Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/04228

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2023/04228

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, Нарны зам гудамж, ... байрны ... тоотод оршин суух, ... төвийн ерөнхий инженер ажилтай, регистр ..., О овогтой Б-ы Б,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Зүүн нарангийн ... тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ..., Б овогтой Б-ийн Т,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 3 820 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, шүүх хуралдааны нарин бичгийн дарга Б.Хуяг нар оролцов.

Хариуцагч Б.Т-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хэлэлцлээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь Б.Т-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 820 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Б овогтой Т-тай түрээсийн гэрээ байгуулж ... улсын дугаартай ... маркийн мөнгөлөг өнгийн суудлын авто машиныг хоногийн 60 000 төгрөгөөр 5 хоногийн хугацаатай түрээслүүлсэн. Б.Т нь машиныг шалгаж, хэвийн гээд хүлээн авсан. Барьцаанд 100 000 төгрөг төлж, түрээсээ 50 000 төгрөг болгооч гэсэн тул тохирч, үргэлжлүүлэн түрээсэлсэн. Машинд эвдрэл гэмтэл гарвал өөрөөсөө мөнгө гаргаад засаж сэлбээд явж байя гэж амаар тохиролцсон. Машиныг Улаанбаатар хотод ашиглана гэсэн боловч цагаан сараар Ховд аймаг руу 5 000 км явсан. Ховдоос ирээд машиныг болон түрээсээ өгөхгүй, янз бүрийн гэмтэл байсан гэх болсон. Гэтэл машиныг траншейны нүх харайлгаад түүнийхээ зургийг миний фейсбүүк рүү явуулсан байсан. Машиныг чинь засаад өгчихнө одоо мөнгө алга гэсэн тайлбар хэлээд яваад байдаг байсан. Сүүлдээ машинаа авч чадахгүй болсон тул цагдаад хэлнэ гэсний маргааш 2023 оны 5 дугаар сарын 9-ний шөнө гэрийн гадаа тавьсан байсан. Фейсбүүкийн чатаар машиныг чинь гадаа тавьсан шүү гэсэн байсан. Маргааш нь гараад үзэхэд эвдрэл гэмтэлтэй, урд талын купер бяцарсан, хаалга хонхойж эвдэрсэн, хоёр толь салаад унасан, бензинийг нь дуусгаад шар гэрлийг нь асаагаад 30 км явсан байсан. Машинд байсан гэрээгээр хүлээлгэж өгсөн зүйлс байхгүй байсан. Би тухайн өдөр нь К.Э авто машины үнэлгээний компанид үнэлгээнд оруулахад 1 200 000 төгрөгийн засварын үнэлгээ гарсан. Би машинаа өөрөө засаж авсан. Түрээслүүлэх хугацаанд 120 000 төгрөгийн торгууль гарсан байсныг өөрөөс нь нэхэж байж 100 000 төгрөг авч 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн. Машины бензиний таг эвдэрсэн, дотор тень хуурсан, шалавч урагдсан гэх мэт зүйлс байсан. Иймд Б.Т-аас 2023 оны 2 дугаар сарын 1-2023 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх түрээсийн мөнгө 4 980 000 төгрөгөөс төлсөн 2 570 000 төгрөгийг хасаад 2 410 000 төгрөг, машины засварын мөнгө 1 200 000 төгрөг, торгуулийн үлдэгдэл 20 000 төгрөг, шалавч, тень, бензиний тагны 100 000 төгрөг нийт 3 820 000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлээгүй 500 000 төгрөгийн хохирол байгаа гэв.

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б анх надад машин өгөхдөө ямар ч асуудалгүй гэж өгсөн боловч доогуураа маш их дуу шуутай, тачигнаж дуугардаг, тормоз гишгэхэд хатуу, пидал нь хөл рүү түлхдэг, бензин их иддэг, паар нь муу ажилладаг, урд гупер сэвтэй, будаг замаск ихтэй, бичиг баримтыг канондож надад түрээсэлсэн. Би машин сайн мэдэхгүй, цагаан сар дөхсөн, санхүүгийн боломж муу байсан, энэ хүнд итгэсэн тул машиныг түрээсэлсэн. Б.Б-т энэ бүгдийг хэлсэн боловч зүгээр гээд тоохгүй байсан. Машиныг унаад явж байтал жолоочийн эсрэг талын 5 бул шаариг нураад 160 000 төгрөгөөр ачуулсан, 100 000 төгрөгөөр бул авч тавьсан. Энэ талаар Б.Б-т хэлсэн. Тэгээд унаад явж байтал урд тачигнасан дуу нь хэвээрээ байсан. Тэгээд 40 000 төгрөгөөр 2 удаа янзлуулсан. Гэтэл урд жолоочийн эсрэг талын хужаа гаран дээр түлк гагнаад хийсэн байна гэсэн. Гарыг комоор нь солихгүй бол энэ дуу арилахгүй гээд 120 000 төгрөгөөр солиулсан. Энэ талаар Б.Б-т хэлээд тохиролцоод өдрийн 40 000 төгрөгөөр болсон. Эвдэрч гэмтвэл түрээсээс хасч засвар үйлчилгээг хамтарч хийлгэхээр болсон. Гэтэл Цайзын тэнд явж байтал тормоз ажиллагаагүй болж 60 000 төгрөгөөр үзүүлсэн. Мөнгөний боломжгүй байсан тул 10-д хоног зогсоолд тавьсан. Тэгээд 80 000 төгрөгөөр ачуулж, 185 000 төгрөгөөр засуулсан. Энэ мөнгийг хасч бодъё гэхэд Б.Б хасаагүй. Хороололд явж байхад хажуу талаас машин мөргөж толь, гупер гэмтээсэн, цагдаад хандсан боловч шийдвэрлээгүй. Энэ хүн түрээсээ нэхэж дарамталдаг. Бас хүүхдийн 100-д явж байтал автобус толь мөргөж хугалаад яваад өгсөн. Бас анх түрээслэхэд барьцаа гэж 100 000 төгрөг авсан, дахин 100 000 төгрөг авсан. Бичиг баримтгүй гээд цагдаа торгосон, энэ мөнгийг Б.Б надаас нэхэж байгаад авсан. Байнга дарамтлаад цагдаад өгнө гээд байхаар нь гадаа нь тавиад, түлхүүрийг нь дугуйн дор нь үлдээсэн. Иймд миний асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс: Автомашин түрээслэх тухай гэрээ /хх 9/, К.Э ХХК-ний үнэлгээ /хх 10-11/, торгууль төлсөн баримт /хх 14/, машины зураг /хх 16/, ХААН банкны дансны хуула /хх 16-30/,

Хариуцагчаас: зарлагын баримт /хх 40/ зэрэг баримтуудыг гаргажээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Б.Б нь Б.Т-тай 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Авто машин түрээслэх тухай гэрээ байгуулж, ... улсын дугаартай машиныг 5 хоногийн хугацаатай, хоногийн 60 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирчээ.

 

Машиныг түрээслэгч хүлээн авч 2023 оны 5 дугаар сарын 8-ныг хүртэл ашигласан, түрээсийн төлбөрт нийт 2 570 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь Б.Т машиныг ашиглаж байхдаа эвдрэл гэмтэл гаргасан, үнэлгээ хийлгэж зардал гаргасан гэж маргасан бол, хариуцагч нь түрээслүүлсэн машин эвдрэл гэмтэлтэй байсан, түрээслэгч өөрөөсөө төлбөр гаргасан гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч нь машиныг хүлээн авсны дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эвдрэл, хохирлын үнэлгээ хийлгэсэн байх ба К.Э ХХК машины эвдэрсэн эд ангийг засах, эд ангийг солиход 1 170 000 төгрөгийн шууд зардал гарах үнэлгээ гаргасан байна.

 

Түрээслэгч түрээсийн төлбөр 2 410 000 төгрөг, зардал 1 170 000 төгрөг, торгууль 20 000 төгрөг нийт 3 600 000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

3. Хариуцагч Б.Т нь машины засвар үйлчилгээнд 185 000 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар тогтоогдсон байх тул төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй. Иймд Б.Т-аас 3 415 000 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 76 070 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Т-аас 69 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Т-аас 3 415 000 /гурван сая дөрвөн зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 405 000 /дөрвөн зуун таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76 070 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-аас 69 590 төгрөг гаргуулж Б.Б-т олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА