| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/02825/И |
| Дугаар | 102/ШШ2023/04042 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2023/04042
| 2023 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2023/04042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... тоот, регистр ..., М.Х ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд О.Х ХХК-ийн сургалт үйлдвэрлэлийн баазад байрлах, регистр ...., О.Э ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 025 520 000 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: О.Э ХХК, М.Х ХХК хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цог, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек /үнэмлэх 2215/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хаш-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Анар /үнэмлэх 3035/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Х ХХК нь О.Э ХХК-д холбогдуулан 1 025 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
М.Х ХХК нь О.Э ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... дугаартай туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, Азийн хөгжлийн банкны ... Б дэд төв төслийн нэмэлт ажлын хүрээнд хийгдэх гадна холбооны ажлыг хийхээр харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу манай компаниас ажлыг өөрийн зардлаар бүрэн гүйцэтгэсэн бөгөөд ерөнхий гүйцэтгэгч О.Э ХХК-иас ямар нэгэн урьдчилгаа төлбөрийг аваагүй ба гэрээт ажлыг ашиглагч байгууллага болох М.Х.С ТӨХК-д 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэж өгч, холбогдох актуудыг үйлдсэн. Азийн хөгжлийн банкны ... Б дэд төв төсөл нь Нийслэлийн өмчид шилжих хөрөнгө учраас гэрээт ажлыг ашиглагч байгууллага болох М.Х.С ТӨХК-д хүлээлгэж өгсөн ба бидний хооронд ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхгүй. Уг ажлын үр дүнг хүлээлгэж өгсөнөөс хойш О.Э ХХК-д албан бичгээр болон биечлэн уулзаж, утсаар удаа дараа хандаж, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай туслан гүйцэтгэх гэрээний 5.2-т Ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчаас төлбөр орж ирснээс хойш 1 хоногийн дотор туслан гүйцэтгэгчид нэхэмжилсэн дүнгээр төлбөрийг бүрэн шилжүүлнэ гэж заасны дагуу ажлын хөлс 683 680 000 төгрөгийг шилжүүлэн олгохыг хүссэн боловч өнөөдрийг хүртэл хууль болон гэрээнд заасан тодорхой үндэслэл, шалтгаангүйгээр манай компанийг хохироосоор байна. О.Э ХХК нь манай компаниар өөрийн авсан ажлын зарим хэсгийг туслан гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Бидний хооронд байгуулсан гэрээтэй шууд хамааралгүй байхад өөрсдийн үндсэн захиалагч болох Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээний төсөвтэй холбоотой маргаан үүсгэж, арбитрын маргаан хянан шийдвэрлүүлж байгаагаа шалтаг болгож, манай компанийн төлбөрийг өгөхөөс татгалзсаар ирсэн. Манай компанийн туслан гүйцэтгэгчээр ажилласан төлбөрийг өгөхгүй байгаа тул Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн нэгжид хүсэлт гаргаж, төлбөрийг төлж өгөхийг хүссэний дагуу 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уг уулзалтад О.Х ХХК, О.Э ХХК-ийн удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-шинэ дэд төв төслийн нэгжийн зохицуулагч, удирдлага болон холбогдох мэргэжилтэн, Нийслэлийн Засаг даргын төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг олон тал оролцож, ажлын хөлс-төлбөрийг төлөх асуудлыг хэлэлцээд арбитрын маргаан шийдвэрлэхээс өмнө гүйцэтгэсэн ажлын хүрээнд гэрээний дагуу төлбөрөө авахыг О.Э ХХК-д төслийн нэгжийн удирдлага болон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой хариу өгөөгүй. Албан ёсоор ажлын 5 хоногийн дотор хариу өгөхийг мэдэгдсэн боловч одоогоор хариу ирээгүй байгаа, төслийг санхүүжүүлэгч байгууллагаас төлбөрийг өгье гэж байхад төлбөрийг аваагүй гэх шалтгаанаар манай компанийг хохироож 2 жилийн хугацаа өнгөрч байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. 343.2-д Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасны дагуу О.Э ХХК нь манай компанийн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй юм. Мөн О.Э ХХК нь төслийн санхүүжилтийг авахаас татгалзаж, манай компанийг хохироож байгаа нь 206 дугаар зүйлийн 206.1-т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг зөрчиж байна. Иймд дээрх үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай туслан гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 683 680 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Манай компани нь гэрээгээр ажил гүйцэтгэхийн тулд зээл авч, тодорхой хүмүүсээр ажил гүйцэтгүүлж, татвар, нийгмийн даатгал болон бусад өр төлбөрийг төлөхөд хүндрэлтэй болж хохирч байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай туслан гүйцэтгэх гэрээний 4.1-т Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд хийх ёстой байсан ажлын үр дүнгийн 0,1 хувиар буруутай талдаа алданги ногдуулна гэж заасны дагуу нийт үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний 341 840 000 төгрөгийн алдангийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 610 хоногийн алданги тооцогдож байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 50 хувь буюу 341 840 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна. Иймд дээрх үндэслэлээр 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай туслан гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 683 680 000 төгрөг, алданги 341 840 000 төгрөг нийт 1 025 520 000 төгрөгийг О.Э ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.Э ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. О.Э ХХК нь М.Х ХХК-тай гэрээ байгуулахдаа захиалагчийн хууль бус шаардлагын үндсэн дээр гэрээний харилцаанд орсон бөгөөд бусад туслан гүйцэтгэгчээс ялгаатай. О.Э ХХК нь туслан гйүцэтгэгчийг Азийн хөгжлийн банкны төслийн гэрээ ёсоор бие даан сонгоогүй. Захиалагч талаас Азийн хөгжлийн банкны хориглосон заалтуудыг зөрчиж нэр заан гэрээ байгуулахаар шахалт үзүүлж, сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан мэт дүр үзүүлэхэд хүргэсэн. Туслан гүйцэтгэгч ажлын үр дүнгээ үндсэн гүйцэтгэгчид хянуулж хүлээлгэн өгдөг бол М.Х ХХК нь шууд захиалагчтай дур мэдэн харилцаж ажлаа хүлээлгэж өгсөн. Энэ талаараа тайлбартаа тусгасан байгаа. Энэ үйл баримтыг багтаасан агуулгаар О.Э ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Арбитрын шүүхэд гомдол гаргасан, одоо хянагдаж байна. М.Х ХХК-тай гэрээ байгуулахаас 4 сарын өмнө манайх Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулсан, 3 ажил хийж байсан. Гэтэл Модон хурын гэрээнд гарын үсэг зурахгүй байснаар 3 ажлын санхүүжилтыг барьж эхэлсэн бөгөөд Модон хур компанитай гэрээгээ зурсны дараа санхүүжилтыг өгнө гэсэн. Санхүүжилт өнөөдрийг хүртэл ороогүй гэв.
3.Хариуцагч О.Э ХХК нь М.Х ХХК-д холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар Туслан гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцоуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
М.Х ХХК нь О.Х ХХК, О.Э ХХК-ийн түншлэл олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар Бны дэд төвийн мэдээлэл харилцаа холбооны сүлжээний зураг төсөл боловсруулах, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай ... дугаартай гэрээг байгуулах эрхтэй болсон. Энэ гэрээгээр ажиллах явцад, тус гэрээний захиалагч талын дотоод бүтцийн байгууллага болох Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгжийн удирдлага, төслийн зохицуулагч Д.А-ийн хууль бус шаардлагын үндсэн дээр М.Х ХХК-тай гэрээний харилцаанд орсон. Монгол Улсын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Санхүүжилтийн ерөнхии хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан. Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт зааснаар хөтөлбөрийг 2014-2023 онд хэрэгжүүлэх, Худалдан авах ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журамын дагуу явагдахаар зохицуулсан бөгөөд тус ... гэрээний ерөнхий нөхцлийн 6.1, Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын 1.14 дэх хэсэгт тус тус зааснаар захиалагч гүйцэтгэгчид зүй бусаар дарамт шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгож туслан гүйцэтгэгч нэр заахыг хориглосон журам үйлчилдэг. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.3 дахь хэсэгт Бага төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно гэж заасан бөгөөд М.Х ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр оруулсан гэрээний үнийн дүн нь энэхүү төсөвт өртгөөс их хэмжээтэй байхад хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй. Эдгээр зохицуулалтыг дээрх туслан гүйцэтгэх гэрээ нь тус тус зөрчиж байгуулагдсан. Энэ талаар О.Э ХХК нь Олон улсын Арбитрын шүүхэд эрх бүхий албан тушаалтанд нэхэмжлэл гарган шалгагдаж хэрэг хянан шийдвэрлэх, талууд баримтаа цуглуулан мэтгэлцэх шатандаа явж байгаа.Түүнчлэн Иргэний хуулийн 13.3 дахь хэсэгт заасан зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй гэснийг зөрчсөн. ... гэрээний гүйцэтгэгч түншлэлийн гишүүн О.Э ХХК нь М.Х ХХК-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт бүхий тус төслийн гэрээ ёсоор бие даан сонгоогүй, захиалагч талын төлөөллөөс Азийн хөгжлийн банкны хориглосон заалтууд болон хууль тогтоомжийг зөрчиж нэр заан гэрээ байгуулахаар шахалт үзүүлсний улмаас туслан гүйцэтгэх хэлцлийг дүр үзүүлж хийхэд хүрсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар М.Х ХХК-ийг зах зээлийн чөлөөт байдлаар шийдвэрлэгдээгүй. Иймд О.Э ХХК, М.Х ХХК хоорондын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай туслан гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
4.Нэхэмжлэгч М.Х ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тодорхой хэмжээнд гэдгийг юу гэж ойлгох юм. Энд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль үйлчлэхгүй. Тухайн үедээ өөрсдөө Азийн хөгжлийн банк, Нийслэлийн засаг дарга нартай хийсэн гэрээний хүрээнд өөрсдийнхөө хийх ёстой байсан ажлын тодорхой хувийг М.Х ХХК-аар гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцож гэрээ хийсэн. Энэ бол О.Э ХХК-ны дотоод үйл ажиллагаа. Энд Азийн хөгжлийн банкны дүрэм журам зэрэг огт үйлчлэхгүй. Тиймээс М.Х ХХК нь Азийн хөгжлийн банк, Нийслэлийн засаг дарга нартай ямар нэгэн эрх зүйн харилцаа байхгүй. Энэ ажлыг өөрсдийн зардлаар бүрэн гүйцэтгэж өгсөн. Хэрэгт ажлын гүйцэтгэлтэй холбоотой актууд гаргаж өгсөн. Зарим акт дээр О.Э ХХК-ийг төлөөлөөд гарын үсэг зурсан. Ажлын гүйцэтгэл үр дүнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй байгаа. Нийслэлийн зүгээс энэ ажлуудыг хүлээн авсан. Өмнөх уулзалтууд дээр ч гэсэн яригдсан. Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл /хх 5, 13-15/, итгэмжлэл /хх 6-7/, Туслан гүйцэтгэх гэрээ, гэрээний сунгалт /хх 9-12, 16/, М.Х ХХК-ний хүсэлт, гомдол /хх 17-19/, ашиглалтад хүлээн авсан техникийн акт /хх 20-25/,
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 37, 184/, Эрчим хүчний яам, О.Х ХХК, Билгүүн од констракшн ХХК-ний хооронд байгуулсан гэрээ, холбоотой баримтууд /хх 44-124/, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай 2014-5-23-ны өдрийн хууль /хх 185-212/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.Х ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 686 680 000 төгрөгийг хангаж, бусад хэсэг буюу 341 840 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, О.Э ХХК-ний 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөөгүй талаар маргасан бол, хариуцагч нь захиалагчийн хууль бус шаардлагын улмаас М.Х ХХК-тай гэрээ байгуулсан, ажлын гүйцэтгэлийг манайд хүлээлгэж өгөөгүй, акт үйлдээгүй гэж маргажээ.
3. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
О.Э ХХК нь М.Х ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ... тоот Туслан гүйцэтгэх гэрээ байгуулж, Б дэд төвийн цахилгааны болон холбооны шугам сүлжээний нэмэлт ажлын хүрээнд гадна холбооны ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллуулах, захиалагч ажлын хөлс 683 680 000 төгрөг төлөх, гүйцэтгэгч ажлыг 2021 оны 6 дугаар сарын 30-ны дотор гүйцэтгэхээр тус тус /хх 9-12, 52-53/ тохирчээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, О.Х ХХК болон О.Э ХХК нь Б дэд төвийн цахилгааны болон холбооны шугам сүлжээний ажил гүйцэтгэх ... дугаар гэрээ байгуулсны хувьд О.Э ХХК нь ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч байна.
3.1. Талууд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ... дугаартай туслан гүйцэтгэгчийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэхээр хугацааг сунгасан байх /хх 16/ ба ажлын гүйцэтгэлийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр М.Х.С ТӨК-д хүлээлгэн өгчээ. /хх 20-25/
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын гүйцэтгэлийг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй, өөрөөр хэлбэл, захиалагч О.Э ХХК-д хүлээлгэн өгөх байжээ. Үүнээс дүгнэвэл, захиалагч нь өөрийн хүсэл зоригоор туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаагүй гэх үндэслэл болсон байна.
Нөгөө талаас, О.Э ХХК нь Монгол улсын олон улсын Арбитрийн шүүхэд Нийслэлийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь энэ хэргийг хэлдэлцэхэд саад болохгүй.
3.2. Хэдийгээр туслан гүйцэтгэгч ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй боловч явцын хяналтыг захиалагч гүйцэтгэж байжээ. Ажлын үр дүнгийн доголдлын талаар болон туслан гүйцэтгэгч өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэсэн талаар маргаагүй байна.
3.3. Монгол улсын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон баталсан /Legalinfo/ байх ба Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын тамгын газар нь Б дэд төвийн цахилгааны болон холбооны шугам сүлжээний ажлын санхүүжилт хийгдээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
3.4. Туслан гүйцэтгэх гэрээний 4.1 дэх хэсэгт Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацанд нь гүйцэтгэж чадаагүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд хийх ёстой ажлын үнийн дүнгийн 0.1 хувиар буруутай талдаа алданги ногдуулах, гэрээний 5.2 дахт хэсэгт Ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчаас төлбөр орж ирсэн өдрөөс хойш 1 хоногийн дотор туслан гүйцэтгэгчид нэхэмжилсэн дүнгээр төлбөрийг бүрэн шилжүүлэхээр тус тус тохирчээ.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу туслан гүйцэтгэгч М.Х ХХК нь захиалагчид ажлыг хүлээлгэж өгөөгүйгээс гадна төслийн санхүүжүүлэгч санхүүжилт хийгээгүй байх ба энэ талаар талууд маргаагүй.
Хэдийгээр О.Э ХХК нь санхүүжилтийг хүлээж аваагүй, нэмэлт санхүүжилт шаардсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
3.5. Энэ тохиолдолд нэхэмжлэгч алданги гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.
4. Хариуцагч О.Э ХХК нь М.Х ХХК-тай байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай туслан гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн, 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.
Монгол Улсын 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Санхүүжилтийн ерөнхии хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсан, хууль хүчинтэй байна.
Монгол улсын соёрхон баталсан энэ хуулиар ...худалдан авах ажиллагааны журам зөрчсөн бол гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар нарийвчлан зохицуулаагүйгээс гадна О.Э ХХК нь туслан гүйцэтгэгчийг бусдын шахалтаар, өөрөөр хэлбэл, өөрийн хүсэл зоригоос гадуур сонгосон гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Түүнээс гадна Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээг чөлөөтэй, хүсэл зоригоо илэрхийлэх, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж эрхтэй боловч М.Х ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр өөрсдөө сонгоогүй гэх үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцлийг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, М.Х ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулснаар үр дүн гаргаагүй буюу ажлыг хийж гүйцэтгээгүй үндэслэл тогтоогдоогүй, гэрээ байгуулсан дүр үзүүлэхийг талууд эрмэлзээгүй байна.
Ажил гүйцэтгэх гэрээний хугацаанд захиалагч явцын хяналтыг тавьж байсан, хэдийгээр гэрээний зүйлийг захиалагчид хүлээлгэн өгөөгүй боловч үр дүн бий болж, ажлыг гүйцэтгэсэн тул гэрээ хэлцэл хүчин төгөлдөр болно.
5. Эрчим хүчний яам, О.Х ХХК, Билгүүн од констракшн ХХК-ний хооронд байгуулсан гэрээ, холбоотой баримтууд /хх 44-124/ нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамжид гаргасан гомдолтой холбоотой болно.
6. Нэхэмжлэгч М.Х ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 5 285 530 төгрөг, хариуцагч хариуцагч О.Э ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа 3 576 350 төгрөгийг тус тус төлсөн байна. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 5 285 530 төгрөг, хариуцагчаас төлсөн 3 576 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э ХХК-иас 3 576 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Э ХХК-иас 683 680 000 /зургаан зуун наян гурван сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулж М.Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 341 840 000 /гурван зуун дөчин нэгэн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Э ХХК, М.Х ХХК хооронд байгуулсан 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай Туслан гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн О.Э ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М.Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 285 530 төгрөг, хариуцагч О.Э ХХК-иас төлсөн 3 576 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э ХХК-иас 3 576 350 /гурван сая таван зуун далан зургаан мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж М.Х ХХК-д олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА