Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/шш2023/03085

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/03085

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, С оршил, М Г хороолол, Б Ж гудамж-**, Э, ** давхар, *** тоот хаягт байрлах, регистрийн ******** дугаартай, Т ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ф ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Иргэн Ж-ийн Х /цаашид "Зээлдэгч" гэх/ нь "Т Ф ББСБ" ХХК /цаашид "ББСБ" гэх/-тай 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ********* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаартай Цахим зээлийн дэд гэрээ байгуулж 4.699.000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар 24 сарын хугацаатайгаар 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Г ** гудамж, ** тоот хаягт оршин сууж байсан. Зээлдэгч нь ***** дугаартай зээлийн гэрээний дагуу эргэн төлөх төлбөрөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар огт төлөлт хийгээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 4.699.000 төгрөгийн үндсэн төлбөр, 2.273.286,92 төгрөгийн хүүгийн төлбөр, 143.224,07 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 7.115.510,99 төгрөгийг төлөөгүй 525 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлийн гэрээ болон хуульд заасны дагуу зээлийн төлбөр шаардах эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Зээлдэгчийг зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, тогтоосон хугацаанд зээлийг төлүүлэхээр удаа дараа холбогдох уулзах оролдлого хийсэн боловч одоог хүртэл холбоо тогтоож чадахгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ бүртгүүлсэн хаяг буюу албан ёсны бүртгэлтэй хаяг нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Г ** гудамж, *** тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот тодорхойлолтоор тогтоогдож байна. Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт "Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал, түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно" гэж заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Х-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т ф ББСБ ХХК-иас Б.Х, Б.Б нарт олгосон итгэмжлэл, Т ф ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Баянгол дүүргийн ** дүгээр хорооны 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ** дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгч Т ф ББСБ ХХК болон Ж.Х нарын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбар, мөн өдрийн ******* дугаартай Цахим зээлийн дэд гэрээний хуулбар, Т ф ББСБ ХХК-ийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т ф ББСБ ХХК-ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Х-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2. Хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Т ф ББСБ ХХК болон Ж.Х нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ***** дугаартай Цахим зээлийн дэд гэрээ тус тус байгуулагдаж, зээлдэгч нь 4.699.000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, хувийн хэрэгцээний зориулалтаар 24 сарын хугацаатайгаар авсан боловч тэрээр зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

3. Ж.Х нь гэрээ байгуулах үедээ оршин суудаг байсан хаяг буюу Баянгол дүүрэг, ** дүгээр хороо, Г ** дүгээр гудамж, *** тоотод оршин суудаггүй болох нь Нийслэлийн Баянгол дүүргийн ** дүгээр хорооны 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай тодорхойлолтоор тогтоогджээ.

4. Иймд **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ***********, Ш овогтой Ж-ийн Х-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар *********, Ш овогтой Ж-ийн Х-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Х-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Үүрийнцолмонд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА