Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1315

 

 

 

 

 

 

 

 

 

Э.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00976 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.С нэхэмжлэлтэй

Хариуцагч:Д.О холбогдох,

“Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын ре-8253943, 1117249286 тоот тамга, мөн 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний эх хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Оын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э

Хариуцагч Д.О,

Хариуцагчийн өмгөөлөгч: П.У, М.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О нь 2017 оны 08 дугаар сарын сүүлээр надтай ирж уулзан 11 дүгээр хороололд 389 м.кв газар худалдах санал тавьсан. Бид уг 389 м.кв газрыг сонирхон үзээд тухайн газрыг Боловсрол сургалтын байгууллагын эрхийн 0002154 тоот тусгай зөвшөөрлийн хамт 139 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж харилцан тохиролцож, урьдчилгаанд 9 000 000 төгрөг өгсөн. Уг газар нь доогуураа 4 ширхэг төвийн магистрал шугам татагдсан барилга барих боломжгүй байгаа гэхдээ би өөрийн зардлаар шугамуудыг зөөвөрлөн барилгажих талбайгаас гаргуулахаар холбогдох байгууллага, ажил гүйцэтгэлийн компанитай тохиролцсон байгаа гарах зардлуудыг би төлнө гэж хэлээд дулааны зүүн түгээх төвийн ерөнхий инженер н.Д гэх хүнийг дуудан ирүүлж бидэнтэй уулзуулсан. н.Д ярихдаа “Уг газар дээрхи төвийн шугамуудыг хажуугийн авто замын талбайг эвдлэн зөөвөрлөж болно, ажлын болон материалын зардал 81 000 000 төгрөг болно. Би төрийн албаны хүн учраас өөрийн таньдаг дүүгийнхээ компаниар ажлуудыг хийж өгье гээд “ТМС” ХХК-ийн захирал Б.Мөнх-Ялалтыг дуудан манай компанийн инженер н.Насанбат, менежер н.Ганболд, захирал Н.Уранчимэг нартай уулзуулан харилцан тохиролцож уг ажлыг 81 000 000 төгрөгт гүйцэтгэхээр болсон. Бид “ТМС” ХХК-тай ярилцаж Д.О төлөх 139 000 000 төгрөгөөс дулааны шугамны 81 000 000 төгрөгийг “ТМС” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон юм. Ингээд Э.С миний бие “Бөмбөлөг” цэцэрлэгийн эрхлэгч Д.Отай 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г, 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ”, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нүүдийг харилцан тохиролцон нотариатчаар батлуулсан. Гэрээгээр цэцэрлэгийн эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэх, газар эзэмших эрхээ 139 000 000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр тооцоог шилжүүлэхдээ дулааны болон усны төвийн шугамны зардлын үнэ 81 000 000 төгрөгийг ажил эхлэх урин дулаан болохоор “ТМС” ХХК-д олгохоор хасаж тооцон үлдэгдэл төлбөр болох 59 000 000 төгрөгөөс 9 000 000 төгрөгийг бэлнээр Д.О өгсөн, 40 000 000 төгрөгийг Д.Оын “Хаан банк”-д байрлах Бөмбөлөг цэцэрлэгийн 5028657129 тоот дансанд шилжүүлсэн ба одоо 9 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өгч тамга, газрын гэрчилгээ, гэрээгээ авах гэсэн боловч Д.О хууль бусаар эзэмшин өнөөдрийг болтол авчирч өгөхгүй байна. Анхнаасаа намайг төөрөгдүүлж гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулсан боловч иргэний шүүхэд ханд гэсэн хариуг хэлсэн. Иймд Д.Оын хууль бус өмчлөлөөс гэрээний дагуу 000300964 тоот газрын гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон “Бөмбөлөг” цэцэрлэгийн тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Э.С гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд н.Төмөрбаатар гэж надтай нэг компанид ажилладаг байсан хүн танай цэцэрлэгийг бариулах хөрөнгө оруулагч байна гээд н.Уранчимэг гэдэг хүнтэй уулзуулсан юм. Тэгээд н.Уранчимэг гэдэг хүнтэй уулзахад танай цэцэрлэгийн хувьд олон жил ажилласан, цэцэрлэгийн барилгаа барихад бүх бичиг баримт бэлэн болсон байна. Анхнаасаа н.Уранчимэг надад чи миний хэлснээр ийм гэрээ хийж байж л манай компаниас мөнгө гарна, тэгээд цэцэрлэгийн барилгыг чинь барьсны дараа бүх бичиг баримтыг чинь буцааж танай нэр лүү шилжүүлнэ гэж итгэл найдвар төрүүлчихээд ийм муухай зан гаргаж залилан мэхлэх, луйврын шинж агуулж байгаад нь итгэж чадахгүй байна. Иймд бодит байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Оаас “Бөмбөлөг цэцэрлэг” БСБ-ын 8253943, 1117249286 тоот тамгыг, мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий 389 м.кв газрыг эзэмших эрхийн 000300964 тоот гэрчилгээ, холбогдох “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргийн эх хувийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Сд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Д.Оаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Сд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

            Хариуцагч Д.О давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь “Бөмбөлөг” цэцэрлэгийн эрхлэгч Д.О болон Э.С нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, “Искорка” ХХК-ийн захирал Д.О болон Э.С нарын хооронд байгуулсан “Цэцэрлэгийн эрх шилжүүлэх гэрээ”, “Бөмбөлөг” цэцэрлэгийн эрхлэгч Д.О болон Э.С нарын хооронд байгуулсан Боловсрол сургалтын байгууллагын эрх шилжүүлэх гэрээ зэргийг үндэслэн дээрх гэрээнүүдийн оролцогч нар өөр өөр эрх зүйн байдалтай компани болон сургалтын байгууллага байхад дан ганц Д.О гэх иргэнийг хариуцагчаар татаж нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь хууль бус гэж үзэж байна. Миний бие өвчний улмаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ эмчийн магадлагаатай өгч байхад шүүх хуралдаанд биеэр оролцож мэтгэлцэх боломжийг олгоогүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэхь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Д.О холбогдуулан Бөмбөлөг цэцэрлэгийн Ре-8253943, 1117249286 тоот тамга, 143006/0134 нэгж талбар, 000300964 тоот газрын гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний эх хувийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт Искорка ХХК-ийн захирал Д.О, Э.С нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, Бөмбөлөг цэцэрлэгийн эрхлэгч Д.О, Э.С нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Бөмбөлөг цэцэрлэгийн захирал Д.О болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хооронд байгуулсан 2013 он 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ”-нүүд авагдсан байна. /хх 7, 9, 13/

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа хэд хэдэн үндэслэл заасан байх ба Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай нэгж талбарын 143006/0134 дугаар бүхий 389 м.кв газрын эзэмших эрхийн 000300964 дугаар гэрчилгээг гаргуулахыг хүссэн байна. Дээрх гэрээнүүдийн үүргийг шаардаж байгаа тохиолдолд газрын эрх шилжүүлэх тухай гэрээний хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийх учиртай.  

            Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д “Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж зааснаар зохих этгээдтэй байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээ нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

            Мөн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр бүхий 11 гэрчийг асуулгах тухай хүсэлтээ 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас дахин н.Буянтогтох, н.Мягмарсүрэн нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан /хх 231, 235/ байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн хийх ажиллагаа бөгөөд хариуцагч нь өмнөх нэр бүхий 9 гэрчээсээ татгалзсан эсэхийг анхан шатны шүүх тодруулалгүй орхигдуулсан байна.

            Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Ч.Мягмарсүрэнг гэрчээр асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасныг зөрчжээ.

Зохигчид энэ талаар гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах журамтай. Иймээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж маргааны үйл баримт, тэдгээрийн хооронд үүссэн харилцааны талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2019/00976 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Оаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                   

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН