Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 135/ШШ2015/00209

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2015/00081/И

 

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...аймаг, .. дугаар баг, ... гудамж, ... тоотод оршин суух, ... овогт Б.Ш / регистрийн дугаар ... утас...-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... аймаг, ... сум, ... дугаар баг, ... тоотод оршин суух, ... овогт Ч.Э /регистрийн дугаар ... , утас..../-д холбогдох

7,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М.нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...2013 оны 4 дүгээр сард Ч.Э-тай танилцаж, Верна маркийн ... дугаартай машинаар, ...дугаартай Соната 5 маркийн машиныг нь солисон. 2013 оны 11 дүгээр сард .... соната 5 машинаа Toska ... маркийн машинаар нь сольж зөрүүнд нь 2,500,000 төгрөг Ч.Э өгсөн. 2013 оны 12 дугаар сард Ч.Э унах унаагүй болчихлоо машиныг чинь түр хэрэглээд өгье гэж хэлээд машиныг маань эвдчихсэн. 2014 оны 07 дугаар сарын 28-ний өдөр машиныг чинь дизель хөдөлгүүртэй болгоод өгье гээд нэмж 800,000 төгрөг авсан. Одоогоор Toska...машиныг өгөөгүй эвдчихсэн учир анх солисон Верна машинаа 4,000,000 төгрөгөөр үнэлж, бусад зардал болох бэлнээр өгсөн 2,500,000 төгрөг, мотор авахад өгсөн 800,000 төгрөг, нийт  7,300,000 төгрөгийг бэлэн мөнгөөр хохирлыг минь гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа:

“...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2013 онд Б.Ш Верна маркийн машинаа соната 5-аар солихдоо өөрийн машин дээрээ 1 сая төгрөг өгөхөөр болж сольсон бөгөөд тухайн үед газан соната 5 нь 3,500,000 төгрөгний ханштай байсан тэгэхээр яав ч верна маркийн машин нь 4,000,000 төгрөг хүрэхгүй юм. Дараа нь банкны барьцаанд байсан Тоскаг урьдны 1,000,000 төгрөг дээрээ дахин 1000,000 төгрөг өгөхөөр болж авсан. 250,000 төгрөг Тосканы машины банк зээл  хийх гэж 2 хувааж авсан дараа нь надад мөнгө хэрэг болоод 250,000 төгрөг зээлж авсан 2,000,000 төгрөгийг 2014 оны 01 дүгээр сард банкийг нь чөлөөлөх гэж яваад алдсан юм. Би машингүй болчоод хотоос ... руу унаж ирсэн харин би машиныг нь буцаан өгөх үед та надад бензин машинаар солиод өгөөч гэж гуйсан бөгөөд өөрийн таньдаг залуу Б-д прүс маркийн машин байна гэнэ тэр залуу ч Тоскаг сонирхон Шинэбаяртай уулзан солихоор болсон ба прүссээ будагнаас гаргаад өгье гэж хэлээд Б.Ш тоска маркийн машиныг унаж байгаад эвдээд хаячихсан прүсээ будагнаас ч гаргасан юм байхгүй худлаа яриад алга болохоор нь Шинэбаяр намайг цагдаад өгсөн тэр үед би 2014 оны 8 дугаар сар гэхэд янзалж өгөхөөр болсон бөгөөд би уг хугацаанд нь шинээр мотор хотоос 1,300,000 төгрөгөөр зээл авч тавиад өгөх гэхэд Б ахаа би наадахыг чинь зарахгүй нэг хэсэгтээ унах юм шиг байна та дизель болгоод өгөөч наад мотороо зарчих би илүү мөнгийг нь нэмээд дизель моторыг нь авчихана гэж хэлэхэд нь би хурдан зарахын тулд 500,000 төгрөгөөр хүнд зараад Б.Ш 800,000 төгрөг нэмээд 1,300,000 төгрөгөөр хотоос Б.Ш бид хоёр хоёулаа явж байгаад мотороо авсан болохоос би 800,000 төгрөгийг бэлэн аваагүй уг мотор нь одоо хүртэл байгаа юм. Авсан мотороо тавих гэтэл шүүр нь таарахгүй болчоод Б.Ш үнэн учраа хэлээд дахин газаар асааж өгөхөөр болоод асаагаад мотор машин хоёрыг нь өгөх гэхэд та гүпэрийг нь будаад өгөөч тэгэхээр нь тэгье гээд будаж өгнө гэсэн өдөр нь надад ажил гараад чадаагүй бөгөөд би нөгөөдөр нь ирээд будаад өгье гэхэд машнаа авахгүй гээд л унасан тэгээд сүүлд нь би аргаа бараад 5,000,000 төгрөгөөр бодоод зараад өгье тэр хүнтэйгээ ирээд гэрээ хийчих гэж хэлсний дараа шүүхэд өгсөн байсан. Тийм болохоор би машинаа хүнд зарах дургүй байгаа юм бол уу гэж бодоод зарахаа больчихоод л байж байна. Би машиныг нь банкнаас Б.Ш шилжүүлээд өгчих юм бол надад ямар ч төлөх ёстой мөнгө байхгүй болно.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Ч.Э Хюндай Верна автомашины үнэ 4,000,000 төгрөг, бэлнээр өгсөн мөнгө 3,300,000 төгрөг, нийт 7,300,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Ш нь 2013 оны 4 дүгээр сард өөрийн өмчлөлийн Х.Верна маркын автомашиныг хариуцагчийн эзэмшилд байсан Соната5 маркын автомашинаар сольж, 2013 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч нь Соната5 маркын авто машиныг хариуцагчийн эзэмшилд байсан Тоска маркын машинаар сольж, нэхэмжлэгч Б.Ш нь машины үнийн зөрүүнд 2,500,000 төгрөгийг, Тоска машинд мотор авахад зориулж 800,000 төгрөгийг, нийт 3,300,000 төгрөгийг хариуцагч Ч.Э өгсөн,

Хариуцагч Ч.Э нь 2013 оны 12 дугаар сард нэхэмжлэгч Б.Ш-аас Тоско машиныг буцаан аваад өгөөгүй ба уг Тоска машин нь .. ББСБайгууллагын зээлийн барьцаанд байгаа бөгөөд машины гэрчилгээ нь .. ББСБайгууллагын нэр дээр шилжсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба зохигчид энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т “Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ”, 274.2-т “Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийг хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно”, 275 дугаар зүйлийн 275.1-т “Арилжааны гэрээгээр харилцан солилцож байгаа хөрөнгийг үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч Ч.Э нарын хооронд Арилжааны гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т “Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна”, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул хариуцагч Ч.Э нь эрхийн зөрчилгүй Тоска автомашиныг болон Тоска автомашинтай  холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Ш-ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Гэвч хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгч Б.Ш-ын өмчлөлийн .... улсын дугаартай Верна машинаар сольсон гэх ... улсын дугаартай Тоска машины гэрчилгээ нь ... ББСБайгууллагын нэр дээр байдаг ба эрхийн зөрчилтэй, Тоска машины бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Ш-ын нэр дээр шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Ч.Э нь нэхэмжлэгч Б.Ш учирсан хохирол болон зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэгч Б.Ш-аас авсан Верна машиныг бусдад шилжүүлсэн, Б.Ш-ын иргэний үнэмлэхийг авч байгаад машины гэрчилгээг нь  бусдын нэр дээр шилжүүлсэн. Верна машиныг буцааж өгөх боломжгүй...” гэсэн тайлбарыг гаргасан болно.

            Нэхэмжлэгч Б.Ш нь Верна машины үнэ гэж 4,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч тэрээр Верна машиныг 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ш.С гэдэг хүнээс 3,740,000 төгрөгөөр худалдаж авсан болох нь 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх тул Верна машины үнийг 3,740,000 төгрөг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

                       

Иймд хариуцагч Б.Ш-аас Верна машины үнэ 3,740,000 төгрөг, машины зөрүү гэж бэлнээр өгсөн мөнгө 2,500,000 төгрөг, Тоска машины мотор авахад зориулж өгсөн мөнгө 800,000 төгрөг, нийт 7,040,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ш олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 260,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар хариуцагч Б.Ш-аас Верна машины үнэ 3,740,000 төгрөг, машины зөрүү гэж бэлнээр өгсөн мөнгө 2,500,000 төгрөг, Тоска машины мотор авахад зориулж өгсөн мөнгө 800,000 төгрөг, нийт 7,040,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ш олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 260,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Э улсын тэмдэгтийн хураамж 127,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг заасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        З.ТУНГАЛАГМАА