Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/851

 

 

 

 

 

    2021          09            23                                         2021/ДШМ/851                                                                                                                                             

Т.О-т холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Б.Батзориг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

            прокурор Д.Ундармаа,

            цагаатгагдсан этгээд Т.О-, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Э.Алтан-Уяа,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/429 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ундармаагийн бичсэн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Т.О-т холбогдох 2111000450340 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-гийн О-, Улаанбаатар хотод 1977 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

Т.О- нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 12 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд Н.Тын Худалдаа хөгжлийн банкны данснаас 371,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ундармаа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хохирогч Н.Т нь Т.О-т 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр картаа өгч худалдан авалт хийлгэсэн болохоос биш цаашид картанд байгаа мөнгийг захиран зарцуулах эрх олгоогүй. Маргааш нь Т.О-тай уулзаж картаа сураглахад өөрт нь байгаа талаар мэдэгдээгүй. Улмаар картнаас нийт 371,000 төгрөгийн гүйлгээ хийж хохирол учруулсан талаар хохирогч мэдүүлсэн /хх 19-22/ нь гэрчийн мэдүүлэг болон хохирогч Н.Тын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, “Буян” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байхад шүүх бодит байдал болон хэрэгт авагдсан үйл баримтад үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр зөвхөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.О-ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Дансны хуулгаас харахад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нийт 7 удаагийн гүйлгээгээр 220,800 төгрөгийн гарсан байдаг. Иймд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.О-ын өмгөөлөгч Э.Алтан-Уяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Гэмт хэргийн шинжийг тодорхойлж чадаагүй атлаа хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр анхан шатны шүүх шийдвэрлэсэн мэтээр эсэргүүцэл бичсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчийн дансны хуулга, түүний мэдүүлэг болон цагаатгагдсан этгээдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээдийн Т.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нартай санал нэг байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Т.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв байна.

Прокуророос Т.О- нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 12 дугаар сарын 09-нийг хүртэлх хугацаанд Н.Тын Худалдаа хөгжлийн банкны данснаас 371,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлджээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Н.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг 453149114 тоот дансны цахим картаа Т.О-т өгч худалдан авалт хийлгэхдээ картаа буцааж авалгүй мартсан байх ба Т.О- үүнийг далимдуулан картнаас нууцаар, хууль бусаар мөнгө авч ашигласан хэргийн үйл баримт нь хохирогч “... 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр банкны картаа Т.О-т өгч дэлгүүрээс архи авхуулж замдаа ууж явснаа санаж байна ... Маргааш нь Т.О-ы гэрт очоод картаа асуухад юм хэлээгүй, бид дахин хэсэг архи ууж байгаад салцгаасан ...” /хх 20, 22 /, гэрч Ц.Б-ийн “... Т, О-дыг дуудаад бид гурав лагер явцгаасан. Замдаа Одод картаа өгч архи авхуулж байсан ...” /хх 28/ гэсэн мэдүүлэг болон Худалдаа хөгжлийн банкны 453149114 тоот дансны хуулга /хх 47-49/, эд мөрийн баримтаар нотлогдож байна.

Дансны хуулгаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ны өдөр хүртэл Н.Тын карт Т.О-ын мэдэлд байх хугацаанд данснаас нь нийт 371,000 төгрөг гарсан байх боловч бүгдийг хохиролд тооцох боломжгүй.

Учир нь, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зарлагдсан 150,000 төгрөгийн гүйлгээний талаар Т.О- мэдүүлэхдээ тухайн өдөр Н.Ттай хамт хэрэглэсэн согтууруулах ундаа, бусад хүнсний зүйлсийн тооцоо гэж тайлбарласан нь хохирогчийн мэдүүлэг, дансны хуулгаар давхар батлагджээ. Энэ тохиолдолд хохирогч, яллагдагч нарын хамт хэрэглэсэн 150,000 төгрөгийг гэмт хэргийн хохирол гэж үзэхэд эргэлзээтэй байх тул анхан шатны шүүх хохирлоос хасч тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Иймд Т.О-ын үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, ялимгүйн учир нийгэмд хор хохирол багатай, хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байгаа учир гэмт хэрэгт тооцохгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан гэж давж заалдах шатны шүүх дүгнээд уг тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/429 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН