| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/00435/И |
| Дугаар | 183/шш2023/02830 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 183/шш2023/02830
| 2023 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2023/02830 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Р гарден хотхоны ** дугаар байр, ** тоотод байрлах, регистрийн ******** дугаартай, Ү ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Х резиденс хотхоны *** дүгээр байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар **********, Х овогтой Б-ийн Ж
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, О хороолол, ХД ** дугаар байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар *********, Ж овогтой С-ийн Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 143.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ү ХХК нь хариуцагч С.Э, Б.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 143.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Н. миний үеэл дүү С.Э, түүний эхнэр Б.Ж нар эрчимжсэн гахайн аж ахуй байгуулах төсөл бичиж, уг төсөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжигдэн, Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэй, 232.640.000 төгрөгийн зээлийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан авсан. Тус зээлийг миний 100 хувь хувцаа эзэмшдэг Ү ХХК-ийн нэр дээр авсан бөгөөд тухайн зээлийн барьцаанд миний хүү М.Н, бид хоёрын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Р гарден хотхоны ** дугаар байрны ** тоотод байрлах, 117,3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тавьсан. Тухайн зээлийн мөнгөнөөс Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, И булгийн гудамжид байрлах гахайн байрыг С.Э бид хоёр тус бүр 15.000.000 төгрөг гаргаж, 30.000.000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх гахайн байрыг 4 айлын газарт барьсан байсан бөгөөд С.Э бид хоёр тус бүр 2 айлын газрыг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан. Мөн миний бие Б.Ж-ийн Х банк дахь *********** тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 47.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 20.000.000 төгрөг, С.Э-ын Х банк дахь ********** тоот дансанд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18.000.000 төгрөг, нийт 95.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэд тухайн зээлийн хүүнд 2015 оны 12 дугаар сараас 5 сарын хугацаанд 915.000 төгрөг төлсөн бөгөөд өөр ямар нэгэн мөнгө төлөөгүй. Би гэрээнд заасан үүргийн дагуу 2016 оны 7 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийг ганцаараа хариуцаж, 2016 онд зээл, зээлийн хүүнд 40.300.000 төгрөг, 2017 онд зээл, зээлийн хүүнд 32.000.000 төгрөг, 2018 онд зээл, зээлийн хүүнд 75.550.000 төгрөг, 2019 онд зээл, зээлийн хүүнд 138.500.000 төгрөг, нийт 286.350.000 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд төлж, зээлээ хаасан. Миний бие 2019-2021 онуудад хүндээр өвдсөн бөгөөд банкнаас зээлээ төлөхийг байнга шаардаж, гэрээр удаа дараа ирж, би өөрөө банкинд байнга дуудагдаж, орон сууцыг зээлийн барьцаанд хураахыг сануулж байсан ба 2019 оны ** дугаар сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн. Би 2016-2021 онуудад С.Э, Б.Ж нарт зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, гэрээр нь очиж, хэлж, гуйж байсан боловч төлөхгүй өдий хүрсэн. Иймд С.Э, Б.Ж нараас 15.000.000 төгрөг, 95.000.000 төгрөг, нийт 110.000.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 3 жил 5 сарын хүү /жилийн 9 хувь/, нийт 33.800.000 төгрөг, бүгд 143.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Э, Б.Ж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг хариуцагч нар зээлийг хамтарч авсан гэх зүйл байхгүй, зээлийн гэрээнд ямар нэгэн байдлаар оролцоогүй, зээлийг төлөх үүрэг байхгүй. Энэ 232.000.000 төгрөгөөс Б.Ж, С.Э нар аваагүй. Нэхэмжлэгч нь банкнаас зээл авчихлаа, энэ зээлээсээ та нарт өгч байна, та нар буцааж төлнө шүү гэж хоорондоо хийсэн тохиролцоо байхгүй. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар гахайн фермийг хамт ажиллуулна гэж дурдах шиг болсон. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл ойлгомжгүй байна. Зээлийн гэрээ нэхэмжлээд байгаа юм уу, хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө нэхэмжлээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б.Ж, С.Э нар надад тайлбарлахдаа манай үеэл ах Жижиг дунд үйлдвэрлэлийн газраас зээл авах гэж байгаа, та нар надад туслаач, төсөл бичээд өгөөч гэж гуйсны дагуу Б.Ж нь төсөл бичиж тусалсан. Тэр төсөл нь дэмжигдээд зээлээ өөрсдийн нэр дээр авсан. Дараа нь нэгэнт энэ зээл авсан юм чинь Б.Ж, С.Э нарыг туслаач гэж гуйж, тэр гахайн ферм дээрээ туслуулсан гэх тайлбар хийдэг. Одоо энд шилжүүлж байгаа 95.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ гахайн фермийг ажиллуулахад хэрэг болох худаг ухах, тоног төхөөрөмж авах зэрэг ажиллагаанд зарцуулсан мөнгөнүүдийг над руу шилжүүлж байсан, тэрний дагуу мөнгийг тэдгээр ажлуудыг хийхэд зарцуулж байсан. Тэрнээс биш би энэ мөнгийг зээлсэн асуудал байхгүй, хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хамтарч үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Өөрийнх нь шилжүүлсэн мөнгийг өөрийнх нь хийгээрэй гэсэн ажилд зарцуулж байсан гэх тайлбар хэлсэн. Тэгэхээр Ү ХХК-ийн нэхэмжилж байгаа үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 876.950 төгрөг төлсөн баримт, Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Ү ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээний хуулбар, Н.М-ын иргэний үнэмлэхний хуулбар, Ү ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 4 ширхэг орлогын мэдүүлэг гэх баримт, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус банкны барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийн хуулбар, С.Э, Б.Ж нарын гар бичмэл бүхий өргөдөл, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ********** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар болон иргэн Б.О-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбараас үзэхэд Үндэсний хөрөнгө оруулалтын банк болон Ү ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн *********** дугаартай зээлийн гэрээний дагуу Ү ХХК нь 232.640.000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай зээлж авсан байх ба тус зээлийн хөрөнгөөс 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Б.Ж-ийн Х банк дахь ********* тоот дансанд 47.000.000 төгрөгийг гахайн фермийн үнэ, Ү ХХК-с гэх утгаар, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр мөн дансанд 10.000.000 төгрөгийг Тоног төхөөрөмжийн үнэ М-аас гэх утгаар, 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөн дансанд 20.000.000 төгрөгийг Зээл гэсэн утгаар, С.Э-ын Х банк дахь ******** тоот дансанд 18.000.000 төгрөгийг Тоног төхөөрөмжийн үнэ Ү ХХК-с гэх утгаар, нийт 95.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдов.
3. Хариуцагч нар 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, танилцсан боловч хуульд заасан 14 хоногийн дотор хариу тайлбар гаргаж ирүүлээгүй, мөн тухайн авсан гэх 95.000.0000 төгрөгийг зөвхөн гахайн фермийн үйл ажиллагаанд зарцуулсан, зээлж аваагүй гэх тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргах боловч хэрэгт энэ талаарх баримтыг ирүүлээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй.
4. Нэхэмжлэгч Ү ХХК-ийн төлөөлөгч Н.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 15.000.000 төгрөг, 95.000.000 төгрөг, нийт 110.000.000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл 3 жил 5 сарын хүү /жилийн 9 хувь/, нийт 33.800.000 төгрөг, бүгд 143.800.000 төгрөгийг гаргуулах тухай хэмээн тодорхойлсон.
Тэрээр тухайн 143.800.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэг хэмээн тайлбарлаж, зээлийн хүү гэх 33.800.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, зээлийн хүү нэхэмжилж байгаа тохиолдолд тухайн гэрээг талууд бичгээр байгуулах бөгөөд энэхүү журмыг зөрчвөл хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан байдаг.
Харин нэхэмжлэгчийн гаргасан тайлбараас дүгнэхэд талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэв.
Тодруулбал, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж тус тус заасан.
Б.Ж гахайн фермийн үйл ажиллагаа эрхлэх төсөл бичиж, уг аж ахуйг эрхлэн явуулахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг Ү ХХК нь Жижиг дунд үйлдвэрийн сангаас олгогдож байсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээр шийдвэрлэсэн, мөн тухайн зээлийн хөрөнгөөс 95.000.000 төгрөгийг хариуцагч нарын эзэмшдэг данс руу шилжүүлсэн зэргээс дүгнээд шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээний харилцаа гэж үзсэн болно.
Гэвч тухайн гахайн фермийн үйл ажиллагаа явагдаагүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагч нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 95.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, хамтран ажиллах гэрээ бодитоор хэрэгжээгүй, үр дүн гараагүй байх тул хариуцагч нарын Ү ХХК-иас хүлээн авсан 95.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэлд дурдсан 15.000.000 төгрөг нь баримтаар тогтоогдоогүй, мөн зээлийн хүү авах эрхгүй тул хүүнд нэхэмжилсэн 33.800.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.
5. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хариуцагч Б.Ж, С.Э нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 95.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ү ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж, С.Э нараас 632.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар хариуцагч Б.Ж, С.Э нараас хамтран ажиллах гэрээний үүрэгт 95.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ү ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 876.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж, С.Э нараас 632.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА