| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2015/00160/И |
| Дугаар | 135/ШШ2015/00201 |
| Огноо | 2015-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 135/ШШ2015/00201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2015/00160/И
Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: .... аймаг, ....сум, ... дүгээр багт оршин суух, ... овогт .... /регистрийн дугаар ...., утас .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... аймаг, .... сум, ... дүгээр баг, .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ... овогт ....../ регистрийн дугаар ...-д холбогдох
2,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч...., нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“.... миний бие ...... 2014 оны 03 дугаар сард 3,000,000 төгрөгийг зээлсэн билээ. Тухайн үед зээлийг удахгүй өгнө гэсэн боловч боломжгүй байна гэсэн тул төлөх хугацааг тохиролцон хойшлуулж өөрөөр нь тайлбар бичүүлэн нотариатаар баталгаажуулсан. Гэтэл ...нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлээ бүрэн төлж дуусгана гэсэн боловч төлөхгүй нэхүүлэн байж 1,000,000 төгрөгийг цувуулан өгч үлдэгдэл 2,000,000 төгрөгийг чинь төлж чадахгүй чаддаг юм бол шүүхээр яваад ав хэмээн доромжилж элдэвээр хэлж байгаа тул шүүхэд хандаж байна. Миний бие ...мөнгө зээлэхдээ бусдаас хүүтэй зээлж авч өгсөн бөгөөд түүний зээлж авсан мөнгийг бусдад хүүгийн хамт төлж ихээхэн хохирсон байхад миний энэ байдлыг үл харгалзан улмаар доромжилж байх тул түүнээс өөрт учирсан хохирлоо гаргуулахыг хүсэж байна. Иймд Иргэний хуулийн 281.1-д зааснаар .....үндсэн зээл 2,000,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй тул үүрэг гүйцэтгээгүй хугацааны хүү 600,000 төгрөг нийт 2,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 281.1, 222.7-д зааснаар миний бие өөрт учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж ойлгож байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч .... нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“... ...нь надаас цувуулан 3,000,000 төгрөг авснаа бүрэн хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. ...нь 2014 оны 02 дугаар сарын 14-өөс эхлэн цувуулж 3,000,000 төгрөгийг зээлж авсан. Би бэлнээр болон банкаар шилжүүлдэг байсан. Анх мөнгө зээлж авахдаа хүн зодчихсон хэрэгт орох гээд байна түүний эмчилгээний төлбөрт хэрэглэх гэсэн юм туслаач гэж хэлээд цувуулан авсан. Ээж .... нь Солонгост ажиллаж байгаа тэгээд мөнгө шилжүүлнэ тэгэхээр нэг мөсөн өгнө гэж хэлсэн юм. Ингээд бага багаар авсаар 3,000,000 төгрөг болсон. Тэгээд дахин мөнгө өгөхгүй ээ чи урьд авснаа төл гэхэд яг одоогоор боломжгүй жаахан хүлээчих би мөнгийг чинь өгнө гээд баталгаа болгон тайлбар бичиж түүнийгээ нотариатаар батлуулсан. Гэтэл одоо зөвхөн банкаар шилжүүлсэн баримтыг шүүхэд өгч өөр мөнгө авч байгаагүй мэтээр тайлбарлаж байгаад нь гомдолтой байна. 2015 оны 01 дүгээр сарын эхээр ...ийн ээж нь мөнгө явуулсан гээд төрсөн дүү ....нь 1,000,000 төгрөгийг хоёр хувааж надад шилжүүлсэн. ... надаас мөнгө зээлсэн гэдгийг нь ээж, дүү нар нь сайн мэдэж байгаа тийм ч учраас дүү нь өөрийнхөө дансаар мөнгийг нь шилжүүлсэн.
Тухайн үедээ би түүнд туслаж байна гэж ойлгосон. Гэтэл сүүлдээ хэл амаар доромжлон чаддаг юм бол аваарай гэж утсаар элдэв мессэж бичин доромжилж байгаа тул шүүхэд хандсан юм.
Миний хувьд ....илүү зүйл нэхэмжлээгүй. Тэгээд ч надаас мөнгө зээлж авсан гэдэг нь түүний өгсөн нотариатын баталгаа бүхий тайлбар, Хаан банкны дансны хуулга зэргээр нотлогдож байна гэж үзэж байна. Хэдийгээр ...бид хоёрын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч үндсэн зээл 2,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг гаргуулахаар үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хүү 600,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ гаргасан тул миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ...ийн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна” гэжээ.
Хариуцагч ...шүүхэд гаргасан тайлбартаа:
“...миний бие ....гаас нийт 2,145,000 төгрөг хүүгүй, гэрээ байгуулаагүй авсан болно. Үүнээс 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь үнэн болно. .... нь миний бичсэн өргөдөл дээр нотариатаар батлуулахдаа өөрөө яваагүй бөгөөд таньдаг хүнээ надтай цуг явуулсан болно. Үлдэгдэл 1,145,000 төгрөгийг ...миний бие төлөх болно. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа болохоор миний хүсэлтийг харгалзан авч үзнэ үү. ....гаас авсан мөнгийг цаг тухайд нь өгөөгүй нь миний буруу. Үлдэгдэл мөнгийг хэд ч хуваагаад гэсэн төлөх болно.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... нь хариуцагч ...... бэлнээр болон банкаар шилжүүлж нийт 3000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд түүнээс 1000,000 авсан, үлдэх 2000,000 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7-т зааснаар түүний хүү 600,000 төгрөг, нийт 2,600,000 төгрөгийг гаргуулахаар” нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг гаргажээ.
Хариуцагч ...нь “миний бие нь нэхэмжлэгч ....гаас нийт 2,145,000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 1000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 1,145,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Бид бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй, гэрээндээ зээлийн хүү тооцох талаар тохиролцсон зүйл байхгүй тул зээлийн хүү 600,000 төгрөгийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Зохигчид нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээг амаар байгуулж, нэхэмжлэгч .... нь хариуцагч ...... нийт 3000,000 төгрөгийг өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн ХААН банк нь дахь .... тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-19-23/, хариуцагч ...ийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бичсэн “иргэн ....гаас ...миний бие нь 2013 оны 03 дугаар сарын 26-нд 3 сая төгрөг зээлж авсан нь үнэн болно. 2015 оны 01 дүгээр сарын 05-нд 3 сая төгрөгийг буцаан өгөх болно” гэсэн баримт /хх-3/ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч ...нь зээлийн төлбөрт 1000,000 төгрөгийг төлсөн ба зохигчид энэ талаар маргаагүй байх тул хариуцагч ....зээлийн төлбөрийн үлдэгдэл 2000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ....д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” 222.7-т “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч .... нь хэтрүүлсэн хугацаанд хүү тооцож, өөрт учирсан хохиролоо нэхэмжлэх эрхтэй боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирол болон юуг үндэслэж сарын хүүг 20 хувиар тооцсон талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан зээлийн хүүд 600,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ....нь шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч ....2000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ....д олгож, нэхэмжлэгчийн зээлийн хүү 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ....гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА