Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1302

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00978 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч ЗГ холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Рын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Р

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 02 сард Төрийн албаны зөвлөлөөс зарлагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруултад орж тэргүүн байр эзлэн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, уг албан тушаалд томилогдон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

2014 онд Засгийн газар солигдож улмаар шинээр бүрэлдэн байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 390 дүгээр тогтоолоор намайг ажлаас чөлөөлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан тай нийцээгүй гэж үзэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрээр намайг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4 344 139 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан олгож шийдвэрлэсэн. Гэтэл одоог хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа бөгөөд миний бие шүүхэд хүсэлт гаргаснаар 2015 оны 05 сарын 26-ны өдрийн 19250 тоот “ Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ” шүүгчийн захирамж гарч мөн өдөр 1779 тоот гүйцэтгэх хуудас бичигдэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн байдаг. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллагаа явуулж урьд авч байсан дундаж цалин хөлс болох 4 344 138 төгрөгийг л гаргуулсан бөгөөд ажилд эгүүлэн тогтоох ,ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгээгүй. Ингээд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах үүднээс шат шатны байгууллагад хандсан боловч Монгол Улсын Засгийн газар арга хэмжээ авалгүйгээр өнөөдрийг хүрлээ. Иймд 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох нийт 68 854 302 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б  нь 2013-2014 оны хооронд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1697 дугаар шийдвэрээр түүнийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 4 344 139 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдсэн байдаг. Харин ажилгүй байсан хугацаа гэх 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны 68 854 302 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ж.Б өнгөрсөн жилүүдэд улс төрийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан. Тухайлбал, Ардчилсан нам болон Монгол улсын их хурлын гишүүн асан Г.Уянгын байгуулсан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд удирдах албан тушаалд ажиллаж байсан ба 2016 оны сонгуульд нэр дэвшсэн байдаг. Иймд түүнийг 2015 оноос хойш ажилгүй байсан гэж үзэх үндэслэл байхгүй юм. 2002 оны Төрийн албаны тухай хууль болон одоо мөрдөгдөж байгаа шинэ Төрийн албаны тухай хуулиар төрийн нарийн бичгийн дарга нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд улс төрийн албан тушаалыг давхар хашихыг хориглож, мөн Улсын Их Хурал, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд нэр дэвших бол албан тушаалаасаа чөлөөгддөг зохицуулалттай гэжээ:

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69,1 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол улсын засгийн газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 68 854 302 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бод олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт хийхийг хариуцагч ЗГ даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502 250 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 28 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Монгол Улсын Засгийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 502 222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж. Бод буцаан олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Р давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх зохицуулалтыг зөрчсөн. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Сонгуулийн Ерөнхий хорооноос шүүхэд ирүүлсэн лавлагаагаар нэхэмжлэгч Ж.Б нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 9 сар гаруй хугацаанд өөр байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан, мөн 2016 онд “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Улсын Их хурлын ээлжит сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшсэн нь тогтоогдож байдаг. Гэтэл эдгээр нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дурдсан боловч үнэлэлт, дүгнэлт, огт өгөлгүй хэт нэг талыг баримтлан эдгээр хугацааг нэхэмжлэлийн шаардлагаас  хасч тооцохгүй байгаа нь хууль хэрэглэх зарчим, нотлох баримтыг үнэлэх зарчим, эрх тэгш байх зарчмуудыг зөрчиж байна. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн” байх зохицуулалтай байсан бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ч ийм зохицуулалт байдаг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч ЗГ холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 68 854 302 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 54 844 515 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 14 009 787 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт, нэхэмжлэгч Ж.Быг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, тус байгууллагаас түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 4 344 139 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1697 дугаартай шийдвэр авагдсан байна. /хх 11-14/

            Хариуцагч дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Ж.Быг ажилд нь эгүүлэн томилоогүй болохыг үгүйсгээгүй. Харин Ж.Б нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи 9 сарын хугацаанд бусад байгууллагад ажиллаж хөдөлмөрийн хөлсөө авсан, мөн “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Улсын Их хурлын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшиж байсан болох нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын болон Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны лавлагаагаар тус тус тогтоогдсон гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байгаа нь тогтоогдов. Иймээс бусад байгууллагад ажиллаж цалин хөлс авч байсан, Улсын Их хурлын сонгуульд нэр дэвшиж байсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

            Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, хөлс түүнтэй тэнцэх нөхөн олговрын хэмжээг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн дундаж цалин, хөлстэй тэнцэх 72 402 төгрөгөөр тооцож ажилгүй байсан 951 хоногийн 68 854 302 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Нэхэмжлэгч Ж.Б нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                                    

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ТУЯА

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН