| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2026/0035/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/46 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариусанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Хохирогч Н.Аын өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Зт холбогдох эрүүгийн 2538004290601 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, З овогт Мын З,
Холбогдсон хэргийн талаар:
2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “********” баарны гадаа тухайн үед үүссэн хувийи таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Бгийн биед халдан эрүүл мэндэд нь хуйханд шарх, хамрын таславчийн муруйлт, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч М.З нь 2025 оны 09 дүгээр сарын 07-ны шөнийн 3 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Аыг өөрийн хамтран амьдрагч Б.Дтай хардсаны улмаас түүний биед халдан эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи алимд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Н.Аын эзэмшлийн ****** улсын дугаартай “******” маркийн тээврийн хэрэгслийг дорцовны ишээр цохиж хохирогчийн эд хөрөнгөд 2,810,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх “******” зочид буудлын караокены өрөөнд хохирогч Э.Өыг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугуйд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “********” баарны гадаа тухайн үед үүссэн хувийи таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Бгийн биед халдан эрүүл мэндэд нь хуйханд шарх, хамрын таславчийн муруйлт, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
1. Шүүгдэгч М.З нь 2025 оны 09 дүгээр сарын 07-ны шөнийн 3 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Н.Аыг өөрийн хамтран амьдрагч Б.Дтай хардсаны улмаас түүний биед халдан эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи алимд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч Н.Аын эзэмшлийн ****** улсын дугаартай “******” маркийн тээврийн хэрэгслийг дорцовны ишээр цохиж хохирогчийн эд хөрөнгөд 2,810,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 27-30-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Ж.Тийн шүүхэд гаргасан нэхэмжлэл (хх-ийн 67-р хуудас),
Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Дтай уулзсан. Өмнө бид 2 нэг удаа уулзаж байсан. Тэгээд бид 2 хамт 10 дугаар хороонд очиж Б.Д-ын найзтай уулзсан. Тэр 2 пиво уусан, би болохоор уугаагүй. Тэгээд тэр 2 ууж сууж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 цагийн орчим гэртээ орсон. Тэгээд шууд Б.Д-ын гэр рүү явсан. 02 цаг 40 минутын үед гэрийнх нь гадаа очсон. Тэгээд цаашаа гудамжны үзүүрт очоод түр зогсчих, 03 цаг гээд гэртээ оръё гэсэн. Тэгээд гудамжны үзүүрт машин дотор хөгжим сонсоод байж байсан чинь 03 цагийн орчим хар өнгийн ************** залуу хажуугаар тойроод буцаж эргээд гудамжны үзүүрт очоод зогсож байгаад, манай машин дээр тулж ирээд зогссон. Тэгээд Д надад “наадах чинь таньдаг хүн, хаалгаа түгжээд суудлаа хойшлуулчих” гэж хэлсэн. Тэгээд хүрэзд ирэхэзр нь би цонхоо доошлуулсан чинь “Гараад ир, би чамайг ална” гэж хэлээд цонхоор гараа хийгээд машины хаалга онгойлгоод намайг зодсон. Тэгээд намайг машинаас татаж буулгаад хэсэг ноцолдсон. Тэгээд буцаад машин дээр очоод миний машиныг цохиж нүдээд байсан. Тэгээд З гэх залуу машиндаа суугаад “чамайг машинаараа дайрч ална” гэхээр нь би зугтаад явсан...Би машинаа 2025 оны 02 сард 24,000,000 төгрөгөөр хүнээс авсан. Одоо миний машины 2 толь хугарсан, машины 4 кирлаг хонхойлгоод цохисон, жолооч талын урд, хойд цонх, урд салхины шилийг хагалсан байсан, би бусад гэмтлийг нь сайн анзаараагүй. Хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-р хуудас),
Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 22 цагийн үед А-тай уулзаад 10 дугаар хороо орж эмэгтэй найзтайгаа уулзсан. Тэгээд уулзаад 10 дугаар хорооны тал дээр гарч бид 3 юм ярьж суусан. Тэгээд манай найз бид 2 нэг, нэг лааз пиво ууж сууж байгаад 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 цагийн үед найзыгаа гэрт нь хүргэж өгөөд дараа нь би гэртээ хүргүүлэх гээд Атай хамт явсан. Тэгээд үүдэн дээрээ машин дотор нь сууж байгаад гудамжны үзүүрт очиж хэсэг юм ярьж сууж байгаад 03 цаг гээд гэртээ оръё гээд гудамжны үзүүрт, задгай хэсэгт очсон. Тэгээд дөнгөж очоод байж байсан чинь манай арын гудамжны үзүүрээс 1 хар машин гарч ирээд бид хоёрыг тойроод байхаар нь би З байна гэж таниад сандлаа хойш нь хэвтүүлсэн. Тэгсэн З тойрч байгаад хажууд ирж зогсоод жолооч талын хаалга онгойлгоод тэр 2 зодолдоод эхэлсэн. Тэгээд тэр 2 машинаас жаахан зайтай очоод зодолдоод, доор дээрээ гаралцаад ноцолдоод байсан. З 1, 2 цохих шиг болсон. Тэгээд А гудамж тойроод зугтаагаад явсан. Тэгээд би машины гадаа гараад “энд хүн зодолдоод байна” гэж дуудлага өгөөд байж байсан чинь над дээр ирээд миний хамар руу 1 удаа цохиод хамраас цус гарсан бас миний утсыг булаагаад авсан. Тэгэхээр нь би гэртээ ороод цусаа угаагаад, хүүхдийнхээ утсыг аваад буцаад гараад ирсэн чинь машиныг нь тийм аймар болгоод эвдэлсэн байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас),
Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай үеэл ах А ирээд машин тэрэг байхгүй болчихлоо гэж хэлэхээр нь Д ах бид 3 очсон. Очоод байж байсан чинь тэр З гээд ах хүрээд ирсэн. Тэгээд уулзаад урдаас ална, цувдааг чинь цувуулна гэж хэлэхээр нь би би ч гэсэн гартай хөлтэй адилхан цувдааг чинь цувуулна шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),
******* ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт ()хх-ийн 19-р хуудас),
******* ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 561 дугаартай: “...техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ нийт 2,810,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 20-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 403 дугаартай:
1. Н.Аын биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Н.Аын биед учирсан тархи доргилт гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэг, харин цус хуралт гэмтлүүд нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 33-34-р хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 3786 дугаартай шинжээчийн “1 .Н.Аын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 42-44-р хуудас),
Шүүгдэгч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн үйлдлээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би машиныг нь болон өөрийг нь зодсон нь үнэн...” гэх мэдүүлэг,
2. Шүүгдэгч М.З нь 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байх “******” зочид буудлын караокены өрөөнд хохирогч Э.Өыг зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугуйд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 80-р хуудас),
Хохирогч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед найз охин С болон эгч гэх эмэгтэй хамт 4 замын ****** буудлын В1 давхарын кареокены өрөөнд сууж байсан. Тэгсэн гаднаас З гэх залуу ганцаараа орж ирснээ шууд намайг цохиод авсан. Тэгээд би түлхэж холдуулаад зөрүүлээд цохисон. Тэгсэн намайг унагаагаад өшиглөөд, цохиод байсан. Тэгээд би цагдаа дээр ирсэн чинь хамт ирсэн ээ би андуураад чамайг зодчихлоо уучлаарай гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 83-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13114 дугаартай:
1. Э.Өын биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний алимны салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугуйд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Эрүүл мэндийгтүр хугацаагаар сарниулахтул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 89-90-р хуудас),
Шүүгдэгч М.З-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үйлдлээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
3. Шүүгдэгч М.З нь 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “********” баарны гадаа тухайн үед үүссэн хувийи таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Бгийн биед халдан эрүүл мэндэд нь хуйханд шарх, хамрын таславчийн муруйлт, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийн тухайд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 120-р хуудас),
Хохирогч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 14-ний орой би ганцаараа бааранд орж ганц хоёр пиво уусан. Тэгээд би нэг такси авсан байсан юм. Тэгээд гэртээ хүргүүлэх гээд нөгөө таксигаа дуудсан. Тэгээд би таксиндаа суугаад явж байсан чинь 2 эмэгтэй таксинд суусан. Тэгсэн таксины жолооч тэр хоёр эмэгтэй бид дөрөв ******** баарны гадаа очоод бид тэр хоёр эмэгтэй хүнтэй ******** баар ороод баарнаас эргээд цуг гарч ирээд байж байсан чинь нэг танихгүй хүн гүйж ирээд намайг шууд зодоод байсан. Чи муу писда минь хэн бэ гээд намайг бүр аймар зодоод байсан. Тэгсэн тэр хоёр эмэгтэйн нэг нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 125-126-р хуудас),
Гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 13-ны орой найз болох Дтай бид хоёр уулзаад **** гэх баар орсон. Тухайн **** гэх баарнаас удаагүй гараад такси бариад явсан. Тэгсэн таксинд нэг танихгүй залуу байсан. Тэгээд бид нар ******** баарны гадаа очоод таксинаас тэр танихгүй залуу бид гурав буугаад зогсож байсан чинь манай найзын хамтран амьдрагч болох З ирээд тэр залуутай муудалцаад тэр залуутай ноцолдоод хоорондоо зодолдоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Удаагүй цагдаа нар ирсэн. Тухайн залууг Заас өөр хүн цохиж зодоогүй. Тэр залууг З цохиод нүүр нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 133-134-р хуудас),
Гэрч Н.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 11 дүгээр сарын 13-ны орой найз болох Хтай уулзаад бид хальт **** орсон юм. Тэндээ нээх удаагүй гараад такси барьсан чинь таксинд нэг залуу сууж байсан. Тэгээд бид хоёр ******** баарны гадаа очоод буусан чинь тэр урд сууж явсан танихгүй залуу дагаад буусан. Тэгээд ******** орсон чинь араас нөгөө залуу дагаад ороод ирсэн. Тэгээд ******** баар руу орж явахад хамтран амьдарч байсан З баарны гадаа таарсан. Тэгээд найз болох Х бид хоёр зөрөөд орох гэж байхад манай найз болох Х Зтай юм ярих гээд зогссон. Тэгээд би найзтайгаа болон Зтай юм яриад зогсож байсан чинь тэр залуу намайг араас тэврээд авсан. Тэгэхээр нь би болиоч гээд холдсон чинь гарнаас бариад авсан. Тэгсэн З уурлаад чи миний эхнэртэй ямар холбоотой юм бэ гээд тэр залууд хэлээд тэр хоёр барьцалдаад авсан. Тэгээд тэр хоёр ноцолдоод З тэр залууг нэг алгадаад авсан чинь хамарнаас нь цус гарсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 137-138-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 493 дугаартай:
1. Д.Бгийн биед хуйханд шарх, хамрын таславчийн муруйлт, дух, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, баруун хацарт цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Д.Бгийн биед учирсан хуйханд шарх, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, бусад цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 143-144-р хуудас),
Шүүгдэгч М.Зын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эхнэртэйгээ яримаар байна гэсэн чинь намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь 2 удаа гараараа алагдсан л асуудал болсон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538004290601 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...М.Зыг хохирогч Н.А, Э.Ө, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Н.Аын эд хөрөнгөд хохирол учруулсан дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч М.Зын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хэрэгт авагдсан гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Хохирогч Н.А-ын өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч өнөөдрийн байдлаар хохирол төлбөрийг төлнө гэж илэрхийлж байгаа, мэдүүлэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж байгаа боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зүйл харагдахгүй байна...сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулахыг хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан үүсгээгүй. Хохирол төлбөр төлөх тал дээр төлнө гэж илэрхийлж байгаа....” гэв.
Шүүгдэгч М.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 403 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Аын биед, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 13114 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Өын биед, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 493 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Бгийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.
Тодруулбал шүүгдэгч М.З нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Н.А, Э.Ө, Д.Б нартай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогч нарын биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогч нарыг зодож тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Н.А, Э.Ө, Д.Б нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч М.Зын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан ба бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд хууль бусаар халдсан санаатай үйлдлийн улмаас Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм. Эд хөрөнгө устгасан гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон байхыг ойлгодог.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчлан зааж хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг шаардах бөгөөд тус гэмт хэргийн улмаас 2,810,000 төгрөгийн хохирол учирсан болох нь ******* хөрөнгө үнэлгээ ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 561 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 20-р хуудас)-ээр тогтоогдсон бөгөөд бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч М.Зын хохирогч Н.Аын эзэмшлийн ****** улсын дугаартай “******” маркийн тээврийн хэрэгслийг дорцовны ишээр цохиж хохирогчийн эд хөрөнгөд 2,810,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч М.Зын хохирогч Э.Ө, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч М.Зын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, хардалтын улмаас өөрийн уур бухимдлаа барьж чадахгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч М.З нь хохирогч Н.А, Э.Ө, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Н.Аын эд хөрөнгөд 2,810,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч Э.Ө, Д.Б нар нь шүүхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Зыг хохирогч Э.Ө, Д.Б нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Н.Аын өмгөөлөгч Д.Уртбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс эд зүйлд үнэлгээ хийлгэсэн хөлс 220,000 төгрөг, автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2,810,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт оруулж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгохоор тодорхойлжээ.
Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ 3786 дугаартай: “...Н.Аын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлтээр хохирогч Н.Ат гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарахаар дүгнэлт гарчээ.
“Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 4 дэх хэсэгт заасан “нөхөн төлбөр тооцох жишиг, аргачлал” хүснэгтийн нэгдүгээр зэрэглэлд “... хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг” нь 0-3% байх ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасны дагуу хохирогч Н.Ат гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, сэтгэцэд учирсан хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (792,000 төгрөг)-г 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нийт 3,952,080 төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Н.Ат, эд зүйлд үнэлгээ хийлгэсэн хөлс 220,000 төгрөг, автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2,810,000 төгрөг нийт 6,982,080 төгрөгийг шүүгдэгч М.Заас гаргуулж хохирогч Н.А олгох нь зүйтэй байна.
Хохирогч Н.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Заас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 196,020 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай хохирогч Д.А 23,760 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай мэдээлэл (хх-ийн 182-р хуудас)-ээр,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай хохирогч Д.Б 172,260 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай мэдээлэл (хх-ийн 182-р хуудас)-ээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч М.Заас 196,020 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийг журамлан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял болон 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.
Хохирогч Н.Аын өмгөөлөгч Д.Уртбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Ялын санал дээр тодорхой санал байхгүй. Шүүгдэгчийн хувьд 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй байсан. Энэ хүн гэмт хэрэг үйлдчихээд гэмшихгүй, энэ үйлдлээ үргэлжлүүлж дахин хүн зодоод явсан байна....Дээрх гэмт хэргүүдийг үйлдээд цагдаад шалгагдаж байх явцдаа хамтран амьдрагчийнхаа биед халдаж Зөрлийн тухай хуульд зааснаар баривчлагдсан байдаг. Тэгэхээр шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөг, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан 450.000 төгрөгөөр торгох ялаар, нийт 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж дүгнэлт гаргаж байна, хохирол төлбөрийн хувьд ямар ч хохирол гарсан бүрэн төлж барагдуулна...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлаг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 50-52, 158, 160-164-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч М.З нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 158, 160-164-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч М.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.Ө, Д.Б нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, 3 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч М.Зт оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 6 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538004290601 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогч Э.Ө, Д.Б нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Заас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Мын Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Мын Зыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч М.Зт оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Зын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 6 (зургаа) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч М.Заас сэтгэцэд учирсан хор уршиг 3,952,080 (гурван сая есөн зуун тавин хоёр мянга ная) төгрөг, эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн хөлс 220,000 (хоёр зуун хорин мянга) төгрөг, автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2,810,000 (хоёр сая найман зуун арван мянга) төгрөг, нийт 6,982,080 (зургаан сая есөн зуун наян хоёр мянга ная) төгрөгийг гаргуулж хохирогч Н.Ат, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 196,020 (нэг зуун ерэн зургаан мянга хорь) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.
7. Эрүүгийн 2538004290601 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Э.Ө, Д.Б нарт төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Заас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР