Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1322

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/01284 дүгээр шийдвэртэй.

 

Нэхэмжлэгч: Б.Эын

Хариуцагч: ШГГ холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байр, 92 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 онд найзынхаа гуйсны дагуу өөрийн орон сууцыг Худалдаа, хөгжлийн банкны барьцаанд тавьж зээл авч өгсөн боловч найзын маань ажил нь бүтээгүй, зээлээ төлж чадахгүй явсаар 56 000 000 төгрөгийг надаас гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Намайг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудаж төлбөр төлөх талаар мэдэгдсэн, миний орон сууцны үнэлгээг надаар бичүүлж авсан, үүнийг би дуудлага худалдаанд оруулах үнэлгээ гэж ойлгоогүй, шийдвэр гүйцэтгэгч тодорхой тайлбарлаж өгөөгүй, миний бие эрх зүйн мэдлэггүйгээс болж юун дээр гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй, дуудлага худалдаагаар зарах тухай надад огт мэдэгдэж байгаагүй. Гэтэл 76 000 000 төгрөгөөр миний орон сууцыг зарсан гэж мэдэгдсэн.

Би орон сууцныхаа үнийг 120 000 000 төгрөг гэж бичиж өгсөн, таны хэлсэн үнээр зарна гэж надад хэлж байсан атлаа надад мэдэгдэхгүйгээр 76 000 000 төгрөгөөр зарсан нь хууль бус болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний орон сууцыг зах зээлийн ханшаас доогуур хямд үнээр зарж иргэн намайг хохироож байна. Миний бие шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрийг төлж барагдуулах боломжтой. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байр, 92 тоот, 4 өрөө орон сууцны үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01662 дугаар захирамжаар Б. Эрдэнэбатаас 56 820 544 төгрөгийг гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Б.Эад шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007426 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байр, 92 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18271500/03 тоот тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч Б.Эаас Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад дээрх орон сууцны зах зээлийн ханш 120 000 000 төгрөг гэснийг төлбөр авагч Худалдаа, хөгжлийн банк зөвшөөрч, талууд үнэлгээг харилцан тохиролцож тогтоосон. Төлбөр авагч, орон сууцны өмчлөгч нарын харилцан тохиролцсон үнэ болох 120 000 000 төгрөгийн 70 хувь болох 84 000 000 төгрөгөөр тооцон 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ болох 120 000 000 төгрөгийн 50 хувь болох 60 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад иргэн Ч.Отгончимэг нь 76 000 000 төгрөгөөр худалдан авсан.

Дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгчид тухай бүр хуульд заасан хугацаанд мэдэгдэж байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан ШГГ холбогдох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201007426 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байр, 92 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие найзынхаа гуйлтын дагуу өөрийн Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо Өнөр хороолол 33-р байр 92 тоотод 48 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаа Худалдаа хөгжлийн банкинд барьцаа тавьсан. Нийт шүүхийн шийдвэр гарсан үнийн дүн нь 56 000 000 төгрөг. Байрны зах зээлийн үнэлгээ нь 120 000 000 төгрөг гэж бичсэн. Таны хэлсэн үнээр зарна гэж надад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хэлсэн атлаа надад мэдэгдэхгүйгээр 76 000 000 төгрөгөөр зарсан нь хууль бус болсон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур хямд үнээр зарж иргэн намайг хохироож байна.

2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд миний бие оролцох боломжгүй байсан ба шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй. Шүүхийн шатанд зохигчид адил тэгш эрхтэйгээр оролцох, мэтгэлцэх, боломжоор хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчим алдагдсан байна.

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулж, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ дуудлага худалдааг зохион байгуулах үед мэдээгүй. Хөндлөнгийн шинжээч томилон зах зээлийн үнийг тогтоогүй. Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээг хийлгэж болох байсан. Энэ талаархи мэдээлэлгүй байснаас болж хууль бус ажиллагаа явагдсанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өнгө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч ШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШЗ2018/01662 дугаар шүүгчийн захирамжаар Б.Эаас 56 570 542 төгрөгийг гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор, хариуцагч Б.Э нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201007426 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байрны 92 тоотод байрлах, 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Б.Э нь төлбөрийг төлж барагдуулаагүй тул дээрх захирамжийн дагуу гарсан №1035 дугаартай гүйцэтгэх хуудсаар 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №18271500 дугаар тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. /хх 6-7, 19, 23/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 184/Ш32018/01662 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 1035 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийн үнэлгээ болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах талаар маргадаг. /хх 23, 26-27, 29-30/

 

Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч Б.Э нь Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байрны 92 тоотод байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2201007426 дугаарт бүртгэгдсэн, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан борлуулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч зөвшөөрсөн талаарх албан бичиг хүргүүлсэн байна. /хх 32, 34/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тогтоохоор заасныг дагуу хариуцагч байгууллага нь анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр явуулах, тохиролцсон үнийн 70 хувь буюу 84 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоосон тухай 4/3759 тоот мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд үнийн 50 хувь буюу 60 000 000 төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулах тухай 4/6110 тоот мэдэгдлийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тус тус төлбөр төлөгчид мэдэгдсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68, 69 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна. /хх 36, 38/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/01662 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Б.Эын төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, 33 дугаар байр, 92 тоот, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдахаар анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан, хоёр дахь албадан дуудлага худалдаагаар орон сууцыг иргэн Ч.Отгончимэгт 76 000 000 төгрөгөөр худалдан авсан байна.

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур худалдан борлуулсан, 120 000 000 төгрөгөөс доош үнээр худалдах байсныг мэдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүх харилцан тохиролцож тогтоосон үнийн тухайд талууд шүүхэд гомдол гаргах боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг мэдэгдлийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ж.Давааням нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/01284 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ИЧИНХОРЛОО

 

                                         ШҮҮГЧИД                                           Т.ТУЯА

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН