Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 119/ШШ2023/0017

 

                                   

                                                            Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй                                                            болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХХК, захирал Б.А

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Н,

            Хариуцагч: ОАЗД /С.Б/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ОАЗДТГ-ын ХЭЗХ-ийн мэргэжилтэн Б.Н нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАЗДГ-ын 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, тус багана дахь 1440 м.кв гэснийг 4672 м.кв болгон өөрчлөхийг ОАЗДГ-д даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.А, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь анх ОАЗДГ-д холбогдуулан “ОАЗДГ-ын 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн газрын хэмжээ гэсэн багана дахь 1440 м.кв гэснийг 4672 м.кв болгон өөрчлөхийг ОАЗДГ-д даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан ба 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “ОАЗДГ-ын 2004 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 244 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсгийн Газрын хэмжээ гэсэн баганад 1440 м.кв гэснийг илт хууль бус захиргааны актад тооцож, тухайн хэсэг дэх 1440 м.кв гэснийг 4672 м.кв болгон өөрчлөхийг ОАЗДГ-д даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

     2. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Б.А, түүний өмгөөлөгч Д.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авахдаа 50х70 буюу 3500 м.кв хэмжээтэй газар эзэмших Э шилжүүлэх хүсэлт гаргаж байсан. Энэ хэмжээгээр газрын хэмжээг өөрчилж өгөх санал тавьж эвлэрэх саналтай байна” гэв.

          3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нэхэмжлэгч "Э” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтээ ирүүлж, хүсэлтийн дагуу Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг үндэслэн ОАЗДГ-ын 2004 оны 07 сарын 29-ний өдрийн 244 дүгээр захирамжаар “Э” ХХК-д 1440 м.кв үйлдвэрийн зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн. Газрын тухай хуулийн 34.1-т “энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, Эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2004 оны 244 дүгээр захирамжийг үндэслэн Газрын алба /2004 оны хуучин нэршил/ гэрээ байгуулж, гэрчилгээ олгох байсан. Газрын тухай хуульд заасан шаардлагыг зөрчиж газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэхгүйгээр Газрын алба дур мэдэн “Э” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 1440 м.кв газрын хэмжээг ихэсгэж, газар эзэмшигчтэй гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон явдал нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа биш болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

         4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн эвлэрэх саналыг хүлээн авч байна. Өчигдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газрын төлбөрийн тооцоо нийлсэн бөгөөд 714816 төгрөг төлөхөөр байгаа. Энэхүү төлбөр тооцоогоо эхэлж хийх талаар эвлэрлийн гэрээнд тусгах саналтай байна” гэв.

            5. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Эвлэрлийн гэрээндээ: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э” ХХК-иас АЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр дараах байдлаар талууд эвлэрэн хэлэлцэж байна. Үүнд:

            Нэг. Хариуцагч талаас: 1. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт байрлах 1440 м.кв үйлдвэрлэлийн барилга бүхий газар болох аймгийн Засаг даргын 2004 оны 244 дүгээр захирамжид дурдсан “1440 м.кв” гэсэн хэсгийг хүчингүй болгох;

            2. “Э” ХХК-ийг маргаан бүхий газрын төлбөрийг 2023 оныг дуустал тооцоо нийлснээр 714816 төгрөгийг 2023 он 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулснаар дээрх 1440 м.кв газрыг 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Э” ХХК, “Буянт удам” ХХК-ийн хооронд байгуулсан “Эзэмшил газар шилжүүлэх тухай” хэлцэлд дурдсан 50х70 буюу 3500 м.кв гэсэн газрын хэмжээгээр “Э” ХХК-д газрыг олгон гэрээ, гэрчилгээг гаргаж өгөх;

            3. “Э” ХХК-д 3500 м.кв-аар хэмжилт хийн кадастрын зураглал хийж өгөх /Нэмэлт: Кадастрын зураглалыг нэхэмжлэгч өөрөө хийлгэж, зардлыг хариуцах/;

            Хоёр. Нэхэмжлэгч талаас: 1. Маргаан бүхий газрын төлбөрийг 2023 оны дуустал тооцоо нийлснээр 714816 /долоон зуун арван дөрвөн мянга, найман зуун арван зургаа/ төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөх гэсэн байдлаар эвлэрэн хэлэлцэв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” компанийн захирал Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Н нар нь шүүх хуралдааны  явцад хариуцагчаас “Э” ХХК-д 50х70 буюу 3500 м.кв газрыг эзэмшүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг байгуулах, нэхэмжлэгч газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тогтоосон 714816 төгрөгийг төлөх, газрын кадастрыг хийлгэж, төлбөрийг хариуцахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан.

Хариуцагч ОАЗДГ-ын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/172 дугаартай захирамжаар олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр бөгөөд итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх эрхийн тусгайлан зааж олгосон байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК, хариуцагч ОАЗДГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, 119/2023/0010/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  П.УУГАНЦЭЦЭГ