Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/902

 

 

 

 

 

 2021              10           21                                         2021/ДШМ/902                                                                                                                                                                                                 

Э.Э-ад холбогдох                                                                                                               эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Энхбуян,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны  прокурор Н.Энхтуяагийн бичсэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар эсэргүүцлийг үндэслэн Э.Э-ад холбогдох 2104000440052 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Э-ийн Э-, Төв аймагт 1989 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 0 дугаар хороо, Бага гүн 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 0000000000/,

2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

Э.Э- нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 5 дугаар гудамжны 16 тоотод оршин суух Ч.Х-ын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн нүдэнд нь цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан,

2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага гүний 10 дугаар гудамжны 17 тоотод оршин суух Б.Ууганболдын гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодсон,

2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалант хэсгийн 7 дугаар гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Э-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, толгой, мөрөнд нь модоор цохиж зодон хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас Э.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Б.Э-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Э- нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролгүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Энхтуяа бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг ... яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгоно” гэж, 12 дугаар зүйлийн 2.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаар бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан. Шүүгдэгч Э.Э-ын үйлдсэн гэмт хэргүүд нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул шүүхээс хэргийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх байтал шүүгдэгчид ял шийтгэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгож, Э.Э-ад холбогдох хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Н.Энхбуян тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг дэмжиж оролцож байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл, яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялыг солихдоо түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулахаар байна.

Шүүгдэгч Э.Э- нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн /хх 97-100/ байх боловч уг ялыг биеэр эдэлсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй.

Хэргийн 61 дүгээр хуудаст байгаа “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт”-д дээрх нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусаагүй тухай тэмдэглэсэн байна.

Шүүгдэгч Э.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн эсэх талаар эрх бүхий байгууллагын албан ёсны баримтыг хэрэгт ирүүлээгүй нь шүүхээс түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдалд хүргэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан дээрх алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Э-ад холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг прокурорт буцаасантай холбоотойгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг энэ удаа шийдвэрлээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Э-ад холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан Багануур дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 2. Хэрэг прокурорт очтол Э.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН