Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Хохирогч Б.Н (цахимаар),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын Д-д холбогдох эрүүгийн 2538000590304 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Х овогт Бын Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “******” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 3 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор талд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “******” баарны гадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Нтай маргалдаж улмаар нүүрэн тус газарт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн доод 3 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор талд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:   

Хохирогч Б.Н-ийн Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 7-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 48-51-р хуудас),

Шүүгдэгч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тухайн үед би баарны дотор 2 хүнд пиво авч өгсөн асуудал байгаа, тэгэхэд Б.Н хажууд зогсож байсан баарны гадна хохирогч тамхи татаж байхдаа надаас архи, пиво аваад өг гэж нэхсэн. Анх удаа Б.Н гэх хүнийг тэгэхэд харсан...Б.Н намайг дагаад явуулахгүй байхаар нь би цааш нь түлхэхэд унасан, өөрөө болж байгаа явдлыг ухамсарлах чадваргүй маш их согтолттой байсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон байдаг. Хохирогчийг санаатайгаар цохиод, шүдийг нь унагая, ямар нэгэн гэмтэл учруулъя гэсэн зүйл байхгүй. Намайг явуулахгүй хориглоод байсан учир явахын тулд цааш нь түлхэхэд цас орсон байсан учир халтираад унасан, унахдаа шүдний тал хэсэг нь хугарсан...Түлхэж унагасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Зүйлчлэл дээр маргах зүйлгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний бие махбод, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж заасан нь санаа сэдэлтэйгээр гэсэн байна, намайг явуулахгүй хориглоод байсан учир л түлхсэн....Би хохирогчийн эмчилгээний зардалд 450,000 төгрөг өгсөн... ” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ****** баарны гадаа Б.Д-тэй маргалдсан, яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. ****** баарны хажууд хуучин **** дугаар цэцэрлэгийн ойролцоо маргалдаж байгаад намайг 1 удаа цохиод машинд суугаад явсан...Гомдол санал байхгүй...Маргааш нь манай найз н.Н Б.Дтэй маргалдсан гэж хэлсэн, хамгийн сүүлд шүүгдэгчийг улаан өнгийн ******* автомашинд сууж явахыг харсан, мөн тухайн хэрэг болсны маргааш ****** баарны камерын бичлэг шүүж үзэхэд Б.Д-тэй маргалдаж байсан, намайг яг цохиж байгаа хэсэг камерын бичлэгт байхгүй байсан. Бид 2 маргалдаад ****** баарны үүднээс тойроод явж байгаа нь камерын бичлэгт байсан...Д надад 450,000 төгрөг өгсөн...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баарнаас гараад гэртээ харих гэж байхад миний зүс харж байсан Д гэх хүн шууд манай найзыг дагуулж яваад нүүр тус газарт цохиод авсан...Тэгсэн манай найзын шүд нь хугарчихсан байсан. Харин Д гэх хүн улаан ******* маркийн машин дотор суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),

Гэрч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 28 өдөр би оройн цагаар таксид явж байхдаа Мөрөн сумын **** дугаар багт байрлах ****** баарны гадаа 01 цагийн үед зогсож байхад миний зүс таньдаг хүн болох Д баарнаас гарч ирж байсан. Тэгсэн Д миний машин дээр хүрч ирээн намайг таксинд явах уу гэж надаас асуухаар нь би явна гэж хэлсэн. Тэр үед нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг хүн Д дээр ирээд пивоны мөнгө байвал өгөөж гээд байх шиг байсан. Харин Д мөнгө байхгүй гэж хэлээд явах гэтэл тухайн хүн явуулахгүй мөнгө нэхээд байх шиг байсан. Харин Д нь цээж хэсэг рүү түлхээд миний машин дотор суугаад гэрийнхээ хаягийн хэлээд бид 2 гэр рүү явсан. Би тэр үед Дгээс юу болсон талаар асуухад нэг танихгүй согтуу хүн надаас юм нэхээд өрөөсөө түлхээд холдуулаад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25, 128-р хуудас),

Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг очих үед Н, Н хоёр гайгүй согтолтой байсан. Ер нь миний өөдөөс хэвийн ярьж байсан. Надад зөвхөн зодуулчихлаа гэж хэлсэн. Харин миний санахаар бол Н ах надад нөгөө яагаав цагдаад ажиллаж байсан Д гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 118-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай:

1. Б.Н-н биед зүүн доод 3 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор талд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3, 4. Б.Нн биед үүссэн шүдний гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 41.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-р хуудас),

Б.Нн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 142-145-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000590304 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****** баарны гадаа архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ хохирогч Б.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь 1 удаа цохисны улмаас түүний биед зүүн доод 3 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор талд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн. Уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ****** баарны гадаа архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн үедээ хохирогч Б.Н-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь 1 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа....” гэв

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “.... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж  гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Нн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй

байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч Б.Д нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.Н-тай хамт байсан ба нүүрэн тус газарт цохисон буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Б.Нн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Дгийн нүүрэн тус газарт цохисон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.Нн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-р хуудас)-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Д хохирогчид 450,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба хохирогч Б.Н гомдол санал, нэхэмжлэх  зүйлгүй гэж  мэдүүлж  байх тул шүүгдэгч Б.Дг хохирогч Б.Нд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 48,232 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Б.Нд 48,232 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 36-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Дгээс 48,232 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...”гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 62-73-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Б.Д нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар  (хх-ийн 66-73-р хуудас)-аар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд зорчин эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000590304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Д-г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Д-ээс 48,232 (дөчин найман мянга хоёр зуун гучин хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Эрүүгийн 2538000590304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.УУГАНБАЯР