| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/04912/И |
| Дугаар | 183/шш2023/03026 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 183/шш2023/03026
| 2023 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2023/03026 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Х тауэр, ** дугаар давхарт байрлах, регистрийн ********* дугаартай, Н ХХК-ийн,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.С-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.С-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Хариуцагч С ХХК нь Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, Б скай **, ** тоот хаягт байрладаг ба Н ХХК-тай 2021 оноос эхлэн хамтран ажиллаж ирсэн. 2022 онд түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж энэ үеэс одоог хүртэл түрээсийн төлбөрөө төлөлгүй явсаар 44.515.423 төгрөгийн төлбөрийн өртэй болсон. Нэхэмжлэгч Н ХХК-нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Гэвч хариуцагч С ХХК нь оршин суугаа хаягтаа байрлахаа больсон тул хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болж 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн ************ тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гарсан. Иймд хариуцагч С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133.1.9-д заасны дагуу эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Н ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК-иас Ц.Х-д олгосон итгэмжлэл, Ц.Х-ын иргэний үнэмлэхийн хуулбар, Н ХХК-ийн хөрөнгө удирдлагын менежер Ж.Ж болон С ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.С нарын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ********* дугаартай Түрээсийн гэрээний хуулбар, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн ************ дугаартай захирамжийн хуулбар зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.С-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Н ХХК болон С ХХК-ийн хооронд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ******** дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдсан боловч С ХХК нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
3. Ингээд нэхэмжлэгч Н ХХК нь шүүхэд хандсан боловч С ХХК нь гэрээ байгуулах үедээ байрладаг байсан хаяг буюу Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, Б скай ** байрны ** тоотод байрладаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *********** дугаартай захирамжаар тогтоогджээ.
4. Иймд регистрийн ******* дугаартай, С ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.С г эрэн сурвалжилж, оршин суугаа болон оршин байрлах хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн ******* дугаартай, С ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.С-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Ж.С-г эрэн сурвалжилж, оршин суугаа болон оршин байрлах хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийн хувийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА