Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 4

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2015/00075/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн Анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюундарь, М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум **-р баг, Зурагт ** гудамж, ** тоотод оршин суух С*** овогт Г** Э*** /НЭ***/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ** баг, Алтангадас **-** тоотод оршин суух *** овогт Ц** А*** /ТД***/-т холбогдох ажилласан хугацааны цалин 300,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэм хорын хохирол 180,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Э*** , хариуцагч Ц.А***, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам, иргэдийн төлөөлөгч Э.Г*** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Э*** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие Ц.А***ийн цайны газарт тогоочоор ажиллахаар харилцан тохиролцож 2015 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажилласан. Ажлын зарыг зар мэдээ сониноос олж мэдсэн. 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилласан боловч ажилласан хугацааныхаа цалин авч чадахгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Одоо Ц.А***ээс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин болох 300,000 төгрөг нэхэмжилж байна. Анх намайг ажилд авахдаа өдрийн 15,000 төгрөгийн цалин өгнө, өдрийн орлого 100,000 төгрөгөөс давсан тохиолдолд бонус, урамшуулал өгнө гэж тохирсон. Ажиллаж байх хугацаандаа Ц.А***ээс мөнгө авч байсан, энэ талаар хар дэвтэрт тэмдэглэгдсэн байгаа. Иймд шүүх үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү ...

мөн тэрээр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ... Ц.А***ийг цалингаа өгөхгүй болохоор нь тухайн үед хамт ажиллаж байсан С.М*** бид хоёр цайны газарт байсан хөлдөөгч зэрэг эд зүйлийг түр хугацаагаар авч явсан. Гэхдээ дараа нь тоо ёсоор цагдаагийн газар бүрэн бүтнээр Ц.А*** хүлээлгэж өгсөн. Тэр хөлдөөгчийн хувьд шороо тоосонд дарагдсан, дотор талдаа үнэр орсон тийм л хөлдөөгч байсан. Би тэр хөргөгчийг эвдэлж, цоолоогүй, худлаа ярьж намайг хэрэгт гүтгэж байгаад гайхаж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагч Ц.А*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие 20 дугаар байрны 4 өрөө байрыг засвар хийж цайны газраар ажиллуулж Э*** манайд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс тогоочоор ажилд орсон. Түүний сарын цалинд 300,000 төгрөг өгнө гэж тохирсон. Өдрийн 15,000 төгрөг өгнө гэж хэлээгүй, өдрийн 10,000 төгрөг л гэж тохирсон. Э*** нь мөнгө хэрэгтэй байна, цалингаас суутга гэж хар дэвтэр дээр бичүүлж авсаар нийт 170,000 гаруй төгрөг авсан. Одоо Эрдэншоод өгөх цалин мөнгөний тооцоо байхгүй.

Тэрээр Г.Э*** д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ... ажиллах явцдаа Г.Э*** , туслах М*** хоёр нь ажлын хөлсөө авна гэх нэрийдлээр гал тогооны бүх тоног төхөөрөмж, махны хөлдөөгч, аяга, тавга, халбага сэрээ, халуун тогоо зэрэг бүгдийг нь хулгайлж явсан байсан. Цагдаа дээр дээрх эд зүйлсийг хүлээж авсан боловч хөлдөөгчийн дотор талыг сийчэн эвдэлж гэмтээсэн байсан. Иймд хөлдөөгчийг засуулахад гарах зардал 180,000 төгрөгийг Э*** гоос нэхэмжилж байна. Анх шүүхэд 500,000 төгрөгийг нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 180,000 төгрөг нэхэмжилнэ. гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх бүрэлдэхүүн Г.Э*** гийн Ц.А***т холбогдуулж гаргасан ажилласан хугацааны цалин хөлс 300,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ц.А***ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэргийн талаар бодит үйл баримтыг тодорхойлбол нэхэмжлэгч Г.Э*** нь хариуцагч Ц.А***ийн ажиллуулж байсан цайны газарт тогоочоор ажилд орж, Ц.А*** нь ийнхүү ажил, үйлчилгээ гүйцэтгэсний хариуд түүнд хөлс өгөхөөр тохиролцжээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч Ц.А*** нь ямар нэгэн хуулийн этгээд байгуулахгүйгээр Оюутан-од гэх цайны газрыг ажиллуулж байсан нь зохигчдын мэдүүлгээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь түүнтэй харилцан тохиролцож тогоочоор ажиллаж байсан, хариуцагч өөрийн ажил үйлчилгээг гүйцэтгүүлж байсан талаар маргаагүй байна. Харин нэхэмжлэгч Г.Э*** нь ... ажилласан хугацааныхаа цалинг авч чадахгүй байгаа ... Ц.А***ээс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин болох 300,000 төгрөг нэхэмжилж байна. Анх өдрийн 15,000 төгрөгийн цалинтай, өдрийн орлого 100,000 төгрөгөөс давсан тохиолдолд бонус, урамшуулал өгнө гэж тохирсон ... гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... Э*** манайд 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс тогоочоор ажилд орсон. ... сарын цалинг 300,000 төгрөг гэж тохирсон. Өдрийн 15,000 төгрөг өгнө гэж хэлээгүй, өдрийн 10,000 төгрөг л гэж тохирсон. Э*** нь мөнгө хэрэгтэй байна, цалингаас суутга гэж хар дэвтэр дээр бичүүлж авдаг байсан энэ талаар хар дэвтэрт тэмдэглэсэн байгаа. Одоо Эрдэншоод өгөх цалин мөнгөний тооцоо байхгүй ... гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргах өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг болохыг заасан.

Гэтэл нэхэмжлэгч Г.Э*** нь өдрийн 15,000 төгрөгийн цалин авахаар тохирч ажилласан гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хавтаст хэрэгт түүнийг өдрийн 15,000 төгрөгийн цалин авч байсныг нотлох баримт байхгүй байх тул шүүх хариуцагчийн тайлбар, мэдүүлэгтээ дурдаж, зөвшөөрсөн хэмжээгээр буюу өдрийн 10,000 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна.

Харин зохигчдийн тайлбар, мэдүүлэг болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч С.М*** гийн мэдүүлэг, данс, бүртгэлийн дэвтрийг хөтөлж эхэлсэн хугацаа, түүнд тэмдэглэгдсэн бичиглэл зэргийг харгалзан нэхэмжлэгч Г.Э*** гийн ажилласан хугацааг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 28 хоног гэж үзэв. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 360 дугаар зүйлийн 360.1. дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг шаардах эрхтэйг үндэслэн шүүх 28 хоног ажилласан хугацааны цалин болох 280,000 төгрөгөөс баримтаар тогтоогдсон буюу дээрх хугацаанд урьдчилан цалингаасаа суутгуулж, данс бүртгэлийн дэвтэрт тэмдэглүүлж авсан нийт 185,500 төгрөгийг хасч 94500 төгрөгийг хариуцагч Ц.А***ээс гаргуулж, нэхэмжлэгч Г.Э*** д олгохоор шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч Ц.А*** нь анх хариуцагч Г.Э*** д холбогдуулж 500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн 180,000 төгрөгийг хариуцагч Г.Э*** гоос нэхэмжилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэг гэж заасан боловч Ц.А*** нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотолж чадаагүй бөгөөд тухайн махны хөлдөөгчийг хэн, хэзээ ямар байдлаар эвдэлж, сийчэн нүх гаргасан эсэх, үүнд Г.Э*** гийн гэм буруутай үйлдэл байсан эсэхийг нотолж чадаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч С.М*** гийн мэдүүлэг, Ц.А***ийн цагдаагийн газарт өгсөн тайлбар болон зохигчдийн тайлбар мэдүүлгээр уг махны хөлдөөгчийг Г.Э*** , С.М*** нар нь цалин, хөлсөө авах зорилгоор авч яваад улмаар Цагдаагийн газар хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдож байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэм хорын хохирол бодитойгоор учирахад Г.Э*** гийн гэм буруутай үйлдэл байсан болох нь тогтоогдоогүй тул Ц.А***ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А***ээс нэхэмжлэлийн шаардлагаас хангасан дүнд ногдох тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э*** д олгож, Ц.А***ийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1., 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.А***ээс 94,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э*** д олгож, 205,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг, Ц.А***ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э*** гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг, Ц.А***ийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А***ээс тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э*** д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ОЮУНДАРЬ

 

М.ОЮУНЦЭЦЭГ