Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/шш2023/03028

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2023/03028

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хэсэг, С оргил, ** байр, ** тоотод оршин суух, регистрийн дугаар ********, М овогтой Т-ийн Б-ын,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.У-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.У-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М.У нь 2021 онд 40.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд уг мөнгөнөөс 2022 онд 10.000.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 30.000.000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг, 5 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 9 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 15.000.000 төгрөгийг төлнө гэж баталгаа гарган өгсөн боловч огт төлөөгүй байна. М.У-өөс 30.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Иймд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Е овогтой М-ын У /регистрийн дугаар *********** эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Б-аас Ц.Э-т олгосон итгэмжлэл, М.У-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, мөн М.У-ийн гараар бичсэн баталгааны хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн **************  дугаартай захирамж зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.У-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд М.У болон Т.Б нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн М.У-өөс зээлийн гэрээний үүргийг биелүүлэх тухай баталгаа гаргасан өгсөн боловч тус үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

3. М.У нь оршин суудаг байсан хаягтаа буюу Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, Ж эх, ** дугаар гудамж, ** тоотод оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ************  дугаартай захирамжаар тогтоогджээ.

4. Иймд регистрийн дугаар *********, Е овогтой М-ын У-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаар **********, Е овогтой М-ын У-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар М.У-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Н.ГЭРЭЛТУЯА