Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан, 

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Огийн Бт холбогдох эрүүгийн 2538000000552 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Огийн Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* гудамжинд хохирогч Б.Мийг хүч хэрэглэн зодож ******загварын 2 ширхэг гар утас, бэлэн 40,000 төгрөгийг хууль бусаар авч, улмаар бие махбодид нь баруун талын 3, 4, 5-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Б нь 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** гудамжинд хохирогч Б.М-ийг хүч хэрэглэн зодож ******загварын 2 ширхэг гар утас, бэлэн 40,000 төгрөгийг хууль бусаар авч, улмаар бие махбодид нь баруун талын 3, 4, 5-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн хоёр этгээд нь намайг гудамжинд явж байхад миний хойноос гүйж ирээд дээлтэй хар малгайтай залуу нь хавсарч унагаагаад миний утсыг авах гэсэн, намайг эсэргүүцэл үзүүлэхэд миний цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөж дэвссэн. Дээлтэй залуугийн нөгөө залуу нь миний гарыг барьж байсан. Энэ үед дээлтэй залуу нь миний гар утас бэлэн мөнгө болох 40,000 төгрөгийг авсан...Хамт явж байсан залуу нь нэлээн цаана хараад зогсож байсан. Тэр залуу ганцаараа надад халдсан. Би тухайн хоёр залуугийн нэрийг нь мэдэхгүй...Би цаашид гарах эрүүл мэндэд учирах хохирлоо нэхэмжилнэ. Би тухайн залуутай уулзаад тохиролцмоор байна. Тэрнээс надад өөр хохирол гомдол санал гээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-11, 13-14, 16-р хуудас),

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэндээ хоорондоо маргалдаад байсан. Миний хувьд Н ахынхаас хамт гарч ирсэн нэг залуутай маргалдсан. Учир нь тухайн залуу хамт явж байхад пизда минь нааш ир гээд над руу согтуурхаад байсан... Тэгтэл Б гүйгээд ирсэн. Би тухайн хойноос нь гүйгээд яваад очтол Б тухайн хүний дээр нь дараад суучихсан зодолдож байсан. Тэгээд очоод хөгшин хүнийг яах юм бэ гэж хэлээд салгасан. Тэр хавиар явж байсан машинтай хүмүүс бас та нар болиоч гэж хэлж байсан. Би тэндээс Быг аваад явсан...Би тухайн үед Быг утас авсан гэдгийг мэдээгүй. Маргааш нь надад хоёр гар утас гаргаж ирж харуулсан. Тэрний нэгийг нь 50,000 төгрөгөөр зараад архи авсан байсанх. Тэр архийг нь Н ахынд уусан. Нөгөө утсыг яасан талаар тодорхой яриагүй...Би тэр хоёр утсыг яасан гэдийг мэдээгүй. Би дараа нь тэр зодолдож маргалдсан хүний утас юм шиг байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

*********ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ШД-525/914307 дугаартай: “...********* загварын газр утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 280,000 төгрөгөөр  тогтоов...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 24-26-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 473 дугаартай:

1. Б.Мийн биед цээжний баруун талд 3,4,5 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 32-р хуудас)

Шүүгдэгч О.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би М гэдэг хүний гудамжинд явж байхад араас нь очоод түлхэж унагаагаад хоёр гар устыг нь авсан. Тухайн хоёр утасны нэг нь газар унасан байсан. Нэгийг нь куртикний халаасанд байхад авсан...Би М гэдэг хүнийг түлхэж унагаасны дараа цээж хэсэг рүү нь баруун хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538000000552 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд хохирогчийг дээрэмдсэн, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тус хэргийг улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйлчлэл дээр өмгөөлөгчийн зүгээс маргаан байхгүй.  ...” гэв.

Шүүгдэгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 473 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Мийн биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд  энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хүндэвтэр гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Б.Мтэй хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн цээж рүү цохиж зодон, түүний түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 473 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Б.Мийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл нь шүүгдэгч О.Бын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу  гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах” эрхтэй гэж тус тус заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилсан ба “Хүч хэрэглэж” гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

“Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэд хэдэн эрх, эрх чөлөөнд халддаг буюу өмчлөх эрхэд халдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж болдог ба хүч хэрэглэж довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог.

 Шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Мийн  өмчлөлийн гар утсыг дээрэмдэн авах зорилгоор түүнийг цохиж хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч О.Б нь хохирогч Б.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, эд хөрөнгөд 280,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Хохирогч Б.М нь шүүхэд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн, хохирогч Б.Мийн “Би цаашид гарах эрүүл мэндэд учрах хохирлоо нэхэмжилнэ... Өөр хохирол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас) хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч О.Баас нэхэмжилсэн байх тул хохирогч Б.М нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэж шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн ялыг хүндэд багтаана” буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 15 нэгжтэй тэнцэх хэмжээг 1 хоногоор солих буюу 1 сарын хугацааг 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, бусдын эд хөрөнгөд хүч хэрэглэн дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид заасан “хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэснийг журамлан биечлэн эдлэх ялыг 1 жилээр, мөн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу зорчих эрх хязгаарлах 1 сарын ялын 1 хоногийг  хорих ялын 1 хоногоор тооцож нэмж, нэгтгэн миний үйлчлүүлэгч О.Бт нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар оногдуулж уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв....” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 65-68-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч О.Б нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 68-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нь эцэг, дүү нарын хамт мал маллан амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538000000552 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Огийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б овогт Огийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) жил 1 (нэг) сарын  хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг)  жил 1 (нэг)  сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг)  жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бт оногдуулсан 1 (нэг)  жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн 2538000000552 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч О.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.УУГАНБАЯР