талаар зөрүүгүй мэдүүлжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 тоот “... Талийгаач Э.С-ын цогцосноос толгой, хүзүүний дээд хэсэг, цээжний зүүн болон хажуугийн хэсэг, хэвлийн баруун доод хэсгийн зөөлөн эд, эрүү, хоёр гарын сарвууны зөөлөн эд, яс үгүй болсон, бусад хэсэг нь бүтэн байна. Цогцосны хожуу үеийн өөрчлөлтөөс шалтгаалж дээрх хэсгүүд үгүй болсон байх боломжтой. Талийгаач гавлын дух ясны баруун хэсгийн цөмөрсөн, зулай болон баруун чамархай ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, суурийн хөндийн цус хуралт гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Уг гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэсэн дүгнэлт /1-р хх 111-115/,

шинжээч эмч Ч.Эрдэмболорын “... дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн. Гавлын духны хэсгийн хугарлын дотор гадаргууд цусан хурааны үлдэгдэлтэй, суурийн хөндийд цус хурсан байсан нь уг гэмтэл амьд үед үүссэн болохыг илэрхийлнэ. Хэрэв нас барсаны дараа үүссэн бол гавлын ясны хугаралын дагуу цусан хураа үүсэхгүй, суурийн хөндий рүү цус огт орохгүй. Ийм учраас тухайн гэмтэл амьд үедээ үүссэн ба нас барах шалтгаан болсон байх боломжтой гэж үзсэн. Духны баруун дээд хэсэгт 4,3х1,1 см хэмжээтэй цөмөрсөн хугарал байгаагаас үзэхэд уг хэсэгт дээрхи хэмжээтэй ойролцоо гадаргуутай зүйлээр цохих үед хязгаарлагдмал талбайд, бусад хэлтэрхий үүсгэсэн хугаралаас үзэхэд толгойн хэсэгт хязгаарлагдмал бус буюу өргөн талбайтай зүйлээр цохисноос үүснэ. Гавлын ясны хугарлууд нь хүний гар хөлөөр цохих үед үүсэх боломж багатай, ямар нэгэн гадны биет буюу мод, чулуу, төмөр зэргээр үүссэн байхыг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг /3-р хх 193-194/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч Э.С- гавлын ясны хугарал, тархинд цус хуралт гэмтэл авч, уг гэмтэл нь үхэлд хүргэх үндсэн шалтгаан болсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь гэрч Э.О, Х.Н- нарын мэдүүсэнтэй тохирсноос гадна шүүгдэгч Б.Ц,  /4-р хх 82/, Ц.П /4-р хх 82/ нарын “Өглөө сэрэхэд хохирогч ямар ч хөдөлгөөнгүй байсан” гэж мэдүүлсэнтэй харьцуулан үзэхэд шүүгдэгч нарын үйлдэл хохирогчийн үхэлтэй шалтгаан холбоотой байна.

Шүүгдэгч Б.Ц, ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... П, С-ын дээр гараад үсдэж дагзаар нь шал мөргүүлж байхаар нь би салгасан. Тэд эвлэрээд бие засахаар гараад удаад байсан тул араас нь гарахад Монгол гэрийн хойно П, С-ын дээр гарчихсан боож байхаар нь гэртээ ороод утсаа аваад гараад ирэхэд П миний өөдөөс ирээд “С- өнгөрчихлөө, өргөж гэрт чинь оруулья” гэсэн. Гэрт оруулаад П зүрхэн дээр нь дарж үзээд “Гайгүй юм шиг байна, өглөө сэргэчих байлгүй” гээд унтсан. Өглөө сэрэхэд оруулж ирсэн газраа, ямар ч хөдөлгөөнгүй байсан. П “Нууя, хоолойд нь ором гарсан байна, гэрч, нотлох баримт байхгүй” гэж хэлсэн. Тэгээд нуухаар болоод орой нь мотоциклоор авч явж уурхайн нүхэнд хийсэн ...” /4-р хх 82/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.Пийн “... өглөө сэрэхэд Зоригоо орон дээр суусан, С- газар дээшээ хараад унтаж байгаа хүн шиг хэвтэж байсан. Зоригоо “Наадах чинь босож ирэхгүй шүү дээ, чи өчигдөр боогоод алсан, чамайг эрүүл болохыг хүлээж байсан юм” гэсэн... Намайг тайвшир гээд утсанд хүргээгүй... ярилцаж байгаад уурхайн нүхэнд хийхээр болоод орой миний мотоциклоор авч яваад уурхайн нүхэнд хийсэн... 2018, 2019 онд Зоригоотой уулзахад “Ар гэр нь намайг алчихсан гээд байна. Надад хэцүү байна” гэхээр нь “Тэгвэл хоёулаа үнэн зөвөөр хэргээ хүлээе, нэгэнт ийм юм хийчихээд алийн болгон нууж явах вэ” гэхэд “Тэгж хүлээж болохгүй, би өөрөө аргална” гэсэн. Би “Над руу битгий янз бүрийн юм яриад бай, хэргээ хүлээж чадахгүй байж, хүлээх гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг, яах гээд байгаа юм” гэсэн... “Чи хүн амьтанд хэлж болохгүй шүү, хэлвэл янз бүрийн юм болж магадгүй” гэж намайг айлгасан байдалтай хэлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй ...” /4-р хх 82/ гэх мэдүүлэг,

2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ц.Пийн, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Б.Ц, ийн сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулахад тэд хохирогчийн цогцсыг нуусан газраа заасан болохыг бэхжүүлсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 29-41/,

2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ц.П, Б.Ц,  нарын заасан Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уурхайн гүнээс хөнжлийн даавуу, өрөөсөн гутал, олс, хүрэм зэрэг олдсоныг хэргийн газрын үзлэг хийн бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 20-21/,

2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дахин үзлэг хийж мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар уурхайн гүнээс цогцосыг гарган авсан талаарх тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх 22-28/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхбаатарын “... 2017 оны 05 дугаар сарын 04-ний 19-20 цагийн үед бага хүү Э.С- утсаар яриад “Б.Ц,  ахынд очоод ирье” гэж хэлээд гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй алга болсон...” /1-р хх 52-56/ гэх мэдүүлэг,

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Энхбаатараар хохирогчийн өмсөж явсан гутлыг таниулах ажиллагаа явуулахад хэргийн газраас олдсон өрөөсөн гутлыг хохирогчийнх мөн гэж заасан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх 83-86/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ц, Ц.П нар хохирогчийн цогцосыг зөөвөрлөн уурхайн нүхэнд хийж гэмт хэргээ нуун далдалсан болох нь нотлогджээ.

Иймд Б.Ц, Ц.П нар 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжийн 3 дугаар гудамжны 5 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.С-ыг бүлэглэн зодож гавал, тархины битүү гэмтэл учруулан санаатай алж, цогцосыг зөөвөрлөн хуучин уурхайн нүхэнд хийж үйлдсэн хэргээ нуун далдалсан гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц, Ц.П нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтаар зүйлчлэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсний зэрэгцээ шүүгдэгч тус бүрт 16 жил хорих ял шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ц, , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч О.Цэрэнпцунцаг нарын гаргасан давж заалдсан гомдлуудын дагуу хэргийг хянаж үзлээ.

Тухайн өдөр гэрч Э.О, Х.Н-, шүүгдэгч Б.Ц, , Ц.П, хохирогч Э.С- нараас өөр хүн байгаагүй болох нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон. Гэрч Э.О, Х.Н- нар энэ талаар тодорхой мэдүүлсэн байна. Түүнчлэн гэрч Г.Цогтбадамжав хэрэг гарсан хашаан дахь гэртээ байсан, Б.Ц, ийнд ирсэн хүмүүсийг харсан хэмээн мэдүүлдэг боловч “... ямар нэгэн зодоон болсон талаар мэдэхгүй. Өглөө гэрээсээ гарахад зүгээр байх шиг байсан...”  /1-р хх 81, 3-р хх 149-150/ гэсэн байх тул дахин мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдол багатай байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчиж явуулсан, мэдүүлэг авахдаа үг зааж өгсөн, гэрчүүд шүүгдэгч Б.Ц, Ц.П нарыг хүнийг алах гэмт хэрэгт гүтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлаагүй нь хэргийг дахин шалгуулах үндэслэлд хамаарахгүйн гадна шүүхийн шатанд хэрэглэх ёстой хуулийг хэрэглэх замаар нөхөн гүйцэтгэж залруулах боломжтой.

Шүүгдэгч Б.Ц, Ц.П нар хүнийг алах гэмт хэрэг үйлдэж, хохирогчийн цогцсыг нуусан гэм буруутай нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “... шүүгдэгч нарын үйлдлийг тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргээр зүйлчилж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.   

Иймд шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.Ц, оос 7,375,000 төгрөг, шүүгдэгч Ц.Поос 7,375,000 төгрөг тус тус гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгохоор шийдвэрлэв ...” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... эрэн хайх ажиллагаа явуулсан зардалд 7,375,000 төгрөгийг тус тус гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгосугай” гэж ойлгомжгүй заасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...эрэн хайх ажиллагаа явуулсан зардалд 7,375,000 төгрөгийг тус тус гаргуулан Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгосугай” гэсэн хэсгийг “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 14,750,000 төгрөгийг шүүгдэгч Ц.П, Б.Ц,  нараас хувь тэнцүүлэн гаргуулж Налайх дүүргийн Засаг даргын нөөцийн санд олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Ц, , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, Г.Алтанчимэг, шүүгдэгч Ц.П, түүний өмгөөлөгч О.Цэрэнпцунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ         

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН