Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/22

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан, 

Улсын яллагч Б.Даваахүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн Д-д холбогдох эрүүгийн 2438002570492 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Дгийн Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын **** дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газарт ******* улсын дугаартай ******* маркийн “Д” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэх заалт, мөн дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Ц.Э, М.Т нарын амь насыг хохироосон, мөн Д.Бийн биед баруун талд 3-7 -р хавирга, зүүн далны сэртэнгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол, Ц.Ц-ын биед олон яс уулзах үеэр салсан хугарал, зүүн умдаг ясны хугарал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шөнө ******* сум орж бэр гуйчихаад буцаж явах замдаа ******* сумын 6 дугаар багийн нутагт байдаг ******** уруудаж яваад машины урд талын тоормос гацасны улмаас миний жолоодож явсан пургон машин давааны уруу хэсэг рүү онхолдсон. Зам тээврийн тээврийн ослын улмаас газар дээрээ хоёр хүн нас барч бусад хөнгөн хүнд хэлбэрээр бэртсэн осол болсон юм...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 28-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 30-34-р хуудас),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35-37-р хуудас),

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 38-41-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 74, 77, 209-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өглөө 09 цагт хамаатнуудын хамт Хөвсгөл аймгийн ******* суманд бэр гуйх ажлаар хадаг хүргэж өгөхөөр жолооч Д-тэй түүний машинтай талийгаач Э, Н, Ц, Б нарын хамт явцгаасан. ...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минутад Ц эгч рүү утсаар ярьж та нар хаана явна гэж асуухад бид нар айлд хоол идэж байна яг хаана яваагаа хэлж яриагүй би талийгаачтай утсаар яръя гэхэд унтаж байна гэсэн. Тэгээд 16 цаг 20 минутад Ц эгч рүү залгахад талийгаачийн бие нь өвдөөд байхаар нь ************ гарч яваад буцаж орж ирж эм аваад гарч байна. Тэрнээс хойш энэ хэдэн хүний утас холбогдоогүй байж байгаад өнгөрсөн шөнө гэртээ унтаж байхад сумын эмэгтэйчүүдийн холбооны дарга Т гээд эмэгтэй над руу утсаар залгаад ********ны доор хадганд явсан ****** машин унасан байна Т тэнд байна гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд манай том ах Б ирсэн зогсож байсан. Тэгээд бид нар хэрэг болсон газар луу нь шууд очиж үзэхэд давааны наана доод хэсэгт тэд нарын явсан машин газрын уруу хэсэг рүү онхолдож унасан байдалтай талийгаач нар нас барсан байдалтай байсан... ядаж оршуулгын зардлыг нь нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46, 48-р хуудас),

Хохирогч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 06 сарын 09-ний өдөр ******* сумаас өөрийн бөл дүү Н-ийн хүүгийн хадаг сүй тавихаар ******* сумын ******* гэдэг газар очоод хадгаа өгөөд 2024 оны 05 сарын 10 шөнө ******* орж айлд хоол унд хийлгэж байтал талийгаач Тийн бие муудахаар нь *******ын эмнэлэг ороод эмнэлэгт үзүүлээд *******аас орой 20 цагийн үед гараад 2024 оны 06 сарын 11-ны шөнө 01 цагийн үед ******** давж ирээд би унтсан байсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт ирсэн байсан. Би яг хаана яаж яваад машин онхолдсон гэдгийг мэдэхгүй байна. Сүүлд машины хаана онхолдсон гэдгийг мэдсэн...Надад гомдол санал байхгүй. Д жолооч хадаг өгсөн залууг хүүхэд байхад нь хурдан морио унуулдаг байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54-р хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо надад нэхэмжпэх зүйл байхгүй байна хуулийн дагуу шийдэх байх гэж хүлээж байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 58-59-р хуудас),

Хохирогч Ц.Н2ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн ******* сумаас 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү Д-ын хадаг өгчхөөд ******* сумаас гараад ******* сум руу орох ********г уруудаад явж байгаад давааны замын хажуу тал руу зорчиж тээврийн хэрэгсэл маань онхолдож зам тээврийн осол гарсан тухайн үед Д-ийн жолоодож явсан ****** дотор төрсөн ах Э, Ц, хамаатны ах Б, хүргэн дүү Т гэх хүмүүс явж байгаад зам тээврийн осолд орж тухайн газар дээр төрсөн ах Э болон Т нар газар дээрээ нас барсан би тухайн зам тээврийн осол болох үед ******ы урагшаа харсан хойд талын хэсгийн суудал дээр зорчиж явсан би тухайн зам тээврийн осолд орж хүзүү хэсэгтээ гэмтэл авсан эмчилгээ хийлгэж одоо биеийн байдал хэвийн болсон ийм л зүйл болсон...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй тухайн зам тээврийн ослоос үүдэлтэй... нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-64-р хуудас),

Хохирогч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн жилийн 06 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сум руу Н, Б, талийгаач Э, Т, тэгээд миний өөрийн бие болон Д нарын хамт явж бэр гуйж яваад ******* сумынхаа нутаг дэвсгэрт орж ирээд ******** гэдэг газар руу уруудаж яваад сууж явсан машин маань онхолдож бид зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авч хохирсон зүйл болсон. Тэгээд миний биеийн байдал асар хүнд бэртэж аймгийн эмнэлэгт сумын эмнэлгийн машинаар хүргэгдэж ирээд аймгийн эмнэлэгт 3-4 хоног эмчлэгдэж байгаад Улаанбаатар хот руу өөрийн зардлаар гэмтэл согсгын үндэсний төвд очиж хоёр дахин хагалгаанд орсон одоог хүртэл эмчилгээ хийгдэж байгаа...Би сэтгэцэд учирсан гэмт хорын зэрэглэл тогтоолгохгүй, илүү дутуу юм нэхэмжлэхгүй эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 68-70-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаартай: “...Амь хохирогч М.Тийн цогцост суурь, гавал ясны бяцарсан хугарал, заадлын салалт, аалзан хальс доорх цус харвалт, тархины няцрал, хуйхны урагдал, зүүн хацар, хүзүү, зүүн бугалга, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуу, сарвуу, хэвлийд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо... М.Т нь гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь Гавал тархины хавсарсан гэмтэл, хуйхны урагдал, гавал яс, суурь ясны бяцарсан хугарал, заадалын салалт, аалзан хальс доорх цус харвалт, тархины няцрал зэрэг шинжээр батлагдаж байна. М.Тийн цусанд 1,8 промилли спирт илэрсэн ба дунд зэргийн согтолттой байжээ...”  гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 84-85-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 103 дугаартай: “...Амь хохирогч Ц.Эын цогцост олон хавирганы хугарал, хоёр уушги, элэгний няцрал, зүүн шанаа, хацар, баруун чамархайд шарх, зүүн хацар, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...Ц.Э нь цээж, хэвлийн битүү гэмтлийн улмаас нас барсан байна. Энэ нь цээжний баруун талд 3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, хоёр уушги, элэгний няцрал, дотор эрхтний цус дүүрэлт, тархи уушгины хаван, зүрхний гадаргуу дахь цус харвал /тарьде толбо/ зэрэг шинжээр батлагдаж байна. Ц.Эын цусанд 2,5 промилли спирт илэрсэн ба дунд зэргийн согтолттой байжээ...”  гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 94-95-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай: “...Иргэн Д.Дгийн биенээс авсан цусанд спирт илэрсэнгүй...”  гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 114-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 348 дугаартай: “...Д.Бийн биед баруун талд 3-7 -р хавирга, зүүн далны сэртэнгийн хугарал гэмтлүүд тогтоогдлоо.З. дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-тзааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...”  гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 123-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 339 дугаартай: “...Ц.Цын биед олон яс уулзах үеэр салсан хугарал, зүүн умдаг ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.,4. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...”  гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 130-131-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 462 дугаартай: “...Ц.Нгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...”  гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 136-р хуудас),

Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн: “1. Хэрэг болох үед ******* улсын дугаартай ******** маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан "... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... гэх заалт, мөн дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа (хх-ийн 139-141-р хуудас),

Шинжээч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хаана байгааг эзэмшигч Д.Д-ийн утас руу залгаж асуухад одоо манай хашаанд Мөрөн сумын 6 дугаар багт байна. Машинаа задалсан одоо рам төмөр л байна гэсэн зүйл ярьсан тул дүгнэлт гаргах боломжгүйг мэдээд очиж үзээгүй тул дүгнэлт гаргаагүй...Би энэ хүнийг танихгүй...Би энэ албан тушаалд буюу оншлогч инженерээр ажлаад 15 жил болж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 149-р хуудас),

Шүүгдэгч нь хохирол төлбөр төлсөн талаарах хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нартай байгуулсан эвлэрлийн гэрээнүүд (хх-ийн 198-205-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Д-ийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах прокурорын ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Д-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

  Бусад асуудлын талаар:

            Эрүүгийн 2438002570492 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Д-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Д-ийн Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 9 (ес) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 (ес) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн 2438002570492 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР