| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/01548/И |
| Дугаар | 181/ШШ2016/01406 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/01406
| 2016 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 181/ШШ2016/01406 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, хороо, гудамж тоот хаягт оршин суух, Х овогт Т.М т /рд:... /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, хороо, хороолол, гудамж тоот хаягт оршин суух, З овогт Э.Б /рд:.../-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 18,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Б 2015 оны 9 сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүрийн 8%-ийн хүүтэй зээлдүүлж, тухайн өдрөө Э.Б Хаан банк дахь 5099024044 тоот дансанд шилжүүлсэн. Э.Б нь Зээлийн гэрээ-нд заасны дагуу үндсэн зээлийг хүүгийн хамт 2015 оны 12 сарын 25-ны өдөр төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдөр өгнө, маргааш өгнө гэсээр өдийг хүрлээ. Иймд хариуцагч Э.Б гаас үндсэн зээл 10,000,000 төгрөг, 3 сарын хүү 2,400,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу алданги 6,200,000 төгрөг, нийт 18,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Э.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 2,400,000 төгрөг, алданги 6,200,000 төгрөг, нийт 18,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 сарын 28-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасны дагуу хариуцагч Э.Б г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй юм.
Талууд 2015 оны 9 сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Т.М нь 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 8%-ийн хүүтэйгээр зээлдэгч Э.Б д зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан иргэд хоорондын зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба хариуцагч Э.Б нь хууль болон гэрээнд заасны дагуу үндсэн зээл, зээлийн төлбөр болох хүүг нэхэмжлэгч Т.М ад буцаан төлөх үүрэгтэй.
Талууд Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлд Гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д заасан анзын зохицуулалтад нийцсэн байна.
Иймд хариуцагч Э.Б гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг + зээлийн хүү 10,000,000 х 8% х 3 сар = 2,400,000 төгрөг = 12,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.М ад олгох нь зүйтэй.
Хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50%-иас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрүүлэхгүйгээр тооцож 12,400,000 х 50% = 6,200,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Б д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э.Б гаас 18,600,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.М ад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 251,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.М ад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР