Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1301

 

 

 

 

 

 

 

 

 

“ЧАХ”ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

               Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2019/01070 шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : “ЧАХ”ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЖГГ” ХХК-д холбогдох,

 

               Хохиролд 45 468 460 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний дагуу төлсөн 66 342 642 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  

 

               Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э.нар оролцов

.           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “ЧАХ ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016/ЗТЗХА/ дугаар ажил гүйцэтгэх гэрээг “ЖГ” ХХК-тай байгуулсан. Уг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж 33 тоот хаягт баригдаж буй Романа рэсидэнс барилгын гадна усан хангамжийн 626.5 метр урт шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг “ЦНТ” ХХК-д гүйцэтгэсэн 40/15 шифр бүхий ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцож, захиалагч тал нь нийт 146 142 141 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. “ЖГ” ХХК-ийн зүгээс урьдчилгаа 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлаа эхлүүлэх гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.1-т “Барилга угсралтын талбайд гүйцэтгэгчийг ажил гүйцэтгэх боломж нөхцлөөр хангаж, холбогдох газар эзэмшигч байгууллагуудаас зөвшөөрлүүдийг авч өгөх үүрэгтэй” гэсэн заалтыг захиалагч тал хэрэгжүүлээгүй хирнээ гэрээг цуцалсан болно.

“ЖГ” ХХК-тай байгуулсан ажлыг хугацаандаа хийнэ гэсэн төлөвлөгөөтэйгээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Тэнүүн өлзий” ХХК-тай бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 100 хувь шугамаа захиалан авсан.  

Гэтэл “ЖГ” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажлыг хугацаандаа эхлүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй бөгөөд манай компани “Тэнүүн өлзий” ХХК-д төлбөрөө төлж чадаагүй учир шүүхийн шийдвэрээр алданги 21 861 860 төгрөгийг манай компани төлөхөөр шийдвэр гарсан. Уг алдангийг “ЖГ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж манай компани 21 861 860 төгрөгөөр хохирч байна.

Мөн “ЖГ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараа материалуудыг татсан бөгөөд одоогийн байдлаар 23 606 600 төгрөгийн үнэ бүхий бараа материалууд байна. Дээрх бараа материалуудыг зөвхөн “ЖГ”-ХХК-тай хамтарч ажиллах гэрээнд тавьсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн тул цаашид өөр зориулалтаар ашиглах боломжгүй болно. Иймд хохиролд төлсөн 21 861 860 төгрөг, үлдэгдэл бараа материалын үнэ 23 606 600 төгрөг, нийт 45 468 460 төгрөгийг “ЖГ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани “ЧАХ” ХХК-иар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж-33 тоот хаягтай “Романа ресиденс” барилгын гадна усан хангамжийн 626 5 метр урттай, Ф150мм голчтой шугам хоолойг Ф250мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш бид ажлыг эхлүүлэхийн тулд “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-иас зөвшөөрөл авахаар бичгээр болон бусад хэлбэрээр удаа дараа хандсан тухай гүйцэтгэгч тал болох “ЧАХ” ХХК мэдэж байсан бөгөөд талуудын төлөөлөл уулзалдаж, газар эзэмшигчээс зөвшөөрөл авах тал дээр хамтран ажиллахаар тохиролцож, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр протокол үйлдсэн байдаг тул “ЖГ” групп ХХК-ийг дангаар гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

Гүйцэтгэгч "ЧАХ” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаа авъя гэж манай компаниас 66 342 642 төгрөгийг нэхэмжилсний дагуу манай компанийн зүгээс “ЧАХ” ХХК-ийн Хас банкин дахь 5000981513 тоот төгрөгийн харилцах дансанд 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн.“ЧАХ” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манай компаниас дээрх үнийн дүн бүхий төлбөрийг авсныхаа дараа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Тэнүүн өлзий” ХХК-тай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улмаар тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алданги болох 21 861 860 төгрөгийг огт хамааралгүй манай компаниас нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 6 дугаар сард “Монаса” ХХК нь энэхүү шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар хийхээр болсон тул бид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр “ЧАХ” ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн. Мөн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 18/305 тоот албан бичгээр “Худалдан авалт хийсэн агуулахдаа байгаа бараа материалын үзүүлэлт, үнийн саналыг манайд ирүүлж, тооцоо нийлэх” саналыг “ЧАХ” ХХК-д хүргүүлсэн боловч тухайн үед манайд ирүүлсэн бараа материалууд нь манай хэрэгжүүлж буй төсөлд ашиглагдахааргүй материал байсан тул бид хүлээн зөвшөөрөхгүй.

Харин манай компани тус шугам хоолой өргөтгөх ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэхээр болсон “Монаса” ХХК-д тухайн ажлыг гүйцэтгэхдээ “ЧАХ” ХХК-иас бэлэн байгаа материалыг авахыг санал болгосны дагуу тус компани нь худалдан авалт хийсэн байдаг. Иймд манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 45 468 460 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ЖГГ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани “ЧАХ” ХХК-иар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма гандигийн гудамж-33 тоот хаягтай “Романа ресиденс” барилгын гадна усан хангамжийн 626.5 метр урттай, Ф150 мм голчтой шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр №0229-1/2016 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч “ЧАХ” ХХК нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалаа авъя гэж гэрээний урьдчилгаа төлбөрт 66 342 642 төгрөгийг нэхэмжилсний дагуу манай компанийн зүгээс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “ЧАХ” ХХК-ийн Хас банкин дахь 5000981513 тоот төгрөгийн харилцах дансанд 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн юм.  

Гэрээт ажлыг гүйцэтгэх байршилд “Хурд групп”, “Монаса” ХХК, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК зэрэг хэд хэдэн газар эзэмшигчид барилга барьж, үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр газар эзэмшигчдээс “Монаса” ХХК нь өөрийн зардлаар гадна усан хангамжийн 626.5 метр урттай, Ф150 мм голчтой шугам хоолойг Ф250 мм голчтой болгон өргөтгөх ажлыг гүйцэтгэхээр болж, ажлаа эхлүүлснээр бид “ЧАХ” ХХК-иар ажил гүйцэтгүүлэх боломжгүй болж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 18/251 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдлээ хүргүүлсэн.

               Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэл дээр дурдсан зөвхөн “ЖГГ” ХХК-тай байгуулсан гэрээнд заагдсан шаардлагын дагуу татан нийлүүлсэн гэх шугам хоолойг “Монаса” ХХК нь манай компанийн санал болгосноор “ЧАХ” ХХК-иас худалдан авч, шугам хоолой өргөтгөх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд манай компани шилжүүлэн авсан урьдчилгаа төлбөрөө буцаан шилжүүлэхийг гэрээ цуцлах мэдэгдэл өгснөөс хойш “ЧАХ” ХХК-иас удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй биднийг хохироож байна. Иймд “ЧАХ” ХХК-иас 66 342 642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЖГ ХХК-иас 45 468 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЧАХ” ХХК-д олгож, нэхэмжлэгч “ЧАХ” ХХК-иас 20 874 182 төгрөгийг гаргуулж хариуцагч “ЖГ” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45 468 460 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385 300 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489 663 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280 921 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Халиунаа давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа 45 468 460 төгрөгийн 21 861 860 төгрөгийн хувьд “ЧАХ” ХХК нь талуудын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нийт төлбөрийн урьдчилгаа 30% болох 43 842 642 төгрөгийг ажил эхлэх үед шилжүүлэх үүрэгтэй байсан хэдий ч ажил эхлэх нөхцөл бүрдээгүй байхад гүйцэтгэгч талын хүсэлтийг хүндэтгээд 66 242 642 төгрөгийг манай компани шилжүүлсэн. Тухайн төлбөрийг шилжүүлэх үед ажлыг эхлүүлэх боломж бүрдээгүй, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс зөвшөөрлийг авахаар талуудын хэн алин нь хичээж ажиллаж байсан бөгөөд уг зөвшөөрлийг авснаар бидний ажил эхлэнэ гэдгийг талууд мэдэж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай компаниас 66 342 642 төгрөгийг авсныхаа дараа буюу 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “Тэнүүн Өлзий” ХХК-тай “Бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж 65 076 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлж авсан нь ямар ч шаардлагагүй үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд манай компани “ЧАХ” ХХК-д гуравдагч компаниас зээлээр бараа материал авах үүргийг хүлээлгэсэн үйлдэл огт байхгүй.

Үлдэгдэл бараа материалын 23 606 000 төгрөгийн хувьд манай компани “ЧАХ” ХХК-д гэрээт ажил эхлэх хугацаа тодорхой болоогүй, ажил эхлүүлэх мэдэгдлийг өгөөгүй байхдаа тус компанийн бараа материалаа авч байя гэдэг хүсэлтийг хүндэтгэн 66 342 642 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд гэрээт ажил огт эхлээгүй, эхлэх эсэх нь тодорхойгүй байгааг гүйцэтгэгч тал мэдэж байсан атлаа манай шилжүүлсэн мөнгийг бараа материал авахад ашиглаагүй болох нь тус компанийн “Тэнүүн Өлзий” ХХК-тай байгуулсан зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байгаа. ...Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “ЧАХ” ХХК нь хариуцагч “ЖГГ” ХХК-д холбогдуулан хохиролд 45 468 460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнд төлсөн 66 342 642 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчийн тодорхойлсноор учирсан хохиролд хамааруулж буй 23 606 600 төгрөгийн үнэ бүхий бараа материалын үлдэгдэл нь нэхэмжлэгчид бодитойгоор байгаа эсэх, энэ хариуцагчийн төлбөрт тооцогдох боломжтой эсэхийг тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.  

 

Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагчийн гэрээний урьдчилгаанд төлсөн мөнгийг үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцсон нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар маргааны үйл баримтын талаар талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, тэдгээрийн тэгш байдал хангагдах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасантай нийцэх болно.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 6-ны өдрийн 183/ШШ2019/01070 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЖГГ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 292 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

                                                           

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН