| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2016/05251/И |
| Дугаар | 181/ШШ2016/01475 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2016/01475
| 2016 оны 12 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2016/01475 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, хороо, гудамж хаягт оршин байгаа, М ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, хороо, гудамж6 тоот хаягт оршин суух, О овогт Э.Э /рд:.../-т холбогдох,
22,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, Я.А эг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь анх 2011 оны 3 сард иргэн Д.Б ыг үндсэн ажилтнаар томилж, улмаар 4 сард борлуулалтын ажилтнаар авч ажиллуулж байсан. Гэтэл 2013 оны 7 сараас ажилтан Д.Б нь жирэмсний болон амаржсаны амралт авч өөрөө биечлэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Д.Б ажилдаа эргэн орох хүртэлх хугацаагаар өөрийн дүү гэх Э.Э ыг өөрийнхөө оронд ажиллуулах хүсэлт тавьсны дагуу Д.Б болон Э.Э нарын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээг харгалзан үзэж Э.Э т бараа материал хүлээлгэн өгч сарын эцэст тооцоо нийлээд явж байсан. Э.Э нь 2013 оны 11 сард нийт 96,092,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг авснаас 73,371,500 төгрөгийн төлбөрийг төлж, үлдэх 22,720,750 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Э.Э оос 22,720,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Э т холбогдуулан 22,720,750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Э нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 6 сарын 22-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Э.Э ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.
Нэг талаас М ХХК нь Э.Э т өөрийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч, Э.Э оор бараа, бүтээгдэхүүнийг гэрээт иргэн, аж ахуйн нэгжид түгээлгэх, улмаар бараа бүтээгдэхүүний үнийг хураалгах, компанитай тооцоо нийлэх ажил, үйлчилгээг гүйцэтгүүлж, нөгөө талаас Э.Э нь М ХХК-иас хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарч байна.
Иймд ажиллуулагч М ХХК нь ажиллагч Э.Э оос бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг шаардах буюу хэлэлцэн тохиролцсоны дагуу бараа бүтээгдэхүүний үнийг компанид хүлээлгэн өгч, тооцоо нийлэх ажил, үйлчилгээний гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Хариуцагч Э.Э т 2013 оны 7 сараас 2013 оны 11 сар хүртэлх хугацаанд нийт 96,092,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөс 73,371,500 төгрөгийн төлбөрийг төлж, 22,720,750 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа талаар нэхэмжлэгч М ХХК тайлбарлаж байх ба энэ нь Миний бие Энхтайван овогтой Энх-Очир нь М ХХК-д жижиглэнгийн борлуулагчаар ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж, 22,720,500 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг алга болгож компанид хохирол учруулсан болно. Энэхүү хохирлыг 2013 оны 12 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулан компанийг хохиролгүй болгоно гэсэн хариуцагч Э.Э ын тус компанид гаргасан өргөдөл гэх бичгийн баримтаар нотлогдож байна. /хх-19х/
Өөрөөр хэлбэл, хариуцагч Э.Э нь 22,720,750 төгрөгийн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийн тооцоотой байгаа болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Өмнө нь нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Д.Б , Э.Э нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 34,080,750 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Э оос татгалзсан байх ба шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн дүгнэж, Нэхэмжлэгч нь өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж тэмдэглэжээ. /хх-41х-ар тал/
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг үндэслэн хариуцагч Э.Э оос 22,720,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгон шийдвэрлэв.
Хариуцагч Э.Э т шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Э.Э оос 22,720,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э оос улсын тэмдэгтийн хураамжид 271,552 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР