| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2023/00441/И |
| Дугаар | 129/ШШ2023/00504 |
| Огноо | 2023-11-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 129/ШШ2023/00504
| 129/ШШ2023/00504 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Ц сумын А багт оршин суух Б овгийн Ш.Б
Хариуцагч: А аймгийн Ц сумын Ц багт оршин суух Б овгийн Э.З
Нэхэмжлэлийн шаардлага: 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл
Хариуцагч Э.З-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч Ш.Б хариуцагчийг ороцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Э.З-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Б нь Э.З-д холбогдуулан 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би бэлэн мөнгөөр мал худалдан авч байсан. Тэгэхэд Э.З нь 2020 оны 6 сарын 20-ны үеэр шүдлэн насны 2 адуу авчих гэж хэлээд надаас 600,000 төгрөг авсан. Тухайн үед шүдлэн адуу 300,000 төгрөгийн үнэтэй байсан болохоор шүдлэн насны 2 адуу 600,000 төгрөгт бодоод Э.З-д 600,000 төгрөг өгсөн. Ингэхдээ би Э.З-тай бичгээр гэрээ байгуулаагүй. Э.З дуртай үедээ очоод 2 шүдлэн байдас аваарай гэж хэлсэн. Би Э.З-д мөнгө өгснөөс хойш 10 хоногийн дараа очсон боловч Э.З өөрөө байхгүй байсан. Аав нь байсан боловч та нар өөрсдөө учраа ол гэдэг байсан. Э.З ноднин жил хэлэхдээ 2, 3 жил болчихсон юм чинь насыг нь нэмээд чамд унагатай гүү өгье гэхээр нь би 1,500,000 төгрөг өгчих гэхэд Э.З өөрөө зөвшөөрч надад 1,500,000 төгрөг өгөхөөр болсон. Э.З надад мөнгөө өгөхгүй гэдэггүй, удахгүй өгнө л гэдэг. Ийм байдлаар явсаар шүдлэн насны хоёр адуу буюу 1,500,000 төгрөгийг Э.З-с авч чадалгүй 3 жил болж байна. Өмнө нь энэ асуудлаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Э.З-г 3 удаа дуудахад ирээгүй. Э.З-с авах шүдлэн насны хоёр адууг өнөөгийн зах зээлийн ханшаар буюу нэг шүдлэн насны адууг 750,000 төгрөгөөр тооцоход шүдлэн насны хоёр адуу нийт 1,500,000 төгрөг болж байгаа. Иймд Э.З-с шүдлэн насны хоёр адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс:
- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 72 дугаар “эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай” тэмдэглэл шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Б-н хариуцагч Э.З-с 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- Би бэлэн мөнгөөр мал худалдан авч байсан. Тэгэхэд Э.З нь 2020 оны 6 сарын 20-ны үеэр шүдлэн насны 2 адуу авчих гэж хэлээд надаас 600,000 төгрөг авсан. Тухайн үед шүдлэн адуу 300,000 төгрөгийн үнэтэй байсан болохоор шүдлэн насны 2 адуу 600,000 төгрөгт бодоод Э.З-д 600,000 төгрөг өгсөн. Э.З дуртай үедээ очоод 2 шүдлэн байдас аваарай гэж хэлсэн учраас түүнд мөнгө өгснөөс хойш 10 хоногийн дараа очсон боловч тухайн үед Э.Зундуй өөрөө байхгүй байсан. Ноднин Э.Зундуй 2, 3 жил болчихсон юм чинь насыг нь нэмээд чамд унагатай гүү өгье гэхээр нь би 1,500,000 төгрөг өгчих гэхэд Э.З өөрөө зөвшөөрсөн. Э.З надад мөнгөө өгөхгүй гэдэггүй, удахгүй өгнө л гэдэг. Өмнө нь энэ асуудлаар эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Э.Зу-йг 3 удаа дуудахад ирээгүй. Э.З-ас авах шүдлэн насны хоёр адууг өнөөгийн зах зээлийн ханшаар буюу нэг шүдлэн насны адууг 750,000 төгрөгөөр тооцоход шүдлэн насны хоёр адуу нийт 1,500,000 төгрөг болж байгаа. Иймд Э.З-с шүдлэн насны хоёр адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 72 дугаар “эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай” тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Ш.Ба хариуцагч Э.З-с 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу 2023 оны 11 сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад болох шүүх хуралдааны товыг хариуцагчид 2023 оны 10 сарын 18-ны өдөр утсаар, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн /утсаар ярьсан тэмдэглэл, шүүх хуралдаанд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас №8 хх-23х, хх-24х/ боловч шүүх хуралдаанд ирээгүй байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Ш.Б “2020 оны 06 сард Э.Зундуй надаас 600,000 төгрөг авч шүдлэн насны 2 адуу өгөхөөр болсон боловч одоо хүртэл адуугаа өгөөгүй. Э.З-с авах шүдлэн насны хоёр адууг өнөөгийн зах зээлийн ханшаар буюу нэг шүдлэн насны адууг 750,000 төгрөгөөр тооцоход хоёр адуу нийт 1,500,000 төгрөг болох тул Э.Зундуйгаас шүдлэн насны хоёр адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд зохигч Иргэний хулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Ш.Ба-йн шүүхэд гаргасан 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Э.Зундуйд 2023 оны 9 сарын 06-ны өдөр гардуулж, хариуцагч 2023 оны 9 сарын 20-ны өдөр хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тэрээр энэ үүргээ биелүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч ... тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэжээ.
Хариуцагч Э.З нэхэмжлэгч Ш.Б-н 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гардан авсан боловч тогтоосон хугацаанд шүүхэд ирж тайлбараа өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгч Ш.Ба-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.З хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд Ш.Б-н хариуцагч Э.З-с 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч Ш.Б-н “...хариуцагч Э.Зу-с 2020 оны 6 сарын 20-ны үеэр 2 тооны шүдлэн адуу авахаар тохирсон, 10 хоногийн дараа очоод авч чадаагүй, ...ноднин Э.З 2, 3 жил болчихсон юм чинь насыг нь нэмээд чамд унагатай гүү өгье гэхээр нь би 1,500,000 төгрөг өгчих гэхэд Э.З өөрөө зөвшөөрсөн, ... энэ асуудлаар эвлэрүүлэн зуучлалд хандсан” гэсэн тайлбар, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 7 сарын 21-ний өдрийн 72 дугаар “эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай” тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.
6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.З-с 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.З-с 2 тооны шүдлэн насны адуу буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.З-с 38,950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгосугай.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах ба гардуулах боломжгүй бол хүргүүлж, ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА