Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/04114

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/04114

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ..., Борнууд овогт М-ын Э,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... дугаар орц, ... тоотод оршин байрлах, регистр ..., Г ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Энгельс гудамжны ... тоотод оршин суух, регистр ..., Х овогт Д-гийн Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа, хариуцагч Д.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Э нь Г ХХК, Д.Ц нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Г ХХК, захирал Д.Ц-тэй зээлээр дизель түлш худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээний зорилго нь 27 000 литр түлшийг надад зээлээр худалдах, зээлийн барьцаанд ... улсын бүртгэлийн дугаартай ... дүүргийн ...-р хороо, ... хотхоны ...-р байрны ... тоот ... м.кв 2 өрөө орон сууц, мөн ... дугаарт бүртгэлтэй ... тоот авто зогсоолыг барьцаалах байсан. Барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байтал Д.Ц нь 2 өрөө байрыг 30 сая төгрөгөөр, авто зогсоолыг 5 сая төгрөгөөр худалдан авсан, төлбөрийг төлж дуусгасан гэж өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээг халхавчлах маягаар хийгдсэн. Зээлээр дизель түлш худалдах, худалдан авах гэрээ нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан, худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хийсэн. Барьцааны гэрээг дүр үзүүлж халхавчлан хийсэн гэж үзэж байгаа. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани М.Э болон түүний дүү гэх Э.Б нарын хүсэлтээр ... дүүргийн ... хороонд байрлах байр, авто зогсоолыг компаний хувьцаа эзэмшигч, захирал Д.Ц-ийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Шилжүүлэхдээ Э.Б нь өмчлөгч Б.Б-оос итгэмжлэл авсан байсан. М.Э манайд олон удаа хүсэлт тавьж байсан, барьцаа олоод ирье гээд энэ байрыг олж ирсэн. Барьцааны гэрээ байгуулъя гэхээр өөр хүний өмч байсан. Ингээд Д.Ц-ийн нэр дээр шилжүүлсний дараа М.Э нь 2019 оны 8 дугаар сарын 30-нд 52 380 000 төгрөгийн түлш зээлээр авсан. Гэтэл мөнгөө төлөөгүй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр нэхэмжлэл гаргаад 74 903 400 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ 2 байрыг төлбөртөө тооцож аваад ажиллагааг хааж өгөөч, зөрүү төлж чадахгүй гэж М.Э байнга биднээс гуйдаг. Ингэж гуйгаад байгаа атлаа удаа дараа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй. 2021 онд байр, зогсоолыг захиран зарцуулсан байгаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хандармаа шүүхэд гаргасан тайлбартаа: Г ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч Д.Ц нь Дизель түлш худалдах, худалдан авах тухай гэрээг худалдан авагч М-ын Э-ын хүсэлтээр 2019 оны 8 дугаар сарын 30-наас 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хуанлийн 30 хоногийн хугацаанд зээлээр өгөхөөр үүрэг хүлээн дизель түлшээ хугацаандаа нийлүүлсэн, харин худалдан авагч тал нь тус түлшний үнийн 35 сая төгрөгт ... дүүргийн ...-р хороо ... хотхоны 108 байрны ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий ... улсын бүртгэлийн дугаартай орон сууц, тус байрны ... тоотод байрлах, ... м.кв ... улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолыг тус тус миний нэр дээр шилжүүлэн дээрх гэрээний хугацаанд барьцаалсан. Энэхүү гэрээний үнийн дүн 52 380 000 төгрөг. Энэхүү гэрээний 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар манай компани барьцааны зүйлийг гэрээний хугацаанд өөрийн нэр дээр байлгах ба бусдад дамжуулан шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дээрх эд хөрөнгийг худалдах, худалдан авах санаа зорилго хэн алинд нь байгаагүй гэжээ. Гэтэл дизель түлш худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр дизель түлшний үнийг төлж дууссанаар гэрээний үүрэг дуусгавар болох атал одоог хүртэл нэг төгрөг ч төлөөгүй байгаа. Мөн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төлбөр хугацаандаа төлөгдөөгүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцогдох ба 15 хоног хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны болон авто зогсоолын гэрээнүүдэд төлбөрийг талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр хийж болно гээд төлбөр тооцоо дууссан гэсэн нь дээр дурьдсан дизель түлшний үнэд шилжүүлсэн явдал юм. Түүнчлэн мөн гэрээ нотариатчаар гэрчлэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэн шаардлагууд хангагдсан тул энэхүү эд хөрөнгийн худалдан худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Түүнчлэн М.Э нь өөрийн худалдаж авсан түлшний үнэ болох ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамжинд заасан 74 903 400 төгрөгт уг 2 хөрөнгийг төлбөртөө тооцон авч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа өөрт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоож өгөөч, зөрүү төлбөрийг өгч чадахгүй байна Д.Ц-ээс удаа дараалан гуйж байгаа. Гэтэл ингэж гуйгаад байгаа атлаа удаа дараалан уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргаад байгаа нь ойлгомжгүй байна гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Дизель түлш худалдах, худалдан авах гэрээ /хх 6/, Г ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 7/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 8, 11/, Д.Цийн өмчлөх эрхийн гэрчилгээ /хх 9, 12/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 10, 13/,

Хариуцагчаас: Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх 45-47/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь Б.Б, Д.Ц нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр хэлцэл тул өмчлөх эрхийн гэрчилгээ авсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

4.Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

4.1. М.Э нь Г ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дизель түлш худалдах, худалдан авах гэрээ хийж, 52 380 000 төгрөгийн түлшийг зээлээр худалдан авчээ.

Худалдан авагч түлшний үнийг төлөөгүйгээс ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 74 903 400 төгрөг гаргуулахаар шийдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэх ба энэ талаар талууд маргаагүй байна.

4.2. Дизель түлш худалдах, худалдан авах гэрээний дагуу улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ...-р хороо, ... хотхоны ... байрны ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбай, 2 өрөө сууц, ... дугаарт бүртгэгдсэн ... тоот хаягт байршилтай, ... м.кв талбай бүхий авто зогсоолыг барьцаалахаар тохирсон боловч нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.

4.3. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг Д.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Б-оос худалдан авч, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өмчлөгч байна.

Ийнхүү Д.Ц өмчлөгчөөр бүртгэгдсэнээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болсон байх ба талууд гэрээ хэлцлийн талаар маргаагүй, улсын бүртгэл үнэн зөв байна.

4.4. Дээрх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцлийг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулахдаа дүр үзүүлэхийг эрмэлзээгүйгээс гадна гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй байна.

 

4.5. Нөгөө талаас, хариуцагч Г ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул Д.Ц, Б.Б нарын хооронд байгуулсан хэлцлийн үр дагаварыг шаардсан нь үндэслэлгүй гэж үзлээ.

4.6. Өмчлөгч Д.Ц нь 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Ц-той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч М.Э мэдсэн байна. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 332 950 төгрөг төлсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Ц, Б.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /орон сууц/, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /Автозогсоол/-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн М.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА