Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 113/ШЗ2023/0005

 

2023      06            07                                        113/ШШ2023/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: МОХНН УБТЗ (РД:..............),

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц,

Хариуцагч: ГСА-н ЗД,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Гуравдагч этгээд: С.Ч  (РД:..............),

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ГСАЗД-д, (а) аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, (б) маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг “УБТЗ” ХНН-т зохих хугацаагаар олгохыг ГСАЗД-д даалгах, (в) маргаан бүхий газрыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргаж маргасан.

2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад (а)-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг “аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж өөрчилснийг тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” 113/ШЗ2023/0032 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр (г) “аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 113/ШЗ2023/0032 дугаар шүүгчийн захирамжаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн /нэмэгдүүлэн/ гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлээр үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/ШТ2023/0373 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. (хэргийн I хавтасны 1-4, 53-57, 74-79, 140-143, 192-197, 211-214, III хавтасны 68-73, 85-88 дахь талд) 

4. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

4.1. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/122 дугаар захирамжаар МОХХН УБТЗ ХНН-ийн харьяа Барилга орон сууцны II ангийн Чойр хэсэгт /газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн дагуу/ ажлын байр, уурын зуух, үйлчилгээний г.м зориулалтаар Сүмбэр сумын нутаг дэвсгэрийн хэд хэдэн байршилд газар эзэмшүүлсний дотор маргаан бүхий газар болох Замын III ангийн урд талд, аж ахуйн хашааны зориулалтаар 20520 кв.м талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ. (хэргийн II хавтасны 65-68 дахь талд) 

4.2. МОХХН УБТЗ ХНН-ийн ерөнхий хорооны 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн /дугаар бичигдээгүй/ тогтоолоор, маргаан бүхий газар дээрх чулуун агуулахыг ашиглалтын хугацаа дууссан гэх үндэслэлээр үндсэн хөрөнгөөс хассан ба түүнийг иргэн С.Ч худалдан авсан байна. (хэргийн II хавтасны 160-180 дахь талд)

4.3. МОХХН УБТЗ ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.С-н 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10/1111 дүгээр албан бичгээр гаргасан “... тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй гол төмөр замын зурвас газар болон бусад эдэлбэр газруудыг ашиглах эрхээ баталгаажуулах” тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б заалт, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолыг үндэслэн, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/207 дугаар захирамжийг гаргаж, тухайн Нийгэмлэгт тус аймгийн нутаг дэвсгэрт ашиглуулах төмөр замын зурвас газар болон өртөө орчмын газрын зориулалтаар нийт 1357.42 га /үүнээс Чойр өртөө 60 га, Чойр өртөөнөөс Шивээговь сумын хил хооронд 195.84 га/ талбай бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, олгосон газрын байршил, хэмжээ, зориулалтыг хавсралтаар тодорхойлсон байна.

4.4. Улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/58 дугаар захирамжаар “тус Нийгэмлэгт олгосон төмөр замын зурвас газартай давхцаж байгаа” гэх үндэслэлээр зарим аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг дуусгавар болгоход, энэ хэсгийн 4.1-д заасан 20520 кв.м газар багтсан ба уг захирамжийг Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр МОХХН УБТЗ ХНН-т хүргүүлжээ.

4.5. С.Ч нь дээрх чулуун агуулахыг худалдаж авсантай холбогдуулан газар эзэмших эрх хүсч, аймгийн Засаг даргад 2013 оны 6 дугаар сарын 27, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрүүдэд хүсэлт гаргасан байх бөгөөд аймгийн Засаг даргын (а) 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамжаар, Сүмбэр сумын 1 дүгээр багийн Аяганы хонхорын агуулах гудамж-1 тоотод байрших 11877 кв.м газрыг агуулах зориулалтаар, 15 жилийн хугацаагаар түүнд эзэмшүүлж, (б) 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжаар, олгосон газрын хаягийг “Үйлдвэрлэлийн гудамж 105б” болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг үргэлжлүүлэн тооцож эзэмшүүлсэн. 

4.6. МОХХН УБТЗ ХНН нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10/2772, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10/3617 дугаар албан бичгийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлж, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамжаар С.Ч-т олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус нийгэмлэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргаж байсан бол 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжийг аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдээгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн гэж тайлбарлана. Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/1077 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчээс 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, өөрчилж, зарим хэсгийг шүүх хүлээн авахаас татгалзсан талаар энэ хэсгийн 1-3 дахь хэсэгт дурдсан.

5. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /нар/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... МОХХН УБТЗ ХНН нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социолист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдийн дагуу байгуулагдаж, тус хэлэлцээрт “... төмөр замын бүх чиглэлийн дагуух 120 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлэн хэрэглүүлнэ” гэж заасан бөгөөд маргаан бүхий газар нь МОХХН УБТЗ ХНН-ийн эзэмшил ашиглалтад хугацаагүйгээр шилжсэн газар ба тус Нийгэмлэгийг байгуулахад Монгол Улсын Засгийн газраас оруулсан хувь хөрөнгөд тооцогддог.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 3-т “Монгол Улс олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд энэхүү Олон улсын гэрээний дагуу Нийгэмлэгийн эзэмшил газрын зориулалт, хэмжээг тогтоочихсон байхад Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2018 онд хууль бус А/285 дугаар захирамж гаргаж, С.Ч нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалын 12 дугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад обьект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам”-ыг зөрчин үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байна.

Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл Олон улсын гэрээгээр Нийгэмлэгт эзэмшүүлж, ашиглуулсан газрыг бусдад олгосон нь хууль бус захиргааны акт болсон. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.11, 3.1.12, 3.1.13, 6 дугаар зүйлийн 6.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг биелүүлэхгүй зөрчиж, төмөр замын зурвас газар мөн эсэхийг нягтлан судлалгүйгээр шийдвэр гаргасан нь Нийгэмлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, мөн газар эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлэхэд саад болж, төмөр замын тасралтгүй, аюулгүй үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байна гэжээ.

5.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамжаар С.Ч-т Сүмбэр сумын 1 дүгээр багийн Аяганы хонхорын агуулахын гудамж-1 тоотод байрлах 11877 кв.м газрыг агуулахын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Ингэхдээ МОХХН УБТЗ ХНН-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн дарга Т.Б 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09/07 албан бичиг, мөн Барилга ашиглалт, үйлчилгээний 2 дугаар ангийн даргын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 88/231 албан бичиг, тус нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол зэргийг үндэслэж олгосон. Аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжаар дээрх газрын хаягийг “Үйлдвэрлэлийн гудамж 105б” болгож өөрчилсөн болохоос МОХХН УБТЗ ХНН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл МОХХН УБТЗ ХНН нь иргэн С.Ч-т 2016 онд газар эзэмшүүлэх захирамж гарсанг мэдсэн байсан бөгөөд энэ үеэс тус байгууллага энэхүү эрх зүйн харилцаанд хамааралгүй болсон тул 2018 оны А/285 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх шаардлагагүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин МОХХН УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 10/2772 дугаар албан бичгийн дагуу УБТЗ ХНН-ийн өмчлөлийн гэх салбар төмөр замд хамаарах газрыг иргэн С.Ч-ын эзэмшлийн 11877 кв.м газраас хасч тус байгууллагын нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

5.3. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Газрын тухай хуульд зааснаар тухайн орон нутгийн Засаг дарга нь газрын харилцаатай холбоотой тэр дундаа Монгол улсын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан. Мөн миний эзэмшиж буй газар нь “УБТЗ” ХНН-ийн газартай давхцалгүй байсан тул надад олгосон. Монгол Улсын Үндсэн хуулийн жаран хоёрдугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…” гэж заасан бөгөөд тухайн орон нутгийн эдийн засаг нийгмийн амьдралтай холбоотой асуудлаар нутгийн удирдлагад Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхэд хөндлөнгөөс нөлөөлж, аливаа шийдвэр гаргахыг даалгах нь хуульд нийцэхгүй. Говьсүмбэр аймгийн Засаг даргын А/285 дугаар захирамжийг хүчингүй болгох шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолж байгаа нь тодорхойгүй байна. Энэ захирамж нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

5.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу тухайн маргаан бүхий газар нь “УБТЗ-ын” ХНН-ийн эзэмшилд хугацаагүйгээр шилжсэн газар юм. Хариуцагч нь олон улсын гэрээг хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох заалт болон Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан Төмөр замын зурваст газрын болон аюулгүйн бүсийг дэглэм төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулан үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, нэвтрэх журам зэргийг зөрчиж бусдад эзэмшүүлсэн байна. Говьсүмбэр аймгийн Засаг даргын  2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэснийг зөрчиж гаргасан. Иймд аймгийн Засаг даргын энэхүү А/285 дугаар захирамж нь хууль бус захиргааны акт учраас хүчингүй болгож өгнө үү. Мөн Олон улсын гэрээг зөрчиж олгосон учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасны дагуу маргаан бүхий газарт “УБТЗ” ХНН-т эзэмших ашиглах эрхийг хууль ёсоор олгохыг даалгах, тус хуулийн 106.3.5-т зааснаар 2 улсын Засгийн газар хооронд байгуулагдсан 1949, 1952 оны хэлэлцээрүүдийн дагуу “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн газар мөн болохыг тогтоож өгнө үү гэж шүүхээс хүсч байна.

Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоол гэж гарсан. Энэхүү тогтоолын 7 дугаар зүйлд зааснаар төрийн болон орон нутгийн өмчит төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгажуулах, газар эзэмшихтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 ондоо багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн, хуулийн этгээдийн, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг аймаг нийслэлийн удирдлагуудад даалгасан. Энэхүү шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга одоо хүртэл биелүүлээгүй байна. 2 улсын Засгийн газар хоорондын 1949, 1952 оны хэлэлцээрт заасны дагуу маргаан бүхий газрыг “УБТЗ” ХНН-т олгосон тул эзэмших, ашиглах, өмчлөх эрх хөндөгдөж, хэрэгжүүлж чадахгүй байна” гэв.

5.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2016 оны А/88 дугаар захирамжаар С.Ч-т 11877 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. Энэ газрыг эзэмшүүлэхдээ ямар арга хэмжээ авч ажилласан бэ гэхээр газрын давхардлыг өөрсдийнх нь кадастрын зургаар болон “УБТЗ” ХНН-ийн холбогдох газар нэгжид албан бичгийг явуулж лавлагаа авч, төмөр замын зурвас газартай давхцахгүй хэсгийг олгоход татгалзахгүй гэсэн хариу өгсөн учраас захирамж гаргасан. Харин аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаартай захирамж нь өмнө олгосон газрын “Агуулахын гудамж” гэдэг хаягийг “Үйлдвэрлэлийн гудамж” болгож хаяг өөрчилсөн тухай болохоос нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. “УБТЗ” ХНН-ийн хувьд бол анх тухайн маргаан бүхий газрыг 2016 онд С.Ч гуайд олгосноос хойш 2021 он хүртэл огт гомдол санал гаргаагүй.

“УБТЗ” ХНН-ээс өөрсдөө төмөр замын зурвас болон эдэлбэр газраа баталгаажуулах ажиллагааг хийлгэхээр хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийн дагуу тус нийгэмлэгийн харьяа анги байгууллагад өмнө олгосон зарим газрын эзэмших эрхийг нь цуцлаад, хүсэлтийнх нь дагуу төмөр замын зурвас болон бусад эдэлбэр газрыг шинээр баталгаажуулж, аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/207 дугаар захирамж гарсан. Харин тухайн үед маргаан бүхий газар дээр байгаа гэх салбар төмөр замд харгалзах газраа эзэмшил, ашиглалтдаа авах талаар буюу газрыг ашиглах талаар хүсэлт ирүүлж байгаагүй, баталгаажуулж аваагүй. Тэгэхлээр Газрын тухай хуулийн 31.3-т заасан давхцалтай газар дээр олгосон гэж үзэх үндэслэлгүй. Газрыг эрхийн гэрчилгээний үндсэн дээр баталгаажуулсан байхыг Газрын тухай хуулиар шаарддаг. Тэгтэл “УБТЗ” ХНН маань тухайн объектод харгалзах газраа гэрчилгээжүүлж авсан тохиолдол огт байхгүй хэрнээ манай газар дээр С.Ч гуайд давхцуулж эзэмшүүлсэн гэж маргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын хувьд Говьсүмбэр аймаг зөрчилтэй байгаа талаар нэр дурддаггүй, нийслэлийн удирдлага, байгууллагын тухай бичсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

5.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... иргэн С.Ч Говьсүмбэр аймагт газар эзэмших шалтгаан нь “УБТЗ” ХНН-ийн ерөнхий хорооны тогтоолоор үндсэн хөрөнгөөс хасагдсан агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авч өмчлөх болсонтой холбоотой. Ингэж худалдаж авсны улмаас харгалзах газрыг эзэмших хүсэлт гаргасан. Яагаад 20520 м.кв газар эзэмших хүсэлт гарсан бэ гэвэл “УБТЗ” ХНН-ийн харьяа салбар ангийн мэдэлд байсан энэ газрын эзэмших эрхийг нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2014 оны А/58 дугаартай захирамжаар дуусгавар болгосон байсан. “УБТЗ” ХНН, Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь 2016 онд албан бичгээр харилцаж зөвшилцөж байгаад 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/207 дугаар захирамжид зааснаас бусад байршилд газар олгоход татгалзах зүйлгүй гэх агуулгатай албан бичиг нэхэмжлэгч талаас ирснээр манай хүсэлт гаргасан газар 11877 м.кв болж өөрчлөгдөөд, энэ хэмжээгээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасны дагуу газар эзэмшиж байна. С.Ч-т олгосон газрыг “УБТЗ” ХНН-ийн эзэмших эрхтэй газар болохыг тогтоолгоё, тухайн газрыг манайд олгохыг даалгаж өгөөч гэдэг агуулгатай нэхэмжлэлийнхээ үндэслэлийг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол, олон улсын гэрээ, тэгээд Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоол байна гэж ярьсан. Сайд нарын зөвлөлийн тогтоол дээр Чойрт 124 га газар олгоно гэсэн байна. Гэтэл Говьсүмбэр аймгийн Засаг даргын  2014 оны 7 сарын  29-ний өдрийн А/207 дугаар захирамжаар 529 га газрыг Чойр орчимд олгосон байна. Тэгэхээр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоол хэрэгжсэн, илүү олгосон байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа олон улсын гэрээнд өртөө хооронд төмөр замын шугамын дагуу өргөнөөрөө 120 метр газар өгнө гэсэн, салбар төмөр зам үүнд орохгүй. С.Ч гуайд анх газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/88 дугаар захирамжаар нэгэнт хүчинтэй байсан, энэ захирамжийн талаар одоо ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй тохиолдолд нэг газрыг хоёр иргэн, хуулийн этгээдэд давхцуулан эзэмшүүлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын 2018 оны А/285 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь, мөн  үүний улмаас ямар хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байгаа нь ойлгомжгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бол хүн бүр аж ахуй эрхлэх эрхтэй, тэгэхээр С.Ч-ыг Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхгүй байх тухай агуулга яригдахгүй. Анхнаасаа засан сайжруулах зорилгоор тэр объектыг өмчилж авсан, засан сайжруулах явцад маргаан гарсан, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

6. Энэ хэрэгт иргэн С.Ч-т олгосон газрын хаягжилтыг шинэчилж, үргэлжүүлэн эзэмшүүлсэн агуулга бүхий Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамж нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт /Социалист/ Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд 1949 болон 1952 онд байгуулсан хэлэлцээр, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоор МОХХН УБТЗ ХНН-т хугацаагүй шилжүүлсэн гэх газартай давхцаж, нэхэмжлэгчийн  газар эзэмшиж, ашиглах эрхийг зөрчсөн эсэх маргаан хэлэлцэгдсэн болно.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /нар/-өөс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөх буюу нэмэгдүүлэх; зарим нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгож, холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах; зэргээр анх гаргасан нэхэмжлэлийн өргөдөлд тодорхойлсон нэхэмжлэлийн зарим шаардлага өөрчлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг “УБТЗ” ХНН-т зохих хугацаагаар олгохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газрыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлсон. 

8. Шүүх эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

9.1. БНМАУ ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд 1949 болон 1952 онд байгуулсан хэлэлцээр болон тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоор 15960 га газрыг “УБТЗ” ХНН-т олгосны дотор Чойрт 124 га газрыг хугацаагүй ашиглуулахаар шилжүүлсэн, маргаан бүхий газар үүнд хамаарна.

9.2. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон улсын гэрээ бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн аравдугаар зүйлийн 2, 3-т заасны дагуу “УБТЗ” ХНН-ийн эзэмшилд хугацаагүй шилжсэн газарт давхцуулж буюу нийгэмлэгийн балансад бүртгэлтэй салбар замыг оруулж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн.

9.3. Аймгийн Засаг даргын 2018 оны А/285 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 6 болон 2020 оны 10 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 205 дугаар тушаалаар баталсан журмыг зөрчсөн. С.Ч нь газраа ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох ёстой байсан.

9.4. Маргаан бүхий захиргааны актын улмаас нийгэмлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, мөн газар эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлэхэд саад болж, төмөр замын тасралтгүй, аюулгүй үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан гэжээ.

10. Хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ:

10.1. Аймгийн Засаг даргын 2014 оны А/207 дугаар захирамжаар 2 улсын Засгийн газрын 1949, 1952 оны хэлэлцээрт зааснаас илүү хэмжээний газрыг “УБТЗ” ХНН-д ашиглуулахаар шийдвэрлэсэн ба С.Ч-т эзэмшүүлсэн газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоор тус нийгэмлэгт хугацаагүй шилжүүлсэн гэх төмөр замын зурвас газарт хамаарахгүй.

 10.2. Маргаан бүхий газрыг анх С.Ч-т эзэмшүүлэхдээ “УБТЗ” ХНН-ээс холбогдох лавлагаа авч, газрын мэдээллийн сангаас шүүлт хийхэд газрын давхцал байгаагүй тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчөөгүй.

10.3. Аймгийн Засаг даргын 2018 оны А/285 дугаар захирамжаар дээрх газрын хаягийг өөрчилснөөс “УБТЗ” ХНН-ийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаагүй, энэ захиргааны актын улмаас ямар эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн нь  ойлгомжгүй. Анх газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/88 дугаар захирамжтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага одоо байхгүй учраас нэхэмжлэл үндэслэлгүй.

10.4. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Монгол Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан албан ёсоор нийтлэгдсэн байх шаардлагыг хангахгүй учраас энэ хэлэлцээрийг шүүх хэрэглэх ёсгүй зэргээр тодорхойлно.

11. “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

11.1 Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрээр “УБТЗ” нэртэй Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулж, Наушка тосгон дахь Монгол-Зөвлөлтийн хилийн боомтоос Улаанбаатар хот хүртэл 1524 миллиметр өргөн хэмжээтэй ганц дан төмөр замыг, салаа замуудын хамт тавих ба ашиглах эрхийг тус нийгэмлэгт олгожээ. 

11.2. Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан 1952 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрийн нэгдүгээр зүйл, хоёрдугаар зүйлийн 2-ын б/-д заасны дагуу нийгэмлэгийн ажиллагааг өргөтгөж, 1953-1955 онд төмөр замыг Улаанбаатараас Замын-Үүдийн орчимд байгаа Монгол-хятадын хил хүртэл байгуулж, төмөр замын бүх шугам дагуу өргөнөөрөө 120 метр зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүй шилжүүлэн хэрэглүүлэхээр тусгасан байна.

11.3. Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан дээрх хэлэлцээр болон 1953 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн протоколд тохируулан, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “УБТЗ” гэдэг Зөвлөлт-Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгт газар гаргаж өгөх тухай 527 дугаар тогтоолоор Монгол талаас хувь нийлүүлсэн хөрөнгөд нийт 15960 га газрыг нийгэмлэгт хугацаагүй ашиглуулахаар олгож, газрыг зааглах ажлыг 1958 оноос хэтрүүлэлгүй дуусгахыг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт үүрэг болгожээ.

11.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, маргаан бүхий газар нь дээрх хэлэлцээр ба Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу “УБТЗ” ХНН-т төмөр замын зурвас газар болон эдэлбэр газрын зориулалтаар хугацаагүй шилжүүлсэн газарт хамаарах бөгөөд 2 улсын Засгийн газрын хэлэлцээр нь олон улсын гэрээ болохын хувьд Үндсэн хуульд зааснаар дотоодын хууль тогтоомжоос давуу хүчинтэй байхад С.Ч-т давхцуулан газар эзэмшүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар маргасан.

11.5. Үүнтэй холбогдуулан (а) дээрх 2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь төрөөс газрыг эзэмшүүлж ашиглуулах асуудалд, тус харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулиас дээгүүр хүчин чадалтай олон улсын гэрээ болох эсэх; (б) 2 улсын Засгийн газар хооронд 1949 болон 1952 онд байгуулсан хэлэлцээр, Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоол зэрэг эрхийн актаар “УБТЗ” ХНН-т хугацаагүй олгосон гэх газрын хэмжээ, байршлыг тогтоосон гэж үзэх эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

11.6. Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй”, Олон улсын гэрээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Засгийн газар баталсан олон улсын гэрээг баталсан тогтоолын хамт Засгийн газрын тогтоолыг нийтлэх журмын дагуу нийтэлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ” гэж тус тус заасан.

Дээрх зохицуулалтаас үзэхэд зөвхөн хууль хэлбэрээр соёрхон баталсан олон улсын гэрээг дотоодын хуулиас дээгүүр хүчин чадалтай гэж ойлгохоор байх ба Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай” 09 дүгээр тогтоолд үүнийг тодорхой тайлбарлажээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт /Социалист/ Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд 1949 болон 1952 онд байгуулсан хэлэлцээр нь хүчин төгөлдөр гэх боловч www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулсан соёрхон баталж, албан ёсоор нийтэлсэн олон улсын гэрээний жагсаалтад байхгүй болохыг тэмдэглэв.

11.7. Газрын тухай хууль /1994 он/-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Газрын тухай хууль /2002 он/-ийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд олон улсын гэрээнд өөрөөр заасан тохиолдолд түүнийг Газрын тухай хуулиас дээгүүр хүчин чадалтай гэж дагаж мөрдөх талаар уг хуульд заагаагүй. Харин Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, гадаад улсын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар ашиглуулах нөхцөл шаардлага, хугацаа, хэмжээ, газар эзэмшигч, ашиглагчийн эрх үүрэг, газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх болон газрын харилцаанд хэрэгжүүлэх Засгийн газар, аймгийн Засаг даргын бүрэн эрх зэрэг холбогдох аливаа харилцааг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан.

11.8. Маргаан бүхий газар нь Говьсүмбэр аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн дагуу “УБТЗ” ХНН-т хугацаагүйгээр ашиглуулахаар олгосон өртөө орчмын эдэлбэр болон төмөр замын зурвас газарт хамаарахгүй болох нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1949, 1952 оны хэлэлцээр, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоос гадна Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/207, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/58, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамж, тэдгээрийн хавсралтууд, “УБТЗ” ХНН-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 09/07 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 01/114, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 01/259 дүгээр албан бичиг, хавсралт зургууд, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, С.Ч-т эзэмшүүлсэн 11877 кв.м газрын нэгж талбарын 4201002760 дугаартай кадастрын зураг, “УБТЗ” ХНН-т ашиглуулж буй 60 га газрын гэрчилгээ, 4201002692 дугаартай газрын кадастрын зураг, гэрч Б.О, Д.Г нарын мэдүүлэг, мөн “УБТЗ” ХНН-ийн Чойр өртөөний даргын “уг газар нь 1949 оны хэлэлцээрийн дагуу олгосон төмөр замын гол төмөр замын зурвас газарт ороогүй” гэх агуулга бүхий 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн илтгэх хуудас зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.

Маргаан бүхий газар нь байршил, хэмжээний хувьд хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоор хугацаагүй ашиглуулахаар манай эзэмшилд шилжүүлсэн газарт бүхэлдээ давхцаж байгаа тул ямар хэмжээгээр давхцаж байгааг тогтоох шаардлагагүй гэж хэргийн оролцогчид тайлбарлаж маргасан, энэ нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас үйлдэж ирүүлсэн зураг, шүүхийн үзлэгээр тогтоогдсон тул шинжээчийн дүгнэлт гаргуулах зэргээр давхцал үүссэн гэх газрын хэмжээг нарийвчлан тогтоох ажиллагааг шүүхээс явуулаагүй болохыг тэмдэглэв. (хэргийн I хавтасны 17-21, 99-103, 107, 124-127, 133-135, 145-155, 166, II хавтасны 69, 94-95, 118-121, 124-125, 156, III хавтасны 19, 142 дахь талд)

11.9. Газар эзэмших, ашиглахтай холбоотой аливаа харилцааг зохицуулж ирсэн Газрын тухай хууль /1994 он/-ийн 18 дугаар зүйлийн 1-ийн 10, 19 дүгээр зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 1-ийн 3, Газрын тухай хууль /2002 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 19 дүгээр зүйлийн 19.1.6-д заасан зохицуулалтын дагуу тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “УБТЗ” ХНН-т олгосон газарт төмөр замын хамгаалалтын бүсийг тогтоох, Засгийн газраас төмөр замын зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах, түүний зааг хэмжээ, ашиглах журмыг тухайлан тогтоох шаардлагатай байжээ.

Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөж, шилжих тухай Монгол улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн зургаадугаар зүйлийн 3-т “БНМАУ-ын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөх зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ” гэж заасан байтал БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоор хугацаагүй хэрэглүүлэхээр шилжүүлж авсан гэх газраа Газрын тухай хууль /1994 он/-ийн 25 дугаар зүйл, Газрын тухай хууль /2002 он/-ийн 24, 44 дүгээр зүйлд заасны дагуу газар зохион байгуулалт хийлгэж, баталгаажуулж аваагүй нь нэхэмжлэгчийн буруу гэж үзнэ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ““Улаанбаатар төмөр зам” ХНН бол 2010 оноос хойш газрын гэрчилгээжүүлэлтээ шинээр баталгаажуулж, бүртгүүлж, кадастаржуулж авсан. Тэрнээс өмнө бол газар зохион байгуулалт, Газрын тухай хууль 2002 оны үеэс цэгцрээгүй байж таараад, 2009 оны үеэс манайд Үл хөдлөх хөрөнгө хувьчлах хэлтэс нь байгуулагдсан. Тухайн үед хуульчгүй, захиргааны албандаа 1 хүн ажилладаг байсан гэж ярьдаг. Одоо бол хуульч нар орж ирээд тэгээд энэ гэрчилгээжүүлэх ажил албан ёсоор эхэлсэн” гэх тайлбар үндэслэл бүхий биш байна.

11.10. МОХХН УБТЗ ХНН-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.С-оос 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 10/1111 дүгээр албан бичгийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад хүргүүлж,  “тус аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй гол төмөр замын зурвас газар болон бусад эдэлбэр газруудыг ашиглах эрхээ баталгаажуулах”-ыг хүссэн.

Үүнтэй холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б заалт, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолыг үндэслэн, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” А/207 дугаар захирамжийг гаргаж, “УБТЗ” ХНН-т тус аймгийн нутаг дэвсгэрт ашиглуулах төмөр замын зурвас газар болон өртөө орчмын газрын зориулалтаар нийт 1357.42 га /үүнээс Чойр өртөө 60 га, Чойр өртөөнөөс Шивээговь сумын хил хооронд 195.84 га/ талбай бүхий газрыг ашиглуулахаар шийдвэрлэж, олгосон газрын байршил, хэмжээ, зориулалтыг хавсралтаар тодорхойлсон ба энэ захирамжтай маргаангүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлана. (хэргийн III хавтасны 139 дэх талд)

11.11. Дээрх үндэслэлүүдийг нэгтгэвэл, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан дээрх хэлэлцээрийг цаг хугацааны болоод гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж буй “албан ёсоор нийтлэгдсэн байх зэрэг шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр 1969 оны Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцид заасан гэрээнд хамааруулан тайлбарлаж хэрэглэхэд бүрэн тохирохгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлсон, БНМАУ ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд 1949, 1952 онд байгуулсан хэлэлцээр болон тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоор тус нийгэмлэгт хугацаагүй шилжүүлсэн гэх газрын хувьд төмөр замын зурвас газрын хэмжээ, байршил, хилийг цэс /зааг/-ийг нарийвчлан тодорхойлсон гэж үзэх үндэслэлгүй тул маргаан бүхий газрыг хугацаагүй ашиглах эрхтэй гэж үзэхээргүй байна.  

11.12. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А-4/1510 дугаар албан бичигт “... Чойр салбар замууд нь төрийн өмчийн тооллогод бүртгэлтэй” гэж дурдсан ч нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн 75/2018 шифр дугаартай ПЧ-3 балансын салбар замуудын дэвсгэр зураг, 75/2018 шифр дугаартай НГЧ-ийн замын дагуу огтлолын зураг нь маргаан бүхий газар дээрх салбар төмөр замын өмчлөгчийг тодорхойлохгүй бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн балансанд бүртгэлтэй гэдгийг нотлохгүй.

11.13. Хариуцагчийн тайлбарласанчлан маргаан бүхий газрыг ашиглах эрх “УБТЗ” ХНН-т үүсээгүй, мөн Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолын дагуу төмөр замын зурвас болон өртөө орчмын эдэлбэр газрын зориулалтаар ашиглуулахаар аймгийн Засаг даргын 2014 оны А/207 дугаар захирамжаар олгосон газарт хамаарахгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2018 оны А/285 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцсэн гэж дүгнэх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан энэ хэсгийн 9.1, 9.2-т заасан шаардлагын үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.

11.14. “УБТЗ” ХНН-т хугацаагүй шилжүүлсэн хэмээн нэхэмжлэгчээс тайлбарлаж буй маргаан бүхий газрыг (а) Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/122 дугаар захирамжаар тус нийгэмлэгийн харьяа Барилга орон сууцны II анги /Чойр хэсэг/-д аж ахуйн хашааны зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/58 дугаар захирамжаар дуусгавар болгосон, мөн (б) аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжаар хаяг шинэчлэх хүртэл 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/88 дугаар захирамжаар С.Ч-т агуулахын зориулалтаар тус тус эзэмшүүлэх шийдвэр гаргаж байсан гэх нэхэмжлэгчид илэрхий үйл баримттай маргаагүй, эдгээр хугацаанд тухайн газрыг төмөр замын зурвас болон эдэлбэр газрын зориулалтаар ашиглахаар захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй зэрэг нь дээрх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ба үгүйсгэгдэж байгааг илэрхийлнэ.  

11.15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан, Говьсүмбэр аймгийн Засаг дарга  2018 оны А/285 дугаар захирамжийг гаргахдаа Төмөр замын тээврийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчсөн гэх шаардлагын үндэслэлийг мөн хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ. 

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “төр өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан бол Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.1.1, 3.1.11-3.1.13 дахь заалтад төмөр замын объект, төмөр замын зурвас газар, түүний аюултай болон аюулгүйн бүс гэх ойлголтоос гадна төмөр замын зурвас газар нь төрийн өмч болохыг тодорхойлохдоо төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчим, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах нь тус хуулийн зорилго гэдгийг илэрхийлсэн. Эдгээр зохицуулалт нь төрийн өмчийн болон төмөр замын тээврийн харилцаанд үйлчлэх тул газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн эсэх энэ маргаанд хамаарахгүй.

11.16. Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолоор “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм”-ийг баталсан бөгөөд хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-ийн хугацаагүйгээр ашиглах төмөр замын дагуух зурвас газрын хил хязгаарыг тогтооход энэ дэглэмийг мөрдөхгүй гэж Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 03/2622 дугаар албан бичгээр тодорхойлжээ. (Хэргийн I хавтасны 30 дахь талд)

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 205 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах, нэвтрэх журам"-ыг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлах боловч уг журамд заасан төмөр замын аюултай болон аюулгүйн бүсэд хориглосон ямар үйл ажиллагааг газар эзэмшигч С.Ч явуулсан болохыг тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тодорхойлсон энэ журам нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болсон, гуравдагч этгээд нь “Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэм болон тухайн газартай холбоотой шүүхийн маргааны улмаас газар дээр үйл ажиллагаа явуулаагүй” гэж тайлбарласан зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэл тогтоогдохгүй байна.

11.17. “УБТЗ” ХНН-ийн зүгээс төмөр замын зурвас газартай давхцахгүй эдэлбэр газрыг бусдад эзэмшүүлэхэд татгалзахгүй саналаа илэрхийлсэн, улмаар  аймгийн Засаг даргын 2016 оны А/88 дугаар захирамжаар С.Ч-т 11877 кв.м газрыг эзэмшүүлснээс хойш 2021 он хүртэл нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагад санал гомдол гаргаагүй зэрэг хэрэгт тогтоогдсон үйл баримтыг Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д салбар зам гэж сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам болон өртөөний замаас салбарлаж тавьсан замыг /хэлнэ/” гэж заасантай харьцуулан дүгнэхэд, маргаан бүхий газар нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын 7-д заасан ... барилга байгууламжийн доорх газар гэдэгт хамаарахгүй тул энэ хэсгийн 9.3-д заасан “Засгийн газрын шийдвэрийг аймгийн Засаг дарга биелүүлээгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй, “уг тогтоолын хэрэгжилтийг хангах талаар дэмжлэг хүссэн Зам, тээврийн хөгжлийн сайдын албан бичигт зөвхөн нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагын талаар дурдсан, харин Говьсүмбэр аймаг энд нэр дурдаагүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл бүхий байна. (хэргийн I хавтасны 31-32, II хавтасны 73 дахь талд)

11.18. Маргаан бүхий 2018 оны А/285 дугаар захирамжийг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна”[1] гэж заасныг үндэслэл болговол газар эзэмших эрх олгох, түүнийг дуусгавар болгоход тус хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам үйлчилнэ.

Харин хариуцагчаас “маргаан бүхий уг захиргааны акт нь аймгийн Засаг даргын 2016 оны А/88 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын хаягийг өөрчилсөн агуулгатай захирамж бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул “УБТЗ” ХНН-т мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулах шаардлага байгаагүй” гэж тайлбарлаж буй энэ тохиолдолд тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасныг аймгийн Засаг дарга зөрчсөн гэж буруутгах боломжгүй. Сонсох ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй гэх мэт шийдвэр гаргах ажиллааны алдаа нь дангаараа маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, түүнийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үзүүлэхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

11.19. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны А/285 дугаар захирамж нь “С.Ч-ын эзэмшиж буй газрын хаягжилтыг шинэчилж, үргэлжлүүлэн эзэмшүүлэх” агуулгатай тул газар эзэмшигчийн хувиар хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэх зэрэг захиргааны акт гарснаас хойших цаг хугацаанд хамаарах үйл баримт нь анх газар эзэмшүүлсэн үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Газар эзэмшигч хуульд заасан үүргээ биелүүлээгүй, газрыг ашиглаагүй тохиолдолд Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхийг дуусгавар болгох эсэх асуудлыг шалган тогтоож, шийдвэрлэх эрх нь тухайн шатны Засаг даргад бий.

11.20. Иймд “УБТЗ” ХНН-ийн мэдэлд хугацаагүй шилжүүлсэн газрыг бусдад давхцуулж олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “С.Ч нь газраа ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгох ёстой” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

12. Нэхэмжлэлийн бусад шаардлагын тухайд;

12.1. “Маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг “УБТЗ” ХНН-т зохих хугацаагаар олгохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг тус нийгэмлэгийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн 10/3617 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй нь хууль бус, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр олгохдоо зориулалт, хэмжээг нь тогтоочихсон гэж тайлбарласан.

12.2. Харин “маргаан бүхий газрыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг энэ хэсгийн 9.1, 9.2-т заасанчлан хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол талын хувь нийлүүлсэн хөрөнгө болгож хугацаагүй шилжүүлсэн газар тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу эзэмших эрхтэй гэж тодорхойлжээ.

12.3. “УБТЗ” ХНН нь дээрх 10/3617 дугаар албан бичигт дурдсан буюу С.Ч-т 11877 кв.м газар эзэмших эрх олгосон аймгийн Засаг даргын 2016 оны А/88 дугаар захирамжийг хүчингүй болгож, тус газрыг өөрийн нэр дээр баталгаажуулж авах тухай адил асуудлаар өмнө нь 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 10/2772 дугаар албан бичгийг хүргүүлж, аймгийн Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/1077 дугаар албан бичгээр хариу өгч байсан тул хууль бус эс үйлдэхүй гэж үзэхгүй.

12.4. Маргаан бүхий газар нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1949, 1952 онд байгуулсан хэлэлцээр, Сайд нарын зөвлөлийн 1955 оны 527 дугаар тогтоолоор “УБТЗ” ХНН-т хугацаагүй шилжүүлсэн гэх газарт хамаарахгүй, тэдгээр эрхийн актаар төмөр замын зурвас газрын хэмжээ, байршил, хугацаа, хилийн цэсийг нарийвчлан тодорхойлоогүй тул С.Ч-т эзэмшүүлсэн газрыг хугацаагүй ашиглах эрх нэхэмжлэгчид хадгалагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй талаар энэ хэсгийн 11.1-11.11–д дүгнэсэн бөгөөд Газрын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газрыг эзэмших хэлбэрээр олгохгүй тул эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

13. Нэгтгэн дүгнэвэл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлийн Засагт Социолист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрүүд болон БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаар тогтоолоор “УБТЗ” ХНН-т хугацаагүй шилжүүлсэн гэх газрын байршил, зориулалт, хэмжээ, заагийг нарийвчлан тодорхойлоогүй, нэхэмжлэгч нь эдгээр эрхийн актаар эзэмшил ашиглалтдаа хугацаагүй шилжүүлж авсан гэх газраа Газрын тухай хуулийн дагуу баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлээгүй буюу тус хуулийн дагуу эзэмших, ашиглах эрх үүсээгүй.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрүүдийг олон улсын гэрээнд бүрэн хамааруулж тайлбарлахгүй ба эрх зүйн эх сурвалжийн хувьд энэ тохиолдолд Газрын тухай хуулиас дээгүүр хүчинтэй үйлчилнэ гэж үзэхээргүй.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын маргаан бүхий 2018 оны А/285 дугаар захирамжаар С.Ч-т эзэмшүүлсэн 11877 кв.м талбай бүхий газар нь хэмжээ, зориулалт, байршил, хил заагийн хувьд аймгийн Засаг даргын 2014 оны А/207 дугаар захирамжаар нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон газарт хамаарахгүй бөгөөд газрыг давхцуулж олгосон гэж дүгнэх үндэслэлгүй, “УБТЗ” ХНН-ийн тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан МОХНН УБТЗ ХНН-ийн гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/285 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын эзэмших ашиглах эрхийг “УБТЗ” ХНН-т зохих хугацаагаар олгохыг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газрыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан 1949, 1952 оны хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн төмөр зам дагуух зурвас газар болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” 113/ШЗ2022/0067 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын үйлчлэлийг дуусгавар болгонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                З.ГАНЗОРИГ

                  

 

[1] 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон.