Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2026/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж, ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,

Иргэдийн төлөөлөгч Д.Н,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ггийн Бид холбогдох эрүүгийн 2538000000458 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Х овогт Ггийн Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байрлах Ц.Тын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амь хохирогч Ц.Тын “гар утсыг барьцаанд тавьсан” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт гараараа 1 удаа, хохирогчийг орон дээр унасан байхад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисоны улмаас Ц.Т нь нас барж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ****** тоотод байрлах Ц.Тын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амь хохирогч Ц.Тын “гар утсыг барьцаанд тавьсан” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт гараараа 1 удаа, хохирогчийг орон дээр унасан байхад толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисоны улмаас Ц.Тын амь насыг хохироосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

 Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-18-р хуудас),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-22-р хуудас),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 23-24-р хуудас),

Амь хохирогч Ц.Т-ын хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 25-р хуудас),

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хх-ийн 27-р хуудас),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 28-р хуудас),

Мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тухай санал (хх-ийн 29, 31-р хуудас),

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 40 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хх-ийн 30-р хуудас),

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хх-ийн 32-р хуудас),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 78-82-р хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 99-100-р хуудас),

Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хх-ийн 178-180-р хуудас),

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн үед гар утсыг нь аваад барьцаанд тавиад архи авсан байсан. Үүнээс болж маргаан үүссэн...Би цохисны улмаас толгойндоо гэмтэл авч нас барсан...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу...” гэх мэдүүлэг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод байж байсан чинь манай ээжийн том эгчийн охин Д над руу залгаад ээж чинь гэртээ нас барсан байна. Сая түргэн ирээд үзээд явлаа гэж хэлээд нас барсан гэдгийг мэдсэн...Архи уудаг байсан. Сүүлийн 2-3 жил архи ууж байгаа...Надад санал, хүсэлт, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38, 40-р хуудас),

Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанын шатанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цагийн үед найз эмэгтэй болох О-ийн хамт найз Тын гэрт очсон. Т нь Мөрөн сумын **** дугаар багт ганцаараа амьдардаг. Намайг гэрт нь очих үед Т гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. О бид хоёр замаараа ***** нэртэй дэлгүүрээс Хамаг монгол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи худалдан авсан байсан. Тухайн худалдан авсан архийг Т, О бид гурав хувааж уусан. Тэгээд би тухайн айлын баруун талын орон дээр ганцаараа тасраад унтсан. Намайг өглөө 07 цагийн үед сэрэхэд О гэрийн хоймор хэсэгт газар ганцаараа, Т гэрийн зүүн талын орон дээр ганцаараа унтаж байсан. Тэгээд би Тыг сэрээх гэтэл бие нь хөдлөхгүй хөрсөн байхаар нь түргэн тусламж дуудах гэтэл миний гар утас унтарсан байхаар нь О-ийг дуудаж сэрээгээд Т-ын төрсөн дүү Бын гэрт нь очиж эхнэрийнх нь утсаар эмнэлэгт дуудлага өгсөн. Б гэртээ байхгүй эхнэр нь болох Н гэртээ ганцаараа байсан. Тэгээд эргээд Тын гэрт эргээд очиход эмнэлэг ирсэн байсан... Би мэдэхгүй байна тасраад унтсан байсан. Өглөө сэрээд О-эс асуухад миний танихгүй хоёр эрэгтэй хүн 1 шил архитай ирсэн гэж байсан. Намайг өглөө сэрэхэд байхгүй байсан. Би тухайн 2 эрэгтэй хүнийг танихгүй. Нэрийг нь ч мэдэхгүй. Өглөө О-эс сонссон...Баруун талын хацар хэсэг нь шалбарсан байдалтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Тийм зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас),

Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би галын хайчаар цохисон гэдгийг сайн мэдэхгүй байна. Тухайн үед ямар ч байсан тойроод сууж байгаад Н бид хоёрын авчирсан архийг хувааж уугаад талдаа арай ороогүй байхад талийгч болон Б хоёр гар утаснаас болж маргалдсан. Энэ хоёр тэр өдөржингөө ер нь гар утасны маргаантай байсан. Миний сонсож байснаар утсаа авъя миний өнгөрдөг нөхрийн зээлийн мэдээлэл ирдэг юм аа гэсэн чинь Б “би утсыг чинь ногоон дэлгүүрт зарсан” гэж хэлэхэд талийгч юу хуцаад байгаа юм утас олж өг гэхэд Б “мөнгөтэй болохоороо авч өгнөө” гэж хэлж байсан....Тэгээд тойрж суугаад хоёр дахь шил архины талд арай ороогүй байхад Б нь Нд хандаж явъя гээд гэрээс гарах гэж байхад нь талийгч явуулахгүй утас олж өг гэж хэлээд дээлээс нь татсан чинь Б нь талийгчийг цаашаа бол гээд толгой хэсэг рүү нь цохисон чинь талийгч орон дээр унасан. Тэгэхэд Б нь талийгчийг унасан байхад дахиж толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэр үед Н нь Б-ийг аваад гэрээс гарсан.... Талийгч тэр архинаас уусан. Тэгээд архи ууж байгаад би ширээний хажууд ор засаад унтаад өгсөн. Тэгээд үүрээр сэрээд харсан чинь талийгч гэрийн баруун талд байх угаалгын машины хажууд дээшээ харсан хэвтэж байхаар нь очоод амьсгалж байна уу гээд гараа хамрынх нь урд бариад үзсэн чинь амьсгаа авахгүй байсан. Ямар ч байсан гэрийн тооноор харахад гадаа бага зэрэг гэгээ орсон байсан. Тэгээд би талийгчийг өргөж Б-ийн унтаж байсан орон дээр хэвтүүлээд хөнжил, дээлээр хучаад буцаад унтсан. Тэгээд өглөө нар мандсан байхад сэрээд харсан чинь талийгч яг хэвтүүлсэн чиг чигээрээ байхаар нь Бэд хандаж хүүе ээ талийгч яасан юм шалгаач цээжин дээр нь гараа тавиад үзээч гэсэн чинь Бэ 2-3 удаа Т гэж хэлээд нэрээр нь дуудсан чинь ямар ч хариу үзүүлэхгүй байсан. Бас Б гараараа цээжин дээр нь тавьж үзээд уг нь бүлээн байна, хоёулаа одоо босъё Т нэг л эвгүй байна гэж хэлээд бид хоёр босоод шууд Н-ийн гэрт очсон. Тэгээд Нд талийгчийг нас барсан гэдгийг нь хэлээд утсаар нь эмнэлэг дуудсан. Нтай уулзаад Б бид хоёр буцаад талийгчийн гэрт очсон чинь талийгч яг хэвтсэн чигээрээ хөдөлгөөн хийгээгүй байсан. Тэгээд эмнэлгийн машин 30-40 минутын дараа ирээд эмч нь ирж талийгчийг үзээд нас барсан байна гэдгийг нь хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-51, 53-54, 56-58-р хуудас),

Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанын шатанд өгсөн: “...Энэ зүйл худлаа байна. Тухайн үед Г.Б нь манай гэрт ерөөсөө ирээгүй утас ч надад өгөөгүй, манай гэрт цэнэглээд үлдээсэн зүйл байхгүй. Харин 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед шиг санагдаж байна Б нь манай гэрт ганцаараа ирсэн. Тухайн үед Б нь надад “хүргэн архи уусан аягүй бол хэрэлдэх зүйл болно танайд хоноод явъя” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд гэртээ хонуулсан. Тэгээд өглөө намайг сэрэхэд яваад өгсөн байсан. Хэдэн цагт гараад явсан гэдгийг нь мэдэхгүй байна. Ингээд өглөөний 09 цагийн үед хашааны хаалга хүн нүдээд байхаар нь гараад харахад Б, О хоёр байсан. Тэгээд О нь надад талийгчийн нас барсан ямар ч хөдөлгөөнгүй байна гэж хэлсэн. Б надад амь хохирогчийн талаар юу ч хэлээгүй. Б нь манай нөхрийн том эгчийнх нь хүүхэд байгаа юм. Тухайн үед Бийг согтуу байхаар нь дуугай цаад өрөөндөө унт гэж хэлээд оруулсан. Гайгүй халамцуу л байх шиг байсан. Ухаан мэдэрлээ алдсан согтуу биш байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 60, 62-р хуудас),

Гэрч Б.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр орой харин цагдаа дээр мэдүүлэг өгөөд гараад явж байхад Б-ийн ээж нь гээд нэг хөгшин эгч ирээд миний хүүг цохисон зодсон гэж битгий хэлээрэй гээд гуйгаад байсан юм. Харин би тэр эгчид яг үнэнээр нь хэлсэн шүү гэж хэлээд яваад өгсөн. Сая би танд мэдүүлэг өгөхдөө харин тэр эгчийг бодоод буруу зөрүү юм хэлчихлээ. Яг болсон үйл явдал гэвэл бид нарыг тойрж суугаад архи ууж байхад талийгч Г.Б хоёр утаснаас болж маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад тэр талийгч эмэгтэй ухасхийгээд зуухны хажуу талаас галын хайч аваад Б-ийн баруун мөр лүү нь цохисон. Тэгэхэд Б нь уурлаж босож ирээд талийгчийн нүүр лүү нь гараа атгаж байгаад цохисон чинь тэр талийгч эмэгтэй ард байсан орлуугаа саваад унасан. Тэгээд тэр талийгчийг орон дээр унасан байхад Б нь ардаас очоод толгой хэсэг рүү нь 1-2 удаа цохиод авсан. Би тухайн үед сууж байсан болохоор яг толгойны аль хэсэг рүү нь цохисон гэдгийг нь анзаарч хараагүй. Тэгээд Бийг тэр эмэгтэйг зодоод байхаар нь би гялс босоод Б-ийн ардаас очиж дээлийн бүснээс нь татаад гэрээс гаргасан. Тэгээд гарахад гадаа бүрэнхий болсон байсан....Тухайн өдрийн 20 цаг 53 минутад Н-ийн эхнэр болох М нь "манай нөхрийг хүн цохиж унагаад ухаан алдчихлаа" гэсэн дуудлага өгсөн.... Тэгэхэд Бын байшингийн гадаа үүдэнд эхнэр М Нийг өвөр дээрээ тэвэрсэн байж байсан.... Баруун талын нүдний хэсэг зулгарсан шархтай, дагзны булчин чангарсан, хүүхэн хараа өргөссөн, биеийн байдал ямар байна гэж асуухад урдаас би зүгээр байна гэж хариулж байсан. Тэгээд эмчилгээг эхлүүлэхээр гэрт оруулахад эргэж ухаан алдсан. Тэгээд яаралтай эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-66, 66-67, 68-69-р хуудас),

Гэрч Д.О, Б.Н нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл (хх-ийн 72-73-р хуудас),

Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***** **** дугаар багт байх талийгаач Тын гэрт 17 цагийн орчим очсон нар л жаргаж байсан намайг Т ********** гэсэн дугаараас залгаад Б агсам тавиад дийлдэхгүй байна та хүрээд ирээч гэхээр би очсон юм. Намайг очих үед Оюунаа эмэгтэйтэй Б ам зөрж маргалдсан юм шиг байсан. Миний ойлгосноор Б Тын утсыг ломбардад урд өдөр нь тавьсан юм шиг байна лээ тэгээд хоорондоо маргалдаад байхаар нь би Бид хандан чи эмэгтэй хүмүүсийг ингэж элэг барьж болохгүй гэж хэлсэн чинь чамд хамаагүй гээд надад агсагнах маягтай болохоор нь би гэрээс нь гараад явсан. Тэгээд гэрийн хаяанд хавсарч унагаагаад өшиглөөд байсан би эрүүл байсан болохоор завсар гарахаар нь цагдаа дуудлаа гээд тэндээс зугтаасан...Б нэлээд согтуу унтаж байсан. О газар унтаж байсан. Т, Б 2 бол нэлээд согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 76-77-р хуудас),

Шинжээч Р.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тархины битүү гэмтлийг гараараа цохих үед үүсэх боломжтой. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн хүчээр мөн цохих үйлдлээр үүснэ. Хатуу мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй зүйл, халуун хүйтний нөлөө хүчил шүлтийн үйлчлэлээс бусдыг хамааруулж ойлгоно. Үүнд атгасан гар, хөл, чулуу, мод гэх мэт бүх зүйл орно. Нэг удаа цохиод үүсэж ч болно нэлээн хэдэн удаа цохиж үүсэж ч болно. Аль аль нь болно. Тухайн гэмтлээсээ хамаарч янз бүр байна. Харин Ц.Т-ын хувьд цусан хураа нь зүүн тал бөмбөлгийн дух, зулай дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа нь их хэмжээтэй үүсгэгдсэн тархийг дарсан учир богино хугацаанд ухаантай байж нас барсан байна. Тухайн үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол тархины цусан хурааг хагалгаа хийж авсан бол амь аврагдах боломжтой байсан. Тиймээ 1-2 удаа цохих тохиолдолд үүсэх боломжтой. Амь хохирогчийн хувьд үүссэн тархины битүү гэмтэл нь цохилтын хүчээр үүссэн. Амь хохирогч нь уг гэмтлийг авсан тохиолдолд богино хугацаанд үг хэлэх, ёолох зэрэг үйлдлүүд хийж болно. Гэхдээ согтолтын хэмжээ нь хүнд зэрэгтэй байсан учир ямар нэгэн өвдөлт мэдрэхгүй байх боломжтой. Буйланд учирсан шарх, эрүүний доод хэсэгт учирсан цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохиролын хөнгөн зэрэг, бусад дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун сарвуу, баруун даланд учирсан зулгаралт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэгт хамаарахгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 85-87-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаартай: “Г.Б-ийн биеэс авсан гэх цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 92-93-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 180 дугаартай:

1. Талийгаач Ц.Тын биед зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархи дарагдал, дээд буйланд шарх, дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн цохих, нидрэх, үрэх үйлдлээр үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

2. Архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхэд талийгаач нь нас бараад 9-12 орчим цаг өнгөрсөн байжээ.

4. Талийгаач нь нас барах үедээ хүнд /2,6 промилли/ зэргийн согтолттой байжээ.

5. Талийгаач Ц.Т нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Зүүн тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархи дарагдал, дээд буйланд шарх, дух, баруун хацар, эрүү, хүзүү, баруун сарвуу, баруун даланд зулгаралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг шинжүүдээр батлагдаж байна” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 101-103-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 178 дугаартай:

1. Ц.Тын цогцсоос авсан цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 106-107-р хуудас),

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай: “...Одоогоор сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй. Г.Б нь ямар нэг сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан бол уг өвчний улмаас эмчлүүлж байгаагүй. Хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт, шинжилгээ (хх-ийн 114-116-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000458 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Г.Б нь 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сум ****** тоотод байрлах амь хохирогч н.Тын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ н.Тын гар утсыг барьцаанд тавьсан гэх шалтгааны улмаас түүнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн хэсэгт нь 1 удаа, мөн хохирогчийг орон дээр унасан байхад нь толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж тархины битүү гэмтэл учруулсны улмаас амь хохирогч тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Г.Б гэм буруу дээр маргаагүй, мөн шүүгдэгч болон амь хохирогч нар хоорондоо садан төрлийн холбоотой. Амь хохирогчийн буяны ажилд нийт 12.000.000 төгрөг өгсөн ба 7.000.000 төгрөгийг Г.Бийн төрсөн ах, 3.000.000 төгрөгийг ээж нь тэтгэврийн зээл авч өгсөн байдаг. Гэвч үүнийгээ нотлох баримт байхгүй гэж ярьдаг юм. Тиймээс хохирол төлбөр төлсөнд тооцох саналыг хэлье...” гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг буруутай...” гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “амьд явах эрхтэй...”, мөн зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тус тус заасан төдийгүй Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг тодорхойлж уг эрхийг баталгаажуулан хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүнийг алах гэмт хэргийн объект нь хүний амьд явах эрх байх ба хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулж байдаг бөгөөд гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас үр дагавар үүссэн нөхцөлийг зайлшгүй шаарддаг юм.

Шүүгдэгч Г.Б нь амь хохирогчийн толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон санаатай үйлдлийн улмаас Ц.Т нь тархины битүү гэмтэл авч, тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан байх ба энэ нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Г.Бийн толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсаныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Ц.Ттай хамт байсан төдийгүй шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн тархинд гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисны улмаас хохирогчид тархины битүү гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээч Р.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тархины битүү гэмтлийг гараараа цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан,  шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна.

Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний амь насыг хохироон хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Г.Б нь Ц.Тын амь насыг хохироосон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нь нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй гэдэг нь бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан: иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 160-177-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Б нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 164, 166-177-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 115-116-р хуудас)-ээр тогтоогдсон болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг хувийн байдлууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000000458 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 49 см урттай төмөр галын хайч 1 ширхэг, 78 см урттай улбар шар өнгийн, гэрийн модон унины хугарсан хэсэг 1 ширхэг, 135 см урттай улбар шар өнгийн, гэрийн модон унины хугарсан хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгалаа.

Эрүүгийн 2538000000458 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 87 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Х овогт Ггийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ггийн Бийг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн цагдан хоригдсон 87 (наян долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн 2538000000458 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 49 см урттай төмөр галын хайч 1 ширхэг, 78 см урттай улбар шар өнгийн, гэрийн модон унины хугарсан хэсэг 1 ширхэг, 135 см урттай улбар шар өнгийн, гэрийн модон унины хугарсан хэсэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн 2538000000458 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР

 

 

                                        ШҮҮГЧИД                             Т.ХҮРЭЛБААТАР

 

 

                                                                                      А.ДӨЛГӨӨН