| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/02154/И |
| Дугаар | 181/ШШ2017/00110 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2017/00110
| 2017 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2017/00110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Д, Х, гудамж өөрийн байранд оршин байгаа, Ж.Б ХХК /рд:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б дүүрэг, .. хороо, гудамж, байр, тоот хаягт оршин суух, Цэрэнпунцаг овогт Буянхишигийн Зоригбадрах /рд:.........../-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 522,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З нь манай компанитай 2015 оны 3 сарын 10-ны өдөр 1206187 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн 388,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40,000 төгрөг төлж, 12 сарын хугацаатай сар бүр 29,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч Б.З нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 348,000 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байгаа болно. Анх шүүхэд гар утасны үлдэгдэл төлбөр 348,000 төгрөг, алданги 174,000 төгрөг, нийт 522,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Одоо алдангиас 87,000 төгрөгийг татгалзаж, нийт 435,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б ХХК нь хариуцагч Б.Зад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 348,000 төгрөг, алданги 174,000 төгрөг, нийт 522,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 87,000 төгрөгөөр багасгасан болно.
Хариуцагч Б.З нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12 сарын 16-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Б.Зыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.
Талууд 2015 оны 3 сарын 10-ны өдөр Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Б.З нь 388,000 төгрөгийн үнэ бүхий U6 маркийн гар утсыг урьдчилгаа 40,000 төгрөгийг өгч, 12 сарын хугацаанд сар бүр 29,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч Ж.Б ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагч Б.Зын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.З нь худалдагч Ж.Б ХХК-д хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иймд нэхэмжлэгч Ж.Б ХХК нь үлдэгдэл төлбөр болох 348,000 төгрөгийг хариуцагч Б.З аас шаардах эрхтэй.
Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т хэрэглэгч нь төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-т нийцсэн байна.
Хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх боловч нэхэмжлэгч нь 87,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Б.С д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-т заасныг баримтлан хариуцагч Б.Заас 435,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Заас улсын тэмдэгтийн хураамжид 13,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР