Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/01478

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2016/01478

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 30-р хороо, Чулуут 6 гудамж, 5 тоот хаягт оршин суух, Оготор иөншөөбү Батбаярын Бямбажаргал /рд:ДБ96091411/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С дүүрэг, хороо, гудамж, тоот хаягт оршин суух, Б овогт Д.Ч р /рд:......../,

 

Хариуцагч: Б дүүрэг, хороо, оршин байгаа, Сонсогч, оюутны холбоонд холбогдох,

 

1,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , түүний өмгөөлөгч Г.Н , хариуцагч Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч оюутны холбооны тэргүүн М.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Ч нь Батлан хамгаалах их сургуулийн инженерийн 3а ангид суралцдаг. Миний бие 2014 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Улаанбаатар хотод ирж Батлан хамгаалах их сургуулийн Хуягт танкийн ангид элсэн орж суралцаж байгаа ба Сургуулийн сургалтын албанаас 2014 оны 10 сарын 20-ны өдрийн дотор намайг сургалтын төлбөр болох 1,150,000 төгрөгийг манай сургуулийн дансанд тушаа гэсэн. Тэгэхээр нь би ангийнхаа хүүхдээс асуухад оюутны холбооны данс өгсөн. Тэгэхээр нь би уг дансны дугаарыг ээждээ явуулсан. Ээж маргааш нь сургалтын төлбөр болох 1,150,000 төгрөгийг миний хэлсэн дансанд шилжүүлсэн. 2015 оны 9 сард сургалтын төлбөрөө хий гэсэн би хийчихсэн гэхэд дансанд ороогүй байна гэсэн. Тэгээд оюутны холбооны дарга Д.Ч тай уулзахад дуугай явж бай би хийчихнэ гэж хэлсэн. Гэтэл одоо болтол миний сургалтын төлбөрийг өгөөгүй ба шалгалтаар миний сургалтын төлбөрийг ашигласан нь тогтоогдсон. Харин одоо Д.Ч нь би төлөхгүй гэж хэлж байгаа учир аргагүй эрхэнд Цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас Д.Ч ыг Б.Б миний сургалтын төлбөрийг хувьдаа авч завшсан болохыг тогтоосон боловч эрүүгийн хариуцлага татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргаж иргэний шүүхэд хандаж байна. Хариуцагчийн хариу тайлбартаа Батлах хамгаалах их сургуулийн Сонсогч, оюутны холбоо хариуцах ёстой гэж дурдсаны дагуу Сонсогч, оюутны холбоог хамтран хариуцагчаар татсан. Иймд 1,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Ч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Батлан хамгаалах их сургуулийн оюутны холбоонд 2013 оны 10 сард гишүүнээр элсэн ороод 2013 оны 12 сард дэд тэргүүнээр томилогдож, 2014 оны 6 сард тэргүүнээр ажиллаж байгаад 2015 оны эхээр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч Б.Б тай өмнө нь уулзаж байгаагүй бөгөөд надаас сургалтын төлбөрийг хийх дансыг асууж байгаагүй, харин ангийн хүүхдээсээ асууж оюутны холбооны дансанд дур мэдэн ээжээрээ шилжүүлсэн тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. Тэгээд бараг жилийн дараа буюу 2015 оны 9 сард надтай уулзсан боловч тэр үед манай холбоо маш их ажилтай байсан тул наад асуудлыг би ганцаараа шийдэх боломжгүй харин өргөдөлдөө төлбөрийн мөнгөө шилжүүлэхдээ дансаа андуурсан тухайгаа бичээд аваад ир гээд явуулсан болохоос дуугай явж бай, би хийчихнэ гэж хэлж байгаагүй болно. Сургалтын төлбөрийг миний хувийн дансанд хийгээгүй байх ба харин өөрөө сайн асууж судлахгүйгээр ангийнхаа хүүхдээс манай оюутны холбооны дансыг авч ээжээрээ сургалтын төлбөрөө шилжүүлсэнд миний буруу байхгүй. Энэ мөнгийг надаас нэхэмжлэх бус харин оюутны холбоог хариуцагчаар татаж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж бодож байна. Би оюутны холбооны дансанд байгаа мөнгийг би ганцаараа дур мэдэж захиран зарцуулах эрхгүй, банкнаас ганцаараа очоод авах боломжгүй, заавал бусад гишүүдийн 5-6 хүний гарын үсгээр захиран зарцуулдаг юм. Цагдаагийн газарт намайг мөнгө аваад завшсан талаар өргөдөл өгсөн байсан ба би байцаалтандаа энэ талаараа тодорхой мэдүүлсэн бөгөөд харин намайг бусдын эд хөрөнгийг хувьдаа авч завшсан нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Иймд Б.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй бөгөөд би жинхэнэ хариуцагч биш байх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Батлах хамгаалах их сургуулийн Сонсогч оюутны холбоо нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 сарын 22-ны өдөр Сонсогч, оюутны холбооны хурлаар Холбоо, электроникийн тэнхимийн оюутан М.Н ыг тэргүүнээр томилсон болно. Энэ үед удирдах зөвлөл болон холбооны тэргүүний аливаа шийдвэр, тушаал, анхан шатны санхүүгийн баримт зэргийг оюутны холбооны ямарваа нэгэн гишүүн хүлээлгэн өгч данслуулаагүй болно. Мөн төрийн банк дахь 103800376269 тоот дансыг огт ашигладаггүй болон Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч, оюутны холбоонд хамааралгүй болно. Энэхүү данс нь Д.Ч ын нэр дээр байдаг болно. Сүүлд Д.Ч тай сургуульд тааралдаад асуухад миний бие энэ мөнгийг хариуцах болно, Сонсогч, оюутны холбоонд хамааралгүй гэж хэлж байсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д.Ч , Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч, оюутны холбоо нарт холбогдуулан 1,150,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг сургуулийн дансыг андууран оюутны холбооны дансанд шилжүүлсэн учир буцаан шаардаж байна гэж, хариуцагч Д.Ч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг данс андууран шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн өөрийн буруу, өргөдлөө өгөөд ав гэсэн боловч өгөөгүй, Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч, оюутны холбоо хариуцах учиртай гэж, хариуцагч Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч, оюутны холбоо нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг Д.Ч холбооны дансанд орсон мөнгийг авч ашигласан, Сонсогч, оюутны холбоонд мөнгө, санхүүгийн баримт зэргийг хүлээлгэн өгөөгүй, одоо Сонсогч, оюутны холбоо аливаа банкинд ямар нэгэн данс ашигладаггүй, Д.Ч хариуцна гэж хэлсэн гэж тус тус тайлбарлан маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Д.Ч аас 1,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, хариуцагч Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч оюутны холбоонд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Батлан хамгаалах их сургуулийн Хуягт танкийн ангийн 1-р курсэд суралцаж байхдаа 2014 оны 10 сарын 21-ний өдөр сургалтын төлбөр болох 1,150,000 төгрөгийг Төрийн банкны 103800376269 тоот дансанд андуурч шилжүүлсэн, тухайн үед холбооны тэргүүнээр Д.Ч ажиллаж байсан үйл баримтын талаар зохигч талууд маргадаггүй ба энэ нь хэрэгт авагдсан Төрийн банкны орлогын мэдүүлэг, депозит дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-5-6х/

Баянзүрх дүүргийн прокурорын газрын Прокурорын 2016 оны 4 сарын 12-ны өдрийн 3745 дугаар тогтоолоор Б.Б аас гаргасан сургалтын мөнгө завшсан тухай гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь тогтоогдож байх ба уг тогтоолын ОЛСОН нь хэсэгт ... холбооны дарга Д.Ч нь уг мөнгийг сургуулийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан болох нь Б.Б , Д.Ч нарын тайлбар, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон... хэмээн дурдсан байдаг.

 

Д.Ч нь Сонсогч, оюутны холбооны тэргүүнээр ажиллаж байхдаа тус холбооны дансанд андуурагдан шилжүүлэгдсэн 1,150,000 төгрөгийг оюутан Б.Б д буцаан өгөөгүй болох нь зохигч талуудын тайлбар, холбогдох дансны харилцагчийн хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Түүнчлэн, дээр дурдсан дансны хуулгаас үзэхэд Д.Ч нь 929,000 төгрөгийг зарлагдсан болох нь харагдаж байх ба уг мөнгийг Сонсогч, оюутны холбооны ажилд зарцуулсан болох нь нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Оюутан Б.Б нь Сонсогч, оюутны холбоонд 1,150,000 төгрөгийг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй байсан, Д.Ч тай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй байсан, сургалтын төлбөрт зориулагдсан мөнгийг данс андууран шилжүүлсэн байх тул Д.Ч ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Иймд Д.Ч аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч, оюутны холбооны хувьд сургалтын төлбөрт шилжүүлсэн 1,150,000 төгрөгийг холбооны ажилд зарцуулсан болох нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Д.Ч нь тухайн 1,150,000 төгрөгийг өөрөө хариуцах талаар Сонсогч, оюутны холбоонд мэдэгдсэн талаар хариуцагчийн төлөөлөгч М.Н тайлбарладаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Ч , түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарт шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар тэдгээрийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч Д.Ч ын өмгөөлөгч А.Төмөрчулуун нь шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх боловч шүүх хуралдаан давхацсан болох нь баримтаар нотлогдоогүй тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Д.Ч аас 1,150,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, хариуцагч Батлан хамгаалах их сургуулийн Сонсогч, оюутны холбоонд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ч аас улсын тэмдэгтийн хураамжид 32,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР