Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

шүүгдэгч Б.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл /ҮД:0303/, Ц.Цэрэнням /ҮД:0801/, Э.Ганбат /ҮД:0362/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэг, түүний өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ /ҮД:2079/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрүүл мэндийн эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 3 дугаар хорооллын 76 дугаар байрны 44 тоот байранд оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ХЖ85060813/ Батхөхий овогт Батсайханы Отгонбаярт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625021464 дугаартай 185/2017/0046/Э индекстэй хэргийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн 6 дугаар хэсгийн задгайд байрлах хашаан дотор бусдын хүч хэрэглэсэн үйлдлээс зугтан гараа арагш савах үйлдэл хийх үедээ ардаа зогсож байсан иргэн П.Нямсүрэнг анзааралгүй түүний хоолойн төвөнх орчимд гарын алганы ар хэсгээр цохиж “бамбай мөгөөрсний хугарал, хоолой багалзуурын салстын цус хуралтууд, гуурсан хоолойн агшилт цулцангийн хөндийн цус харвалт” бүхий гэмтэл учруулан “механик амьсгал бүтэлтэнд оруулан” амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгүйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонбаярын: Шүүх хуралдаанд хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хөнгөн ял оноохыг хүсье гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэгийн: Би нөхөртэйгөө 31 жил ханилсан, 4 хүүхдийн аав, ээж байсан. Манай хүн уран дархан хүн байсан. Юмыг сэтгэлээсээ хийдэг сайн хүн байсан. Хүнд хар буруу санах хүн байгаагүй. Болорзаяа, Батмагнай нарын мэдүүлэг өөрчлөгдсөнийг би гайхаад байна. Болсон үйл явдлын тухайд 5 дугаар сарын 30-ны орой Гантулга манай хүнийг зуслангийн байшин бариулах гээд авч явсан. 31-ний өдөр хүрч ирнэ гэсэн. Тэгтэл 31-ний өдөр хашаа нь дуусаагүй байна, хэмжээгээ буруу өгсөн байна гэж орой 6, 7 цагийн үед ярьсан. Тэгээд удаагүй байхад над руу залгаад манай нөхрийг ухаан алдаад унасан гэж хэлэхээр нь би том хүүтэйгээ хамт очиход нас барсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад энэ хашааны гарцыг таглуулахгүй гэж зодоон үүссэн. Тэгээд энэ зодооныг салгах гэж байгаад ийм зүйл болсон талаар хэлсэн. Би хүнийхээ амиар хохирсон учир гомдолтой байна. Шүүгдэгчийг байрны ордерын асуудлыг шийдэж өгнө үү гэж хүсч байна. Би оршуулгын зардал 15.000.000 төгрөгийг нэхэмжилсэн ч шүүгдэгчийн зүгээс төлөх боломжгүй байна гэсэн. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс 2 өрөө 37 м2 байрыг надад санал болгож өгсөн. Тэгтэл гэрчилгээ нь одоо болтол гараагүй байгаа. Уг байраа 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Би уг байранд нүүж ороогүй байгаа. Энэ хүмүүс байрны гэрчилгээ гаргаж өгнө гэсэн учир нэхэмжлэх зүйлгүй. 15.000.000 төгрөгийн хохиролд уг 2 өрөө байрыг авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Гэвч би шүүгдэгчид маш их гомдолтой байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

Хавтаст хэргээс: мөрдөн байцаалтад гэрч Т.Болорзаяагийн: ...хашааны урд хэсэгт манай хүү Г.Чинзориг Хуягаа гэдэг залуутай шавар зуурч байсан. Би хашааны зүүн урд хэсэгт аяга угааж байсан. Манай нөхөр Л.Гантулга шавар зуурах усанд явчихсан байсан юм. Тэгээд тэр согтуу цайвар хувцастай 50 орчим насны хүн жоохон хүүхэдтэйгээ ирээд манай хүү Г.Чинзоригийг загнаад хүүд маань агсам тавьж хэрэлдсэн. ...тэр хүн надад хараалын үг урсгаж намайг доромжилсон юм. Тэгтэл манай хүү уурласан юм уу яасан юм бид хоёр дээр гүйж ирээд тэр хүнийг хөөсөн. Тэгтэл тэр хүн манай хүүхдийг нэг удаа мөрөн тус газар, нэг удаа нүүрэн тус газар гараараа цохьсон. Тэгэхээр нь манай хүү урдаас нь харж байгаад тэр хүнийг нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгсэн чинь л тэр хүн цаанаасаа хүн дуудаж орилоод байсан. Удалгүй цаанаас нь 30 гаран насны 2-3 залуу гүйгээд ирсэн. Тэгээд манай хүүг “энэ залуу, энэ залуу” гэж хоорондоо ярилцан манай хүү рүү тэд бүлэглэн дайрсан. Би ч наанаас нь гүйгээд очсон. Манай хадам ах, нагац ах хоёр ч хойноос гүйгээд ирсэн. Тэгээд манай хүү рүү дайрч байсан хүмүүс дундаас нэг бараан хувцастай 30 гаран насны залууг талийгаач нагац ах маань “болиоч” гэж хойноос нь татаж байхыг би харсан. Тэгээд тэр залуу нагац ахтай ноцолдох зуур залуугийн гар нь манай ахын нүүрэн тус газар зөөлөн хүрсэн, тэр цохилт бол биш байсан л даа, зүгээр зөөлөн шувтрах маягаар л түлхсэн. Тэгээд  манай ах гулжигнаад унасан. Манай нагац ах хүчтэй савж унаагүй. ... тэр залуу хар өнгийн фудволктой байсан.

... тэр үед манай хашааны хойд хэсгийг барьж байсан талийгаач ах Нямсүрэн, Батмагнай ах хоёр гүйгээд хүрээд ирсэн, ирээд манай хүүхэд рүү дайрч байсан 2 хүнийг татаад салгасан. Хөл муутай Батмагнай ах нэг хүнтэй нь, талийгаач Нямсүрэн ах нэг хүнтэй нь барьцалдаад авсан. Батмагнай ахыг барьцалдаж авсан залуу нь газар унагаасан. Нямсүрэн ах нөгөө барьцалдаж авсан бараан өнгийн хувцастай хүнтэй зодолдоод байсан. Тэгээд би манай хүү рүү 2 хүн дайраад байсан болохоор болиоч та нар гээд хүү рүүгээ анхаарлаа хандуулчихсан байж байгаад нэг харахад талийгаач ахыг толгой, цээж орчимд нь цохих шиг болсон. Би тэр хуруугаа боочихсон байсан ахыг та болиоч гээд түлхээд явж байгаад эргээд харсан чинь манай ах газар уначихсан байсан. ... нөгөө зодолдсон хүмүүсийн ээж Дэгиймаа эгч спирт авчирчихсан үнэртүүлээд болохгүй болохоор нь хамар уруулын дунд нь дарж үзээд цээжин дээр нь 2 удаа дарж үзсэн чинь ямар ч хөдөлгөөн хийхгүй байхаар нь талийгаачийн эхнэр рүү утсаар яриад ах ухаан орохгүй байна, би аваад эмнэлэг явах уу гэтэл түргэний эмнэлэгээс асууж байгаад болоорой гэж хэлсэн. Тэгээд би түргэн рүү дахин залгаад та нар ирж байна уу, нөгөө хүн маань ухаан орохгүй байна, бид нар аваад урдаас чинь явах уу гэхэд хэрэггүй хөдөлгөж болохгүй шүү бид нар очиж байна гэсэн. Тэгээд хүлээгээд байж байтал нөгөө зодоон хийсэн хүмүүсийн хамгийн том ах нь гэсэн нэг хүн ирж гарынх нь судсыг барьж үзээд толгой сэгсрээд суугаад байсан. Удалгүй түргэний машин ирээд эмч үзээд нас барсан гэж хэлсэн. ... Талийгаач ахад би ганцаараа л хиймэл амьсгал хийх гэж 2 удаа дарж үзсэн. ... Тэр залуу талийгаачийн нүүр юм уу цээж рүү нь тохойгоороо цохих шиг болсон. Цээж рүү юу, нүүр рүү юу гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна.

...Манай талаас Батмагнай ах хамгийн ойрхон байсан. Нөгөө талын хүмүүсээс талийгаачтай барьцалдаад авсан байсан, сүүлд хэрэг болсны дараа цагдаагийн хэлтэс дээр ирсэн хар бараан өнгийн футволктой залуу байсан. Тэр залуу талийгаачийн цээж рүү нь цохих шиг болсон.

...Батмагнай ах халзан толгойтой залуутай зууралдаад зогсож байсан. Харин талийгаач Нямсүрэн ах хар өнгийн фудволктой 30 гаруй насны залуутай барьцалдаад заамдалцаад зогсож байсан. Зодоон бол шинэ барьж байсан хашааны зүүн урд өнцөгт болсон. Маш хурдан хугацаанд бужигнаад л өнгөрсөн. Эхлээд халзан толгойтой залуу ирээд манай хүүг зодсон. Тэгээд манай хүү зөрүүлээд мөргөсөн. Гэтэл тэр халзан толгойтой хүн нэг хүний нэр хэлээд дуудсан чинь цаанаас нь хар өнгийн фудволктой нэг залуу, хар бараан өнгийн хувцастай нэг залуу, хуруугаа боочихсон нэг залуу гээд нийт 3 залуу нэмэгдэж ирээд хуруугаа боочихсон залуу нь манай хашааг нураагаад, бүгдээрээ манай хүү рүү дайрсан. Тэгсэн чинь хашааны хойно юм хийж байсан манай талийгаач ах Нямсүрэн хамт байсан хуурай ах Батмагнай нар ирсэн. Тэгээд Нямсүрэн ах хар фудволктой 30 гаруй насны залуутай нь барьцалдаад заамдалцсан. Батмагнай ах халзан толгойтой залуутай зууралдаад зогсож байсан. Тэд хоорондоо 1 алхамын зайтай байсан.

   ...Талийгаач нэг бараан хувцастай хүнтэй барьцалдаад авчихсан байсан. Талийгаач яг миний өөдөөс байрлалтай, нөгөө хүн цаашаа харсан байрлалтай байсан бөгөөд хар хувцастай хүний баруун гар нь хөдөлж талийгаачийг цохих шиг болсон. ... Хуруугаа боосон хүнийг салгачихаад эргээд харахад талийгаач газар уначихсан байхаар нь би хүн ухаан алдаад уначихсан байна гэж орилсон. Ийм л зүйл болсон... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-147-149, 150, 152, 154, 155/,

 

Мөрдөн байцаалтад

 

  • рдөн байцаалтад гэрч Г.Чинзоригийн: ...Манай найз Алтанхуяг Нийлаа /Нямсүрэн/ ахын цээжин дээр дараад, босгох гээд тусламж үзүүлээд байсан. Тэр хооронд ээж цагдаа, түргэн тусламж дуудаад цагдаа, эмнэлгийн байгууллага ирсэн. ...Талийгаач Нямсүрэн ах сүүлд цагдаагийн хэлтэс дээр ирсэн хоёр хүний арай залуу буюу анх маргаан үүсгэсэн халзан толгойтой залуугийн нөгөөдөх залуутай нь барьцалдсан байсан. Тэгээд би нэг хүнтэй барьцалдаад байж байтал ээж ах чинь ухаан алдаад уначихлаа гэж хэлсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-171-172/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Батмагнайгийн: ... талийгаачийг нөгөө хар хувцастай залуу гарынхаа ар хэсгээр савж цохиод тэр гараараа толгойг нь сугандаа хавчуулаад татсан чинь талийгаач газар унасан. ...Би Даваадоржтой маргалдаж байгаад харахад Отгонбаяр талийгаачтай зууралдсан байж байгаад эргэж хараад гараараа хойшоо савсан тэгэхэд талийгаач газарт унаад босч ирээгүй. Отгонбаяр санаатай цохьсон, болгоомжгүй цохисныг мэдэхгүй ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-163-164, 2хх-198-199/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганчимэгийн: ...Талийгаач нь бараан хувцастай газар хэвтэж байсан. Талийгаачийг хэвтэж байхад тод өнгийн цамцтай өндөр туранхай залуу, тэнд байсан эмэгтэй, нэг настай ах нь цээжин дээр нь хүчтэй дараад байсан. Шивээстэй залуу дээгүүрээ нүцгэн цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-194/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхболдын: ...2016 оны 05 дугаар сарын 31-ний орой харанхуй болохын өмнө миний ажил хийж байсан айлын том ах нь хашааныхаа гадаа 50 орчим метрийн зайтай нэг айлтай маргалдаад зодлоо, цохиуллаа гээд орилоод байсан чинь захиалагч Баянмөнх түүний 2 эрэгтэй дүү нь гараад ах руугаа явсан. ... Дараа нь түрүүлж гарсан ах /Даваадорж/-тайгаа араас нь 3 дүү нь цувраад хашаанд орж ирсэн... ...Маргалдсан хашаанд нэг хүн унасан байсан тэр хүнийг бүтээсэн байсан ба тэр хүнийг хэн ямар үйлдэл хийж байгаад унагаасныг хараагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /3хх-196-197/,

 

  • рдөн байцаалтад гэрч Х.Батмагнай, Т.Болорзаяа нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл: ...Би Батмагнай ахын өгсөн мэдүүлэгтэй танилцлаа. Намайг харахад Батмагнай ах газарт унаагүй байхад хар фудволктой хүн талийгаач хоёр өөд өөдөөсөө харчихсан хар фудволктой хүн талийгаачийн нүүр хэсэг рүү цохиж байгаа харагдсан. Тэгэхээр намайг харахад хар фудволктой хүнтэй өөд өөдөөсөө харж зогсож байгаад цохиулж байгаа харагдах үедээ газар унаагүй. ... Би Батмагнай ахыг газарт унаад босч байхыг харсан. Талийгаачийг унасан эсэхийг унаж байх үйл явцыг хараагүй. ... Ямар ч байсан талийгаачтай хамгийн ойрхон хар фудволктой хүн байсан болохоор энэ хүнтэй өөдөөсөө харсан эсрэг үйлдэл хийж байсныг харсан... /3хх-236-241/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай: ... Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэр Майхан толгойн зуслангийн задгай гэх Согоот амралтын газрын баруун талд орших автомашины замаас баруун тийш 500 метрийн зайд орших газарт үзлэгийг явуулав... хашааны урд хэсэгт суулгасан төмрөн шонгоос 5.8 метрийн зайд улаан эрээн өнгийн бүтээлгээр нэлэнхүйд нь хучсан эрэгтэй хүний цогцос байх ба уг хэсэгт 1 дугаартай тэмдэг тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. Бүтээлгийг сөхөж үзэхэд уг цогцос нь зүүн урд зүгт толгой хэсэг чиглэлтэй хөл хэсэг нь баруун хойд зүгт чиглэлтэй нүүрээрээ дээшээ харсан хоёр хөл алцайсан, хоёр гар биеийн дагуу байрлалтай, гарын сарвуу дэлгэгдсэн байдалтай шороо мэт зүйлээр бохирлогдсон байв ... гэсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-20-31/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №1040 тоот:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

  1. Үндсэн гэмтэл, эмгэг өвчин: Бамбай мөгөөрсний хугарал, хоолой багалзуурын салстын цус хуралтууд, гуурсан хоолойн агшилт, цулцангийн хөндийн цус харвалт.
  2. Үндсэн гэмтэл эмгэг өвчний хүндрэл: Механик амьсгал бүтэлт. Дотор эрхтнүүдийн цус эргэлтийн хурц хямрал, уушиг тархины хаван.
  3. Дагалдах ба хавсарсан гэмтэл, эмгэг өвчин: Баруун талын V, VI –р хавирга зүүн 5-р хавирга, өвчүү ясны хугарал, цээж, шилбэний зулгаралт, цус хуралт.

 

Дүгнэлт:

1. Нямсүрэнгийн бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрхи оношийн хэсэгт дурьдсан гэмтэл тогтоогдлоо.

  1. Нямсүрэн нь бамбай мөгөөрс хугарсан, хоолой багалзуурын хэсэгт цус хурсан, эд эсийн шинжилгээгээр цусны эргэлтийн хүчтэй хямралын шинж илэрсэн

зэргээс үндэслэн хурц амьсгал бүтсэн хүнд гэмтлийн улмаас нас барсан байна.

  1. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хүзүү хоолой боогдох, цохигдох зэрэг үйлдлийн үед үүсэх боломжтой.
  2. Цус нь АВО-н системээр ВIII –р бүлэгтэй байна.
  3. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь спиртийн агууламж илрээгүй гэсэн хариу өгсөн байна.
  4. Үхэлд шууд хүргэх архаг өвчин тогтоогдохгүй байна. Шинжээч эмч С.Одончимэг, Ж.Ганцэнгэл, Ө.Сарангэрэл гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-198-203/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №1496 тоот:

  1. Шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй гаргасан задлан шинжилгээний акт №1040 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Талийгаачийн биед үүссэн зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь хуучин гэмтэл байна, бусад гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Бамбай мөгөөрсний хугарал, хоолой багалзуурын салстын цус хуралтууд, гуурсан хоолойн агшилт, цулцангийн хөндийн цус харвалт гэмтэл нь ямар ч байрлалд мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлдпийн үед үүсэх боломжтой.
  5. Хавирга, өвчүүний хугарал гэмтэл нь нас барахаас өмнө болон нас барах үед үүссэн байх боломжтой. Нас барсны дараа үүсэх боломжгүй.
  6. Уг хавирга, өвчүүний хугарал гэмтэл нь зүрхэнд шууд бус иллэг хийх үед үүссэн байна. Шинжээч эмч А.Амгаланболд, О.Болороо, Т.Сэлэнгэ гэсэн дүгнэлт /2хх-226-228/,

 

            Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн: ...Бамбайн мөгөөрс хугарал гэмтэл нь дангаараа үхэлд хүргэнэ. Энэ гэмтлийг авсан хүн шууд газар дээрээ нас барна. Боох болон цохигдох үед үүсдэг гэмтэл юм... гэсэн мэдүүлэг /2хх-14-15/,

 

            Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн: ...Өвчүү хавирганы хугарал нь цохигдох болон зөв бус массаж буюу дээрээс нь дарахад үүсэх боломжтой. Цохигдох болон зөв бус массаж хийж хугарсныг ялгах боломжгүй. Бамбайн мөгөөрс хугарах гэмтэл нь дангаараа үхэлд хүргэдэг гэмтэл юм. Боох болон хатуу мохоо зүйлийн цохилтын үйлчлэлээр үүсгэгдэж болно. Энэ гэмтлийг авсан хүн газар дээрээ нас барна... гэсэн мэдүүлэг /2хх-16-17/,

 

            Шинжээч эмч А.Амгаланболдын: ...Гарын хуруу оролцуулан хоолойн урд хэсгийг базах үед уг гэмтэл үүсэх боломжтой. ... Хавирга өвчүүний гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Шууд бус хугарал гэдэг нь цээжний хэнхэрцэг дарагдах үед хүч үйлчилсэн газраас өөр газар хугарал үүссэнийг хэлдэг. Задлан шинжилгээний протокол хэсэгт  хавирга өвчүүний хугаралд шууд бус хугарал байсан... гэсэн мэдүүлэг /2хх-229-230/,

 

            Шинжээч эмч О.Болороогийн: ...Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн бамбай мөгөөрсний хугарал гэмтлийн улмаас талийгаач нь нас барсан. Цохигдох болон мөгөөрсөн дээр дарж шахаж багалзуурдсан үед үүсэх боломжтой. Гарын шуу болон булчингаар боосон үед үүсэх боломжгүй. ...Талийгаачийн биеийн гадна хэсэгт ямар нэг боолтын ул мөр байгаагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-135/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-137/, бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар /2хх-138/, бакалаврын дипломны хуулбар /2хх-139-140/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх-141-142/ зэрэг цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

            Иймд шүүгдэгч Б.Отгонбаярыг   2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн 6 дугаар хэсгийн задгайд байрлах хашаан дотор бусдын хүч хэрэглэсэн үйлдлээс зугтан гараа арагш савах үйлдэл хийх үедээ ардаа зогсож байсан иргэн П.Нямсүрэнг анзааралгүй түүний хоолойн төвөнх орчимд гарын алганы ар хэсгээр цохиж “бамбай мөгөөрсний хугарал, хоолой багалзуурын салстын цус хуралтууд, гуурсан хоолойн агшилт цулцангийн хөндийн цус харвалт” бүхий гэмтэл учруулан “механик амьсгал бүтэлтэнд оруулан” амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Отгонбаяр ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2хх-137/ нотлогдов.

 

            Шүүгдэгч Б.Отгонбаярын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирч хор уршиг учирсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Алтанцэцэг “шүүгдэгчийн ар гэрийн зүгээс 37 м2 2 өрөө байрыг гэм хорын хохиролд өгсөн тул нэхэмжлэх зүйл байхгүйболовч шүүгдэгчид маш их гомдолтой” гэдгээ илэрхийлж байх тул шүүгдэгч Б.Отгонбаярт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Отгонбаяр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

Шүүгдэгч Б.Отгонбаяр бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.Шүүгдэгч Б.Отгонбаяр 372 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Батсайханы Отгонбаярыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Батсайханы Отгонбаярыг 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Отгонбаярт оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Отгонбаярын цагдан хоригдсон 372 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  5. Б.Отгонбаяр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорьж, хорих ялыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс тоолсугай.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                  

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ү.ТҮМЭНЖАРГАЛ